Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Ч.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч П.Төр-Энх,

Хохирогч Ц.Батзаяа, М.Насанбат,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт З.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01593 0503 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 371 тоотод оршин суух, урьд нь:

Нийслэлийн шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 68 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 208 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1987 оны 02 сарын 01-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 1994 оны 01 сарын 11-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 03 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт З Б /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

З.Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Батзаяагийн цээжний зүүн талд нь хагарсан архины шилний амсар хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, хүзүү, зүүн талын хэвлий, нуруу хэсэгт нь хагарсан архины шилний амсар хэсгээр хатгаж эрүүл мэндэд нь “аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Насанбатын хүзүүн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би гэрээсээ гарах гэж байтал эхнэр болох М.Насанбат над руу утсаар залгасан. “Намайг хаана байна” гэхээр нь би “гэртээ байна” гэхэд “худлаа яриад” гэсэн. “Худлаа гэвэл чи дүүгээс асуу” гээд эмэгтэй дүүтэйгаа утсаар яриулсан юм. Хохирогч нар манай эмэгтэй дүүтэй утсаар яриад, манай дүүг “хүрээд ирээч” гэхээр нь манай дүү “автобусны мөнгө байхгүй байна, очиж чадахгүй” гэж хэлсэн.  Дараа нь надтай Ц.Батзаяа яриад “Б ахаа та хүрээд ирээч, бид 2 жаахан архи уучихаад шартаж үхэх гээд байна, ганц юм аваад ирээч” гэхээр нь  би гэрээсээ гараад шууд дэлгүүр орж 1 шил архи авч Шар хадны эцэст байх гэр лүү нь микронд суугаад очсон юм. Намайг явсаар байгаад өдрийн 12 цагийн үед гэрт нь очиход  хохирогч нар гэртээ шал согтуу орондоо хэвтэж байсан. Тэгэхэд орных нь урд 2 шил 0,75-н архины шил хэвтэж байсан. Би авчирсан 1 шил архиа задлаад 3-уулаа хувааж уусан. Архи ууж дууссаны дараа манай эхнэр болох М.Насанбат намайг хэл амаар доромжлоод гэрээсээ хөөсөн. Тэгээд би “чи ингэж болохгүй” гээд хэлсэн чинь хохирогч Ц.Батзаяа над руу цээж нүцгэн босч ирээд “хоёулаа зодолдъё” гээд архины шил барин дайрахаар нь би хохирогчтой ноцолдож байгаад тэр архины шилийг гарыг нь мушгиж байгаад авч эргүүлээд тэр шилээр биед нь хатгаж  хохирол гэмтэл учруулсан нь үнэн. Үүнээс өөр болсон юм байхгүй. Тэгэхэд энэ хоёр хүн өнөөдрийн байдлаар худал мэдүүлэг өгч өөрсдийгөө цэвэр үлдээж байгаад нь харамсалтай байна. Шүүх танхимд ирсэн л бол хэргийн талаар үнэнээр  нь ярих ёстой. Би хийсэн хэргээ булзайруулах гэж хөнгөрүүлэх гээд өөрийгөө өмгөөлж байгаа юм биш ээ. Гэмт хэрэг хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батзаяагийн өгсөн: “... З.Б гэдэг хүн 2019 оны 03 сарын 02-ны өдөр 2 шил архитай ирж уугаад М.Насанбат гэдэг авгай руугаа дайраад, тэгэхээр нь би өмөөрөөд, тэгсэн З.Б “чи яасан авгайг минь өмөөрдөг юм бэ” гээд архины шил хагалаад намайг гэмтээсэн, тэрнээс хойш би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Насанбатын өгсөн: “... 2019 оны 03 дугаар 04-нд хамтран амьдрагч Ц.Батзаяа бид 2 гэртээ байж байсан. Шүүгдэгч З.Бын эмэгтэй дүүтэй Ц.Батзаяа бид 2 хоёулаа залгаж яриад “манайд хүрээд ирээ” гэж хэлэхэд дүү нь “автобусны мөнгө байхгүй байна” гэхэд “эгч нь мөнгө өгъе, манайд ирээд ганц хоёр хоног хоноод явахгүй юу” гэж би хэлсэн. Өдөр 11 цагийн үед З.Б 2 шил архи авч ирээд гээд ирсэн. З.Бтай таарсан гэрч байгаа. Тэгээд би “архи уумааргүй байна” гэхэд манай зүүн талын орон дээр үсдэн дарж байгаад над руу архи цутгасан, нэг мэдсэн миний хоолойноос цус гарсан байсан. Хамтран амьдрагч Ц.Батзаяа миний хоолойн дээр футболкаар дарсан, З.Б зуухан дээр архины шил хагалж цохиод Ц.Батзаяагийн бөөр лүү дүрсэн. Дараа нь юу болсоныг мэдэхгүй, миний хоолойг бол хоолны шкафны шүүгээнээс заазуур авч ингэж зүссэн.  “Нэгийг нь алчихлаа” гээд дараа нь голын ширээн дээр байсан архины шилийг авч хагалан Ц.Батзаяагийн нуруу луу дүрсэн, тэгээд энэ хоёрыг юу болсоныг сайн мэдээгүй. Тэгээд үсдэн дарж суучихаад миний утсыг унтраасан. Би охинтойгоо З.Бын утсаар ярихад миний хоолойноос цус асгараад ярьж чадаагүй. Баруун талын орон дээр Ц.Батзаяа цусаа гоожуулан хэвтэж байхад “чи үхэх болоогүй байжээ”  гээд орой 18 цаг өнгөрч байхад түргэн дуудаж бид хоёр 2-ыг өгсөн. Түргэн нь цагдаа дуудсан. 4-ний орой түргэний эмч ирэн бид хоёрыг Госпитал руу авч явж тэнд хэвсэн. Тэгээд би хоолойгоо оёулчихаад манай том охин намайг ирж авсан. Би Ц.Батзаяаг Госпиталд хэвтүүлчихээд 6-нд Налайх руу явж ах дүү нарт нь хэлчихээд, 6-ны орой ирэхэд Ц.Батзаяа хагалгаанд ороод 24 цагийн наркозаас гарч амжаагүй байсан. Тэгээд би Ц.Батзаяаг 6-ны оройноос эхлэн сар гаран эмнэлэгт сахиж байгаад сая гарч ирсэн. Манай охин аавыгаа эргэж очиход “ээжийг чинь дутуудуулчихлаа, ээж чинь амьд байгаа юм уу, дараа хаанаас ч олоод ална” гээд хэлсэн байсан. Охин эцгээсээ “айж байна, ээж та бушуухан гэр оронгоо аваад нүүгээч” гэж хэлсэн. 02 дугаар сарын 20-нд хүртэл манай хамаг тавилга, зурагтыг хүртэл эвдээд миний энэ гарыг бас ингээд заазуурдаж байсан. 9 дүгээр хорооны цагдаа дэслэгч Мягмар гэдэг хүнд  хэлчихээд би “шүүх эмнэлэг явж үзүүлье” гэхээр нь миний чих сайн дуулдаггүй, за за ингээд яах вэ гэж бодоод, энэ хүнд 50.000 төгрөгийн торгууль тавьсан. Шоронгоос гарч ирсэн цагаасаа манайд байнга ирж дарамталж байсан, өөрөө дандаа согтуу хөлчүү ирдэг байсан. За яах вэ хүүхэдтэй юм чинь гэж бодоод өдий хүрсэн. Би “нэгэнт чамтай амьдарч чадахгүй, ийм хүнтэй амьдарч байна” гэж хэлсэн. “Чи үр хүүхдээ бодоод гэмгүй ингээд орж гарч бай” гэж хэлдэг байсан. “Битүүн, цагаан сарыг та хоёроор хийлгэхгүй ээ, ингэж улаан цагаан сар хийлгэдэг юм” гээд буузны мах манай гэрээр нэг тараан агсам тавьж байсан...” гэх мэдүүлэг,  

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-8/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Оюунболдын үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн “Илтгэх хуудас” /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзаяагийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Насанбат бид хоёр гэртээ байж байтал 12 цагийн үед Б ах манай гэрт 2 ширхэг 0.75 литрийн “Хандгай” нэртэй архи авч ирсэн. Тэгээд Насанбат, Б ах бид гурав эхнийх нь нэг шил архийг ууж дуусаад нөгөө шил архийг талд нь ортол уусан. Тэгээд Насанбат гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн. Тэгсэн чинь Б ах Насанбатын ам руу нь архи цутгаад байсан. Насанбат Б ахад “би архи уухгүй боль” гэж хэлэхэд Б ах гал тогооны шургуулганд байсан хар өнгийн иштэй заазуурыг авч Насанбатыг орон дээр түлхэж унагаагаад заазуураар хүзүүг нь зүссэн. Тэгэхээр нь би Насанбатыг өмөөрч Б ахтай маргалдахад Б ах “тэгвэл та хоёрыг алчихъя” гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг авч зуухан дээр цохиж хагалаад, надтай ноцолдож байгаад миний зүүн талын бөөрний орчимд архины шилээрээ хатгасан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байхад миний цээжний зүүн хэсэг болон аюулхай, хүйсний хэсэгт гартаа барьж байсан хагархай архины шилээрээ хатгасан. Яах ийхийн зуургүй л хатгаад байсан. Тэгээд би ухаан балартаад орон дээр хэвтсэн. Нэг сэрэхэд Б ах гал тогооны шургуулганы хажууд зогсож байсан. Тэгэхээр би Б ахыг “түргэн дуудаад өгөөч” гэж гуйхад “та хоёрын үхэх цаг арай болоогүй байна” гээд түргэн дуудаж өгсөн. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Гомдолтой байна, цаашид эмчилгээнд гарах зардалаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Насанбатын өгсөн: “... 2019 оны 03 сарын 04-ний өдөр өглөө 10 цагийн үед Б миний утас руу залгаад Батзаяатай яриад “ах нь нэг шил архи аваад очъё” гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед “Хандгай” нэртэй 0.75 граммын архи авчираад бид гурав уусан. Би согтоод 14 цагийн үед хоолой дээр “шар” гээд дуугарахаар нь сэрсэн чинь хүзүүнээс цус гоожиж байсан. Тэгтэл Батзаяа “та миний авгайг алчихлаа” гээд гүйж ирээд Бааг бариад авсан. Тэгсэн чинь Баа архины шил зуухан дээрээс хагалаад Батзаяагийн нуруу руу дүрсэн. Нэг их маргалдахаар зүйл болоогүй, “унт” гэсэн чинь хоолойг минь заазуураар зүсээд Батзаяаг архины шил гал дээр хагалаад хэд хэдэн удаа дүрсэн...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхуягийн өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цаг 04 минутын үед манай эмнэлэгт хутгалагдсан эхнэр, нөхөр 2 орж ирсэн. Биеийн байдлыг тухайн үед хянаж байхад цус алдалт багатай байсан. Тэгээд шарханд үзлэг хийсэн. Эрэгтэй нь зүүн ард талдаа 2 шархтай, цээжиндээ 1 шарх, хэвлийд 1 шархтай  байсан. Харин эмэгтэй нь хүзүүндээ хөндлөн 1 шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3071 дугаартай: “М.Насанбатын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх.69/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3081 дугаартай: “Ц.Батзаяагийн биед аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх.75-76/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Бын яллагдагчаар өгсөн “... Тус шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн Ц.Батзаяагийн биед учирсан гэмтэлүүдийг би архины шилээр хатгаж үүсгэсэн. Тухайн үед би Батзаяатай архи уугаад маргалдсан. Батзаяа надад агсам тавиад над руу дайраад байсан. Батзаяа архины шил зуух руу цохиж хагалаад над руу барьж дайрсан. Тэгээд бид хоёр ноцолдсон. Тухайн үед би гараас нь шилийг салгаж авах гэж ноцолдож байсан болохоор хаана хаана нь хэдэн удаа хатгаснаа сайн мэдээгүй. Эмч ирээд Батзаяагийн биед үзлэг хийж байхад цээжний зүүн хэсгээс нь цус гарч байсан. Ар нуруу, зүүн бөөрний хэсгээс нь бас цус гарч байсан. Тухайн гэмтлүүдийг Батзаяагийн биед би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.104/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

З.Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Батзаяагийн цээжний зүүн талд нь хагарсан архины шилний амсар хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, хүзүү, зүүн талын хэвлий, нуруу хэсэгт нь хагарсан архины шилний амсар хэсгээр хатгаж эрүүл мэндэд нь “аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн иргэн М.Насанбатын хүзүүн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-8/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Оюунболдын үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн “Илтгэх хуудас” /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзаяагийн өгсөн: “... Насанбат Б ахад “би архи уухгүй боль” гэж хэлэхэд Б ах гал тогооны шургуулганд байсан хөр өнгийн иштэй заазуурыг авч Насанбатыг орон дээр түлхэж унагаагаад заазуураар хүзүүг нь зүссэн. Тэгэхээр нь би Насанбатыг өмөөрч Б ахтай маргалдахад Б ах “тэгвэл та хоёрыг алчихъя” гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг авч зуухан дээр цохиж хагалаад, надтай ноцолдож байгаад миний зүүн талын бөөрний орчимд архины шилээрээ хатгасан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байхад миний цээжний зүүн хэсэг болон аюулхай, хүйсний хэсэгт гартаа барьж байсан хагархай архины шилээрээ хатгасан. Яах ийхийн зуургүй л хатгаад байсан. Тэгээд би ухаан балартаад орон дээр хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Насанбатын өгсөн: “... Би согтоод 14 цагийн үед хоолой дээр “шар” гээд дуугарахаар нь сэрсэн чинь хүзүүнээс цус гоожиж байсан. Тэгтэл Батзаяа “та миний авгайг алчихлаа” гээд гүйж ирээд Бааг бариад авсан. Тэгсэн чинь Баа архины шил зуухан дээрээс хагалаад Батзаяагийн нуруу луу дүрсэн. Нэг их маргалдахаар зүйл болоогүй, “унт” гэсэн чинь хоолойг минь заазуураар зүсээд Батзаяаг архины шил гал дээр хагалаад хэд хэдэн удаа дүрсэн...” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхуягийн өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 04-ний орой 20 цаг 04 минутын үед манай эмнэлэгт хутгалагдсан эхнэр, нөхөр 2 орж ирсэн. Биеийн байдлыг тухайн үед хянаж байхад цус алдалт багатай байсан. Тэгээд шарханд үзлэг хийсэн. Эрэгтэй нь зүүн ард талдаа 2 шархтай, цээжиндээ 1 шарх, хэвлийд 1 шархтай  байсан. Харин эмэгтэй нь хүзүүндээ хөндлөн 1 шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3071 дугаартай: “М.Насанбатын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх.69/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3081 дугаартай: “Ц.Батзаяагийн биед аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх.75-76/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Бын яллагдагчаар өгсөн “... Тус шинжээч эмчийн дүгнэлт дээр бичигдсэн Ц.Батзаяагийн биед учирсан гэмтлүүдийг би архины шилээр хатгаж үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх.104/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батзаяагийн өгсөн: “... М.Насанбат гэдэг авгай руугаа дайраад, тэгэхээр нь би өмөөрөөд, тэгсэн З.Б чи яасан авгайг минь өмөөрдөг юм бэ гээд архины шил хагалаад намайг гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Насанбатын өгсөн: “... Тэгээд би архи уумааргүй байна гэхэд манай зүүн талын орон дээр үсдэж дарж байгаад над руу архи цутгасан нэг мэдсэн миний хоолойноос цус гарсан байсан. Хамтран амьдрагч Ц.Батзаяа миний хоолойн дээр футболкаар дарсан, З.Б зуухан дээр архины шил хагалж цохиод Ц.Батзаяагийн бөөр лүү дүрсэн. Дараа нь юу болсныг мэдэхгүй миний хоолойг бол хоолны шкафны шүүгээнээс заазуур авч ингэж зүссэн. Нэгийг нь алчихлаа гээд дараа нь голын ширээнд дээр байсан архины шилийг аван хагалан Ц.Батзаяагийн нуруу луу дүрсэн, тэгээд энэ хоёрыг юу болсоныг сайн мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч Ц.Батзаяагийн биед хүнд гэмтэл санаатай учруулахдаа З.Бын хэрэглэсэн архины шилийг зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ мэтгэлцэн тайлбарлаж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын тус тус өгсөн мэдүүлэгт дурдсанчилан шүүгдэгч З.Б нь бусдын биед хохирол учруулахдаа зориуд хагалан ир үзүүр гаргасан архины шилийг хэрэглэсэн байх тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын өгсөн “... Ц.Батзаяа архины шил хагалаад над руу дайрахаар нь би өөрийгөө хамгаалж түүнтэй барьцалдан зууралдаж ноцолдоход тэрээр шилэнд хатгагдсан байсан...” гэх мэдүүлэг нь:

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзаяагийн өгсөн “... Б ах “тэгвэл та хоёрыг алчихъя” гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг авч зуухан дээр цохиж хагалаад, надтай ноцолдож байгаад миний зүүн талын бөөрний орчимд архины шилээрээ хатгасан. Тэгээд би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байхад миний цээжний зүүн хэсэг болон аюулхай, хүйсний хэсэгт гартаа барьж байсан хагархай архины шилээрээ хатгасан. Яах ийхийн зуургүй л хатгаад байсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Насанбатын өгсөн “... Тэгсэн чинь Баа архины шил зуухан дээрээс хагалаад Батзаяагийн нуруу руу дүрсэн... Батзаяаг архины шил гал дээр хагалаад хэд хэдэн удаа дүрсэн...” гэх мэдүүлэг /хх.21-23/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч З.Б нь “хохирогч М.Насанбаттай 1989 оноос хамтран амьдарч, 2 охин төрүүлж өсгөсөн, 1991 онд гэрлэлтээ батлуулсан, 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа” гэх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирол учруулсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд /хх.21-23/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Насанбат нь “... Би согтоод 14 цагийн үед хоолой дээр “шар” гээд дуугарахаар нь сэрсэн чинь хүзүүнээс цус гоожиж байсан...” гэж тус тус мэдүүлсэн болно.

Гэвч Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзаяагийн өгсөн “... Тэгээд Насанбат гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн. Тэгсэн чинь Б ах Насанбатын ам руу нь архи цутгаад байсан. Насанбат Б ахад “би архи уухгүй боль” гэж хэлэхэд Б ах гал тогооны шургуулганд байсан хөр өнгийн иштэй заазуурыг авч Насанбатыг орон дээр түлхэж унагаагаад заазуураар хүзүүг нь зүссэн...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Насанбатын өгсөн “... Нэг их маргалдахаар зүйл болоогүй, “унт” гэсэн чинь хоолойг минь заазуураар зүсээд... ” гэх мэдүүлэг /хх.21-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Насанбатын өгсөн “... Б гал тогооны шургуулганд байсан хар өнгийн иштэй заазуурыг авч намайг орон дээр түлхэж унагаагаад заазуураар хүзүүг зүссэн...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч М.Насанбатын биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь тогтоогдохгүй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт З.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх бөгөөд хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч З.Б хохирогч Ц.Батзаяагийн биед хөнгөн, хүнд гэмтэл, нь хохирогч М.Насанбатын биед хөнгөн гэмтэл тус тус учруулжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батласан Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтэлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтэлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” гэж заасан байх тул хохирогч Ц.Батзаяагийн биед нэг цаг хугацаанд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч З.Бын үйлдэлийг 2 өөр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлэх шаардлагагүй юм.

Иймд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, З.Быг “Хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

З.Бын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын эмчилгээний зардалд нэхэмжилсэн дүн тодорхойгүй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож буй гэм хорын хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч З.Баас нийт 346.000 төгрөгийг гаргуулж, хагалгааны төлбөр 330.000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний үнэ 8000 төгрөг, нийт 338.000 төгрөгийг хохирогч Ц.Батзаяад, шүүх эмнэлгийн шинжилгээний үнэ 8000 төгрөгийг хохирогч М.Насанбатад тус тус олгох нь зүйтэй.

          Хохирогч Ц.Батзаяа, М.Насанбат нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч З.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ З.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч З.Бын холбогдсон гэмт хэргүүдэд оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгаагүй учир тухайн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

З.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.Бын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс баривчлагдаж, цагдан хоригдсон нийт 49 хоногийг эдлэх ялд оруулж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хагарсан архины шилний амсар хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн футболка 1 ширхэг, хар өнгийн иштэй 15-18 см урттай заазуур 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар холбогдох байгууллагад даалгавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. А овогт З Быг “Хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, З.Бт оногдуулсан нийт 7 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, З.Бын цагдан хоригдсон нийт 49 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцсугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хагарсан архины шилний амсар хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн футболка 1 ширхэг, хар өнгийн иштэй 15-18 см урттай заазуур 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Баас 338.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Батзаяад, 8000 төгрөг гаргуулж хохирогч М.Насанбатад тус тус олгосугай.

10. Хохирогч Ц.Батзаяа, М.Насанбат нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч З.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ                

                                                       ШҮҮГЧИД                               С.ӨСӨХБАЯР

                                                                                                   Б.АРИУНХИШИГ