Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/853

 

 

 

 

 

 

  2019          8           22                                        2019/ДШМ/853

                                                       

З.Бт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч З.Б,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906015930503 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн З.Б, 1966 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 371 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Нийслэлийн шүүхийн 1982 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 68 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэн 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

            Нийслэлийн шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 25 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаар шийттэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            З.Б нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Бгийн цээжний зүүн талд нь хагарсан архины шилний амсар хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, хүзүү, зүүн талын хэвлий, нуруу хэсэгт нь хагарсан архины шилний амсар хэсгээр хатгаж эрүүл мэндэд нь “аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Нын хүзүүн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, А овгийн З.Быг “Хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, З.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, З.Бт оногдуулсан нийт 7 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, З.Бын цагдан хоригдсон нийт 49 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хагарсан архины шилний амсар хэсэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн футболка 1 ширхэг, хар өнгийн иштэй 15-18 см урттай заазуур 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Баас 338.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бд, 8000 төгрөг гаргуулж хохирогч М.Над тус тус олгож, хохирогч Ц.Б, М.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч З.Баас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй ба иргэний үүргээ биелүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгч, өөрийгөө илчилсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд хэрэглэж өгнө үү. Шүүх хурал болтол хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй байсан. Шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Бд 338.000 төгрөг, хохирогч М.Над 8.000 төгрөг нийт 346.000 төгрөгийн хохирол гэж хохирлын хэмжээг тогтоосон. Миний бие 49 хоног цагдан хоригдсон ба шүүх хурал богино хугацаанд болсон учраас хохирол төлөх боломж байгаагүй. ...Н бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай тул гэрлэлтийг баталгааг цуцалж өгнө үү гэж хүсч байна. Мөрдөн байцаагч, прокурор нар хавтас хэрэгт уг гэрлэлтийн баталгааг хавсаргаагүй. Миний эхнэрийг архинд оруулсан хүнийг болиулах гэтэл над руу дайрсны улмаас ийм асуудал гарсан ба би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогч нарыг хохиролгүй болгохоо илэрхийлж байгаа тул болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний эдлэх ялаас хасч өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...З.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн ба түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял, шийтгэл оногдуулсан. Тэрээр уг гэмт хэргийг үйлдэхдээ онц, харгис хэрцгий аргаар үйлдсэн буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

З.Б нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Бгийн цээжний зүүн талд нь хагарсан архины шилний амсар хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, хүзүү, зүүн талын хэвлий, нуруу хэсэгт нь хагарсан архины шилний амсар хэсгээр хатгаж эрүүл мэндэд нь “аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн элэгний зүүн дэлбэн гэмтээсэн нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 8 дугаар гудамжны 109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Нын хүзүүн тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бгийн “...2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Н бид хоёр гэртээ байж байтал 12 цагийн үед Б ах манай гэрт 2 ширхэг 0.75 литрийн "Хандгай" нэртэй архи авч ирсэн. ...Н, Б ах бид гурав ... нэг шил архийг ууж дуусаад нөгөө шил архийг талд нь ортол уусан. ...Б ах Нын ам руу нь архи цутгаад байсан. Н Б ахад "би архи уухгүй боль" гэж хэлэхэд Б ах гал тогооны шургуулганд байсан хар өнгийн иштэй заазуурыг авч Ныг орон дээр түлхэж унагаагаад заазуураар хүзүүг нь зүссэн. ...Би Ныг өмөөрч Б ахтай маргалдахад Б ах "тэгвэл та хоёрыг алчихъя" гэж хэлээд ширээн дээр байсан архины шилийг авч зуухан дээр цохиж хагалаад ... миний зүүн талын бөөрний орчимд архины шилээрээ хатгасан. ...Би өөрийгөө хамгаалах гээд ноцолдож байхад миний цээжний зүүн хэсэг болон аюулхай, хүйсний хэсэгт гартаа барьж байсан хагархай архины шилээрээ хатгасан. Яах ийхийн зуургүй л хатгаад байсан. Тэгээд би ухаан балартаад орон дээр хэвтсэн. Нэг сэрэхэд Б ах гал тогооны шургуулганы хажууд зогсож байсан. ...Б ахыг "түргэн дуудаад өгөөч" гэж гуйхад "та хоёрын үхэх цаг арай болоогүй байна" гээд түргэн дуудаж өгсөн. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. ...” /хх 16-18/,

хохирогч М.Нын “...2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 10 цагийн үед Б миний утас руу залгаад Бтай яриад "ах нь нэг шил архи аваад очъё" гэж хэлсэн. ..."Хандгай" нэртэй 0.75 граммын архи авч ирээд бид гурав уусан. Би согтоод ... хоолой дээр "шар" гээд дуугарахаар нь сэрсэн чинь хүзүүнээс цус гоожиж байсан. ...Б "та миний авгайг алчихлаа" гээд гүйж ирээд Бааг бариад авсан. ...Баа архины шил зуухан дээрээс хагалаад Бгийн нуруу руу дүрсэн. Нэг их маргалдахаар зүйл болоогүй, "унт" гэсэн чинь хоолойг минь заазуураар зүсээд Бг архины шил гал дээр хагалаад хэд хэдэн удаа дүрсэн. ...” /хх 21-23/,

шүүгдэгч З.Бын “...Ц.Бгийн биед учирсан гэмтлүүдийг би архины шилээр хатгаж үүсгэсэн. Тухайн үед би архи уугаад Бтай маргалдсан. ...Б архины шил зуух руу цохиж хагалаад над руу барьж дайрсан. Тэгээд бид хоёр ноцолдсон. Тухайн үед би гараас нь шилийг салгаж авах гэж ноцолдож байсан болохоор хаана нь хэдэн удаа хатгаснаа мэдээгүй. Эмч ирээд Бгийн биед үзлэг хийж байхад цээжний зүүн хэсгээс нь цус гарч байсан. Ар нуруу, зүүн бөөрний хэсгээс нь бас цус гарч байсан. Тухайн гэмтлүүдийг би Бгийн биед учруулсан. ...” /хх 104/,

гэрч Б.Батхуягийн: “...2019 оны 3 дугаар сарын 4-ний орой 20 цаг 4 минутын үед манай эмнэлэгт хутгалуулсан эхнэр, нөхөр хоёр ирсэн. ...Эрэгтэй нь зүүн ард талдаа 2 шархтай, цээжиндээ 1 шарх, хэвлийд 1 шархтай байсан. Харин эмэгтэй нь хүзүүндээ хөндлөн 1 шархтай байсан. ...” /хх 64-65/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3071 дугаартай “...М.Нын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3081 дугаартай “...Ц.Бгийн биед аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээж, нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх аюулхай мөгөөрсний зүүн талаар хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, элэгний зүүн дэлбэн гэмтээж нэвтэрсэн шарх, ар нуруунд бүсэлхийн зүүн талд бөөр, бүдүүн гэдсийг нэвт хатгаж гэмтээж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжний зүүн талд зүсэгдсэн шарх гэмтэл нь тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 75-76/ гэх дүгнэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх 25-28/, яаралтай тусламжийн хуудас /хх 30-63/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, илтгэх хуудас /хх 9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 13/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “Хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага ногдуулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгчийн З.Бын “...Миний бие үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй ба иргэний үүргээ биелүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгч, өөрийгөө илчилсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд хэрэглэж өгнө үү. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогч нарыг хохиролгүй болгохоо илэрхийлж байгаа ... миний эдлэх ялаас хасч өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч З.Бын хувийн байдал /хх 109-124/, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3071, 3081 дугаартай дүгнэлтүүд /хх 69, 75-76/-ээр тогтоосон хохирогч Ц.Б, М.Н нарт учирсан “хүнд, хөнгөн” гэмтлийн хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Б нь урьд хүн алах гэмт хэрэгт 1, хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд итгэл хүлээлгэж, тухай бүрт нь хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж, хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ