Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 280

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: ОХХК,

           Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 

        Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, О. хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ХХК-ийн ерөнхий захирал Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр шаардлагын тухайд: Манай компани барилга угсралт, засварын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг. 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 352737 тоот актаар манай компанийн ЦХХК-иас бараа худалдан авсан НӨАТ-ын падаан, кассын орлогын баримт, бараа материалын зарлагын падааныг хуулийн байгууллагаар хуурамч гэж тогтоосон тул улсад төлөх ёстой 18,181,800 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийн татвар төлөөгүй гэж дүгнэн НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн гэсэн үндэслэлээр манай компанийг эрүүгийн журмаар шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт хүсэлт гаргасан.

Үүний дагуу ОХХК-ийн захирал Онадад эрүүгийн хэрэг үүсгэж УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Д.Д*******мөрдөн байцаалт явуулсан бөгөөд тухайн үед НӨАТ-н хуурамч падаантай холбоотой хэрэгт холбогдуулан хэргийн оролцогч үндсэн төлбөрөө төлсөн тохиолдолд торгууль, алдангаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий Хууль зүйн сайдын тушаал гарсан байна. Энэхүү тушаалыг мөрдөн байцаагч танилцуулж, үндсэн төлбөртөө төлж, учирсан гэм хохирлоо НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдсэн ЦХХК-иас иргэний журмаар нэхэмжилж болох тухай тайлбарласны дагуу манай компани НӨАТ-ын үндсэн төлбөр болох 18,181,800 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийг төлж барагдуулж торгууль алдангиас чөлөөлөгдөж, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Г******* манай компанид холбогдох эрүүгийн хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 380 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, манай компани уг НӨАТ-ын падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, хуурамч падааныг ЦХХК үйлдсэн гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосон ба үүний улмаас ОХХК хохирсон болно.

Бид хохирсон боловч хариуцлагаа хүлээж татварын Улсын байцаагчийн актын дагуу 18,181,800 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийг нөхөн татварыг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлж алданги, торгуулиас чөлөөлөгдсөн ба энэ асуудал эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож байгаа, ийм ч учраас манай компани 2013-2015 онд ямар нэг татварын өр төлбөргүй гэж тодорхойлогдож байсан болно.

2 дугаар шаардлагын тухайд: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Б******* нар 2013 оны 12 дугаар сард манай компанийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актаар: 

с/ ЦХХК-иас 2 ширхэг НӨАТ падаан бичүүлэн авч 181.818.000 /нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найман мянган/ төгрөгийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдаж авсан бараа” гэж тайланд тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж үзэж 18.181.820 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянган найман зуун/ төгрөгийн нөхөн татвар, 5.454.500 /таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн торгууль, 1.281.800 /нэг сая хоёр зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийн алданги,

ь/ Дээр дурдсан НӨАТ-ын падаан ашиглан ААН-ийн орлогын албан татварын тайлангийн “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт 18.181.820 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун хорин/ төгрөгийг тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж үзэж 18,181.800 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийн нөхөн татвар, 5.454.500 /таван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн торгууль, 683.600/ зургаан зуун наян гурван мянган зургаан зуун/ төгрөгийн алданги ногдуулж Татварын ерөнхий хуулийн 74.1.4-д заасныг үндэслэн 36.363.600 /гучин зургаан сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун/ төгрөгийн нөхөн татвар, 10909000 /арван сая есөн зуун есөн мянган/ төгрөгийн торгууль, 1965400 /нэг сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун/ төгрөгийн алданги буюу нийт 49.238.200 /дөчин есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Манай компани 18,181,800 /арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийг нөхөн татварыг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан болно.

Ийнхүү нэг зөрчилд хэд хэдэн удаагийн хариуцлага тооцож байгаа тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т “төрийн эрх бүхий байгууллагын захиргааны хариуцлага ногдуулсан шийдвэрүүд нь өршөөлд хамруулахаар хуульчилсан байна. Ийм учраас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0001857 тоот актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алданги нь Улсын Их Хурлаас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулинд хамрагдахыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна:

1.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 352737 тоот актын дагуу Ордос ХХК нь нөхөн татвараа төлж, торгууль, алдангиас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох,

2.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсээс гаргасан 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0001857 тоот актын тогтоох нь хэсгийн 1Б заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Үүнээс татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0001857 тоот актын тогтоох хэсгийг дүгнэвэл: ОХХК нь мөрдөн байцаалтын явцад Татварын ерөнхий газрын Төрийн сан банкны 900000-603 тоот дансанд 18181,8 мянган төгрөгийн нөат-ын нөхөн татварыг тушаасан болно. Иймд Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 0001857 тоот актын тогтоох нь хэсгийн 1а-н нэмэгдсэн өртгийн албан татварын 18181,8 мянган төгрөгийг нөхөн татварыг төлсөн тул Өршөөлийн тухай хуулийн дагуу 5454,5 мянган төгрөгийн торгууль, 1281,8 мянган төгрөгийн алдангийг чөлөөлөх бүрэн үндэслэлтэй болно гэж үзэж байна.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актын тогтоох нь хэсгийн 1б заалтад дурьдсанаар дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусад баримтыг ашиглан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын падаан бусад баримтыг ашиглан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт 181818,2 мянган төгрөгийг тусган төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан зөрчлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн жилд манай компани 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Пирамид индастри ХХК-ны агуулахын барилга, МУИС-ын засварын ажил зэргийг гүйцэтгэн хийж байсан бөгөөд барилгын ажлуудын явцад материалын зардалд 181818,2 мянган төгрөгийг зарцуулсан нь үнэн ба барилгын материалын Гурвалжин зах, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд зэргээс материал авч ажил үйлчилгээ явуулж байсан. Ингээд тэрхүү бараа материалын худалдан авалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт 181818,2 мянган төгрөгийг тусгасан болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариу тайлбар гаргаж байна. Өмнө нь гаргасан тайлбарын дагуу тус компани нь 2 өөр төрлийн татвар болох Нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогыг албан татвараар акт тавигдсан нь давхардуулан хариуцлага хүлээлгэж буй зүйл байхгүй. 

Тухайн үед нөхөн татвараас тодорхой хэмжээгээр мөнгө хийвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан. Хүү, торгууль, алдангийг чөлөөлөх талаар огт асуудал яригдаагүй байдаг. Учир нь эрүүгийн хариуцлага болон захиргааны хариуцлага нь тусдаа ойлголт болно. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх явцад Ордос ХХК нь зөвхөн НӨАТ-ын нөхөн татвараа төлж хэрэг хэрэгсэхгүй болсон бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлсөн зүйл байхгүй. Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөвхөн эрүүгийн хэргийн хувьд яригдах бөгөөд захиргааны хариуцлагын хувьд мөн адил хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм ч учраас Татварын алба нь эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэж акт үйлддэг. 

Нөхөн татвараа төлсөн нь улсад төлөх ёстой татвараа төлснөөс биш захиргааны хариуцлагаа бүрэн хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь захиргааны хариуцлага гэдэгт тухайн татвараа улсад төлөөгүй улмаас оногдуулж буй хүү, торгууль, алданги хамаарах юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх нөхцлүүдийг дурьдсан байна. Дээрх дурьдсан нөхцлүүдээс улсын байцаагчийн актад хамаарах заалт байхгүй байна. Захиргааны акт илт хууль бус байх гэдэг нь материаллаг талын илрэх хэлбэр бөгөөд улсын байцаагчийн акт нь Монгол улсын хуульд нийцэж гарсан. Ийм ч учраас татвар төлөгч нь үүнийг хүлээн зөвшөөрч НӨАТ-ын нөхөн татварыг төлсөн байдаг. Мөн захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус захиргааны актын хувьд хугацаа харгалзахгүй гаргахаар заасан болохоос биш урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй гэсэн үг биш юм.   Дээрхээс авч үзвэл Ордос ХХК-д тавигдсан уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэв. 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 352737 тоот актын дагуу ОХХК нь нөхөн татвараа төлж, торгууль, алдангиас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсээс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд 1 дэх шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзаж, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн болно.

Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарыг үндэслээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Б******* нар нь ОХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 35/13/0701 тоот томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 1/678 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 380 дугаар тогтоолын дагуу төлөвлөгөөт /иж бүрэн/ шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 03-аас 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийж гүйцэтгэсэн байна.

Татварын хяналт шалгалтаар 2012 оны 12 дугаар сард ЦХХК-аас хуулийн байгууллагаас хуурамч гэж тогтоосон падаан баримтыг ашиглан 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт нийт 181818.2 мянган төгрөгийг тусган албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт...15.1.Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй...15.1.2 албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал,...” гэж заасныг зөрчсөн. 

Иймд дээрх хуулийн байгууллагуудаас хуурамч гэж тогтоогдсон нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг үндэслэн 2012 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт 181818.2 мянган төгрөгийг тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан мөн уг падааныг ашиглан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг “хэсэгт 181818.2 мянган төгрөгийг тусган төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулан нийт 363636.4 мянган төгрөгийн зөрчил илрэн нэмэгдсэн өртгийн албан татвараар 181818.8 мянган төгрөгийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 181818.8 мянган төгрөгийн албан татвар төлөхөөс тус тус зайлсхийсэн гэж үзэн ОХХК-д татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “... эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих....” гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагч дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс дээрх дүгнэлттэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 380 дугаар тогтоолоор ОХХК-ийн гүйцэтгэх захирал нь ЦХХК-аас 2012 оны 12 дугаар сард 181818.2 мянган төгрөгийн борлуулалтын дүн бүхий хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татварын тайландаа тусгаж онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр тооцон шалгагдаад 181818.8 мянган төгрөгийн нөхөн татварыг төлж хохиролоо бүрэн барагдуулсан болох нь мөнгө төлсөн баримт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Б******* нар нь шалгасан нэг зөрчил дээрээ дахин 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 0001857 тоот актыг үйлдэж татвар төлөгчийг буруутгаж байгаа нь илт хууль бус болсон байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Татвар төлөгч нь акт, дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18.1.5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд татварын улсын байцаагч татвар төлөгчид акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэснээс үзвэл татварын улсын байцаагч өөрийн гаргасан актаа заавал татвар төлөгчид гардуулах үүрэгтэй байх бөгөөд татвар төлөгч татварын байцаагчийн актыг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д ”Зайлшгүй шаардлагтайгаас бусад тохиолдолд татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч хэдийгээр татварын хяналт шалгалтыг өмнө нь хийж дууссан байсан ч гэсэн татварын байцаагч нь дээрх актыг гаргахдаа татвар төлөгчид буюу ОХХК-д заавал урьдчилан мэдэгдэж, актыг танилцууулах үүрэгтэй байна.

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэг нь хэдийгээр хэрэгсэхгүй болсон ч захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж уг актыг ногдуулсан гэх тайлбарын тухайд: Захиргааны хариуцагцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэж заасан байхад татварын улсын байцаагч нь ОХХК-д 3 сарын дараа 0001857 тоот актаар захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. 

Иймд татварын улсын байцаагч нар нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 0001857 тоот актыг гаргахдаа татвар төлөгчид урьдчилан мэдэгдэж танилцуулах үүргээ биелүүлээгүй, захиргааны шийтгэл оногдуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад дээрх актыг үйлдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөд хүрсэн илт хууль бус захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр “ОХХК нь 2013-2015 оны хооронд тендерт оролцож татварын өр төлбөргүй гэсэн тодорхойлолтыг татварын албанаас авч байсан, сая тендерт оролцохоор тодорхойлолт авах гэтэл татварт өртэй гэсэн хариу өгснөөр бид 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот акт гарсныг мэдсэн” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч бид шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтаа  нотолж чадаагүйг  дурьдах нь зүйтэй байна.

 

           Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан Ордос ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актыг илт хууль бус акт болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 352737 тоот актын дагуу ОХХК нь нөхөн татвараа төлж, торгууль, алдангиас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ