Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 521

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-5 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, регистрийн дугаар УМ90051725, Хошууд овогт Батбаярын Ундармаагийн нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-р 48 айлын 2-24 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ90042518, Харнууд овогт Баяраагийн Баатарсайханд холбогдох,

         Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа,  хариуцагч Б.Баатарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2005 оноос Б.Баатарсайхантай үерхэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 13-нд гэр бүл болсон. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 18-нд хүү Б.Мөнххангай төрсөн. 2012 оны 12 дугаар сард хуримаа хийсэн. Бид хуримаа хийсний дараа өөрсдийн эзэмшлийн газар, хашаа байхгүй учир хадам ээж Н.Дашхүүгийн санаачилгаар миний өөрийн аав Батбаярын хашаанд гэрээ барьж амьдрах болсон. Гэхдээ зөвхөн өвөлд нь гэртээ амьдраад бусад үед нь хадам аав Баяраагийн байранд хамт амьдарч байсан билээ. Бидний амьдрал нь хадам эцэг эхийн шийдвэрээр явагддаг орж гарсан ч хадам эх эцгийн зөвшөөрлийг авдаг бидний хамтын амьдрал биш болж утга учиргүй амьдрал бий болсон. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 08-нд хадам ээж Н.Дашхүү нь гэртээ согтуугаар ирж миний хүү буруу хүнтэй суусан гэж над руу агсам тавьж намайг хөөсөн. Хүү минь 7 сартай байсан болохоор айж ээртлээ уйлаад улмаар би ээжийгээ ирж авахыг утсаар хэлж айж сандарсандаа намайг аваач гэж гуйхад ээж Ж.Жавзмаа, дүү Б.Мичидмаа нар ирсэн бөгөөд ээж дүүг минь хэл амаар доромжлон ээж Ж.Жавзмаа зүүн гар талын булчинг хөхөртөл цохин, дүү Б.Мичидмааг хүүгийн цүнхтэй хувцсаар цохин толгойг нь доргиосон. Энэ асуудлаар миний эцэг эх болон би хэл ам хийгээгүй хадам ээж Н.Дашхүү нь уучлалт гуйгаад дахин ийм асуудал гаргахгүй гэж ам тангараг өгч хамт архи уусан 2 эрэгтэй хүнтэй гурвуулаа ирж уучлалт гуйсан ба хот явсан аав нь ирж намайг загнан надад хэцүү байна хотоос ирэхээс нь өмнө харья гээд улмаар би хүүгийн хамт хадмын гэр лүү явсан. 2014 оны 2 дугаар сард хүү Б.Мөнххангайн “Сэвлэг үргээх найр”-ны орой Б.Баатарсайхан ээж аав чинь юу ч хийсэнгүй гэж намайг зодсон. Хадам аав ээж намайг байнга хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг мөн Б.Баатарсайхан хэл амаар, утсаар, ажил дээр ирж дарамталдаг. Манай ажлын газрын зарим хүмүүс ийнхүү дарамталж байгааг харсан болно. Ингэж миний амьдрал нөхөр болон хадам эцэг эхийн байнгын дарамтанд байх болж сүүлдээ тэсэхийн аргагүй болсон тул 2015 оны 4 дүгээр сараас аав Н.Батбаяр эмнэлэгт хэвтсэн учир улмаар аавындаа очиж хоол цайг нь хийж өгнө гээд хүүхдээ аван тэднийхээс гарч аавындаа ирсэн болно. Ингэж дарамтнаас жаахан ч гэсэн холдсон боловч үүнээс хойш Б.Мөнххангайг авах гэж манай аавынд Б.Баатарсайхан, Г.Баяраа, Н.Дашхүү нар удаа дараа ирж хэл амаар доромжлон дайрч утсаар ярьж мессеж бичин байнгын дарамтлах болсон. Иймд гэрлэлт цуцалж, хүү Б.Мөнхангайг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргууж, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулж өгнө үү” гэв.

     Хариуцагч Б.Баатарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эхнэр Б.Ундармаа нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд “бидний амьдрал нь хадам эцэг эхийн шийдвэрээр явагддаг орж гарсан ч хадам эцэг эхийн зөвшөөрлийг авдаг, бидний хамтын амьдрал биш болж утга учиргүй амьдрал бий болсон, дарамт шахалтыг тэсэхгүй болоод хүүгээ аваад аавындаа ирсэн” гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх дурдсан зүйлүүд бодит байдлыг илтэд үгүйсгэж миний эцэг эхийн нэр хүндэд халдсан байна. Миний эцэг, эх эхнэр Б.Ундармааг өөрийн охиноос ч илүү хайрлаж халамжилдаг. Бид гэр бүл болсон цагаасаа эхлэн өөрсдийн амьдралдаа өөрсдөө мэдэж хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарсан. Аав, ээж хоёр маань миний эхнэрийн унтах нойрыг нэг ч удаа хасалгүй, түүний урдуур нь орж ажил хийн, хүү Б.Мөнххангайг нойр хоолоо хугаслан байж эрүүл энх өсгөн бойжуулаж, өглөө ажилд явах, ажлаас ирэхэд үед цай хоолыг нь бэлэн байлгаж Б.Ундармааг эрх танхи байлгасан. Миний эхнэр хэний заавраар яагаад ийм худал зүйл бичих болсон мөн гэрлэлтээ цуцлуулж хүүгээ өнчрүүлэх гэж буйг гайхаж байна. Миний гэрлэлт цуцлахыг огт хүлээн зөвшөөрөхгүй бид гэр бүл болсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл бусдын адил амьдарч ажил төрлөө хийн үр хүүхдээ өсгөж ирсэн. Эхнэр нөхрийн хувьд бэлгийн харьцаа ч сайн таарч тохирдог. Бид тусдаа амьдарч байгаа нь үнэн. Гэрлэлт цуцлуулах гээд байгаа шалтгаан нь түүний нэхэмжлэлд дурдсан зүйлс биш бөгөөд Б.Ундармаагийн дүү Б.Балжинням нь миний төрсөн ганц эгчийн охиныг хүчиндсэн учраас надаас сална гэж байгаа. Эцэг хүний хувьд эхнэр болон төрсөн хүүдээ гар хүрэх нь бүү хэл нэг ч удаа ааш гаргаж загнаж зандарсан асуудал байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй” гэв.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ундармаа нь хариуцагч Б.Баатарсайханаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Гэрлэгчид 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

    Б.Ундармаа, Б.Баатарсайхан нар 2011 онд гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 13-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Мөнххангай төрсөн болох нь хэрэгт авагдсан 160 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 506 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, мөн шүүхээс гэрлэгчдэд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зохигчид нь гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.Ундармаа, Б.Баатарсайхан нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Б.Ундармаа нь 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Мөнххангайг өөрийн асрамжид байлгаж, эцэг Б.Баатарсайханаар тэжээн тэтгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчдын хүсэлтээр хүү Б.Мөнхангайн амьдарч буй аль орчинд нөхцөл байдлын үнэлгээ гаргуулахад Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Увс аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч нарын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын үнэлгээгээр гэрлэгчдийн амьдарч байгаа орчин болон гэр бүлийн харилцаа хандлага нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй, Б.Ундармаа нь Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д борлуулалтын нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд сарын 650.000 төгрөгийн цалинтай, Б.Баатарсайхан нь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд сарын 673.849 төгрөгийн цалинтай, зохигчдын хэн хэнтэй нь хүү Б.Мөнххангай амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

         Нөхцөл байдлын үнэлгээгээр хүү Б.Мөнххангайн гэрлэгчдийн хэн хэнтэй нь амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарсан боловч хүү Б.Мөнхангайн насыг харгалзан эх Б.Ундармаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Мөнххангайг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баатарсайханаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

      Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан ба Б.Баатарсайхан, Б.Ундармаа нарын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хадгаламжийн үлдэгдэл 11.310.956,50 төгрөг байх бөгөөд уг хадгаламжийг гэрлэгчдийг гэр бүл болсноос хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн байх тул төгрөгийн хадгаламжийг гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн хувааж, Б.Ундармаа, Б.Мөнххангай нарт ногдох хувь болох 7.540.637 төгрөгийг Б.Ундармаад, 3.770.318 төгрөгийг Б.Баатарсайханд олгож шийдвэрлэв.

       Мөн нэхэмжлэгч нь хуваарьт хөрөнгө болох гэр бүл болоход аав, ээжийн зүгээс авч өгсөн зүйлийн дутууг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Хариуцагчийн гаргаж ирүүлсэн видео бичлэг нь хэрэгт хамааралгүй, хэрэгт хавсаргасан 28 ширхэг гэрэл зураг болон хэрэгт авагдсан гэрэл зургуудыг хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.              

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаа нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ундармаад олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 164.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 988.800 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хошууд овогт Батбаярын Ундармаа, Харнууд овогт Баяраагийн Баатарсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Мөнххангайг эх Г.Ундармаагийн асрамжид үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Мөнххангайг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Баатарсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

      4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар хариуцагч Б.Баатарсайхан, Б.Ундармаа, Б.Мөнхангай нарын хамтран өмчлөх дундын өмч болох Хаан банкин дахь 11.310.956,50 /арван нэгэн сая гурван зуун арван мянга есөн зуун тавин зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийн хадгаламжийн Б.Ундармаа, Б.Мөнххангай нарт ногдох хувь болох 7.540.637 /долоон сая таван зуун дөчин мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг Б.Ундармаад, 3.770.318 /гурван сая долоон зуун далан долоон мянга гурван зуун арван найм/ төгрөгийг Б.Баатарсайханд олгож, хуваарьт хөрөнгө болох гэр бүл болоход аав, ээжийн зүгээс авч өгсөн зүйлийн дутууг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

     6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Баярмагнайд даалгасугай.  

       7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Ундармаа нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарсайханаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ундармаад олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ