Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 30

 

Б.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 563 дугаар шийдвэртэй, Улаангом сумын 7 дугаар багт  оршин суух, Батбаярын У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Баяраагийн Б-д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа,  хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2005 оноос Б.Бтай танилцаж 2011 оны 11 дүгээр сарын 13-нд гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 18-нд хүү Б.М төрсөн. 2012 оны 12 дугаар сард хуримаа хийсэн. Бид хуримаа хийсний дараа өөрсдийн эзэмшлийн газар, хашаа байхгүй учир хадам ээж Н.Дашхүүгийн санаачилгаар миний өөрийн аав Батбаярын хашаанд гэрээ барьж амьдрах болсон. Гэхдээ зөвхөн өвөлд нь гэртээ амьдраад бусад үед нь хадам аав Баяраагийн байранд хамт амьдарч байсан билээ. Бидний амьдрал нь хадам эцэг эхийн шийдвэрээр явагддаг орж гарсан ч хадам эх эцгийн зөвшөөрлийг авдаг бидний хамтын амьдрал биш болж утга учиргүй амьдрал бий болсон. Хадам аав ээж намайг байнга хэл амаар доромжилж, гэрээсээ хөөдөг мөн Б.Б хэл амаар, утсаар, ажил дээр ирж дарамталдаг. Ингэж миний амьдрал нөхөр болон хадам эцэг эхийн байнгын дарамтанд байх болж сүүлдээ тэсэхийн аргагүй байсан тул 2015 оны 4 дүгээр сараас аав Н.Батбаяр эмнэлэгт хэвтсэн учир улмаар аавындаа очиж хоол цайг нь хийж өгнө гээд хүүхдээ аван тэднийхээс гарч аавындаа ирсэн болно. Ингэж дарамтнаас жаахан ч гэсэн холдсон боловч үүнээс хойш Б.Мг авах гэж манай аавынд Б.Б, Г.Баяраа, Н.Дашхүү нар удаа дараа ирж хэл амаар доромжлон дайрч утсаар ярьж мессеж бичиж, дарамтлах болсон. Иймд гэрлэлт цуцалж, хүү Б.Мөнхангайг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргууж, өөрийн хуваарьт хөрөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний эхнэр Б.У нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний эцэг, эх эхнэр Б.Уг өөрийн охиноос ч илүү хайрлаж халамжилдаг. Бид гэр бүл болсон цагаасаа эхлэн өөрсдийн амьдарлаа өөрсдөө мэдэж хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарсан. Аав, ээж хоёр маань миний эхнэрийн унтах нойрыг нэг ч удаа хасалгүй, түүний урдуур нь орж ажил хийж, хүү Б.Мг нойр хоолоо хугаслан байж эрүүл энх өсгөн бойжууж, өглөө ажилд явах, ажлаас ирэхэд үед цай хоолыг нь бэлэн байлгаж Б.Уг эрх танхи байлгасан. Бид тусдаа амьдарч байгаа нь үнэн. Гэрлэлт цуцлуулах гээд байгаа шалтгаан нь түүний нэхэмжлэлд дурдсан зүйлс биш бөгөөд Б.Угийн дүү Б.Балжинням нь миний төрсөн ганц эгчийн охиныг хүчиндсэн учраас надаас сална гэж байгаа. Энэ  асуудалд  миний хүү Б.М ямар ч буруугүй тул үүнээс болж хүүгээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Эцэг хүний хувьд эхнэр болон төрсөн хүүдээ гар хүрэх нь бүү хэл нэг ч удаа ааш гаргаж загнаж зандарсан асуудал байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харнууд овогт Баяраагийн Б, Хошууд овогт Батбаярын У нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Мг эх Б.Угийн асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Мг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Баар тэжээн тэтгүүлсүгэй. 4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар Б.Б, Б.У, Б.М нарын хамтран өмчлөх дундын өмч болох Хаан банкин дахь 11.310.956,50 төгрөгийн хадгаламжийн Б.У, Б.М нарт ногдох хувь болох 7.540.637 төгрөгийг Б.У-д, 3.770.318 төгрөгийг Б.Бд олгож, хуваарьт хөрөнгө болон гэр бүл болоход нь эцэг, эхийн авч өгсөн зүйлийн дутууг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийг эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай. 6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.526 төгрөгийг улсын орлогод /150000941 тоот данс/ оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хүүхдийг минь яагаад эцэг миний асрамжид үлдээж өгч болохгүй байгааг ойлгохгүй байна. Нөхцөл байдлын үнэлгээгээр Б.Угийн гэрлэлтээ цуцлуулж байгаа шалтгаан тогтоогдсон ба Б.У нь дүүгийнхээ үйлдсэн хэргийн төлөө хүүгийн минь эрх ашгийг хохироож байгааг шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчийн нөхцөл байдлын үнэлгээ гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж хэрэгжүүлэхдээ хугацааны хувьд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч хууль зөрчиж нэг талын эрх ашгийг хамгаалж ажилласан. Шүүгчийн захирамжид дурдсан зүйлсийг нөхцөл байдлын үнэлгээнд дутуу хийсэн байгааг анхаарч үзэхийг хүсьө.

Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" , 16 дугаар зүйлийн 16.11-т  "улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж тус тус тодорхой заасан байхад зөвхөн эх  нь  энэ эрхийг эдэлж,  миний төрсөн хүүг өшөө авах хэрэгсэл болгож, эмэгтэй хүн гэдгээрээ давуу болгон, гэр бүлийг албан ёсоор шүүхээр салгах процесс дуусаагүй байхад, түүгээр үл барам шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө бусадтай эр эмийн харидцаанд орж амьдарч байгаа ёс зүйгүй хүнд бага насны хүүхдийг минь хариуцуулан өгөх шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан нь ямар ч үндэслэлгүй юм. Хэдий удаа дараа хуралдсан шүүх хурапдаануудаас эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгадаг ч  Б.У үргэлж саад учруулдаг. Шүүхэд нэхэмжлэл анх гаргаснаас хойш жил гаруй хугацаанд би хэл ам болж байж өмгөөлөгч, цагдаагийн ажилтан нарын оролцоотойгоор хоёрхон удаа уулзсан.

Төрсөн эцэг эх хоөр нь төрсөн хүүхдээ сарын хуанлийн хоногийн хэдэн өдөр ээжтэйгээ хэдэн өдөрт нь аавтайгаа байх, мөн баяр ёслол, амралтын өдрүүдэд ээлж дараалан асран хамгаалахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүйгээр Шүүхийн тухай хуулийн 2 дугаар бүлэг, Шүүх шинжилгээ хийх нийтлэг журмыг бүхэлд нь зөрчсөн шинжээчийн дүгнэлт гэх зүйлийг шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах заалтыг зөрчсөн.  2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1 тоот, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2 тоот дүгнэлтүүд нь хуулийн шаардпага хангаагүй байдаг.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн фото зураг, бичлэг бүхий, диск зэрэг нотлох баримтанд үзлэг хийж үнэлэх ёстой байтал ямар ч ажиллагаа хийгээгүй үнэлж, дүгнэхгүй байх үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчсөн нэг алдаа болсон.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 ын 18-ны өдрийн 563 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж,  хүү Б.Мг эцэг Б.Б миний асрамжид үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

            Гэрлэгчид 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Мг төрүүлж хамтран амьдрах явцад гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас таарч тохироогүй гэрлэгчид тусдаа амьдарч, эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.У “гэрлэлт цуцлуулж, хүү Б.Мг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөнөөс хүү болон өөрт оногдох хэсгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Бд холбогдуулан гаргажээ.

            Анхан шатны шүүхээс 2 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрэх бололцоо олгосон боловч эвлэрээгүй, гэр бүл цуцлах болсон нөхцөл шалтгааныг тогтоосны эцэст нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэрэгт авагдсан Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл[1], нэхэмжлэл[2], 0174744 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ[3], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[4], 0000767060 дугаартай төрсний гэрчилгээ[5], 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл[6], мөн өдрийн Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 545 дугаартай шүүгчийн захирамж[7], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай  2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 992 дугаар шүүгчийн захирамж[8] зэрэг нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

            Анхан шатны шүүх Б.Б, Б.У нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн насыг харгалзан хүү Б.Мг эх Б.Угийн асрамжид үлдээж, эцэг Б.Баас хүү Б.Мг 11 нас хүртэл хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас / -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд  амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан олгохоор тогтоож, дундын хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгээр нь хуваарилж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.  

            Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн”, “хүүхдийн асрамжийн асуудлыг эцэг болон эхийн аль алинд хариуцуулан шийдвэрлэх боломжтой” гэх гомдлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, маргааны үйл баримтуудтай харьцуулан судлахад, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Бы эцэг байх эрхийн хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 


[1]  1 дүгээр хавтас, 4-р тал

[2]  1 дүгээр  хавтас, 1-3 дугаар тал

[3] 1 дүгээр  хавтас, 10 дугаар тал

[4]  1 дүгээр  хавтас, 68 дугаар тал

[5]  1 дүгээр  хавтас, 9 дүгээр тал

[6]  1 дүгээр хавтас 82-87дугаар тал/

[7] /1 дүгээр хавтас88-90 дүгээр тал/

[8] / 1 дүгээр хавтас 92-94 дүгээр тал/