Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01495

 

Ш.А*******, Н.Н******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01654 дугаар шийдвэртэй,

Ш.А*******, Н.Н******* нарын нэхэмжлэлтэй,

У******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг гаргуулан Ш.А*******д, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулан Н.Н*******д олгуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г*******, Ц.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.А*******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ш.А******* миний бие Ж******* ХХК /У*******/-д барилгын ахлах ажилтнаар 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон. Ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 063/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Миний бие хариуцагчийн заасан ажлын байранд, түүний тогтоосон горимын дагуу, хариуцагчаас олгогдсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг ашиглан түүний удирдлага дор ажиллаж цалин хөлсөө авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ...байнгын ажлын байр гэж ажил олгогчийн ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг... гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан гэвч хариуцагч нь байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтан надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

1.2. Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн болно. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр охин Г.Г минь төрсөн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2 нас хүрсэн. Мөн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж хүйсээр ялгаварлан гадуурхан гүний уурхай руу орж танилцъя гэхэд оруулахгүй, танилцуулахгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, яс, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

1.3. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажилуулалгүй сүүлийн ростер /ээлж/-ийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан ажлын байрны дарамт, эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан зэргээс шалтгаалж миний бие сэтгэл санааны гүн хямралд орж 2 сартай жирэмсэн байхдаа зулбаж бие сэтгэлээрээ маш их хохирсон тул эрүүл мэнд сэтгэл санаа, ураг зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Хэрэв хариуцагч олон хоногийн турш шөнийн ээлжинд ачаалалтай ажиллуулж, ядаргаанд оруулаагүй, эмэгтэй хүн гэж хүйсээр ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны гүн хямралд оруулаагүй бол миний бие 2 сартай байхдаа ураг зулбасан болно.

1.4. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Жэйкобс Инженеринг /У*******/ ХХК-ийн Барилгын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, сэтгэл санаа, эрүүл мэнд, ураг зулбуулсны хохиролд 350,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Н.Н*******гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Н.Н******* миний бие Ж******* /У*******/ ХХК-д талбайн администратор /орчуулагчаар/ 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсон. Ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод ажил үүргээ хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэж, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 062/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Миний бие хариуцагчийн заасан ажлын байранд, түүний тогтоосон горимын дагуу, хариуцагчаас олгогдсон хөдөлмөрийн багаж хэрэгслийг ашиглан түүний удирдлага дор ажиллаж цалин хөлсөө авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ...байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг... гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний ажиллаж байсан ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байнгын ажлын байр болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Гэвч хариуцагч нь байнгын ажлын байранд ажиллаж буй надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

2.2. Түүнчлэн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд тус байгууллагын удирдлагын зүгээс ажлын байрны дарамт үзүүлж байсан, мөн удаа дараа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулдаг, өөр ажилд шилжин ажиллах нөхцөл боломжийг хааж боогдуулж байсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах... гэж зөрчиж байна. Энэ талаар нь удирдлага байгууллага болох О ХХК, Рио тинто компаниудад мэдэгдэхэд хариуцагч байгууллага үүнд дургүйцэж, гомдол гаргадаг ажилтантай ажиллахгүй гэж хэлээд хугацаа дуусангуут ажлаас халсан. Мөн миний бие хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2 удаа ураг зулбасан. Энэ нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажил амралтын цагийг барьж ажиллуулалгүй орчуулагчаар ажиллаж байх үед ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт зэргээс шалтгаалж сэтгэл санаа хямарч ураг зулбаж, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Ж******* /У*******/ ХХК-ийн төслийн талбайн администратор /орчуулагчийн/ ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ш.А*******аас гаргасан шаардлага үндэслэлгүй юм.

3.1 Хугацаатай хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх тухайд, компани нь О ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд Ш.А*******ыг О төслийн талбай дахь Барилгын хэлтэс-т Барилгын ахлах ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Тус гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулахыг тусгайлан харилцан тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Ш.А*******ын эрхэлж байсан албан тушаал нь төслийн үе шатанд зөвхөн тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бөгөөд төслийн үе шат хэрэгжиж дуусахад компанид цаашид шаардлагагүй болох байсан тул тус албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу түр ажлын байр байсан . Ш.А*******ын ажиллаж байсан төслийн үе шатны тодорхой ажил дууссан тул 2019 оны 03 сарын 31-ний өдөр Ш.А*******ын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон. Түүнчлэн, талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан. Хэрэв Ш.А******* нь түр ажлын байр, хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар гомдолтой байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар огт гомдол гаргаагүй. Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байсан эсэх талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа түүний хувьд дуусгавар болсон бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах тохиолдолд үйлчилдэг тул Ш.А*******д хамаарахгүй.

3.3 Хүйсээр ялгаварлан гадуурхсан талаар Ш.А*******ын нэхэмжлэлдээ дурдсан асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компани ажлын байрны бүх төрлийн ялгаварлан гадуурхалт /үүнд хүйсээр ялгаварлан гадуурхахыг оруулан/ болон хүчирхийллийг үл тэвчих хатуу бодлого баримталдаг. Компанийн зүгээс түүний ажилтан, албан тушаалтнууд нь ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журам /дүрэм, журам/-д заасны дагуу хоорондоо /гадаад, Монгол ажилтнуудыг оруулан/ аюулгүй, ажил хэрэгч, хүндэтгэлтэй харьцдаг таатай ажлын орчинг бүрдүүлэх арга хэмжээг ямагт авч хэрэгжүүлдэг. Ажилтнаас гаргасан аливаа гомдлыг компанийн гомдол хянан шийдвэрлэх журам МОН-СҮАЖ 611-д заасны дагуу тухай бүр хянан шийдвэрлэх ёстой байдаг. Үүний хүрээнд Ш.А******* нь хүйсээр ялгаварлан гадуурхсантай холбоотой гомдлоо компанид албан ёсоор гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч Ш.А*******ын зүгээс компанид хандан аливаа гомдол гаргаж байгаагүй болно.

3.4. Компанийн зүгээс Ш.А*******ыг түүний сүүлийн ээлжийн турш 21-22 хоног дараалан шөнийн ээлжинд ажиллуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.А******* төслийн талбайн сүүлийн ээлжиндээ 7 өдрийн турш буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шөнийн ээлжинд ажилласан байдаг. Компани нь холбогдох хууль тогтоомжид заасан ажил, амралтын цагийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. Ш.А******* нь өөрөө шөнийн ээлжинд ажиллахаар хүсэлт гаргаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шөнийн ээлжид ажиллаж байсан. Шөнийн ээлж цалин олговор өндөр байдаг учраас ажилтнууд нийтээрээ шөнийн ээлжинд ажиллах сонирхол өндөртэй байдаг. Түүнчлэн Ш.А******* нь компанид ажиллах хугацаандаа жирэмсэн болсон тухайгаа компанид мэдэгдэж байгаагүй төдийгүй түүнтэй хамтран ажиллагсад нь /үүнд харьяалах удирдах албан тушаалтнуудыг оруулан/ тэр талаар огт мэдээгүй байдаг. Компанийн зүгээс Ш.А*******ыг ураг зулбасан явдлууд нь олон хоног шөнийн ээлжид ажилласан болон ажлын байран дээр ялгаварлан гадуурхагдсанаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй гэж бид үзэж байна. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг Ш.А*******ын ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой. Хэрэв Ш.А******* өөрийн ажлын нөхцөл нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн бол тэрээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан гомдол гаргах эрхтэй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тохиолдолд комисс Ш.А*******ын ажлын нөхцөлийн талаар дүгнэлт гарган түүний ажлын цагийг багасгах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх үүрэг өгөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 170.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор комисс эсхүл Ш.А*******ын зүгээс компанид ямар ч гомдол, дүгнэлт ирүүлж байгаагүй. Н.Н******* нь Хөдөлмөрийн хуулиар өөрт олгогдсон эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэж бид үзэж байна. Иймд Ш.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.5. Мөн Н.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. О ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд компани нь Н.Н*******г О төслийн талбай дахь Чанарын хэлтэс-т Төслийн талбайн захиргааны ажилтан/орчуулагч-чанарын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Тус гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулахыг тусгайлан харилцан тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Н.Н*******гийн эрхэлж байсан албан тушаал нь төслийн үе шатанд зөвхөн тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бөгөөд төслийн үе шат хэрэгжиж дуусахад компанид цаашид шаардлагагүй болох байсан тул тус албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу түр ажлын байр байсан. Н.Н*******гийн ажиллаж байсан төслийн үе шатны тодорхой ажил дууссан тул 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Н.Н*******гийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болгосон. Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан. Хэрэв Н.Н******* нь түр ажлын байр, хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиролцооны талаар гомдолтой байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар огт гомдол гаргаагүй. Тиймээс хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байсан эсэх талаар гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа түүний хувьд дуусгавар болсон бөгөөд тэрээр энэ талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

3.6. Ажлын байрны бэлгийн дарамт /үүнд бэлгийн дарамтыг оруулан/-ын талаар Н.Н*******гийн нэхэмжлэлдээ дурдсан асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компани ажлын байрны бүх төрлийн дарамт /үүнд бэлгийн дарамтыг оруулан/ болон хүчирхийллийг үл тэвчих хатуу бодлого баримталдаг. Компанийн зүгээс түүний ажилтан, албан тушаалтнууд нь ёс зүйн дүрэм болон бусад холбогдох журам /дүрэм, журам/-д заасны дагуу хоорондоо /гадаад, Монгол ажилтнуудыг оруулан/ аюулгүй, ажил хэрэгч, хүндэтгэлтэй харьцдаг таатай ажлын орчинг бүрдүүлэх арга хэмжээг ямагт авч хэрэгжүүлдэг. Ажилтнаас гаргасан аливаа гомдлыг компанийн гомдол хянан шийдвэрлэх журам МОН-СҮАЖ 611-д заасны дагуу тухай бүр хянан шийдвэрлэх ёстой байдаг. Үүний хүрээнд Н.Н******* нь ажлын байрны дарамт болон дарамттай холбоотой гомдлоо компанид албан ёсоор гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч Н.Н*******гийн зүгээс компанид хандан аливаа гомдол гаргаж байгаагүй болно.

3.7. Компанийн төслийн талбайн бүх ажилтнууд 4 долоо хоног ажиллаад 2 долоо хоног амрах ээлжийн хуваарийн дагуу ажилладаг. Компани нь холбогдох хууль тогтоомжид /үүнд Хөдөлмөрийн хуулийн оруулан/ заасан ажил, амралтын цагийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. Тиймдээ ч аливаа төрийн байгууллагаас /үүнд мэргэжлийн хяналтын байгууллагыг оруулан/ ажлын цагийн дээд хязгаар эсхүл ажилтнуудыг амруулах шаардлагыг зөрчсөн талаар аливаа мэдэгдэл, шаардлага авч байгаагүй болно. Түүнчлэн компанийн ямар ч ажилтан ээлжийн хуваариар ажиллах үедээ 12 цагаас илүү ажилладаггүй болно. Үүнээс гадна компани төслийн талбайн бүх ажилтнуудыг ээлжийн хуваарьгүй үед нь нөхөн амрахаас гадна илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг олгодог. Компанийн зүгээс Н.Н*******гийн ураг зулбасан явдлууд нь ажлын ачаалал болон ажлын байрны бэлгийн дарамтаас болсон гэдгийг үгүйсгэж байна. Ураг зулбасан явдал болон ажлын байр, ажлын байрны нөхцөл нь хоорондоо аливаа шалтгаант холбоо байхгүй гэж бид үзэж байна. Бодит нөхцөл байдал нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй учраас гадаад орчны нөлөөлөл, ерөнхий сэтгэл санааны хямрал болон генетикийн хүчин зүйл зэрэг Н.Н*******гийн ажлын орчин нөхцөлөөс үл хамаарах хүчин зүйлийн улмаас түүний ураг зулбасан байх боломжтой. Хэрэв Н.Н******* өөрийн ажлын нөхцөлийг хэвийн бус эсхүл ажлын цаг нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн бол тэрээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан гомдол гаргах эрхтэй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тохиолдолд комисс Н.Н*******гийн ажлын нөхцөлийн талаар дүгнэлт гарган түүний ажлын цагийг багасгах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх үүрэг өгөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах эсхүл эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор комисс эсхүл Н.Н*******гийн зүгээс компанид ямар ч гомдол, дүгнэлт ирүүлж байгаагүй. Н.Н******* нь Хөдөлмөрийн туай хуулиар өөрт олгогдсон эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэж бид үзэж байна. Иймд Н.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.8. Нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирол /эдийн бус/-ыг гэм хорын хохирол /эдийн/ хохиролтой нэгтгэн 200,000,000 төгрөг, 175,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Энэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан зөрчил арилаагүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байна. Мөн нэхэмжлэгч нар нь эрүүл мэндийн хохирлыг эрх зүйн аль харилцаанаас үүдэн нэхэмжилж буй нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 128 дугаар зүйлийн 128.1.4-т заасан аль зохицуулалтыг үндэслэн нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд Ш.А*******, Н.Н******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ш.А*******, Н.Н******* нарын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Ш.А*******ын үр зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 175,000,00 төгрөг гаргуулах, Н.Н*******гийн үр зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгч нарын зүгээс эс зөвшөөрч энэхүү годлыг гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д тус тус заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байр Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байр болох нь Монгол улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01-06-092/43 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/1245 дугаар У******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г-д хүргүүлсэн Өргөдлийн хариу гэх албан бичгүүдээр тогтоогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуульд байнгын бус ажлын байр гэсэн ойлголт байхгүй болохыг анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаар ч үзэлгүйгээр ажил олгогч буюу хариуцагчийн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын бус ажлын байр гэсэн хууль зөрчсөн ганц үгэнд үндэслэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

5.2. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг баримталж хугацаатай байгуулах гэж байгаа тохиолдолд тус зүйлд заасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон байх ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2006 он/ тогтоолын 7-д Харин энэ зүйлийн 23.2.2,-т дээрх гэрээг талууд харилцан тохирлцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заасныг хариуцагч У******* ХХК зөрчиж гэрээ байгуулсныг шүүх дүгнэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Хэрэгт цугларсан нэхэмжлэгч Ш.А*******ын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд, нэхэмжлэгч Н.Н*******гийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд дээр талууд ямар шалтгаан нөхцлийн улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шаардлага, шалтгааныг дурдаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заалтыг зөрчөөгүй гэж үзнэ гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий ажлын байр хэвээр байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг үндэслэж дуусгавар болгосон. Уг заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхыг, хоёрдугаарт цаашид сунгагдахгүй болсон гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаардаж байгаа ба нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 063/19, 062/19 дугаар тушаалууд цаашид сунгахгүй шалтгаан нөхцөл юу байсан талаар дурдаагүй байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн ... У******* ХХК нь нэхэмжлэгч нартай тодорхой төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу байнгын бус тодорхой ажлын байранд тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул дээрх албан шаардлагад дурдсан ямар төслийн хүрээнд төсөл ямар хугацаанд үргэлжлэх талаар тодорхой дурдаагүй гэх зөрчил нь талуудын хөдөлмөрийн гэрээний тохиролцоонд хамааралгүй байна' гэж дүгнэж байгаагаас үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэгт хөндлөнгийн байр суурьтай оролцсон гэж үзэхэд эргэлзээг төрүүлж байна.

5.3. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Уорли Инженеринг ХХК нь О ХК-ийн хэрэгжүүлж байгаа уул уурхайн төсөлд барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол улсад өөр үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээд. Уг шаардлага, шалтгаанаар компанийн үйл ажиллагаа болон хүний нөөцийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага нь О ХК-ийн төслийн үе шатуудтай шууд хамааралтай. Уг шалтгаанаар компани Ш.А*******д 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр О төслийн талбайд байнгын бус ажлын байранд 12 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг бичгээр тавихад Ш.А******* хүлээн зөвшөөрч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээг Ш.А*******ын ажиллаж байх хугацаанд 3,3 сараар сунгасан. Ш.А******* Уорли Инженеринг ХХК-ийн хяналт тавьж буй газрын гадаргын төслүүдэд ажилладаг байсан. 2019 оны 3 дугаар сард тухайн төсөл бүрэн дууссан.

6.2. Мөн Н.Н*******д Уорли Инженеринг ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг бичгээр тавихад Н.Н******* тус саналыг зөвшөөрч, талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Н.Н*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг удаа 3 сарын хугацаатай сунгасан. 2019 оны 3 дугаар сард ажиллаж байсан төслүүд нь дууссан тул Н.Н*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу тус хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

6.3. Уорли Инженеринг ХХК О ХК-тай 2016 онд гэрээ байгуулахдаа нийт 33 барилгын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр хүлээж авсан. 2019 оны байдлаар 21 төсөл нь бүрэн дууссан, 4 төсөл нь 2021 оноос хэрэгжихээр хойшилсон. Эдгээр төслүүдтэй холбоотой баримт бичиг хэрэгт баримтаар авагдсан. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан шаардлага гаргасан гэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээний талаар албан шаардлага гарсан. Тус албан шаардлагатай холбогдуулан Уорли Инженеринг ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн. Тус маргааныг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ тус актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн Улсын Дээд шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар буюу хариуцагчид дахин шинээр акт гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын ойлголтыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж тусгайлан дүгнэлт гаргасан. Улмаар хариуцагч байгууллага буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 6 сарын хугацаанд дахин албан шаардлага, акт гаргаагүй тул өмнө нь гаргасан 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлага хүчингүй болсон.

6.4. Нэхэмжлэгч нарт хугацаатай гэрээний хугацаа дуусгавар болсон талаар тус бүрд нь уулзалт хийж, мэдэгдсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. н.Б гэх хүнийг нэхэмжлэгч Н.Н*******гийн оронд ажилд авсан гэж маргадаг. н.Б гэх хүн нэхэмжлэгч Н.Н*******г ажлаас гарахаас 1 сарын өмнө буюу инженерийн багт захиргааны ажилтнаар ажилладаг бол нэхэмжлэгч Н.Н******* чанарын багт ажилладаг. Нэхэмжлэгчээс ...эдгээр багууд хоорондоо өөр үү гэж асуухад ...өөр гэж хариулдаг. Үүнтэй холбоотойгоор н.Бийн ажлын байрны тодорхойлолт 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан.

6.5. Энэхүү маргааны хувьд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 128.1.8-д заасны дагуу нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрх нь зөрчигдсөн буюу зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд гомдол гаргаж байгаагүй тул шүүхэд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх, байнгын ажлын байр байгуулсан эсэх талаар шардах эрх үүсэхгүй. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод ямар шийдвэр гаргуулах үндэслэл нь тодорхой бус байна.

6.6. Тухайн ажлын байранд 5 хүн ажиллах орон тоотой байсан бөгөөд одоо тус ажлын байрнаас 2 орон тоо үлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2 хүн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай зүгээс одоо ажиллаж байгаа 2 хүний хугацаагүй хөдөлмөрийн гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ш.А*******, Н.Н******* нар нь хариуцагч У******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 175,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 175,000,000 төгрөгийг гаргуулан Ш.А*******д, эрүүл мэнд буюу ураг зулбуулсны хохиролд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулан Н.Н*******д олгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь нэг агуулгаар байдаг бөгөөд тэдгээр нь байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-д нийцээгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

3.1. Хэрэгт цугларсан баримтаар У******* /Ж*******/ ХХК нь О ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаж байсан 33 барилгын төслөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 21 төсөл нь бүрэн дуусаж ашиглалтад оруулсан, 4 төслийн эхлэх хугацаа 2021 он хүртэл хойшилсон, 8 төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байгаа, нэхэмжлэгч нарын ажиллаж байсан газрын гадаргын барилгын төслүүд, холбогдох гадаргын газар шорооны ажлуудын дийлэнх нь 2019 оны 3 дугаар сард дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх163-176, 3хх4-80/

3.2. Түүнчлэн, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ш.А*******д 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байнгын бус ажлын байр болох Барилгын ахлах ажилтан албан тушаалд 12 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллах саналыг хүргүүлж, талууд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

3.3. Мөн ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Н.Н*******д 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байнгын бус ажлын байр болох Төслийн Талбайн администратор/Орчуулагч-чанарын албан тушаалд 12 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллах саналыг хүргүүлж, талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон байна. /1хх7-18, 39-49, 74-87, 104-122/

3.4. Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 063/19, 062/19 дугаар тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3 болон 43 дугаар зүйлийг үндэслэн Ш.А*******, Н.Н******* нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

3.5. Ажил олгогч Жэйкобс инженерин ХХК оноосон нэрээ У******* ХХК болгон өөрчилснийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 134-136 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1234 дугаар Лавлагаа гэсэн баримтаар тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байх бөгөөд нэхэмжлэгч нар нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5. Түүнчлэн, Ш.А*******, Н.Н******* нарын ажиллаж байсан газрын гадаргын барилгын төслүүд, холбогдох гадаргын газар шорооны ажлуудын дийлэнх нь 2019 оны 3 дугаар сард дуусгавар болж, Ш.А*******, Н.Н******* нарын албан тушаалын чиг үүрэг нь тус компанид шаардлагагүй болсноор ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Тодруулбал, хариуцагч буюу ажил олгогч нь тодорхой хугацаагаар хэрэгждэг төслийн ажлыг гүйцэтгэх зорилгоор Монгол Улсад байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч нартай хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахаас өмнө тухайн ажлын байрны саналд гэрээний хугацааг тодорхой заасан байна. Энэ тохиолдолд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хийгдэж байсан төслийн ажлууд дуусгавар болж, гэрээний хугацааг сунгаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Дээрхээс дүгнэвэл, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээв.

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нараас хариуцагчид холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцсэн байна.

7.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас тэдгээрт гэм хорын хохирол учирсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй тул талуудын деспозитив зарчмын дагуу нэмэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА