Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0648

 

2019 оны 12 сарын 10 өдөр           Дугаар 221/МА2019/0648                          Улаанбаатар хот

 “М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Ж.А, хариуцагч С.Г нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0025 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12, 12.1-д заасныг баримтлан “М” ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “М” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-29-ний өдрүүдийн баримтуудыг шалгахад 60,000, 98,000, 28,200 төгрөгийн баримтууд байхгүй гэж тогтоож байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй гэжээ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар худалдан авалт хийсэн нь нотлогдсон байдаг.

Мөн Ж.Э, Л.Д нар шүүх хуралдаанд гэрчээр оролцож 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийснээ нотолсон.

Мөн гэрч н.Г би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийгээгүй, 11 дүгээр сарын сүүлээр худалдан авалт хийснээс нотолсон юм. Гэтэл анхан шатны шүүх гэрч нарын шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлгийг анзааралгүй шийдвэрлэсэн байна. Нөгөө талаар, Л.Д, Ж.Э нар яг хэдэн төгрөгийн тооцоо хийсэн нь тодорхойгүй, зөвхөн 98,000 төгрөгийн тооцоо хийсэн гээд байгаа юм. Өөрсдийнх нь хэлснээр 4 ширхэг хар экс архи, 20 ширхэг пиво авсан гэж байгаа боловч энэ үнийн дүн 98,000 төгрөг болохгүй юм. Тухайн үед манай дэлгүүрт хар экс 15,000 төгрөг, шилтэй пиво 1,300 төгрөг байсан. Тэгэхээр 98,000 төгрөгийн худалдан авалт хийгээгүйг нотолж байна. 98,000 төгрөгийн худалдан авалт хийгээгүй юм чинь манайд e-баримт гарах боломжгүй юм. Манай дэлгүүрт архи пиво ямар үнэтэй байдаг талаар С.Г газар дээр очиж шалгасан байгаа энэ талаар ч хэрэгт авагдсан баримтууд байгаа.

Ж.Э нь надтай худалдан авалт хийгээд би баримтаа 2 хувааж гаргаж өгсөн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байхад яагаад үүнийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр 60,000 төгрөгийн баримт иргэн н.Гансүхийн нэр дээр шивэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архи дарс худалдан аваагүй, 11 сарын сүүлээр буюу идэшний үеэр авсан” гэж хэлсэн. Тэгэхээр Ж.Г нь 60,000 төгрөгийн худалдан авалт хийгээгүй гэдгээ нотолсон гэж үзэж байна. Ер нь энэ е-баримтыг хүн олж аваад өөрийн нэр дээр бүртгүүлэх бүрэн боломжтой юм. Хэн ч би энэ баримтыг олж аваад шивсэн гэж хэлэхгүй юм. Миний бодлоор н.Г нь тухайн баримтыг олж аваад шивсэн байх. Нөгөө талаар, Ж.Г нь тухайн үед 2 ширхэг архи, 4 пиво авсан гэж мэдүүлж байсан. Дээрх худалдан авалт нь 60,000 төгрөг болохгүй юм аа. Иймд дээрх мэдүүлэг нотлох баримтуудаар н.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийгээгүйг нь нотолж байна.

Нөгөө талаас нь авч үзвэл Л.Д гомдол гаргаж уг маргаан үүссэн байдаг. Л.Д-ын хувьд манай дэлгүүрт орж ирж худалдан авалт хийгээгүй, лангуунаас хол хүнтэй юм яриад зогсоод байсан учраас би түүнд НӨАТ-ын баримт өгөөгүй.

НӨАТ-ын баримтыг Л.Д ч авах боломжгүй. Тухайн үед Ж.Э, Л.Долгор хоёр нь байгууллагын шинэ жилтэй гээд манайхаас худалдан авалт хийсэн. Би албаны тооцоо хийх учраас надад баримт хэрэгтэй юмаа гэснээс үзэхэд тэрээр гомдол гаргах эрх бүхий этгээд биш юм. Яагаад иргэн Л.Д албаны нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг иргэн хүн дээр авах ёстой юм бэ? Иргэн Л.Д-ын ямар эрх ашиг хөндөгдөж хохирсон юм бэ? Миний хувьд тухайн үед нь Ж.Э-т нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг гаргаж өгсөн, энэ талаар ч хэрэгт нотлох баримттай юм.

Татварын байцаагч С.Г нь гол баримт болох камерийн бичлэгийг өөрийн таньдаг сайн хүнээр шалгуулна, бичлэг устсан бол сэргээх боломжтой гэж авч явчхаад сэргээх боломжгүй гэж авчирсанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 25 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг иргэн Л.Д-т төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу 1,158,257 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “М” ХХК-аас “Л.Д нь манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн эсэх нь тодорхойгүй байхад ... шийтгэл ногдуулсан, ... Л.Д-ын хуулиар олгогдсон, хууль ёсны ашиг сонирхлыг манай байгууллага зөрчөөгүй, түүнийг хохироосон асуудал гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан баримт, гомдол гаргасан иргэний болон зөрчилд холбогдсон “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг зэргээс үзвэл талууд бараа худалдан авсан өдөр, тоо ширхэг зэргийг зөрүүтэй мэдүүлсэн боловч худалдан авалт хийсэн эсэх талаар маргаагүй байх бөгөөд харин хэзээ, хэн (Л.Д болон Ж.Э нарын) бараа худалдан авсан, төлбөрийн баримт олгосон эсэх талаар маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заажээ.

Гэтэл “М” ХХК-ийн “М” хүнсний дэлгүүр нь Л.Д-т (Ж.Э) борлуулсан бараанд төлбөрийн баримт хэвлэж өгсөн нь нотлогдоогүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ” гэж заасны дагуу тухайн барааг борлуулж, хэрэглэгч төлбөр төлснөөр түүний төлбөр тооцооны мэдээлэл системд бүртгэгдсэн байх ёстой байтал хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хэвлэсэн мэдээллээр Л.Д-ын худалдан авсан гэх барааны төлбөрийн баримт системд төлбөр хийснээр бүртгэгдээгүй байна.

Мөн “М” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 28,200 төгрөгийн хоёр баримт хэвлэгдсэн байх боловч, 12 дугаар сарын 27-ны өдөр хэвлэгдсэн 60,000 төгрөгийн төлбөрийн баримтыг иргэн Ж.Г 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн талаарх татварын албаны баримт, мөн Ж.Г-ийн гэрчийн мэдүүлэг зэргээс тус 60,000 төгрөгийн худалдан авалтын Ж.Г хийсэн болох нь тогтоогдож байх тул “баримтаа хоёр хувааж гаргаж өгсөн гэх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд гомдол гаргагчийг бараа борлуулсан тухай бүртээ татвар төлөгчид төлбөрийн баримтыг хэвлэж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно”, 15.2.1-д “энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох” гэж заасан байх тул суутган татвар төлөгчтэй хийсэн худалдан авалтынхаа тодорхой хувийг буцаан авах албан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлэгт камерын бичлэгийн талаар “12 сарынх бол устсан, 14 хоноод автоматаар устгадаг” гэсэн байх тул энэ талаар гаргасан “татварын байцаагч С.Г нь гол баримт болох камерийн бичлэгийг өөрийн таньдаг сайн хүнээр шалгуулна, бичлэг устсан бол сэргээх боломжтой гэж авч явчхаад сэргээх боломжгүй гэж авчирсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 122/ШШ2019/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ