Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 25

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

           Нэхэмжлэгч: М ХХК-ийн гомдолтой,

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Гт холбогдох,

           Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд гомдол гаргагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч татварын улсын байцаагч С.Г, гэрч Л.Д, Ж.Э, Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            М ХХК шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Д нь Мо дэлгүүрээс 4 шил архи, 20 шил пиво авсан гэх боловч бодит байдал дээр Л.Дтой цуг явж байсан Ж.Э нь дээрх бараануудыг авсан юм. Үнэхээр энэ хүн манай дэлгүүрээс өөрөө худалдан авалт хийсэн юм бол тухайн өдөр нь хэдэн сарын хэдэн байсан болон хичнээн төгрөгний худалдан авалт хийснээ мэдэх ёстой. Гэтэл иргэн Л.Д нь яг хэдэн төгрөгний худалдан авалтыг хэдэн сарын хэдэнд хийснээ өөрөө нотлоогүй, өөр өөр мэдүүлэг өгч байхад улсын байцаагч зөвхөн иргэний мэдээлэл үнэн бодитой байна хэмээн дүгнэлт хийж шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Манай дэлгүүр бөөний үнээр худалдан авалт хийдэг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авагч бүртээ заавал өгдөг. Би сайн санаж байна. Л.Дтой хамт явж байсан Ж.Э гэдэг хүн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд 60000 төгрөгний худалдан авалт хийсэн. Ж.Эт би худалдан авалтын НӨАТ-ын баримтыг өгсөн. Энэ нь тухайн үеийн манай байгууллагын камерт бичигдсэн байгаа. Долгор нь надтай худалдан авалт хийгээгүй учраас төлбөрийн баримт өгөөгүй. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан учраас болсон явдлыг сайн санаж байна. Тэр өдөр Монгол ардын хувьсгалт намын шинэ жилийн арга хэмжээ болох байсан боловч 29-ний өдөр болохоор хойшлогдсон байсан. Худалдан авалт 12 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн боловч намын шинэ жилийн үйл ажиллагаа нь 29-ний өдөр болсон. Гэтэл татварын байцаагч С.Г нь камерын бичлэгийг үзнэ гэж авч явчихаад танай камерт ямар ч бичлэг байхгүй байна гээд гол нотлох баримтыг устгасанд гомдолтой байна.
           Гомдол гаргагч Л.Д нь манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн эсэхийг нотлох баримт бол камерийн бичлэг байсан юмаа. Гэтэл гол нотлох баримтыг улсын байцаагч үзлэг хийнэ гэж авч яваад ажиллахгүй байна гээд устгасанд туйлын их гомдолтой байна.
           Тэгээд ч иргэн Л.Д нь худалдан авалт хийсэн эсэх нь тодорхойгүй байхад хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэлгүйгээр манай байгууллагад их хэмжээний торгуулийн шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өгсөн 60000 төгрөгийн баримтыг өөр хүн олоод бүртгүүлсэн байж болно. Учир нь: Төлбөрийн баримт бүртгүүлсэн иргэн нь тухайн өдөр манайхаар худалдан авалт хийсэн нь нотлогдоогүй юм.
            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-т зааснаар Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заажээ. Тэгвэл гомдол гаргагч иргэн Л.Дын хуулиар олгогдсон, хууль ёсны ашиг сонирхлыг манай байгууллага зөрчөөгүй, түүнийг хохироосон асуудал гаргаагүй, иргэн Л.Д нь гомдол гаргах эрхтэй хүн биш юм.
             Мөн улсын байцаагч С.Г нь гол нотлох баримт болох байгууллагын эд хөрөнгө камерын бичлэгийн СиДи-ийг шалгах нэрээр авч яваад түүнд байсан бичлэгийг бүгдийг нь устгасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д заасан эд зүйл, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна гэсэн заалтыг зөрчсөн.
             Миний бие татварын улсын байцаагчийн шийтгэлийг эс зөвшөөрч дээд шатны даргад нь гомдол гаргасан боловч мөн л гомдлыг хүлээн авсангүй.
             Иймд татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.    
       
            Хариуцагч татварын улсын байцаагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “М” ХХК нь төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдлоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, прокурорын байгууллагаас зөрчлийн хэргийн дугаар авч С.Г миний бие 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тухайн зөрчлийг хэргийг шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа нь хуулийн дагуу прокурорын хяналтын дор явагдсан. Ж.Э, Л.Д нартай худалдан авалт хийсэн талаар зөрчил шалган шийдвэрлэх явцад ямар нэгэн маргаан үүсээгүй. Иргэн Л.Д, хууль ёсны төлөөлөгч А.А нар нь худалдан авалт, борлуулалт хэзээ хийснээ сайн мэдэхгүй, орой нь намын ёолктой байсан гэх ба гэрч Ж.Эын мэдүүлгээр 12 дугаар сарын 29-ний өдөр худалдан авалт хийгдсэн болох нь тогтоогдсон, мөн гомдол гаргагчаас мэдүүлж буй төлбөрийн баримт /НӨАТ/-ыг иргэн Ж.Г өөрөө худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлсэн гэж мэдүүлсэн болон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үндэслэн хууль эрх зүйн хүрээнд М ХХК-д шийтгэл ногдуулсан тул 4 дүгээр шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй гэв.

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
            2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Л.Д нь “Мо” дэлгүүрээс худалдан авалт хийсэн боловч төлбөрийн баримт өгөөгүй гэсэн шалтгаанаар гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу улсын байцаагчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж шийтгэлийн хуудас тогтоосон. Хохирогчийн хувьд Л.Д гомдол гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч гэж хэнийг хэлэх вэ? иргэн Л.Дын ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хохирсон юм бэ? гэсэн асуудал яригдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Тухайн үед Л.Д нь худалдан авалт хийгээгүй талаар гэрч нар мэдүүлж байна.
            Хоёрдугаарт тухайн худалдан авалт нь албаны үйл ажиллагаатай холбоотой худалдан авалт байсан. Л.Д нь худалдан авалт хийхдээ Ж.Этай хамт явсан. 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийсэн талаараа Ж.Э, Л.Д нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна. Нөгөө талаас мөнгөн дүн зөрүүтэй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 60.000, 28200 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Нөгөө тал болохоор 100-аад мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж мэдүүлсэн. Улсын байцаагчийн хувьд тухайн үед хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар нотлох ажиллагаа явуулаагүй. Дээр дурдсан худалдан авалтын үнийн дүн зөрүүтэй байгааг шалгаагүй. Хохирогч 1 дүгээр сарын 26-ны өдөр анхны мэдүүлэг өгөхдөө “Мо” худалдааны төвөөс 12 дугаар сарын 26-ны өдөр худалдан авалт хийсэн гэсэн мэдүүлэг өгсөн байсан.
             2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөхдөө 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Тухайн өдөр худалдан авалтаа хийсэн гэж он сар өдрийн хувьд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан.   
             Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн худалдан авалтыг хийсэн гэж мэдүүлж байна. Яагаад 12 дугаар сарын 27-ны өдрийг онцолж ярьж байна вэ? гэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн өдөр миний төрсөн өдөр байсан учраас 12 дугаар сарын 27-ны өдөр байсан гэж тод санаж байна гэж мэдүүлсэн. Тийм учраас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийсэн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
            Иймд татварын улсын байцаагчийн “М” ХХК-д шийтгэл оногдуулсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
 
ҮНДЭСЛЭХ нь:

             М ХХК нь шүүхэд татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

            Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Гын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, 3674584 тоот регистрийн дугаартай “М” ХХК-ийн Мо дэлгүүрийн иргэн Л.Дт төлбөрийн баримт олгоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны  дагуу 12 дугаар сарын орлогын үнийн дүнгийн 2 хувь буюу 1158257 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулжээ.

              Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Талууд Мо дэлгүүрээс архи, пиво худалдан авсан эсэх талаар маргаагүй харин 2017 оны 12 дугаар сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн болох, бэлэн мөнгөний баримт өгсөн эсэх асуудлаар маргажээ.

              Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Л.Д, Ж.Э нар нь 2017 оны 12 дугаар сарын 27-29-ний үед М ХХК-ийн Мо дэлгүүрээс МАХН-ын шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэх хар Экс архи, Боргио пиво худалдан авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

             Хариуцагч татварын улсын байцаагч нь иргэн Л.Дын Мо дэлгүүр төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдлоор Зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад “М” ХХК-ийн Мо дэлгүүр иргэн Л.Дт төлбөрийн баримт олгоогүй зөрчил илрүүлэн хариуцлага оногдуулжээ.
             Иргэн Л.Д нь Мо дэлгүүрээс архи, пиво худалдан авсан цаг хугацаагаа зөрүүтэй мэдүүлдэг боловч түүний 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг болон гэрч, хохирогч, зөрчлийн холбогдогчийг нүүрэлдүүлэн байцаасан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлээр Л.Д нь  2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 4 шил Экс хар архи, 20 Боргио пиво худалдан авсан гэж мэдүүлж, үүнийг нь хамт худалдан авалт хийсэн гэрч Ж.Э 4 шил хар Экс архи, 20 шил Боргио пиво 98000 төгрөгөөр худалдан авсан гэж батлан мэдүүлснийг болон мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А 4 шил хар Экс архи, 20 ширхэг Боргио пиво 86000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлснийг  үндэслэл болгон хариуцагч татварын улсын байцаагч нь office.ebarimt цахим сайтаас М ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-оос 29-ний өдрийн баримтуудыг шалган үзэхэд 60000, 98000, 28200 төгрөгийн баримт байхгүй байгаа нь тогтоогдож байна гэж гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
             Учир нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар иргэн Л.Д, Ж.Э нар нь МАХН-ын шинэ жилийн баяр тэмдэглэхээр 4 шил хар Экс архи, 20 шил Боргиог аливаа хэлбэрээр борлуулахгүй, зөвхөн өөртөө хэрэглэхээр худалдан авсан хувь хүн буюу нэмэгдсэн өртгийн татвар төлөгч байна. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1-т зааснаар иргэнд хар Экс архи, Боргио пиво худалдан борлуулсан Мо дэлгүүр нь албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий албан татвар суутган төлөгч хуулийн этгээд байна.

           Энэхүү  хуульд  албан татвар төлөгч хувь хүн болон хуулийн этгээдэд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал олгохоор хуульчилсан бөгөөд худалдаа эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг татварын нэгдсэн системд холбогдсон байх, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т заасны дагуу стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэхийг үүрэг болгожээ.

          Түүнчлэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т албан татвар суутган төлөгч нь дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Үүнд:
          17.3.1-т албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ; гэж зааснаар Мо дэлгүүрийн борлуулалтын мэдээлэл нь бүртгэлийн машинаар дамжин бүртгэлийн системд бүртгэгдэн татварын албаны мэдээллийн санд төвлөрч нэгдсэн системээр баталгааждаг байна. Ийнхүү татварын албаны мэдээллийн санд төвлөрсөн Мо дэлгүүрийн 2017 оны 12 дугаар сарын 27-оос 29-ний өдрийн борлуулалтын мэдээллээс шүүн үзэхэд Л.Д, Ж.Э нарын тухайн үед худалдан авсан архи, пивоны борлуулалтын мэдээлэл бүртгэгдээгүй байжээ.

             Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдан авалт хийсэн гэж мэдүүлж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А 4 шил Экс хар архины 60000 төгрөгийн баримтыг тусад нь гаргаж мөнгөний тооцоо хийсэн Ж.Эт өгсөн гэдэг боловч Ж.Э нь би төлбөрийн баримт аваагүй гэж мэдүүлдэг бөгөөд 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн системд бүртгэгдсэн 60000 төгрөгийн баримтыг Ж.Г гэж өөр хүн бүртгүүлснээр тухайн өдөр худалдан авалт хийсэн Ж.Э, Л.Дт нарт 60000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт өгсөн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
            Учир нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор зохицуулсанаас үзэхэд энэ 60000 төгрөгийн баримт давхардахгүй, бас 11 дүгээр сард худалдан авсан барааны баримт нь 12 дугаар сард борлуулалт хийсэн гэж бүртгэгдэх боломжгүй байна.

            Түүнчлэн А.А нь Боргио пивоны 18200 төгрөг дээр өмнө нь баримт өгөөгүй гээд байсан болохоор 10000 төгрөг нэмээд 28200 төгрөгийн баримт гаргаж тусад нь өгсөн гэдэг боловч Л.Дт өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
            Мөн гомдол гаргагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-т зааснаар зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заажээ.Тэгвэл гомдол гаргагч иргэн Л.Дын хуулиар олгогдсон, хууль ёсны ашиг сонирхлыг манай байгууллага зөрчөөгүй, түүнийг хохироосон асуудал гаргаагүй, иргэн Л.Д нь гомдол гаргах эрхтэй хүн биш гэж маргажээ.

             Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж  зааснаар Мо дэлгүүр нь иргэн Л.Д, Ж.Э нарын худалдан авсан хар Экс архи,  Боргио пивоны үнэлгээнд хуульд заасан хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх, хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т барааг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасны дагуу төлбөрийн баримт олгоогүй байна.
          Ийнхүү гомдол гаргагч М ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хүлээсэн албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх, барааг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүргээ биелүүлээгүй байх тул Л.Дын хуулиар олгогдсон, хууль ёсны ашиг сонирхлыг манай байгууллага зөрчөөгүй, түүнийг хохироосон асуудал гаргаагүй, иргэн Л.Д нь гомдол гаргах эрхтэй хүн биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

           Гомдол гаргагч М ХХК-ийн Мо дэлгүүрийн ашиглаж байгаа хяналтын камер нь 14 хоногоос илүүгүй бичлэг хадгалах техникийн нөхцөлтэй гэж гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь мэдүүлдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-оос 29-ний өдрийн бичлэгийг  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгээр буюу бүтэн сарын дараа үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
           Иймд дээрх үндэслэлээр хариуцагч татварын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-т “Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, ... тохиолдолд” гэж заасны дагуу М ХХК-ийн Мо дэлгүүрийн хэрэглэгчид бэлэн мөнгөний тасалбар олгоогүй зөрчилд мөн зүйлийн 12.1-т “бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” гэж зааснаар М ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын орлогын үнийн дүнгийн 2 хувь буюу 1158257 төгрөгөөр торгох шийтгэл гомдол гаргагчид оногдуулсныг буруутгах боломжгүй байна.
             Иймд М ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12, 12.1-т заасныг баримтлан М ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

           


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ