Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0664/З |
Дугаар | 221/МА2019/0645 |
Огноо | 2019-12-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0645
2019 оны 12 сарын 10 өдөр Дугаар 221/МА2019/0648 Улаанбаатар хот
“Х б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Ж, гомдол гаргагчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Б.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Х б” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Наранцэцэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Х б” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Н-т холбогдуулан гаргасан “... улсын ахлах байцаагч Б.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл бүрд заавал дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл гомдлын шаардлагын үндэслэл бүрд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, ерөнхий байдлаар хандан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
“Х к” ХХК, “З к” ХХК, “С ф” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт хандан “Х б” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд болон барьцаалан зээлэх газрын харилцах дансны доод үлдэгдлийн 1,000,000 төгрөг, жилийн хүү 0% данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг гэсэн нөхцөл тавьж, уг нөхцөлийн дагуу гэрээгээ шинэчлэн байгуулах, шинэчлэхгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй гэсэн шаардлага тавьсан нь хууль зөрчсөн” гэсэн гомдлыг гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0005521 дүгээр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “Банк өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээ авах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж, мөрдүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 06 дугаар сарын 30-ны А612/195 тоот хамтарсан тушаалаар “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд үүгээр банкинд харилцагчийн эрсдэлийг тогтоох, үнэлэх, холбогдох арга хэмжээг авах үүргийг хүлээлгэсэн.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ийн Ази, номхон далайн бүсийн байгууллага (APG)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдлийн үнэлгээг 2016 онд хийсэн. Уг үнэлгээгээр Банк бус санхүүгийн байгууллага болон ломбард нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, хяналт сул дүгнэсэн. 2017 онд APG-ээс Монгол Улсын хэмжээнд шалгалт явуулж, үр дүнг дүгнэн, улмаар Монгол банкнаас арилжааны банкнуудад харилцагчийн эрсдэлийг тогтоон, холбогдох арга хэмжээг авахтай холбоотой журам, заавар үүргийг өгсөн.
Олон улсын эрх бүхий байгууллага, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийн дагуу Х бны зүгээс өндөр эрсдэлтэйд тооцсон харилцагч болох банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хяналт тогтоох, эрсдэлийг бууруулах зорилгоор харилцан хамтын ажиллагаа санал болгож ажиллаж байгаа.
Энэхүү ажлын хүрээнд өндөр эрсдэлтэйд тооцсон Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчдад зориулан эрсдэлийг бууруулах зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эрх, үүргийг дагуу өндөр эрсдэлтэй этгээдийн харилцагчаар бүртгүүлэх, шинээр данс нээх, хаах хүсэлт бүрийг бүртгэлийн ажилтан Х бны хэрэгжилтийг дэмжих нэгж /комплеансийн газар/-д хүргүүлж, тэндээс зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хүсэлтийг шийдвэрлэдэг байх, үүнтэй холбоотойгоор нэмэлтээр үүсэх ажлын ачаалал, үйл ажиллагааг нь харгалзан үзсэний үндсэн дээр тус сегментэд тохирох тусгай шимтгэл, хураамж бүхий бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага гарсан.
Ингээд Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, мөн хуулийн 11.3-д “Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасныг үндэслэн “Х б” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Санхүүгийн байгууллагын сегментийн тухайлсан харилцагчид зориулан төгрөгийн харилцах дансны шинэ бүтээгдэхүүн гаргах тухай” 02/381 дүгээр тушаалаар “... Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд болон барьцаалан зээлдэх газрын харилцах дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж сарын 5,000 төгрөг”-өөр тогтоож шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг гомдол гаргасан “Х к” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18/64 дүгээр албан бичгээр, “З к” ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 5028/7-12 дугаар албан бичгээр, “С ф” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5111/01/40 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.
Дээрх мэдэгдлийг тус компаниуд хүлээн зөвшөөрөөгүй бол Иргэний хуульд заасны дагуу гэрээний нэг тал, нөгөө талаас тавьсан шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй бол маргах боломжтой бөгөөд шүүх уг харилцаг ялгаж, салгаж ойлгохгүй.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “Х б” ХХК-иас санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг байхаар өмнө байсан хэмжээнээс 50 дахин нэмэгдүүлсэн, дансны үлдэгдэлд хүү тооцохгүй байхаар шийдвэрлэсэн, дансны хөтөлсний шимтгэлийн 5,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн талаарх эдийн засгийн үндэслэлийг нотлох баримт, холбогдох тооцоо судалгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, мөн шүүхэд ирүүлээгүй атлаа “өндөр эрсдэл” бүхий харилцагчийн гүйлгээг хянах зардал өссөн” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна” гэж дурджээ.
Шүүх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангасан банкны үйл ажиллагааны талаар огт анхааралдаа авч үзээгүй бөгөөд уг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь саарал жагсаалтад орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой зайлшгүй холбогдоно. Уг асуудал нь тухайн үед нээлттэй яригдаж эхлээгүй байсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед уг асуудлыг бид тайлбарлах нь банк, санхүүгийн харилцаанд өндөр эрсдэл үүсгэхээр байсан. Ийм ч учраас уг асуудал нийтэд илэрхий болсон үед буюу шүүх хуралдааны явцад бид уг үндэслэлийг мөн тайлбарласан боловч ямар ч дүгнэлт хийгээгүй болно.
Нэг. Гомдол гаргагчийн эрх зүйн байдлын тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1.4-т “Оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч”, 3.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас илрүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэж тус тус заажээ.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр 4/-т “гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг” ойлгоно гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах боломжтой.
Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ”, 28.2-т “Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна”, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно”, 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заажээ.
Гомдол гаргасан “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф” ХХК-ууд нь Улаанбаатар хотод бүртгэлтэй хуулийн этгээдүүд бөгөөд “Х к” ХХК, “З к” ХХК-иудын орон нутаг дахь салбараас гомдол гаргасан. “С ф” ХХК нь орон нутагт салбаргүй болно.
Эдгээр компаниуд нь манай банктай анх харилцагчаар бүртгэгдэж, данс нээлгэхдээ Х б-ны Баянгол салбарын харьяа Андууд тооцооны төв дээр бүртгүүлж, данс нээлгэсэн. “Х к” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, “З к” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр банкны данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлт, баталгаат гарын үсэг, тамганы загварын маягтыг бөглөж дансаа нээлгэснээр тус банкны харилцагч болсон бөгөөд Улаанбаатар хот Баянгол дүүргийн, 3 дугаар хороо, Замчдын гудамж, 84-2 тоот гэсэн хаягтайгаар бүртгүүлж, дансаа нээлгэж, гүйлгээ хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Баянгол салбарын Андууд тооцооны төвийн харилцагчийн бүртгэлтэйгээр харилцаж байгаа бөгөөд орон нутгийн салбар нь тус банкинд данс эзэмшдэггүй болно.
Мөн зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Х к” ХХК, “З к” ХХК-ийн орон нутаг дахь салбараас гомдол гаргасан гэх боловч тус салбаруудыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, итгэмжлэл олгогдоогүй, тамга тэмдэг зөрүүтэй гэх зэрэг нөхцөл байдлууд байгаа бөгөөд анхан шатны шүүхээд нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэл ямар ч дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн, “С ф” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлоосоо татгалзсан байдаг бөгөөд уг асуудалд огт дүгнэлт өгөөгүй.
Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна.
Хоёр. Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь шийтгэлийн хуудас ногдуулахдаа тус банкийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Х б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Х б-ийг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагааны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0428 дугаартай магадлалаар уг тогтоолыг илт хууль бус буюу анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны акт болохыг тогтоосон болно.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... Банкны үйл ажиллагааны зах зээлд орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай гэж тогтоогдсон банкны хувьд хэрэглэгч-харилцагчаас өөрийн харилцагчтайгаа заавал тухайн банкаар дамжуулан харилцах хэрэгцээ, шаардлагыг ашиглан дансны үлдэгдлийн болон данс хөтөлсний шимтгэлийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн, мөн дансны үлдэгдэлд хүү тооцохгүй зэргээр өөртөө ашигтай нөхцөлийг бий болгосон аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь орон нутаг дахь Х б-ны харилцагч өөрийн хэрэглэгч-харилцагчийг хясан боогдуулсан шийдвэр үйл ажиллагаанд тооцогдохгүй тул ...” гэж дүгнэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.7 дугаар зүйлийн 9.-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зааснаас үзэхэд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон ба үүнийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” гэж ойлгохоор заажээ.
Анхан шатны шүүхээс хуулийн дээрх заалтыг “... Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д аж ахуй эрхлэгчийг зэх зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулахад давамгай байдлаа хууль бусаар ашигласан, эсхүл аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлахад давамгай байдлаа хууль бусаар ашигласныг тус тус ойлгохын зэрэгцээ давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг “ноёлох үйл ажиллагаа”-нд үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Учир нь хууль тогтоогчоос Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагааг тодорхойлохдоо хоёр зорилгыг /давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор/ тодорхой зааж, дээрх хоёр зорилгын хүрээнд “зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” ойлгохоор заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн, “Х б” ХХК-иас санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, данс хөтөлсний шимтгэлийг 5,000 төгрөг болгох зорилго нь хуульд заасан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгын алинд нь хамаарахгүй бөгөөд гомдол гаргагч барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь манай банкны өрсөлдөгч биш ба манай компани хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргаагүй, хэрэглэгчийг хясан боогдуулсан зүйлгүй, давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба дээрх хуулийн зохицуулалтууд манай банканд огт хамааралгүй юм.
Гурав. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
Гомдол гаргагчаас анх нэхэмжлэл гаргахдаа ч, шүүх хуралдааны явцад ч дээр дурдсанчлан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Банкны тухай хуулийн 11 дүгээр 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.3-д “Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасны дагуу “... санхүүгийн сегментэд хамаарах харилцагчдын дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг, данс хөтөлсний шимтгэлийн 5,000 төгрөг болгох” үйл ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байгаа.
Гэтэл шүүхээс уг хуулийн заалтыг ямар үндэслэлээс үгүйсгэж, няцааж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий ямар ч тайлбар хийгээгүй байгаа бөгөөд банкинд хуулиар олгогдсон уг эрхийг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч болон “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны гэрээ байгуулагдаж, иргэний эрх зүйн харилцаа үүссэн байсан. Нэхэмжлэгч нь гэрээнд өөрчлөлт оруулах саналыг гэрээний нөгөө талд хүргүүлсэн байдаг. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Наранцэцэг нь дээрх саналыг зөрчил хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадалгүй андуурч нэхэмжлэгчид торгууль оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь арилжааны банкны төлбөр тооцооны системийг ашиглан өөрийн зээл олгох, зээл буцаан төлүүлэх, мөнгөн гуйвуулга хийх гэх мэт үйл ажиллагаа явуулан ашиг орлого олдог. Гэтэл банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу банкаар дамжуулан гүйлгээ хийж буй харилцагчийг таньж мэдэх үүрэгтэй. Банкны төлбөр тооцооны системийг ашиглан банк бус санхүүгийн байгууллага нь бусдын нэрийн өмнөөс мөнгөн гуйвуулга хийсэн тохиолдолд банк уг мөнгөний гаралд үүсэл эцсийн өмчлөгч, зориулалт зэргийг таньж мэдэх боломжгүй нөхцөл үүсдэг. Үүний улмаас Х бтай хамтран ажилладаг гадаадын корреспондент банкууд харилцаагаа цуцалсан тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд банкны харилцагч тухайн улс орны банктай санхүүгийн харилцаанд орох боломжгүй болох, эсхүл өндөр өртөгтэй болох сөрөг талтай.
Харилцагчийг хясан боогдуулсан байх урьдчилсан нөхцөл нь сонголт хийх боломжгүй байх явдал юм. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Н-ээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гомдол гаргасан гэх “Х к” ХХК, “З к” ХХК-ийн орон нутаг дахь салбарын төлөөлөгч нараас “танай орон нутагт Х баас өөр банк үйл ажиллагаа явуулдаг уу? Х б-аас өөр банкаар үйлчлүүлэх боломжтой юу? гэсэн асуултад “Голомт банк, Капитал банк, Хас банк зэрэг банк үйл ажиллагаа явуулдаг. Х бнаас өөр банкаар үйлчлүүлэх боломжтой” гэсэн хариу өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь хясан боогдуулах ноёлох үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсоор байтал энэ талаар огт дүгнэлт хийгээгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
“Х б” ХХК-иас “Х к” ХХК, “З к” ХХК, “С ф ББСБ” ХХК-иудад “… барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/-т зориулсан төгрөгийн харилцах дансыг нэвтрүүллээ. Энэхүү харилцах дансны нөхцөл нь 1,000,000 төгрөгийн дансны доод үлдэгдэлтэй, сарын 5000 төгрөгийн данс хөтөлсний хураамжтай, жилийн 0%-ийн хүүтэй байна. Ийнхүү санхүүгийн байгууллагуудад зориулсан шинэ харилцах дансны бүтээгдэхүүн нэвтрүүлж буйтай холбогдуулан гэрээгээ шинэчлэх шаардлагатай ... гэрээгээ шинэчлээгүй тохиолдолд танай байгууллагын дансны гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхаарна уу” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлжээ.
“Х к” ХХК, “З к” ХХК, “С ф ББСБ” ХХК-иуд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гарган, тус газрын улсын ахлах байцаагч Б.Н уг гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж, “Х б” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.11-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан 0005521 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “... борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах”, 7.1.5-д “... үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох ...”, 7.1.11-т “... гэрээнд тусгахыг тулгах шаардах ...” зэргээр уг хуулиар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид хориглосон ноёлох үйл ажиллагааг явуулсан гэж үзэн шийтгэвэр ногдуулсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Х б” ХХК-ийг баруун, зүүн, төв, хангайн бүс буюу орон нутгийн хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан ба давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан ноёлох үйл ажиллагааг явуулахыг хориглодог.
Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг ойлгоно” гэж заажээ.
2. Давж заалдах гомдлын “Иргэний хуульд заасны дагуу гэрээний нэг тал, нөгөө талаас тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол маргах боломжтой бөгөөд шүүх уг харилцааг ялгаж, салгаж ойлгоогүй” гэх үндэслэлийн тухайд:
Хэдийгээр “Х б” ХХК нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.3-д “Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэж заасны дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулах замаар хөлсөө өөрөө тогтоох эрхтэй ч давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохицуулалтад (хэрэглэгчийн эрх, шударга өрсөлдөөний асуудлаар) байхаар байна. Тиймээс уг харилцааг зөвхөн иргэний эрх зүйн хэм хэмжээнд зохицуулагдана гэж үзэхээргүй байна.
2. “Ноёлох үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн орон нутагт давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” гэх гомдлын тухайд:
“Х б” ХХК нь дансны доод үлдэгдлийг 1,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, данс хөтөлсний шимтгэлийг 5,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, хүү тооцохгүй байхаар шийдвэрлэсэн талаарх мэдэгдэлдээ тус хуулийн этгээдүүд гэрээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тус байгууллагуудын дансны гүйлгээг хязгаарлана гэж мэдэгдсэнээр гэрээгээ шинэчлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн болох нь харагдаж байгаа тул борлуулалтын нэмэлт нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардсан гэж үзэхээр байна.
Мөн “Х б” ХХК нь өндөр эрсдэл бүхий харилцагчдыг хянах зардал өссөн хэмээн тайлбарласан хэдий ч хүү тооцохгүй 1 сая төгрөгийг тухайн дансанд байнга байршуулахаар шийдвэрлэсэн, тухайн үйл ажиллагааг эрхлэгч нь хэдэн ч данстай байж болохоор байгаа нь санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг этгээдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.
“Х б” ХХК нь тухайн гомдол гаргасан хуулийн этгээдүүд Улаанбаатар хотын Баянгол салбарын Андууд тооцооны төвийн харилцагчийн бүртгэлтэйгээр харилцаж байгаа, орон нутгийн салбар нь тус банкинд данс эзэмшдэггүй, тиймээс уг тушаалын улмаас эдгээр компаниудын эрх ашиг, сонирхол зөрчигдөөгүй, ноёлох үйл ажиллагаа явуулаагүй хэмээн маргаж байгаа ч “Х к” ХХК нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг, “З к” ХХК нь Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг тул тэдгээрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.
Учир нь “Х б” ХХК-ийн тус шийдвэрт хамаарагдаж байгаа хуулийн этгээд нь зөвхөн нийслэлийн хэмжээнд бус орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байж болохоор байгаа ба тухайлбал, данс нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байж болох бөгөөд харин үйл ажиллагаа, үйлчилгээгээ орон нутагт явуулдаг аж ахуйн нэгжүүд тухайн нутаг оронд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Х б” ХХК-ны үйлчилгээг зайлшгүй авахад хүргэж байгаа бөгөөд энэ нь ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Х б” ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ