Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1532

 

Ж.Нямдовчингийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Гантулгад холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Нямдовчин нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О.Намнандоржтой орон сууц захиалан бариулах гэрээг хийж төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу төлж дуусгасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авсан. Уг байрандаа орох гэсэн боловч иргэн Ц.Гантулга орон сууцыг О.Намнандоржоос өр төлбөртөө авсан гэж хэлсэн. Хариуцагч Ц.Гантулгад орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад шүүх, цагдаад хандаад ав, чөлөөлж өгөхгүй гэсэн.  Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот орон сууцнаас Ц.Гантулгыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Гантулга шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Намнандорж нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А.Даваадоржтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар Ц.Гантулга А.Даваадорж нарын хооронд төлбөр тооцооны асуудал байсан тул 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр О.Намнандоржийг дуудаж хөрөнгө оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байрны 27 тоот орон сууцыг Ц.Гантулгад шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч О.Намнандорж нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Гантулга хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалж, А.Даваадоржид шилжүүлсэн. Иймд уг орон сууцыг А.Даваадорж ашиглаж байгаа тул Ц.Гантулга хариуцагч биш гэжээ.

           

         Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нямдовчингийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,Туул гудамж, 93 дугаар байр, 27 тоотын 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039941 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Боржигон овгийн Цэндсүрэнгийн Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

 

         Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нямдовчинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О.Намнандоржтой орон сууц захиалан бариулах гэрээг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хийж удаа дараа гэрчилгээ шаардсан боловч гаргаж өгөөгүй байсан учир А.Даваадоржид орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай хүсэлт гаргаж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж олгосон байдаг. О.Намнандорж нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст орон сууц захиалан бариулах гэрээгээр бусдад хохирол учруулсан талаар яллагдагчаар татсан эрүүгийн хэргийн тоот байхад шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь хариуцагч Ц.Гантулгыг орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь О.Намнандоржтой 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байрны 92.98 м.кв талбайтай, 27 тоот орон сууцыг худалдан авч, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000475086 тоот гэрчилгээний дагуу уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна /хх-4-6/.

 

Иймд нэхэмжлэгч М.Нямдовчин нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардах эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул хариуцагч Ц.Гантулга нь О.Намнандоржтой 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 27 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг үндэслэл болгон, улмаар орон сууцыг А.Даваадоржид шилжүүлсэн гэж маргасан нь түүнийг уг орон сууцыг эрхтэй гэж үзэх, өмчлөгчийн эзэмших эрхийг хөндөх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд заасан орон сууцанд оршин суудаггүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд уг орон сууцыг эзэмших эрхтэй талаар тайлбар гаргасан байв. Иймд шүүхийн шийдвэр шийдвэрээр хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт, талуудын тайлбарыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА