Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 153

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2016/00153

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул д .̺ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 99б байр, 1203 тоотод оршин суух, Өндөр Төмөр овогт Жамсранжавын Нямдовчин /ЙБ 78111519/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Цэндсүрэнгийн Гантулга /ЕП 78041813/-д холбогдох

 

Орон сууцнаас албадан гаргуулах тэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Гүрбазар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Нямдорж, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Нямдовчин нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О.Намнандоржтой орон сууц захиалан бариулах гэрээг хийж төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу төлж дуусгасны дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авсан. Гэтэл уг байрандаа нүүн орох гэсэн боловч иргэн Ц.Гантулга нь уг орон сууцыг О.Намнандоржоос өр төлбөртөө авсан гэж хэлсэн. Хариуцагч Ц.Гантулгад орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад шүүх, цагдаад хандаад ав, чөлөөлж өгөхгүй гэсэн. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцнаас Ц.Гантулгыг албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Намнандорж нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А.Даваадоржтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар Ц.Гантулга А.Даваадорж нарын хооронд төлбөр тооцооны асуудал байсан тул 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр О.Намнандоржийг дуудаж хөрөнгө оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцыг Ц.Гантулгад шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч О.Намнандорж нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Гантулга нь хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалж А.Даваадоржид шилжүүлсэн байдаг. Тиймээс уг байрыг А.Даваадорж ашиглаж байгаа тул Ц.Гантулга хариуцагч биш гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь хариуцагч Ц.Гантулгыг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О.Намнандоржтой орон сууц захиалан бариулах гэрээнд үндэслэсэн ба гэрээний дагуу үнийг төлж, орон сууцандаа нүүж орох гэтэл Ц.Гантулга нь өрөндөө авсан гээд суллаж өгөөгүй гэх тайлбар гаргасныг, хариуцагч Ц.Гантулга нь уг байрыг А.Даваадоржид шилжүүлсэн тул хариуцагч биш гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

 

Хавтаст эрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О.Намнандоржтой Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг байрны үнийг 2015 оны 01 сарын 4-ний өдөр төлж дуусган, орон сууцыг хүлээж авсан байна./хх-ийн 5-6/

 

Улмаар Ж.Нямдовчин нь 2016 оны 4 сарын 26-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206039941 дугаарт бүртгүүлж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот 92,98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. /хх-ийн 4/

 

Түүнчлэн уг орон сууцыг манай танидаг хүн О.Намнандоржоос өр авлагад тооцож авсан байдаг бөгөөд миний хувьд тухайн барилгын хөрөнгө оруулагчаас худалдаж авсан гэх тайлбарыг гаргаж хариуцагч Ц.Гантулга нь О.Намнандоржтой 2015 оны 6 сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий дээрх орон сууцыг буюу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээг байгуулсан гэж гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Мөн одоо уг байрыг А.Даваадоржид шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх тухай хүсэлт гэх баримтыг ирүүлсэн байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Нямдовчин нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот 92,98 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч болохоо нотолсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000475086 тоот гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэдэг бол тухайн гэрчилгээнд нэр дурдагдсан этгээд уг гэрчилгээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг гэрчилсэн баримт юм. Иймд Ж.Нямдовчинг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь орон сууцыг 2015 оны 6 сарын 16-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу авсан гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, эзэмшиж ашиглаж байгаа талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

Иймд маргаан бүхий орон сууц хариуцагч Ц.Гантулгын хууль бус эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцаа хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Дээрхийг нэгтгээд Ж.Нямдовчингийн өмч болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоот 92,98 м.кв орон сууцыг хариуцагч Ц.Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Нямдовчингийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 93 дугаар байр, 27 тоотын 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийнҮ-2206039941 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Боржигон овгийн Цэндсүрэнгийн Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нямдовчинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ