Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 21

 

Б.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоолтой, Б.Ч-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 1938 оны байдлаар:Б овогтой Ч, нас 56, ам бүл 7, ард, халх, ял шийтгэлгүй, Завхан аймгийн Тэлмэн сумын 5 дугаар баг.

 Б.Ч- нь Монгол улсын тусгаар тогтнол ба хувьсгалт засгийн эсрэг эсэргүү хэрэг үйлдсэн этгээд нарыг дарагдуулж, эсэргүү этгээд нарын ажилд гар бие оролцон тусалсан гэмт хэрэгт холбогджээ.

 Прокуророос Б.Ч-г Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд заасныг баримтлан шийтгэх саналыг төлөвлөсний дагуу Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоолоор дээрх зүйлд зааснаар 10 жил хорьж, хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн боловч уг тогтоол хэрэгт байхгүй.

Харин Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ч-н хэргийг таслан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн хуралдааны тэмдэглэл нь мөрдөн байцаалтын хэргийн 11-13 дугаар хуудсанд байна.

 Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Б.Ч-д Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлээр 10 жил хорьж, хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоол хэрэгт байхгүй байна. Энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа буюу 1941 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн прокурор Магсар, Улсын Дээд шүүхэд бичсэн 102 тоот протест /эсэргүүцэл/-дээ: “Б-н Ч-д холбогдох Завхан аймгийн Шүүхийн 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 187 дугаар тогтоолыг хянан үзвэл Ч- нь учир мэдэхгүйн улмаас төрсөн ахаа баригдуулахгүйг эрхэмлэснээс өөр түүнтэй нэгдэн хамтарч гэмт хэрэг үйлдэн улс төрийг эсэргүүцсэн гэмт явдал түүний мэдүүлэгт илрээгүй ба сэжиг холбогдол бүхий материал байхгүй тул Ч-д ногдуулсан ял нь буруу, хүнд болсон хэмээн үзэж байгаа тул анхны тогтоолыг татан хянаж, өөрчлөн хөнгөтгөн шийтгэхийг хүсье“ /мөрдөн байцаалтын хэргийн 14 дүгээр хуудас/ Завхан аймгийн прокурорын бичсэн протестийн дагуу 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг шинэчлэн хянасан 256 дугаар тогтоолд: “Улсын Дээд шүүх таслах газрын дарга Цэдэнноров, гишүүд

Жигжидсүрэн, Чимэдцэрэн нар 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Завхан аймгийн Шүүх таслах газраас 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоолоор таслан шийтгэсэн Б-н Ч-н хэргийг хянан үзвэл, энэ хэргийн Ч- нь өөрийн ах лам Барьяаг баривчлах явдлаас авран үлдэхийн тулд хэл мэдээ өгч, түүнийг оргон зайлуулах буюу бусдад хахууль өгч үлдээсэн нь садан төрлийн хувиар хамгаалах гэснээс өөр илэрсэн онц холбогдолгүй бөгөөд ялын хэмжээ нь хүнд болсон тул өөрчлөн хөнгөтгөх ба Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, 59 настай, Б- овогтой Ч-г Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлийг баримтлан 3 жил шийтгэхэд ялыг нэгэнт энэ завсар эдэлж дууссан тул суллахаас гадна түүний хөрөнгийг хураах гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ /мөрдөн байцаалтын хэргийн 15,16 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтын хэрэгт байгаа Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Ч-н хэргийг таслан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн хуралдааны тэмдэглэл, Завхан аймгийн прокурорын 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүх бичсэн 102 дугаартай протест, 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийг шинэчлэн хянасан 256 дугаар тогтоол зэргээс үзэхэд Б-н Ч-д Завхан аймгийн Шүүх таслах газраас 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд зааснаар 10 жил хорьж, хөрөнгийг нь хураах ялаар шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Хэргийг хянахад, Б.Ч-н Улс төрийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруугийн санаа зорилго байгаа эсэхийг тогтоолгүйгээр, Монгол улсын тусгаар тогтнол ба хувьсгалт засгийн эсрэг, эсэргүү хэрэг үйлдсэн этгээд нарыг дарагдуулж, эсэргүү этгээд нарын ажилд гар бие оролцон тусалсан улс төрийн хэрэг үйлдсэн гэх баримтгүй байхад Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйл /Хувьсгалд эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхийг үнэхээр бэлтгэж буйг буюу үйлдсэнийг мэдсээр атал эс мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино/-ээр 10 жил хорьж, хөрөнгийг нь хураах ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Б.Ч-н үйлдэл нь зөвхөн өөрийн ах, лам Барьяаг хэргээс нуун далдлах гэсэн санаа зорилготой байснаас биш улс, төрийн эсрэг санаа зорилго агуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой байна.

2. Улсын Дээд шүүхийн 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинэчилсэн 526 дугаартай тогтоолд энэ хэрэг нь улс төрийн эсэргүү санаа зорилгогүй байсныг дурдаж, Б.Ч-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, хөрөнгө хураах ялыг нь хүчингүй болгон суллах шийдвэр гаргасан.

3. Б.Ч- нь өөрийн ах, лам Барьяа болон бусад лам нартай төр засгийн эсрэг санаа зорилготой яриа хийж байгаагүй ...” гэж мэдүүлсэн.

4. Б.Ч-н үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, хувь хүнд ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Б.Ч-д Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 187 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлээр 10 жил хорьж, хөрөнгө хураах ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн 187 дугаар тогтоол, Улсын Дээд шүүхийн 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шинэчилсэн 526 дугаартай тогтоол зэргийг хүчингүй болгож, Б.Ч-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Б.Ч-г Монгол улсын тусгаар тогтнол ба хувьсгалт засгийн эсрэг эсэргүү хэрэг үйлдсэн этгээд нарыг дарагдуулж, тэдний ажилд гар бие оролцон тусалсан гэмт хэрэг үйлдсэн гэж 10 жил хорьж, хөрөнгийг нь хураах ялаар шийтгэжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Б.Ч- нь өөрийн ах, лам Барьяаг баривчлах явдлаас авран үлдэхийн тулд хамгаалан хэл мэдээ өгч, түүнийг оргон зайлуулахын тулд бусдад эд бараа өгснөөс бус Монгол Улсын тусгаар тогтнол ба хувьсгалт засгийн эсрэг эсэргүү хэрэг үйлдсэн этгээд нарын ажилд гар бие оролцон тусалж Улс төрийн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд, гэм буруугийн санаа зорилго байгаа эсэхийг тогтоогоогүй, түүнчлэн түүний үйлдлийн улмаас улс орон, нийгэм, хувь хүнд хохирол учирсан эсэх талаар шалгаж тогтоогоогүй атлаа Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж тус зүйлд зааснаар оногдуулах ялаас өндөр ял буюу 10 жил хорьж, хөрөнгийг хурааж улс төрийн хилс хэрэгт ял шийтгэсэн байна.

 Б.Ч-д холбогдох энэхүү хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа буюу 1941 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн прокуророос Улсын Дээд шүүхэд хандан Завхан аймгийн шүүхийн 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн таслан шийтгэсэн 187 дугаар тогтоолыг хянаад “Б.Ч- нь улс төрийг эсэргүүцсэн гэмт явдал түүний мэдүүлэгт илрээгүй, баримтаар тогтоогдоогүй тул түүнд оногдуулсан ял буруу, хүнд гэж үзэж байгаа тул анхны тогтоолыг хянаж, өөрчлөн хөнгөтгөхийг хүссэн” бөгөөд Улсын Дээд шүүх 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүнийг хянан хэлэлцээд 526 дугаар тогтоолоор Б.Ч-г Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ял шийтгэхэд ялыг нэгэнт энэ завсар эдэлж дууссан байх тул суллахаас гадна түүний хөрөнгийг хураах гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Түүнчлэн Б.Ч-г хилсээр ял шийтгэсэн Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйл “Хувьсгалд эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхийг үнэхээр бэлтгэж буйг үйлдсэнийг мэдсээр атал эс мэдээлсэн” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

 Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоол, Улсын Дээд шүүх 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.Ч-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэжхяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1938 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 187 дугаар тогтоол, Улсын Дээд шүүх 1941 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Б-н Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2. Б.Ч-д холбогдох хэргийн талаар гаргасанпрокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                                ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Б.ЦОГТ

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН