Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 267

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц:Б,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц:Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мна, иргэдийн төлөөлөгч Н. на, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлээ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр анх гаргасан. Төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүйгээс өөрт учирсан ажилгүй байсан хугацааны хохирлын нөхөн олговор, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл одоогоос нэг жилийн өмнө гаргасан. Анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хэлэлцэгдсэн. Энэ хугацаанд жил, нэг сарын нөхөн олговор нэмэгдэж байна. 

Би 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын ажил хийж байгаад халагдсан. Халагдсан шалтгаан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан гэх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хамааруулж хууль бус шийдвэр гаргасан гэдгийг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогоод Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгосон. Тухайн үед албан тушаал бууруулсан шийдвэрээр мэргэжилтнээр томилсон байсан. 

Шүүхийн шийдвэр гаргахдаа албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгохоор мэргэжилтнээр томилсон шийдвэр давхар хүчингүй болсон. Тухайн үед нөхөн олговор олгож байгаад тухайн үеийн Соёлын яам мэргэжилтнээр ажиллаж байсан шийдвэр хүчингүй болсон учраас таныг ажлаас халаад буцаад шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг тань шийдвэрлэх ёстой гэдэг байдлаар мөн мэргэжилтний ажлаас халсан шийдвэрийг гаргасан. Энэ асуудлын үндэслэл зөвшөөрөхөөргүй байсан учраас мэргэжилтнээс халсан асуудлаар дахин шүүхэд хандсан. 

Мөн гурван шатны шүүхийн шийдвэрээр мэргэжилтний ажлаас халсан нь буруу байна гэдэг нь тогтоогдсон. Нэгэнт мэргэжилтний ажлаас халсан учраас хэлтсийн даргын албан тушаалыг бууруулсан нь хууль бус байна гэдэг шийдвэр гарахдаа зөрүүг олгож байсан бол мэргэжилтний ажлаас халагдчихаар зөрүү ч байхгүй, мэргэжилтний цалин ч байхгүй орлогогүй болсон. Энэ бол 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш болсон. Мэргэжилтний ажлаас халсныг тухайн үед шийдэхдээ мэргэжилтний ажлаас халсан шийдвэрийн үндэслэлийг хянаж шийдвэрлэж байгаа тул хэдийгээр нэхэмжлэгч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэлтсийн даргын албан тушаалын цалинг нэхэмжилсэн боловч зөвхөн мэргэжилтнээр тогтоох нь зүйтэй. Харин цалингийнх нь зөрүүг жич нэхэмжлэхэд шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт хийгээд мэргэжилтний цалинг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мэргэжилтний цалин 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр надад олгогдсон. Дутуу олгогдсон байна лээ. Хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Бууруулсан нь өөрөө хууль бус байна гээд хүчингүй болгосон. Бууруулахдаа мэргэжилтнээр томилсон байсныг нь бас хүчингүй болгосон. 

Би Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ёстой. Томилогдохгүй байгаа. Цалин хөлс байхгүй 3 жил явж байна. Энэ хугацаанд хэлтсийн даргын албан тушаалын цалинг нэхэмжлээд, мэргэжилтнээс халагдсан асуудлаа шийдүүлсэн. Хэлтсийн даргын албан тушаал бууруулсан асуудлаа шийдүүлсэн. Энэ шийдвэрүүд нь 3 шатны шүүхээр дамжих хүртэл 2015 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлээд эцэслэн шийдэгдсэн гэж үзэж байгаа. 

Шийдвэр гүйцэтгэх алба энэ асуудлыг шийдвэрлэх явцад Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2014 оны 11 дүгээр сард татан буугдсантай холбоотой хэн хариуцаж энэ шийдвэрийг хэрэгжүүлэх нь тодорхойгүй байдалтай байсны улмаас Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дээд шүүх, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөлд нийт 13 удаа хандаж бичиг явуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гараад процесс дууссан. Шийдвэр гүйцэтгэх тухай тогтоол гараад шүүхийн шийдвэр хэрэгжих ажиллагаа явагдаж байтал хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсан учраас Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл болон тухайн үеийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад өргөдөл, гомдол гаргасан. Асуудлыг хянаад шүүхийн шийдвэрийг хэрэгжүүл, хууль дээдлэх зарчмыг баримтал, энэ хүнийг ажилд нь эгүүлэн томил, цалин хөлсийг нь олго гэсэн үүргийг өгсөөр ирсэн. Мэргэжилтнээс халагдсан шийдвэрийн хариуцагчаар тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг татсан. 

Боловсролын яам хариуцагчаар татагдаж энэ гурван удаагийн шийдвэр гарсан байдаг. Мэргэжилтний албан тушаал бууруулсан хариуцагч хэн бэ гэдэг нь тогтоогдохгүй байсан. Мэргэжилтнээс халсан маргааны гурван шатны шүүхийн шийдвэр гарахдаа одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцагч юм гэдгийг тогтоогоод 2015 оны 08 дугаар сард эцсийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дараа шийдвэр гүйцэтгэх тогтоол гараад шийдвэр гүйцэтгэх хуудас шийдвэр гүйцэтгэх албанд очсон. 

Шийдвэр гүйцэтгэгч тогтоол аваад Боловсролын яаманд очиход төсөв, орон тоо байхгүй. Он гараад төсөв батлагдана. Орон тоо, бүтцэд өөрчлөлт хийгдэнэ. Тэгэхээр он гараад энэ асуудлыг шийднэ, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэг байдлаар хандаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудсан. Төрийн нарийн бичгийн дарга нь Соёлын өвийн хэлтсийн даргаар ажилд авна. Энэ асуудлыг хариуцаж байгаа хүн маань ажлаа хийж чадахгүй. Төрийн албаны туршлагагүй байна. Өөрийн тань мэдэж, хэрэгжүүлж байсан ажил энэ чиглэлийн ажил байсан. Анхнаасаа Төрийн өмчийн хорооноос Соёлын яам руу Соёлын өвийн асуудлыг дагаж, шилжүүлэн ажиллахаар болсон тул энэ албан тушаалд томилно гэсэн. 

Тэгээд сайдад ороод танилцуулсан. Сайд хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст өөрийн төсвийн шууд захирагчтай харьцдаг байгууллагуудын дотоод аудитаар ажиллуулмаар байна гэдэг үгийг хэлсэн. Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар ахлах мэргэжилтнээр ажилд авлаа гэсэн. Авилгатай тэмцэх газарт материалыг нь явуул гэсэн. Тухайн өдөр ажлаа хүлээж аваад ажилдаа орсон. Тушаал гарахгүй 22 хоног болсон. Тэр үеэр цагаан сар таарсан учраас цагаан сарын дараа болъё. Авилгатай тэмцэх газраас бичиг ирсний дараа болъё гэж хүлээсэн. Авилгатай тэмцэх газраас албан тушаалд томилж болно гэсэн хариу ирсэн. 

Яагаад томилохгүй байсан бэ гэвэл урьд нь шүүхийн шийдвэр биелүүлэх процесстой холбоотой надаас үл хамаарах өөрчлөлт гарсантай холбоотой энэ шийдвэрийг биелүүлэхэд тодруулах шаардлага байна гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Түдгэлзэхдээ түр хүлээж бай өмнөх шийдвэрийн дагуу ажлаас халагдсан мөнгийг чинь олгоё дуудахаар ирээрэй гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш ямар нэг шийдвэр гаргаагүй. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гараад гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байтал яг ажилдаа орох гэтэл шүүхийн шийдвэрт эгүүлэн тогтоох гэдэг үг байхгүйгээс болоод тогтоох эсэх нь тодорхойгүй боллоо. Энэ асуудал дээр Дээд шүүхээс тайлбар хүссэн албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас явуулсан. Дээд шүүхээс Давж заалдах шатны шүүх рүү, Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн анхны асуудал шийдсэн шүүгч дээр ирээд шүүгч хэргийн оролцогчдыг байлцуулалгүйгээр хүчингүй болгоод шинээр захирамж гаргаад буцаагаад хүргүүлсэн байсан. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ингэж шийдсэн байсныг мэдээгүй. 2016 оны 02 дугаар сарын сүүлээр мэдээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан өөрчлөлттэй холбоотой материалыг ирүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасны дагуу архивын шаардлага хангасан баримтуудыг авч үзсэн. 

Шүүгч өөрөө 2014 онд шийдээд гаргасан тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тогтоол, шийдвэр гүйцэтгэх хуудсанд оруулсан өөрчлөлтийг хэргийн оролцогчгүйгээр шийдээд шууд хүргүүлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн байсан. Энэ материалыг үндэслээд Өргөдлийн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл дөрвөн удаа шүүхийн шийдвэрийг биелүүл, энэ хүнийг ажилд нь эгүүлэн тогтоо, Соёлын өвтэй холбоотой материалыг нь хүлээж авч ажлаа үргэлжлүүл гэдэг үүрэг өгч байсан. Гэтэл үүнийг нэхэмжлэгч би болон эрх бүхий байгууллагууд нь ч мэдээгүй өөрчлөлт орсон байсан. 

Нэгэнт шүүхийн процесс дууссан. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлд шүүхийн шийдвэрийн дагуу ийм ажиллагаа хийгдээд Яаманд ажилд орох гээд Авилгатай тэмцэх газраас хариу ирээд бүх ажиллагаа явагдсан байтал надаас үл хамаарах процессоос болоод асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй. Төрийн байгууллага албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа, ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна гэсэн гомдлыг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажил, энэ хүнийг ТЗ-10 түүнтэй тэнцэхүйц ажилд томил, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олго гэсэн шийдвэр өгсөн. 

Хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжүүлэх үүрэгтэй боловч хэрэгжүүлэхгүй байсан тул хуулийн хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан. 

Энэ асуудал анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хэлэлцэгдээд бүтэн жил үргэлжилж байна. Эдгээр шийдвэр гарахдаа эгүүлэн тогтоох нь зөв, төрийн байгууллага, албан тушаалтын эс үйлдэхүй байна гэдгийг тогтоосон мөртлөө ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, мэргэжилтнээр цалин олгосон, хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ёстой байсан цалингийн зөрүүг олгохгүйгээр шийдэж байсан. 

Энэ шийдвэр дээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээд магадлалаар цалин хөлстэй холбоотой асуудлыг нотлох баримтыг үнэлж, хэлэлцэж шийдвэрлэ гэсэн. 

Төрийн албаны цалин хөлсийг Засгийн газраас тариф цалинг нь шууд тогтоодог. Төрийн байгууллага, албан тушаалтан 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авдаг. Би 27 жил төрийн албанд ажилласан. Ажилласан жилээ тогтоолгосон байгаа. Мөн зэрэг дэвийн нэмэгдлийг тухайн байгууллагын дотоод журам, ажил албан тушаал, ажиллах хугацаанд гаргасан бай шагнал, үр дүнг харгалзаад зэрэг дэвийн нэмэгдэл олгодог. Зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувьтай байсан. Энэ нэмэгдлүүд маань намайг 2013 онд ажлаас халагдсанаас хойш 2014 оноос эхэлж олгогдох ёстой байсан. Энэ нэмэгдлүүдийг нэмж тооцоолоод 2012 оны Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор олгож байсан төрийн албан хаагчийн тарифт цалин Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаар тогтоолоор бас нэмэгдсэн. Миний авч байсан ТЗ-10-ын 5 дугаар шатлалын цалин 15 хувиар нэмэгдээд 778.000 төгрөгөөс 895.000 төгрөг болж өссөн байдаг. 

Энэ бүх нэмэгдлүүдээ тооцоод ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг цалингаар тооцож нэхэмжилсэн. Шүүхээс энэ асуудлыг шинжээч томилоод одоо миний ажиллаж байгаа Соёл урлагийн газраас ирүүлсэн цалингийн тооцооллыг хянуулахаар хүргүүлсэн боловч харамсалтай нь эрх бүхий байгууллагын шийдвэр биш гэж үзсэн байна. Соёл, урлагийн газар бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, яам бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага. Төрийн захиргааны байгууллагын ахлах нягтлан бодогч буюу Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч өөрөө төрийн захиргааны байгууллагын цалингийн сүлжээн дээр энэ тооцооллыг хийж гаргасан. Энд байгаа тоо болгон өмнөх 6 шүүх хуралдаанд хавсаргасан баримтын цалингийн хүснэгт дээр байгаа. 

Нотлох баримтаар нотлогдож байгаа тул энэ цалингийн тооцоолол шүүгчид ч ойлгомжтой гэж үзэж байна. Энэ тооцооллыг үндэслэн нөхөн олговрыг маань шийдвэрлэж өгнө үү. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, ТЗ-10 түүнтэй дүйцэхүйц албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг хийлгэх гэсэн гурван үндсэн шаардлага гаргаж байгаа. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Засгийн газрын тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орж тус яам нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон өөрчлөгдсөн. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны бүтэц орон тооны хязгаарыг баталсан болно. Энэ шийдвэрийн дагуу тус яам 7 газар, 7 хэлтэстэй байхаар батлагдан, холбогдох мэргэжлийн албан хаагчид томилогдоод байна. Ц:Бгийн урд нь ажиллаж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй. Манай яамнаас иргэн Ц:Бг ажлаар хангахаар Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Ажил, албан тушаалд шижлүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлээд байна. 

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалд заасан 16.771.517 төгрөгийг шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дансанд, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болох 1.251.426 төгрөгийг иргэн Ц:Бгийн дансанд тус тус 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Ажлын байрны талаар өмнө нь тус яам шүүхэд удаа дараа дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргаж өгч байсан болно. Нэхэмжлэлд дурьдсан нэмэлт төлбөр болон бусад зардлыг яамнаас төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлд дурьдсан асуудлыг сайтар судлан өмнө нь шүүхэд хэлэлцэх үед гаргаж байсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц:Б нь “ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц:Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагатай холбогдуулан хариуцагчаас цалингийн тооцооллыг шаардахад ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоолол гаргах боломжгүй хэмээн маргасан тул шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаж 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/1361 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд цалингийн тооцооллыг хийх  боломжтой гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. 

Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлагын тухайд:

Ц:Б нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, А/70 дугаар тушаалаар түүнийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, тус хэлтсийн мэргэжилтнээр томилсон бөгөөд уг маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Ц:Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/29, А/70 дугаар тушаалыг хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

Ийнхүү албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй эсэх талаар шүүхээр маргаж байх явцад Ц:Бг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн Б/339 дугаар тушаалаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан” бөгөөд төрийн албанаас халсан уг тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар маргаан бүхий актыг хүчингүй болгож, 16,771,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

Ц:Бг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтний албан тушаалаас халсны дараагаар Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, уг яамны соёлын асуудал хариуцсан чиг үүрэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжсэн, тэрээр соёлын өвийн асуудал хариуцаж байсантай холбоотой шүүх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцагчаар татан хэргийг шийдвэрлэж байжээ.

Нэхэмжлэгч нь дээрх маргаануудын алинд ч урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй боловч Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан, мөн мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон, өөрөөр хэлбэл тэрээр хууль бусаар албан тушаал буурсан, улмаар хууль бусаар халагдсан байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”-аар заасан тул Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зарим чиг үүргийг буюу соёлын асуудлыг шилжүүлэн авсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ц:Бг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц /ТЗ-10/ ажил албан тушаалд томилох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Санхүү, эдийн засгийн газар, түүн дотроо Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй байхаар батлагдсан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаал нь Ц:Бгийн өмнө эрхэлж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг болон албан тушаалын зэрэглэлтэй адил болох нь Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх тул “Ц:Бгийн урд нь ажиллаж байсан гэх ТЗ-10 буюу хэлтсийн даргын ажлын байрны сул орон тоо тус яаманд байхгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Иймд  “ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаалын ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ажилгүй байсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэлтсийн даргын албан тушаалын цалингаар тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан байна. 

Иймд нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өмнөх ажилд эгүүлэн тогтоож байгаатай 

 

холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-10 зэрэглэлээр тооцон гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин тооцооллын хувьд Ц:Бгийн ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 40 сар, 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг ТЗ-10 зэрэглэлээр тооцон, нийт 41,448,842.65 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр олгогдсон 16.771.517 төгрөг, Соёл, урлагийн газраас олгосон цалин 4,771,110 төгрөгийг тус тус хасч тооцон 19,906,313.65 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нь Соёл урлагийн газраас гаргасан цалингийн хүснэгтээр болон нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн цалингаар тооцон 2 өөр бодолтыг шүүх хуралдаанд тайлбарласан боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, хоол унааны нэмэгдлийг оруулаагүй болно. 

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Ц:Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц:Бг ажилд томилохгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ц:Бг ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх 40 сар, 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 19,906,313.65 /арван есөн сая, есөн зуун зургаан мянга, гурван зуун арван гурван төгрөг, жаран таван мөнгө/ төгрөгийг Ц:Бд олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ц:Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ

                                     ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                             М.ЦЭЦЭГМАА