Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/03977/И |
Дугаар | 210/МА2024/00504 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2024/00504
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00145 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******,******* нарт холбогдох,
*******, ******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, *******,******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт *******ийн нэр дээр бүртгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
708,147,542 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн,
Орон сууцыг чөлөөлүүлэх, 156,200,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч*******г сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. ******* миний бие 2012 оны 3 дугаар сард *******тай харилцан тохиролцож бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилгоор 150,000 долларыг, 2012 оны 8 дугаар сард 40,000 долларыг тус тус зээлж авсан. 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 долларыг *******т бэлнээр төлдөг байсан.
Ингээд 2013 оны 7 дугаар сараас эхлэн дансаар би ******* болон түүний төрсөн дүү болох *******гийн дансанд өөрийн болон нөхөр *******ийн данснаас нийт 359,462,600 төгрөгийг *******т шилжүүлэн өгсөн.
1.2. Гэтэл ******* нь 2016 оны 4 дүгээр сард намайг “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байх үед хэрүүл шуугиан хийж надаар “171,000 доллар өгөх ёстой” гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг их ач холбогдол өгөхгүй байх гэж бодсон.
2017 оны 4 дүгээр сард гэнэт холбогдож “чи надад 171,000 доллар өртэй, чиний гарын үсэг надад байна, энэ мөнгөө төл” гэсэн. Би “чамтай ямар нэгэн тооцоо дууссан асуудал байвал тооцоо шахаж хоёулаа шийдье” гэж хэлсэн.
******* нь “миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи энэ “Ш” компанийнхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст гэрчилгээг нь үзүүлээд, би зээлүүлсэн мөнгөнийхөө оронд барьцаа болгож энэ эд хөрөнгийг авчихсан гэж тайвшруулаад, буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ” гэж гуйсан. Би татгалзсан боловч урьдын харилцаагаа бодоод зөвшөөрсөн. Ингээд ******* “Шидэт-Од” ХХК-ийн тоот данс руу 99,000,000 төгрөг шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийг хааж, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн хороо, гудамж, байрны 1 давхрын тоот хаягт байршилтай 140,285 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- тоот дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 15 м.кв 11 тоот авто зогсоолыг бэлэглэлийн гэрээ хийж *******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн.
1.3. ******* бид хоёр тухайн үед ярилцаад банканд төлөх мөнгөө *******т хүүгүй төлж байхаар болсон. Ингээд 2017 оны 8 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 43,200,00 төгрөг, 2017 оны 7 дугаар сард *******ийн дансанд 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
2019 оны 01 дүгээр сараас эхлэн миний нөхөр уушгины өвчин тусаж гадаад дотоод улсад эмчлүүлэх шаардлага үүсэж 2013 оны 3 дугаар сард *******т байрны гэрчилгээг буцааж шилжүүлэх талаар хэлэхэд тэрээр татгалзсан.
Би ******* намайг хуурсныг ойлгосон учир 2019 оны 3 дугаар сард 15-ны өдөр энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн олон газар наасан. Би *******т өгсөн болон авсан мөнгөө шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
1.4. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа*******тэй 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, миний орон сууцыг худалдсан байсан.
Б.Дашцэрэн уг байрыг худалдан авч л байгаа бол энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байгааг харах байсан.
1.5. Би өнөөдрийг хүртэл уг байранд үйл ажиллагаагаа огт тасалуулаагүй явуулж байгаа.
1.6. Иймд 2017 оны 4 сарын 4-ны өдрийн ******* болон ******* нарын хооронд бэлэглэлийн гэрээ, 2019 оны 5 сарын 2-ны өдөр ******* болон******* нар нь дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууц болон зогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгож тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
1.7.******* болон *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл, тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь анх надаар дамжуулан талийгаач найз н.Нансалмаагаас хүүтэй мөнгө зээлж авдаг байсан. Энэ үед их хэмжээний мөнгийг хүү багатай зээлэх хүн олдохгүй надаар дамжуулан зээл авсан.
Тэрээр 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 40,000 доллар нийт 190,000 долларыг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ 4 хувийн хүү нь 7,600 доллар болж байгааг тэрээр нэхэмжлэлдээ бичсэн байна.
2.2. ******* нь энэ төлж байгаа мөнгөө надад биш миний найзад зээлсэн мөнгөнийхөө хүүд төлж байсан гэдгээ маш сайн ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өгдөг байсныг би цааш нь дамжуулж өгч байгааг мэддэг байсан.
Миний талийгаач найз ямар ч баталгаагүй, барьцаагүйгээр *******т мөнгө зээлэхгүй, харин намайг баталгаа болох юм бол зээлүүлье гэж зөвшөөрч байсан.
2.3. ******* сар бүр биш алдаг оног мөнгөө бэлнээр өгч байсныг би шууд зээлдүүлэгчид өгснийг тэр мэдсээр байж намайг дэвтэр дээрээ бичдэг гарын үсэг зуруулдаг гэж худал бичсэн байна.
2.4. Намайг 2016 онд “Сонгдо” эмнэлэгт очиж байгаагүй. Би айлган сүрдүүлж бичиг авсан бол үүнийг одоо болтол хууль хяналтын байгууллагад хандаж, хууль бус гэдгийг нь тогтоолгоогүй.
******* өөрийн гараар, өөрөө тооцоогоо бодож тооцоолоод 171,000 биш 174,000 доллар өгөх нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч надад өөрөө өгсөн.
2.5. 2014-2015 оны үед ******* өөрөө зээлээ төлөхөд хэцүү байна бид эмнэлгээ таны нэр дээр шилжүүлж өгье, тэгээд танд түрээс төлж байя гэсэн.
Миний хувьд ямарваа нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. *******ийн нэхэмжлээд байгаа зүйл нь огтоосоо үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.6. ******* 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 доллар авсан.
******* нь Налайх дүүргийн “Хаан банк” ХХК-д надтай бэлэглэсэн гэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан бөгөөд надаар чөлөөлүүлж, банканд төлдөг хүүгээ надад төлж байхаар тохирсон. 99,290,660 төгрөг төлүүлж байраа барьцаанаас сулласан.
190,000 ам доллар, 99,290,660 төгрөг зээлсэн ба 2017 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 15,000 ам доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 ам доллар төлөхөөр хүлээн зөвшөөрснөө нотолж надад тодорхойлолт хийж өгсөн.
******* үл хөдлөх эд хөрөнгөө зарах гэж маш олон удаа зар өгсөн байдаг ба тэрээр надад уг байрыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрөө санал тавьж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.
Мөн байрыг миний өмчлөлд шилжүүлсний дараа надад түрээсийн төлбөр төлж байхаар санал тавьсан юм.
******* өөрөө хүсэж надад дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн учир би уг байрыг******* гэж хүнд 206,000,000 төгрөгөөр худалдсан.
Энэ мөнгийг би түүний өрнөөс суутгахад татгалзах зүйлгүй. Нийт 719,445,542 төгрөгөөс түүний өгсөн 81,088,000 төгрөгийг хасвал 638,357,542 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн *******ээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн мөнгө 69,460,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 330,000 төгрөг, нийт 69,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэл, тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******ийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа үл хөдлөхийг би иргэн *******аас хууль ёсны дагуу худалдаж авсан. Харин нэхэмжлэгч ******* нь миний өмчлөх эрхэд саад учруулж тус үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхгүй надад хохирол учруулаад байгаа. Иймд тус түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.2. Би *******ийн нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг, хороо, Нарны зам гудамж тоот байр тоот 140,28 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай, 11 тоот хаягт байршилтай 15 м.кв авто зогсоолын хамт 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 206,000,000 төгрөгөөр худалдан авсан. Иймд хариуцагч *******т миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгнө үү
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, *******,******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,*******гийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам байрны 1 давхрын тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******ийн зээлийн гэрээ, түрээсийн гэрээний үүрэгт 575,594,507 төгрөгийг,*******гийн үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, 156,200,000 төгрөгийг *******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох хариуцагч *******ийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс төлсөн 1,846,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас 1,846,000 төгрөгийг гаргуулж *******т олгож, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 506,900+1,324,000+2,183,693 төгрөгийг, хариуцагч*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 938,950+329,567+70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 820,715 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж *******т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.1. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан байгаа бөгөөд ******* нь өөрийн гараар өртэй гэсэн бичиг үйлдсэн, зээлийн үүргээ гүйцэтгэх замаар зээлийн мөнгийг эргүүлж төлөхдөө хүүг хүлээн зөвшөөрч мөнгийг шилжүүлж байсан, өөрөө хүсэл зоригоо илэрхийлж бэлэглэлийг гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, байрны 1 давхрын тоот хаягт байршилтай 140,28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******т бэлэглэсэн.
Хүсэл зоригийн үндэслэл нь бэлэглэл биш байсан бол улсын бүртгэлд тэмдэглэл хийлгэх, бэлэглэлийн зүйлийг нэг жилийн хугацаа өнгөрч өөрийг нь гомдоосон бол буцаан шаардах эрхээ эдлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт бодит байдлаас зөрүүтэй, шүүхээс зайлсхийж эрэн сурвалжлуулсан шалтгаан, шүүх хурлыг өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар хойшлуулах үйлдэл хийлгэж хугацаа хожиж өөртөө давуу байдал бий болгож, өөрийн таавраар үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо алдахгүй авч ирсэн гэх зэрэг олон үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй, бусад хэргийн оролцогч *******,******* нарын үйлдэлд илүү дүгнэлт хийж, түүнийг хуульд нийцүүлэх гэсэн байдлаар тэднийг буруутгасан үндэслэлгүй шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,*******гийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.
6. Хариуцагч******* талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:******* би орон сууцыг хууль зөрчилгүйгээр худалдан авсан. Миний байр худалдаж авахад хүүхдүүдийн танил байх нь чухал асуудал биш бөгөөд гол нь хууль ёсны гэрчилгээтэй байрыг зах зээлийн үнээр худалдаж авсан нь буруу зүйл биш.
*******, ******* нарын хооронд болсон асуудал надад огт хамаагүй бөгөөд болсон асуудлыг нь мэдэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,*******гийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
7.1. Бэлэглэлийн гэрээний үндсэн шинж нь өөрөө ямар нэгэн хариу төлбөр шаарддаггүй. Үүргийн эрх зүйн гэрээ боловч бэлэг хүлээн авагч өөрөө үүрэг хүлээдэггүй бөгөөд эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлдэг.
Хариуцагч уг орон сууц болон гараашийг үнэ төлбөргүй шилжүүлэн аваагүй. Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөгт тооцож авсан гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй, дүр эсгэсэн гэрээ гэдгийг нэхэмжлэгч талын асуусан асуултад хариулт болгон тайлбарладаг. Бэлэглэлийн гэрээний асуудалд ямар нэгэн үнэ төлбөр яригдах боломжгүй боловч хариуцагчийн зүгээс 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцож авсан гэх тайлбарыг гаргадаг.
Нийт 89,165,500 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт төлсөн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн төлбөр төлж байсан учраас 2 жилийн турш ******* нь маргаан бүхий орон сууцны гэрчилгээг хэн нэгэнд худалдаагүй. Учир нь зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулсны дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилготой байсан. 2008 оноос хойш маргаан бүхий орон сууцны төлбөр, дулаан, цахилгааны үнэ төлбөрийг ******* өөрөө төлж байсан. Тухайн орон сууцыг зээлийн барьцаанд өгсөн болохоос биш*******, ******* нарт бэлэглэх зорилго байхгүй.
7.2. Мөн 140 м.кв орон сууц, 16 м.кв гараашийг зах зээлийн үнээр бодоход 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Тухайн үеийн ханшаар уг орон сууц, гараашинд үнэлгээ хийлгэж 400,000,000 төгрөгийн эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр эсхүл бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгөх боломжгүй. Уг үйл баримт болон нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр эсгэсэн гэрээ болох нь тогтоогдож байна. Бэлэглэгчид бэлэглэх хүсэл сонирхол байгаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлд дурдагдсанаар зээлийн гэрээний төлбөрт түр шилжүүлсэн.
Уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчингүйд тооцох асуудал яригдана.
7.3. Мөн******* нь шударга өмчлөгч гэдгээ батлах ёстой ба*******г шударга өмчлөгч биш, тухайн эд хөрөнгөд ******* үйл ажиллагаа явуулж байсныг мэдэх боломжтой байсан, уг орон сууцыг худалдан авахаар ирж үзэж байгаагүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иргэний хуулийн 110 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар*******г шударга өмчлөгч гэж үзэж боломжгүй байна.
Авто зогсоол нь 22,500,000 төгрөг, орон сууц 388,576,000 төгрөг буюу нийт 411,076,000 төгрөгийн зах зээлийн ханштай байхаар тогтоогдсон. Гэвч хариуцагч******* шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухайн зах зээлийн ханшнаас 2 дахин бага үнээр буюу 206,000,000 төгрөгөөр хариуцагч *******тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2019 онд 500,000,000 төгрөгийн үнэ хүрч байсан орон сууц болон авто зогсоолыг 2 дахин хямд үнээр очиж үзэлгүйгээр худалдан авсан нь тухайн эд хөрөнгө эрхийн доголдолтой байсныг мэдэж байсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. ******* нь *******,******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, *******,******* нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч******* нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 156,200,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* нь 708,147,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
3. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01562 дугаар тогтоолд “******* 190,000 ам доллароос хэдэн удаа, нийт хэдэн төгрөгийг хариуцагчид буцааж шилжүүлсэн, үүнээс зээлийн хүү, үндсэн зээлд ямар хэмжээгээр төлсөн болохыг тодруулаагүй, талуудын хооронд үлдэгдэл төлбөр 175,000 ам.доллар байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолын дагуу анхан шатны шүүх *******аас зээлийн эргэн төлөлтөд хэдэн төгрөгийг төлсөн, төлбөрийг төгрөг, долларын аль хэлбэрээр төлсөн талаарх үйл баримт бүрэн тогтоогоогүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00145 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,338,717 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА