Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 260

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Мөнхзул нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Д.О,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У., хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга И., гэрч Б.Са,  иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэ нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулахад Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд захирагдаж энэ ажил явагдах ёстой. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хэд хэдэн заалтуудыг зөрчиж хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулсан. 

Хурлыг хуралдуулах тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын ажлын албанаас бүх хорооны иргэд нийтийн хурлын дарга нарт хүргүүлсэн байдаг. Энэ албан бичиг нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/97 дугаар албан бичиг байгаа. 3 дугаар сард багтаагаад хорооны иргэдийн Нийтийг Хурлыг хуралдуулж хорооны өрхийн эмнэлэг, хорооны цагдаа, хорооны Засаг даргын тайланг хэлэлцүүлж иргэдээр үнэлэлт дүгнэлт өгнө үү гэсэн байгаа. 

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус албан бичиг гараад хороонуудад тараагдах ёстой. Гэтэл 2016 он 3 дугаар сарын 11-ний өдөр гараад П.Мандахбаяр даргын хорооны Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргасан байдаг. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолд “...хорооны Засаг дарга Д.О чиг үүргээ хангалтгүй гэж дүгнэсүгэй” гэсэн байгаа. Миний ажлын сайн муугийн талаар иргэд дүгнэх ёстой. Иргэдээс миний тайлан хэлэлцэгдээд иргэд үнэлэлт, дүгнэлт өгөөд муу ажилласан бол сануулах анхааруулга өгөх ёстой. 

Тухайн хурал дээр Засаг даргыг огцруулах тухай асуудал яригдахгүй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 он 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус тогтоолыг үндэслэж гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгогдоогүй байгаа 3,291,110 төгрөгийн цалин урамшууллыг нөхөн олгуулах, энэ хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Ог огцруулах тухай албан бичгийг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн байдаг. Тус тогтоолыг үндэслээд маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг гаргасан. Маргаан бүхий актыг тайлбарлахын тулд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг тайлбарлах ёстой. Нэхэмжлэгч талаас надад хурлын товыг мэдэгдээгүй, хуралд биечлэн байлцаагүй гэж тайлбарлаад байна. Гэвч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч болох П.Мандахбаяр, Баасандаш, Дөлгөөнжаргал гэсэн 3 тэргүүлэгч хуралдаад 2016 оны 3 дугаар сард багтааж тайлангийн хурлаа иргэдээ тавих ёстой, тайлангийн хурал тавигдах хугацаа болсон байгаа учраас Д.Огийн тайлангийн хурлыг тавих шаардлагатай гэж үзсэн. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай тогтоол гарсан. 

Тус тогтоолд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хэлэлцүүлье гэдэг тогтоол гарсан. Тухайн өдрөө буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр П.Мандахбаяр дарга нэхэмжлэгч Д.О руу ярихад утсаа авахгүй байсан болохоор мессеж бичиж үлдээсэн. Мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. П.Мандахбаяр даргын тайлбарлаж байгаагаар энэ хүн эхний 3 дугаар сард багтааж тайлангийн хурлаа тавина гэдгийг мэдэж байсан. 

Тийм учраас мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч болон иргэний танхимын ажилтнуудаа цуглуулаад 4 дүгээр хорооны олон нийтийн гудамж талбайд иргэдийн Нийтийн Хурал болохыг зарыг тавьсан. 

Мөн Д.О даргад мэдэгдсэн. Утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй ямар нэгэн байдлаар холбогдоогүй учраас мессеж бичиж үлдээсэн. Тийм учраас Д.О дарга хуралдааны товыг мэдсэн гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч “маргаан бүхий 03 дугаар тогтоол хуурамч, сүүлд нөхөж гаргасан тогтоол” гэж тайлбарлаад байна. Иргэдийн Нийтийн Хурлын Тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд нь адилхан 03 гэсэн дугаартай байгаа. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хурал эхэлсэн. Энэ хуралдаанд нэхэмжлэгч Д.О биечлэн ирээгүй. 

Иргэд 12 цагт цуглаад 2 цаг гаруй Д.Ог хүлээсэн. Хүлээсний дараа иргэд өөрсдөө Д.О даргын огцруулах тухай саналыг заалнаас гаргасан. Иргэдээс гаргасан саналыг иргэдийн Нийтийн Хурлын дарга хүлээж аваад саналыг дагуу комиссоо байгуулаад санал хурааж тогтоол гаргасан. 

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу гарсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга П.Мр 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Иргэдийн Нийтийн Хурал товлогдоод зарлагдсны дагуу хийгдсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орой Тэргүүлэгчдийн хурлыг миний өрөөнд хийсэн. Оролцсон тэргүүлэгчид бол Баасандаш, Дөлгөөнжаргал бид 3 байсан. Тухайн үед ажил тарсан байсан учраас Мягмаржав төлөөлөгч явсан байсан. Утсаар нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Бид 3 Тэргүүлэгчдийн хуралд оролцсон. Энэ нь иргэдийн хүсэлтийн дагуу хийгдсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Иргэдийн Нийтийн Хурал жилдээ 2 удаа болдог. 3 жил болоход Д.О Засаг дарга байхдаа тайлангаа тавьж байсан. 

Тайлангаа дандаа 3 дугаар сард буюу эхний улиралд багтааж тавьдаг. Хурлыг зарлаад бүх хэсгийн ахлагч нар зар тараасан байсан. 2016 оны 03 дугаар сар 28-ны өдөр Д.О хурлыг хийлгэхгүй гээд 33 дугаар сургуулийн захирлыг “наад хурлаа болиул би хурал зарлаагүй гэж” хэлсэн. Та тайлангаа тавих ёстой гэж Д.О даргад хэлсэн. Иргэдээс хороо муу ажиллаж байна гэсэн гомдол байнга иргэдээс ирдэг учраас Д.Огийн тайланг тавиулах зорилготой байсан. Түүний өмнө хорооны цагдаа тайлангаа тавьсан байсан. Иргэдийг бүрэн хамруулахын тулд иргэний танхимын ажилтан Сарангуад үүрэг өгсөн байгаа. 

Түүний дагуу Сарангуа зараа тараагаад хурлаа явуулсан. Хурал хийгдэнэ гэж хэлсэн. Иргэдийн Нийтийн Хурал болохоос Засаг дарга тайлангаа тавьдаг хурал биш гэж хэлж байсан. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хурал ирэх ёстой тайлангаа тавьж гэж хэлсэн. 

Тухайн үед утсаа авахгүй мөн мессеж бичиж үлдээсэн. Хурлын бичлэг байгаа бол үзэх хэрэгтэй. Хорооны 165 гаруй хүн оролцсон. 2 цагдаа байсан. Өөр хорооны иргэн оролцох ямар ч боломж байхгүй. Д.Ог бүтэн цаг хүлээсэн. Иргэд уурлаад огцруулах саналыг гаргасан. Бичлэгт тодорхой байгаа. 

Дараагийн сургуулийн ажил явагдах гээд байна, заалаа чөлөөл гэсэн шаардлагыг сургуулийн захирал тавьж байсан. Д.Ог огцруулах саналыг иргэд өөрсдөө гаргасан. Нэгэнт огцруулах санал гаргасан тул редакцын комиссоо байгуулъя гэсэн. Редакц болон тооллогын комиссоо томилсон. Миний бие далд санал хураая гэдэг санал гаргасан. 

Гэтэл иргэд илээр санал авъя гэж хэлсэн. Хорооны иргэд болон ажилчид үнэхээр ажиллаж чадахгүй байна гэж үзсэн. Жил болгон тайлангаа тавьдаг байсан, 3 дугаар сард багтааж тайлангаа тавьдаг байсан мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Хуралд оролцсон хүмүүсийн баримт гарын үсэг, тамгатай хамт байгаа. Хэсгийн ахлагч нар бүх зарыг тараасан байгаа” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурал нь Засаг даргыг ажлаас чөлөөлөх талаар хэлэлцэхдээ хуулийн дагуу явагдсан гэж үзэхэд хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн хурал болохоос 1 өдрийн өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн, хуралд оролцсон иргэд давхардсан, хаяг зөрсөн зэргээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй болов уу” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Огаас “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Засаг даргын ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хийгдээгүй, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг тайлангаа хэлэлцүүлэх этгээдүүд болон Засаг даргад мэдэгдэлгүй хуралдсан, хуралд ирсэн иргэдийн ирц хүрээгүй, баримт бичгийг нь шалгалгүй хуралдаанд оролцуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж тодорхойлж маргажээ. 

 Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2/97 дугаар албан бичгээр хорооны эрүүл мэндийн төв, хэсгийн цагдаа, Засаг даргаас хорооны иргэдэд ажлаа тайлагнах хурлыг 2016 оны 03 дугаар сард багтаан зохион байгуулах чиглэл өгсний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч П.Мандахбаяр, Ж.Баасандаш, Б.Дөлгөөнжаргал, ахмадын зөвлөлийн дарга Ц.Тооёоо, иргэний танхимын ажилтан Б.нар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт хийхээр товлосон гэх боловч ажлаа тайлагнах хурал болох талаар хорооны Засаг дарга, өрхийн эмнэлэг, хорооны хэсгийн цагдаад албан ёсоор мэдэгдээгүй болох нь Өрхийн эрүүл мэндийн төвийн шүүхэд ирүүлсэн албан бичиг, хорооны хэсгийн байцаагч Т.Амаржаргалын “...2016 оны 03 дугаар сарын 25-нд тасгийн дарга, хошууч Эрдэнэбилэг утсаар танай хороон дээр юун хурал болох гэж байна вэ, тэр талаар мэдээд надад хэл гэж үүрэг өгсөн. Би Засаг дарга Д.О дээр ороод асуухад хурлын талаар мэдээгүй байсан. Манай хэлтэсрүү албан бичиг ирээгүй” гэх гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 23 дугаар зүйлийн 23.10, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус үндэслэн хорооны Засаг дарга Д.Ог огцруулах тухай санал хураалтад 165 иргэн оролцож, иргэдийн 97,5% нь огцруулах санал өгсөн тул чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж Засаг дарга Д.Ог огцруулах саналыг дүүргийн Засаг даргад уламжилсан байна. 

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар дээрх тогтоолыг үндэслэн Д.Ог үүрэгт ажлаас нь огцруулсан байна. 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн иргэдийн нийтийн хуралд 165 иргэн оролцсон гэж бүртгэл хийгдсэн байх боловч Л. нар нэг хаягтай болох нь улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн иргэдийн нийтийн хурлын дүрс бичлэгээр 165 иргэн оролцсон нь тогтоогдохгүй байна.  

Үүнээс үзэхэд дээрх хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасанд нийцэхгүй, ирцийн хувьд хууль бус хурал болсон байна.  

Хэдийгээр хорооны иргэдийн нийтийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2. “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 17.1.4-д “баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх” гэж заасан бүрэн эрхтэй боловч тухайн өдрийн хурлын зарыг албан ёсоор, боломжит хугацаанд хорооны Засаг даргад мэдэгдээгүй, Засаг даргад тайлангаа тавих боломж олголгүйгээр хуралдаж, шууд огцруулах саналыг дүүргийн Засаг даргад уламжилсан нь хуульд нийцэхгүй байна.

 Дээрхээс дүгнэхэд хууль зүйн үндэслэлгүй тогтоолыг үндэслэн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Д.Ог огцруулах тухай Б/11 дүгээр захирамж нь хууль бус захирамж байх тул маргаан бүхий тогтоол, захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэх нь тогтоох нь зүйтэй байна. 

 Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Д.Огийн ажилгүй байсан хугацааг ажлаас огцруулсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх 12 сар, 5 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 8.000.224 /найман сая, хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Энэхүү шүүхийн шийдвэр иргэдийн нийтийн хурал хуулийн дагуу хуралдаж хорооны Засаг даргын ажлыг үнэлэх, дүгнэлт өгөх бүрэн эрхээ дахин хэрэгжүүлэхэд саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.   

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 23 дугаар зүйлийн 23.10 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Од 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 12 сар, 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8.000.224 /найман сая, хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                         Л.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХЗУЛ