Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 62

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хохирогч: Б.Б ,

Шүүгдэгч: А.Г  ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн А.Г  д холбогдох 1928000010038 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал-түүхийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, ......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржгон овгийн А.Г  , регистрийн дугаар:..........................

Шүүгдэгч А.Г   нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б тай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Г  г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Авир овогтой А.Г   миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагт Хөгжимт жүжгийн театрт Засаг даргын тайлангийн хурал өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жил гэсэн 2 жилийн тайлангийн хурлыг зохион байгуулалтаар хангаж ажилласан. Хурал тараад дуусахын үед манай олон нийттэй харилцах албаныхан шагнал гардуулах үйл ажиллагаанд шагнал авч байгаа байгууллагууд ямар амжилт гаргаж, юу хийсэн учраас шагнал авсан талаар тодотгож дэлгэцэн дээр харуулах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Миний бие тухайн үед энэ ажлыг хариуцаж байсны хувьд арга хэмжээ дууссаны дараа олон нийттэй харилцах албаны  зураглаач М.Ш  дээр очиж бид 2 театрын урд талын эгнээ буюу тайз, хамгийн урд талын сандал хоёрын завсар тайзны голд уулзсан. Тэгээд би М.Ш д хандаж хэлсэн. Яагаад хийх ёстой зүйлээ хийгээгүй юм бэ?, засаг дарга үүрэг өгсөн олон хүний хөдөлмөр та нарын нэгхэн удаагийн үйлдлээс болж эвгүй байдалд орж байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед М.Ш  үнэхээр уучлаарай даргаа миний ажил амжсангүй гэж надад хэлсэн. Тэгээд би тэндээс гарах гээд зогсож байхад Б.Б  хажуугаас орж  ирсэн.  Хажуугаас орж ирээд юу болсон, яасан гээд байгаа юм бэ?, чи ер нь юу гээд хуцаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуцсан ажлаа хийчих, хийх юмаа хийчих, үндсэн үүргээ хийчих гэж хэлсэн. Тэгсэн манайх хийх ёстой ажлаа хийчихсэн. Та нар зургаа өгөөгүй юм чинь бид нар юу хийдэг юм бэ? манайх үндсэн ажлаа хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх зураг өгөх байсан бол танайхаар хийлгэх шаардлага байхгүй. Зургаа бид нар өөрсдөө гаргаад тавьчихна дуугүй бай гэж хэлчихээд мэргэжилтэн Уугантуяатай хамт театраас гараад явсан. Гарч яваад театрын хойд талын төв саадны гол хавьцаа явж байхад Б.Б  ард тодорхой хэмжээний зайтай явж харагдсан. Уугантуяа бид 2 болсон явдлаа яриад явж байтал Уугантуяа ард Б.Б  явж байна гэж хэлсэн. Тэгээд би эргээд харахад нэг зүйл хэлсэн. Тэр үед шороотой, салхи ихтэй байсан учраас юу хэлснийг нь би сайн сонсоогүй. Тэгээд бид 2 сааднаас гараад зам хөндлөн гараад Говьсэндсийн урд талын талбай руу орж ирсэн. Тэр үед Б.Б  араас гүйцэж ирээд манай хэлтэс хариуцсан ажлаа хийсэн, танай хэлтэс юу хийдэг юм бэ?, чи юу хийдэг юм бэ? гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би манайх хангалттай ажлаа хийж байгаа танайх харин юу хийдэг юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б  чи тендер, тендер гэхээс өөр юу хийдэг юм бэ?, тендерийн 10 хувиас өөр чи юу чаддаг юм бэ? гэж хэлсэн. Тэр үед бид 2 наалдаад маргалдаад явж байсан учраас би гараа татаж авах хөдөлгөөн хийж биеэсээ Б.Б ыг зайлуулчихаад яваад өгсөн. Тэгээд зам хөндлөн гарчихаад нутгийн удирдлагын ордны талбай руу орж ирэхэд мөн араас ирээд та ер нь яагаад дандаа ингэж хэлдэг юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг би үндсэн ажлаа л хий гэж хэлсэн гэхэд Б.Б  чамайг бодвол би сумын хурлын төлөөлөгч хүн, би энд тэнд арга хэмжээнд оролцох ёстой гэж хэлсэн.  Би тэгэхээр нь МАН-ын бор халзан төлөг байсан ч гарна гэдэг шиг сонгуульд гарчихаад яасан их юм бодчихсон юм бэ?, чи ажлаа хий гэж хэлсэн чинь чи их хурлын гишүүд дарга нарыг доромжилж байна гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад ажил руугаа орсон. Тэр үед гадаа салхи шороотой байсан учраас удирдлагын ордны үүдэнд зассан байсан ёлк нурсан байсан. Би ажлын үүдэнд онцгой байдлынхан, нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрынхантай таараад ярилцаад үлдсэн. Б.Б ы өрөө 1 давхарт байдаг. Өрөө рүүгээ хашгичаад орсон ийм л дүр зураг тэр өдөр болсон. Би энэ хүний биед ямар нэгэн байдлаар халдаж цохиж, зодож, гудамжинд танхайрсан үйлдэл надад байхгүй. Миний хажуугаас шахаад удаа дараа миний араас ирээд маргаан үүсгээд байсан учраас би өөрийн эрхгүй биеэ татаж авах ийм үйлдэл хийж цаашаа шууд орхиод явсан байгаа.

Хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагт Хөгжимт жүжгийн театрт Засаг даргын тайлангийн хурал өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жил гэсэн 2 жилийн тайлангийн хурал болсон. Энэ хурал 16 цагийн үед дууссан байдаг. Манайх тухайн үед Засаг даргын хийгдсэн бүх үйл ажиллагаатай холбоотой зураг, мэдээлэл, тайланг холбогдох бүх хүмүүст гаргаж өгсөн. Дээрээс нь манайх өөрөө бүтээн байгуулалтын жилийн хүрээнд зургийн уралдаан зарласан байдаг. Үүнтэй холбоотой мэдээллээ бэлдэж Засаг даргад зургуудаа үзүүлээд бүх ажлаа хийсэн. А.Г   даргын хэлээд байгаа зүйл дээр манайд чиглэл өгөөгүй учраас манайх бусдын хийгээгүй зүйлийг хийх учиргүй гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед би тайзан дээрээс буугаад ирэхэд А.Г   дарга манай М.Ш г загнаад зогсож байсан. Тэгээд би юу болоод байгаа юм бол, яасан юм бэ? гэж асуусан чинь чи албаныхаа хүмүүсийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй байна. Танайхаас болж хурлын төгсгөл дээр эвгүй байдалд орлоо гэдэг байдлаар намайг загнасан. Би тэр үед юу болсныг нь сайн мэдээгүй болохоор та яахаараа намайг олон хүний өмнө ингэж доромжилж, дээрэлхэж загнаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхэд дуугүй бай гэж загнаад гарсан. Би хувцсаа өмсөөд араас нь дагаад явсан. Явж байгаад төв саадны дотор би А.Г   даргыг гүйцэж очоод та яасан гэж намайг олон хүний өмнө дээрэлхэж, доромжилж байгаа юм бэ? би хэд хоног эмнэлгээр яваад эмнэлэгт хэвтэж байгаад дөнгөж гарч ирээд ажлын төлөө явж байхад яагаад ингэж хэлж байгаа юм бэ? гэж би А.Г   даргад хэлсэн. Киста хагарсан учраас эмэгтэйчүүд талаасаа эмнэлэгт хэвтэх гэж байна гэдгээ би өмнө нь А.Г   даргад хэлж байсан. Тэгэхэд нэг удаа бие чинь яаж байна гэж асуугаагүй байж яагаад намайг дайрч доромжилж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэр үед А.Г   чи дуугүй бай чи ер нь сэтгэцийн өвчтэй юм байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагч хүн шүү та намайг дээрэлхэж, доромжлох эрх байхгүй шүү гэж хэлсэн. А.Г   дарга намайг тууз хайчилж түмний өмнө зогсдог өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ? гэж дайрч доромжилсон. Тэгэхээр нь би тендер, тендер гэхээс өөр юу хийдэг юм бэ?, тендерийн 10 хувиас өөр чи юу чаддаг юм бэ? гэж үнэнийг нь хэлсэн. Үнэнийг нь хэлсэн хүнд үхэр өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдгээр тендерийн 10 хувь ярихад л миний толгой руу шууд цохьсон. Цохьсон нь бичлэг дээр байж байгаа. Би яагаад тэр бичлэгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд олон хүсэлт бичээд байсан бэ? гэхээр ингэж цохиогүй гэж дайрна, худлаа мэлзэнэ гэдгийг нь мэдэж байсан учраас хамгийн эхэлж цагдаагийн байгууллагад энэ бичлэгийг нотлох баримтаар аваад өгөөч гэж өргөдөл дээрээ бичиж, сүүлд өгсөн мэдүүлэг дээрээ хүртэл хэлсэн.  Намайг цохиход нь би үнэхээр шоконд орсон. Толгой манараад явчихсан. Тэгээд би чи хүн зоддог болсон юм байна гэж хэлсэн. Тэгсэн А.Г   дарга 2016 онд МАН-аас номхон бор халзан хонь ч байсан нэр дэвшихэд гарах л байсан чиний төлөөлөгч гэж юу байдаг юм бэ? гэж хэлсэн. Би түрүүлээд уйлаад гүйгээд ажил руугаа орсон. Удирдлагын ордонд ороод ямар нэгэн байдлаар хашхирсан зүйл байхгүй. Шууд өрөөндөө ороод өрөөгөө дотроос нь түгжээд уйлаад сууж байгаад найзыгаа дуудаад гарсан. Бичлэгийг би өөрөө найзтайгаа хамт очиж авсан нь үнэн. Тухайн өдрийн орой нь би цагдаад хандсан. Энэ үйл явдал болоод 138 хонож байна. Би эмнэлэгт 9 хоног хэвтсэн. 3 хоног нойргүй хоносон. Уянгын мэдүүлэг дээр байсан. Намайг шоудаад явж байсан гэж хэлсэн байсан. Уянга, А.Г   дарга 2 ах дүүсийн хүүхдүүд юм байна лээ. Ах дүү нараараа намайг дээрэлхэж байгаа юм уу? би тэгж шоудаж яваагүй. Шинэ жилийн арга хэмжээн дээр намайг шагнал авах ёстой гэсэн тэгэхээр нь би очиж шагналаа авчихаад, хуралд суучихаад, асуудлаа ярьж хоол идчихээд явсан. Хүнийг зодож гэмтээж ийм байдалд оруулчихаад чиний бие яаж байна гэж нэг удаа асуугаагүй. Би эмнэлгээс гараад шууд ахынхаа машинаар хот явсан. 10 хоногийн тариатай эмнэлгээс гараад хот явсан. Хотод очиж Сонгодоод үзүүлсэн. Имра зураг авхуулсан. Гэмтэл бол уйланхай бага хэмжээгээр байна. Уйланхай нь шимэгдэнэ гэж эмч хэлсэн. Би үнэхээр гомдолтой байгаа. Өмнөговиос Улаанбаатар, Улаанбаатараас Өмнөговь хүртэл Kluger машинаар явсан бензин шатахууны зардал, эмчилгээний зардал нийт 1.128.448 төгрөгийг А.Г  гаас нэхэмжилж байгаа. Надаас нэг удаа уучлалт гуйгаагүй би үнэхээр их гомдолтой байгаа.

Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Хөгжимт жүжгийн театрт Аймгийн Засаг даргын ажлын тайланд оролцож байгаад 16 цагийн үед Аймгийн засаг даргын тайлан дуусаад Аймгийн засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга А.Г   нь хурал тарах үед над дээр ирээд чи албаныхаа хүмүүсийг удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэхээр нь манайх буруу зүйл хийсэн юм байхгүй. Засаг даргын өгсөн чиг үүргийг бүгдийг нь хангаж ажилласан гэтэл дуугүй бай чи, чиний юм хийдэг гэж юу байдаг юм гэхээр нь би дуугүй болоод холдсон чинь А.Г   дарга Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Уугантуяатай гараад явчихсан. Би удалгүй араас нь гараад Хөгжимт жүжгийн театрын урд талын төв сааданд гүйцэж очоод бид гурав ажил руугаа хамт алхангаа та яасан гэж олон нийтийн дунд хэл амаар доромжилж байгаа юм бэ? гэхэд дуугүй бай муу авгай минь, чиний ажил хийдэг гэж юу байдаг юм гээд ахиад хэлэхээр нь би ер нь та намайг өвчтэй зовлонтой олон хоног яваад ирэхэд бие чинь яаж байна гэж нэг удаа асуусан юм уу гэж хэлсэн чинь чи ер нь сэтгэцийн өвчтэй юм байна гэхээр нь би “Говьсэндс” буудлын урд явж байхдаа А.Г   даргад ер нь бол би мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүн болохоос чам шиг юманд би доромжлуулах болоогүй гэтэл А.Г   гараараа миний толгой руу цохисон. Урд гараад яваад өгсөн. Тухайн үед намайг нэлээн хүчтэй цохисон болохоор би балмагдаад бас уур хүрэх гомдох зэрэгцээд чи ер нь намайг цохиж доромжилж дээрэлхээд хэн юм гэтэл А.Г   намайг чиний төлөөлөгч гэж юу байдаг юм энэ тэнд очиж тууз хайчилж нээлтэнд зогсдог чи хэн юм 2016 онд Монгол ардын намаас нэр дэвшсэн номхон бор хонь байсан ч гарах л байсан гэсэн. Тэхээр нь би бүхэл бүтэн хурлын төлөөлөгч, аймгийн дарга нарыг доромжилж байна гэж хэлээд түрүүлээд уйлаад өрөө рүүгээ уйлаад яваад өгсөн. /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Г.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагаас Аймгийн Засаг даргын бүтээн байгуулалтын тайлангийн үйл ажиллагаа Хөгжимт жүжгийн театрт болсон. Тэгээд 16 цаг өнгөрч байхад уг үйл ажиллагаа дуусаад бид нар театраас гарах гээд явсан. Тухайн үед би А.Г   даргатай хамт суусан байснаа түрүүлээд гарах гэж яваад 2-3 сандлын цаана эргээд харахад А.Г   дарга Олон нийттэй харилцах албаны менежер Б.Б тай ярилцаад байх шиг болсон. Тэгсэн чинь тэр хоёр муудалцаад байх шиг болсон. А.Г   дарга хоёулаа ажил дээр очоод яръя гэж хэлчихээд бид хоёр хамт гараад нутгийн удирдлагын ордон руу алхаж явахад араас гэнэт чи юу гэнээ гээд Б.Б  хажуугаар ороод ирсэн. Тэгэхээр нь бид хоёр юм хэлээгүй түрүүлээд алхсан. Тухайн үед гадаа их салхитай, яг өмнөөс салхилж байсан болохоор би тэр хоёрын яриаг хагас дутуу л сонсож байсан. Б.Б  нь А.Г   даргыг чи юу хийдэг юм бэ тендер тендер гэхээс өөр зүйл хийдэггүй гэж ярьж байсан. Тэгээд бид нар Говьсэндс буудлын машины зогсоол дээгүүр яваад машинуудын голоор орохын өмнөхөн би А.Г   даргын зүүн гар талд сугадаж явсан. Б.Б  А.Г   даргын баруун гар талд гүйцэж ирээд заримдаа ард хоцроод явж байсан. Бид нар машинуудын голоор орох гээд би араас нь дагаж явсан юм. Тухайн үед Нутгийн удирдлагын ордны өмнөх шинэ жилийн гацуур мод салхинд уначихсан байсныг хараад явж байсан чинь Б.Б  хажууд даргатай хэрүүл хийгээд би аймгийн иргэдээс сонгогдсон төлөөлөгч хүн байна гэж хэлж байсан. Тэгснээ чи тендерийн 10 хувь гэх мэт зүйлүүд хэлээд байх шиг байсан. Тэгж байснаа гэнэт Б.Б  өө за за чи хүний биед хүрдэг гэнээ гэж хэлсэн. Тухайн үед би юу яриад байгааг нь ерөөсөө ойлгоогүй тэгээд яваад шууд ажил руу орсон. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч М.Ш  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын тайлангийн хурал болоод сайн ажилласан байгууллагуудад шагнал гардуулж дуусаад шагнал авсан хүмүүс тайзан дээр зургаа авахуулж байх үед би үзэгчдийн суудлын хамгийн өмнө талын нүүрний эгнээнд аппаратаар зураг авч байтал А.Г   дарга над дээр ирээд танай дарга чинь юу хийгээд байгаа юм шагнал гардуулаад байх юм. Ажил ажлуудаа хувиарлаад зохицуулахгүй яасан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ёстой уучлаарай надаас боллоо гэж хэлчихээд зургаа дараад явсан. Тэгээд би шууд театрын баруун хаалгаар гараад явчихсан. Ард юу болсныг мэдээгүй. Гадаа гарч тамхи татчихаад ганцаараа алхаж яваад ажил руу очоод өрөөнд ороход Б.Б  ууртай уйлчихсан байхаар нь яасан юу болсон гэж асуусан чинь А.Г   намайг алгадчихпаа гэж байсан. Би яарч байсан болохоор өөр зүйл ярилгүй камераа тавьж орхиод гарч явсан. /хх-ийн 38-р хуудас/

Гэрч Ө.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б  түхайн үед фэйсбүүк дээр баахан мэдээлэл тавьчихсан байсан болохоор хүмүүс Б.Б ыг чи зүгээр үү яаж байна гэж асуусан чинь тэр болгонд нь л А.Г   намайг цохисон гэж яриад яваад байсан. Тэгэхдээ би куртикнийхээ малгайг өмсчихсөн хүзүүгээрээ ороолт зүүчихсэн байсан болохоор гаднаас нь цохиход харин ч хүч нь сулраад гайгүй цохисон гэсэн зүйл яриад байгаа сонсогдсон. /хх-ийн 40-р хуудас/

Шинжээч А.Сайнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Дүрс бичлэгийн эхлэлээс 05-06 секунд хүртэл нэг дүрс, 05 секундээс төгсгөл хүртэл нэг бичлэг буюу 2 бичлэгийг эвлүүлэх аргаар залгаж, нийлүүлж нэг бичлэг болгосон байна. /хх-ийн 114-115-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0766 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Шинжилгээнд ирүүлсэн 123-1.mp4        гэсэн нэртэй дүрс бичлэгийг программ хангамж ашиглан үзэхэд: LED дэлгэц бүхий дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хөдөлгөөнтэй байрлалаас хуулбарлан бичиж, дүрс бичлэгийн программ хангамж ашиглан эвлүүлсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй гэж үзлээ /хх-ийн 78-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Зовиур толгой өвдөнө гэнэ. Биеийн байдал дунд, царай шалангуй, ухаан санаа саруул, асуултанд тод зөв хариулна. Зүрх уушиг хэвлийн эрхтнүүдэд өөрчлөлтгүй. Үзлэгээр ил харагдах гэмтэлгүй, Хүүхэн харааны хэлбэр зөв дугираг, гэрлийн урвалтай, нүдний алимд чичирхийлэлгүй, 12 хос мэдрэлийн талаас өөрчлөлтгүй, булчингийн хөшингө рефлексүүд хэвийн, эмгэг рефлексгүй. Б.Б ы биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2018.12.21-ны өдрийн Гавал тархины КТГ-н зургийг Шүүх эмнэлгийн оношилгооны эмч О.О гаар давтан уншуулахад Б.Б ы тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна. 3. 4. Б.Б ы биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Б.Шүрцэцэгийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 28 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. /хх-ийн 73-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б ы биед тархи доргилт гэмтэл учирчээ. Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн N22641/395 тоот өвчний түүхэнд тархи доргилт оноштой 9 хоног хэвтэж эмчлүүлсэн, мөн урьд гаргасан Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх         гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хүртэл хоног сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б ы    биед учирсан тархи доргилт гэмтэл нь 2018.12.21-ний өдөр үүссэн байх боломжтой. Энэ нь түүний 2010 оны тархины хоргүй хавдар авхуулахтай холбоо хамааралгүй гэмтлийн өөрчлөлт юм. Шинжээч эмч Б.Шүрцэцэгийн гаргасан 2018.12.26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2019.01.28-ны өдрийн 164 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. /хх-ийн 109-р хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 59-р хуудас/

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нээсэн 946 дугаартай: хэвлийн доогуур нуруугаар өвдөнө, ам хатна, толгой өвдөнө, хааяа дотор муухай оргино, тамирдана гэж бичигдсэн өвчний түүх /хх-ийн 60-р хуудас/

2641/395 дугаартай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээсэн: А.Г   гэгчид Говь сэндс зочид буудлын өмнө талд араасаа толгой руугаа цохиулж гэмтсэний улмаас толгой манарч, нүд харанхуйлсан гэж бичигдсэн өвчний түүх, мөн Клиникийн оношийн үндэслэлд Говь сэндс зочид буудлын гадаа А.Г   гэдэг хүнд толгойныхоо ар руу дагз руу хүчтэй цохиулж, тухайн үед манарч нүд харанхуйлсан гэж тус тус бичигдсэн өвчний түүх /хх-ийн 49-56 дугаар хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 63-68-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 164-168-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г  гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Г  г цагаатгаж шийдвэрлэв. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч А.Г  г 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б тай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч А.Г   нь хохирогч Б.Б ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б ы биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б ы биед тархи доргилт гэмтэл учирчээ. Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн N22641/395 тоот өвчний түүхэнд тархи доргилт оноштой 9 хоног хэвтэж эмчлүүлсэн, мөн урьд гаргасан Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 28 хүртэл хоног сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б ы    биед учирсан тархи доргилт гэмтэл нь 2018.12.21-ний өдөр үүссэн байх боломжтой. Энэ нь түүний 2010 оны тархины хоргүй хавдар авхуулахтай холбоо хамааралгүй гэмтлийн өөрчлөлт юм. Шинжээч эмч Б.Шүрцэцэгийн гаргасан 2018.12.26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, 2019.01.28-ны өдрийн 164 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна /хх-ийн 109-р хуудас/ гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна гэж яллаж байх боловч эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан эсэх, шинжээчийн дүгнэлтийн объект нь хууль ёсны эсэх, эмнэлгийн ямар бичиг баримтыг үндэслэсэн болох талаар шүүх дараах байдлаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний обьектын хамт хүргүүлнэ гэж заасан ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.4-т Шинжилгээний обьект гэж хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг мөн журмын 1.3-т эмнэлгийн бичиг баримтад өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байна гэж журамлажээ. Түүнчлэн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний объект, түүнд тавих шаардлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ гэж тус тус хуульчилсан.

Эдгээр хууль болон журмаас үзэхэд шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шинжилгээний объектын хүрээнд л дүгнэлтээ гаргах ёстой.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д ”шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэж тодорхойлсон ба шинжээчийн дүгнэлтийг үнэлэх шалгуур нь олон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарснаараа үнэн зөв байна гэж үзэх хуулийн зохицуулалт, эрх зүйн орчин байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Уг хэргийн хүрээнд Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2018.12.21-ний өдрийн Гавал тархины КТГ-н зургийг Шүүх эмнэлгийн оношилгооны эмч О.О гаар давтан уншуулахад Б.Б ы тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна. 3. 4. Б.Б ы биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Б.Шүрцэцэгийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 28 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна /хх-ийн 73-р хуудас/ гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн энэхүү шинжээчийн дүгнэлт нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн шинжилгээнд хүргүүлсэн шинжилгээний объект болох 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн КТГ зургийг судалсан байдалтай зөрчилдөхгүй нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн КТГ зураг, №2641/395 тоот өвчний түүх зэргийг шинжлэн судалсан талаараа үндэслэх хэсэгтээ дурьдсан боловч дүгнэлт гаргахдаа  КТГ зургийг биш Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүх, урьд гаргасан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн үзлэг зэргийг үндэслэн тархи доргилт гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц болжээ.

Учир нь хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүхэд хэвтэх үеийн зовиур: толгой өвдөнө, дотор муухайрна, үе үе нүд харанхуйлна, огиулна. Өвчний түүх: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Говь сэндс зочид буудлын өмнө талд А.Г   гэдэг хүнд араасаа толгой руугаа цохиулж гэмтсэн. Тухайн үед толгой манарч, нүд харанхуйлсан, мөн хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Клиникийн оношийн үндэслэлд Говь сэндс зочид буудлын гадаа А.Г   гэдэг хүнд толгойныхоо ар руу дагз руу хүчтэй цохиулж, тухайн үед манарч нүд харанхуйлсан гэж тус тус бичигдсэн боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүхийн клиникийн оношийн үндэслэл хэсгийн рентген шинжилгээ хэсэгт: 12 дугаар сарын 24-ний өдөр авахуулсан компьютер томограффикийн зургаар тархи хавантай, зүүн ховдол нарийссан гэж бичигджээ.

Уг компьютер томограффикийн зургийг үндэслэж шинжээч нар тус бүр дүгнэлтээ гаргасан ба дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч Б.Ч  , О.О  нарын уншсанаар хохирогчийн тархинд тархи доргилт болон тархины хаван тогтоогдоогүй байна гэдгийг уг томограффикийн зургаар тогтоосон.

Иймд өвчний түүхэд бичигдсэн КТГ зургийн онош нь дүрс оношилгооны мэргэжлийн эмч нарын уншсан КТГ зургийн оношоор үгүйсгэгдэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт ... шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан байна гэж заажээ. Дээр дурдсан компьютер томограффикийн зураг нь тухайн хэргийн нөхцөлд анхдагч нотолгооны баримт учир шинжээч дүгнэлтээ гаргахад ач холбогдол бүхий шинжлэх ухааны тодорхой үндэслэлтэй нотлох баримт юм гэж үзэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт гавал тархины тодосгогч бодисгүй КТГ зурагт: дунд бүрдэл хазайлтгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины эдийн ялгарал тод, нягтрал бага, зэрэг жигд буурсан. Хажуугийн ховдол нарийссан, зүүнд илүү. 3, 4-р ховдол байрлал хэлбэр, хэмжээ хэвийн. Гайморын хөндий, духны хөндий, суурийн хөндий, хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. 2 талын нүдний ухархайн арын зайнууд чөлөөтэй. Харааны мэдрэл дотор ба гадна шулуун булчингууд тод ялгарч харагдана. Гавал ясанд гэмтэл, деструкц үгүй гэжээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 12 сарын 21-ний өдөр Гавал тархины КТГ зураг 1 ширхэг: ...тархинд эзлэхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд бүрдэл хазайлтгүй. Хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Тунгалаг таславчийн уйланхай тодорхойлогдоно. Субарахнойдал зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. 2 талын нүдний алим түүний арын мэдрэл булчингууд ухархайн хананууд хэвийн. Дүрс оношилгооны эмч О.О  гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд бичигдсэн КТГ зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч О.О  2 удаа уншсан ба уг зургаар тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй байна.

Улсын яллагч дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Прокурорын 04 дугаартай тогтоолоор компьютер томограффикийн зургийг О.О  эмчээс өөр эмчээр уншуулж дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд КТГ- ийн зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч С.Ч ээр уншуулсан байх ба толгойн томограммуудад гавал ясанд гэмтэлгүй. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины эдийн ялгарал жигд. Зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан. Тунгалаг таславчийн уйланхайтай. Голын бүрдэл хазайлтгүй. Ухархайн ханануудад гэмтэлгүй. Хамар ясанд гэмтэлгүй. Таславч мурийлтгүй. Дайвар хөндийнүүдэд агууламжгүй гэж мөн О.О  эмчийн уншсантай адил уншиж үүгээр мөн тархи доргилт тогтоогдоогүй байна.

Харин дээрх 331 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэл болгосон баримтдаа компьютер томограффикийн зургийг дурьдаагүй. Зөвхөн өвчний түүх, шинжээч эмч С.Шүрцэцэгийн үзлэгийг дурьдсан байдаг.

Онолын түвшинд тархи доргилтыг тархины хөндий дахь шингэний тэнцвэртэй байдал алдагдаж, эд эсүүд чичирхийлэн доргиж хөөх, тархины дотоод даралт өөрчлөгдөхийг хэлнэ /Тархи доргилтын уламжлалт заслын аргууд, онол эмнэлзүйн гарын авлага УБ.,2018/ гэж тодорхойлдог ба энэхүү шинж тэмдэг КТГ зургаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Иймд тухайн хэргийн нөхцөлд анхдагч нотолгооны обьект болох компьютер томограффикийн зургаар хохирогчийн биед тархи доргилт гэмтэл учирсан болох нь бүхий л шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна.

Иймээс шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бусад шинжээчийн дүгнэлт дэх шинжилгээний обьект болох компьютер томограффикийн зургаар тогтоогдож байна гэж үзэв.

Түүнчлэн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч О.О , Б.Ч   нар нь тархины томограффикийн зургаар тунгалаг таславчийн уйланхай тодорхойлогдоно гэж уншсан боловч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүхийн клиникийн оношийн үндэслэл хэсгийн рентген шинжилгээ хэсэгт: 12 дугаар сарын 24-ний өдөр авахуулсан компьютер томограффикийн зургаар тархи хавантай, зүүн ховдол нарийссан гэж уншсан нь Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв уг тунгалаг таславчийн уйланхайг хаван гэж үзсэн байх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ...эмчийн үзлэгээр хүзүүний хөшингө гарсан. Энэ нь тархи доргилт гэмтлийн шинж хэмээн тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжээчээс өөрийн гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж мэдүүлэг авах замаар дээрхийг тодруулах боломжтой байсан хэдий ч уг ажиллагаа хийгдээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээдэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах үүрэг хүлээдэг бөгөөд энэ үүрэг нь улсын яллагчид хамаарахгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана... гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч эмч С.Шүрцэцэг өөрийн үзлэг болон томограффикийн зургийг үндэслэсэн байх боловч эмнэлгийн бичиг баримт, эсвэл үзлэгийн алинаар нь тархи доргилт гэмтэл тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна.

Мөн уг хэргийн хүрээнд авагдсан 3 шинжээчийн дүгнэлтүүдийн үзлэг ба шинжилгээ хэсэгт №2641/395 дугаартай өвчний түүх адил дурдагдсан ба уг өвчний түүхэд дурьдагдсан мэдээлэл үндэслэлтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх дараах байдлаар дүгнэлт хийв.

Учир нь хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №2641/395 тоот өвчний түүхэд хэвтэх үеийн зовиур: толгой өвдөнө, дотор муухайрна, үе үе нүд харанхуйлна, огиулна. Өвчний түүх: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Говь сэндс зочид буудлын өмнө талд А.Г   гэдэг хүнд араасаа толгой руугаа цохиулж гэмтсэн. Тухайн үед толгой манарч, нүд харанхуйлсан, мөн хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Клиникийн оношийн үндэслэлд Говь сэндс зочид буудлын гадаа А.Г   гэдэг хүнд толгойныхоо ар руу дагз руу хүчтэй цохиулж, тухайн үед манарч нүд харанхуйлсан гэж тус тус тэмдэглүүлжээ.

Гэтэл өвчний түүхэд бичигдсэн хохирогч Б.Б ы уг мэдээлэл нь хавтаст хэргийн хүрээнд байхгүй мэдээлэл байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана... гэсэн заалтын дагуу хэргийн хүрээнд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй харьцуулан судлахад доорх мэдүүлгүүдэд ар дагз руу /толгойн араас/ цохьсон талаар мэдүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.У гийн мэдүүлэгт: ...өө за за чи хүний биед хүрдэг гэнээ гэж хэлсэн /хх-ийн 34-р хуудас/, гэрч М.Ш гийн мэдүүлэгт: ...Б.Б  надад хэлэхдээ сая А.Г   намайг алгадчихдаг байна шүү дээ гэж хэлсэн, /хх-ийн 38-р хуудас/, хохирогч Б.Б ы мэдүүлэгт: ...зүүн чихний дээд талд цохьсон /хх-ийн 17-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ы мэдүүлэгт: миний толгойны зүүн талд чихний дээд талд гараараа нэг удаа цохьсон /хх-ийн 29-р хуудас/ гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр мэдүүлгүүд нь өвчний түүх дээрх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед Говь сэндс зочид буудлын өмнө талд А.Г   гэдэг хүнд араасаа толгой руугаа цохиулж гэмтсэн. Тухайн үед толгой манарч, нүд харанхуйлсан, мөн хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Клиникийн оношийн үндэслэлд Говь сэндс зочид буудлын гадаа А.Г   гэдэг хүнд толгойныхоо ар руу дагз руу хүчтэй цохиулж, тухайн үед манарч нүд харанхуйлсан гэх мэдээлэлүүдтэй тохирохгүй байна.

Иймд хохирогч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тархины зүүн талд чихний дээд хэсэгт цохьсон гэж мэдүүлж шүүх хуралдаанд зүүн талын чихний дээд хэсэгтээ заадаг боловч өвчний түүх дээр өөр байдлаар мэдээлэл өгч тэмдэглүүлсэн нь нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.

№2641/395 тоот өвчний түүхэд ...араасаа толгой руугаа цохиулж гэмтсэн, толгойныхоо ар руу дагз руу хүчтэй цохиулж нүд харанхуйлсан гэх зөвхөн өөрийнх нь тэмдэглүүлсэн мэдээллүүд авагдсан ба толгойн ар руу, дагзруу цохьсон нь хэрэгт байхгүй байх тул уг өвчний түүхийг үндэслэж гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Б ы өвчний түүхээ эмчид мэдүүлсэн байдал нь хууль сануулж үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргасны дараа өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй зөрүүтэй байгаа нь нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрүүлэх үндэслэлийг бий болгож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс гэрч Г.У , М.Ш  нарыг худал мэдүүлсэн гэж тайлбар гаргаж байх боловч гэрч нарын мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргаж, хууль сануулж авсан мэдүүлэг учир шүүх үнэн зөвд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт …эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудад эргэлзээтэй байдал үүсэж байна гэж шүүх үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.

Мөн яллах болон цагаатгах талууд хэрэгт ирүүлсэн 16 секундын CD бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба уг бичлэгийг шүүх цагаатгах талын нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв. Учир нь уг бичлэгийг эвлүүлсэн болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0766 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  Шинжилгээнд ирүүлсэн 123-1.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгийг  программ хангамж ашиглан үзэхэд: LED дэлгэц бүхий дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хөдөлгөөнтэй байрлалаас хуулбарлан бичиж, дүрс бичлэгийн программ хангамж ашиглан эвлүүлсэн байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй гэж үзлээ /хх-ийн 78-р хуудас/ гэснээр, мөн шинжээч А.Сайнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...дүрс бичлэгийн эхлэлээс 05-06 секунд хүртэл нэг дүрс, 05 секундээс төгсгөл хүртэл нэг бичлэг буюу 2 бичлэгийг эвлүүлэх аргаар залгаж, нийлүүлж нэг бичлэг болгосон байна /хх-ийн 114-115-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Тусгай мэдлэгийн шинжээч уг бичлэгийг эвлүүлэг болохыг дүгнэлтээрээ тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг мэдүүлгээрээ баталгаажуулж мэдүүлсээр байхад шүүх яллах талын нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийг яллах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 39-40-р хуудсанд гэрч Ө.У ын мэдүүлэг авагдсан байх ба гэрч Ө.У  нь шүүгдэгч А.Г  тай төрөл садангийн холбоотой буюу төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм гэх мэдүүлгийг өгчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж тус тус заасан ба садан төрлийн холбоо бүхий хүнээс мэдүүлэг авахдаа уг эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэх талаар мөрдөгч асуугаагүй, уг эрхийг нь хангаагүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчиж цуглуулсан нотлох баримт байх тул гэрч Ө.У ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа яллах болон цагаатгах талын тэгш эрхийн үндсэн дээр явагдах ёстой ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ... Б.Б  17 цагийн үед М гэдэг хүнтэй хамт очиж бичлэг хуулж авсан гэдгээ мэдүүлдэг. Тэгтэл энэ бичлэг цахим орчинд 22, 23-ны өдрүүдэд бүтэн цацагддаг. Удирдлагын хэлтсийн дарга А.Г   хүн зодож гэмтээжээ. Хохирогчийн биеийн байдал тааруу эмнэлэгт байна гээд эмнэлэгт хэвтээгүй байхад нь бичдэг. Энэ бичлэгийг зохион байгуулалттайгаар Өмнөговь аймгийн зарын группрүү шэйрлэдэг. Коментууд дээр нь харсан юм шиг элдэв зүйл бичдэг. Коментын давлагаа намдаад ирэхээр сайтууд руу зохион байгуулалттай цацдаг. Umnugovi.negdel.mn, Өмнөговь news.mn. Факт.mn. зэрэг сайтуудаар цацдаг. Цахим сан дээр тавигдсан зургуудын 2 нь зөвхөн олон нийттэй харилцах албаны мэдээллийн санд байдаг. Албаны журмаар авхуулсан миний 2 зураг байдаг. Энэ зураг миний хувийн архивд ч байдаггүй... гэх тайлбар гаргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б ы 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт ...CD бичлэгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой Даланзадгад сумын засаг даргын орлогч Эрдэнэбилэгийн М гэх хүнтэй хамт явж Говь сэндс зочид буудлын захирал гэх хүнээс авсан талаараа мэдүүлсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс уг бичлэг цахим орчинд тарсан талаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлтэй буюу мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсан байгааг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Б.Б  нь 1.140.840 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт ирүүлсэн 16 секундын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г  гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Г  г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар шүүгдэгч А.Г  д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт ирүүлсэн 16 секундын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хохирогч Б.Б ы нэхэмжилсэн 1.140.840 /нэг сая нэг зуун дөчин мянга найман зуун дөч/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Шүүгдэгч А.Г   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ДЭЛГЭРМАА