Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа 

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Б-ы давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр А.Г д холбогдох 1928000010038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлал-түүхийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, ..............тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржгон овгийн А.Г , /регистрийн дугаар ............../

          Цагаатгагдсан этгээд А.Г  нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б тай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь  А.Г гийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.                             

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Г г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т зааснаар шүүгдэгч А.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт ирүүлсэн 16 секундийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хохирогч Б.Б ы нэхэмжилсэн 1140840 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б  давж заалдах гомдолдоо:.. “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх үнэлвэл зохих нотлох баримтыг үнэлэлгүйгээр А.Г гийн хууль бус үйлдлийг цагаатгасан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн 3 дүгнэлтээс 1 дүгнэлтийг илүүтэй үнэлсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зохих эмч нарын зааврын дагуу эмчилгээ хийлгэснийг шүүх үнэлж дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрч Г.У , М.Ш гийн мэдүүлгүүд нь тухайн өдөр намайг А.Г д зодуулсан болохыг гэрчилсэн баримт гэж үзнэ.

Мөн хэрэгт би тухайн өдөр А.Г гийн миний эрх чөлөөнд халдсан нэг удаагийн хууль бус үйлдлийг баримтжуулан 16 секундийн СD бичлэгийг хуулийн хүрээнд нотлох баримтаар гарган өгсөн. Гэтэл тухайн бичлэгийг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. 16 секундийн СD бичлэгт А.Г гийн хууль бус үйлдэл харагддаг. Энэхүү бичлэгтэй холбоотой шүүгдэгч талаас ямар нэгэн байдлаар маргадаггүй. Маргахгүй байгаа нь шүүгдэгч миний эрх чөлөөнд халдсаны нэг нотолгоо.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор  Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:.. “Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтүүдийг “шинжээчийн дүгнэлтийг үнэлэх шалгуур нь олон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарснаараа үнэн зөв байна гэж үзэх хууль, журмын зохицуулалт, эрх зүйн орчин байхгүй” гэж илтэд хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Мөн шинжээчийн 28, 164, 331 дугаартай дүгнэлтүүдэд “томографын зургаар хохирогчийн тархинд тархи доргилт болон тархины хаван тогтоогдоогүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт тусгагдаагүй байна.

Түүнчлэн шүүх хууль сануулж дүгнэлт гаргасан эрх бүхий шинжээч нарын хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлтийг ямар үндэслэлээр, шинжлэх ухааны үндэслэл бүхий ямар нотлох баримтанд тулгуурлан үгүйсгэж байгаагаа цагаатгах тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй байна.      

Гэтэл дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч А.Г  нь Б.Б ы эрх чөлөөнд халдсан болохыг гэрчилсэн, нотолсон баримтууд бөгөөд үүнд эргэлзээ төрөхөөр зүйл байхгүй байна. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогч Б.Б  нь зүүн чихнийхээ ард, дээд хэсгийг гараараа зааж “энд цохисон” гэж үзүүлсэн.

Хохирогч Б.Б ы цохиулсан гэх газраа заасан хэсгийг “зүүн чихнийхээ дээр цохиулсан гэж мэдүүлээд байгаа нь өвчний түүхэнд эмчийн ар дагзандаа цохиулсан гэж тэмдэглэсэнтэй зөрүүтэй байна” гэж бодит байдлаас гуйвуулсан байна.

Шүүгдэгч А.Г  бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх дээрх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул 62 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Цагаадгагдсан этгээд А.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.. “Прокурорын 04 дүгээр тогтоолоор өвчний түүх болон компьютер томографын зургийг хүргүүлж, О.О-гаас өөр эмчээр давтан уншуулан дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн байтал компьютер томографын зургийг уншсан дүрс оношилгооны эмч С.Ч-ийн дүгнэлтийг тусгаагүй, судлаагүй, үндэслээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.1 -т заасны дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийгээгүй байна.

Мөн 28, 331 дүгээр дүгнэлтүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д заасан гэмтлийн шинж тэмдэгтэй нийцэхгүй байна.

Эдгээр дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, шинжлэх ухааны үндэслэлгүй, эргэлзээтэй гаргасан байна. Харин шүүхийн нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн 164 дүгээр дүгнэлтэд “...Гавал тархины компьютер томографын зургийг Шүүх эмнэлгийн оношилгооны эмч О.О-гаар давтан уншуулахад Б.Б ы тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна” гэж тодорхой дүгнэсэн байдаг.

Б.Б ы тархи толгойд цохиж, зодож хүрээгүй, зөвхөн гараа татаж авч, биеэсээ зайлуулах хөдөлгөөн хийснээ хэргийн бүх шатанд үнэн зөвөөр нь хэлдэг. Г.У  нь цохисон үйлдлийг хараагүй гэдгээ мэдүүлдэг бөгөөд мөн М.Ш  нь тухайн үед хамт байгаагүй, болсон үйл явдлыг хараагүй, шууд нотлох гэрч биш юм.

Дүрс бичлэгийг шинжээчийн 0766 дугаар дүгнэлтээр шинжилгээнд тэнцэхгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх цагаатгах нотлох баримтаар үнэлсэн нь бодит байдалд нийцсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцэл, Б.Б ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 62 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Цагаадгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.. “А.Г д холбогдох хэргийн материалыг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шалгаж үнэлэхэд түүнийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хэргийн хүрээнд хангалттай байдаггүй учир мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Г г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, шударга шийдвэр болсон гэж үзэж байна.

Эдгээр дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсонд нийцсэн байна.

Иймд дээрх 2 дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт зааснаар “шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг” гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт... гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг нь шийдвэрлэнэ" гэж заасны дагуу шүүх 164 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул гомдол, эсэргүүцэлд бичсэн шиг цагаатгах тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хэрэгт авагдсан 16 секундийн СD бичлэг нь яллах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шинжээчийн дүгнэлтээр “...программ хангамж ашиглан эвлүүлсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн тул бичлэгтэй холбоотой маргаж мэтгэлцэх шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд анхан шатны шүүхийн 62 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:          Хавтаст  хэрэгт авагдсан хохирогч Б.Б ы  мэдүүлэг, гэрч У , М.Ш  нарын мэдүүлэг,  28 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжлэн судлагдсан  CD дүрс бичлэг зэрэг нотлох баримтууд бүгд А.Г , Б.Б  нар нь таарамжгүй харьцаа үүсгэж маргаан үүсгэсэн. А.Г  нь Б.Б ы толгойд хүрч цохисноос болж учирсан гэмтэл зэргийг тогтоосон хоорондоо бүгд шалтгаант холбоотой баримтууд байгаа. 164 дугаартай шинжээчийн дүгнэлт зөвхөн томографыг үндэслээд шинжилгээний хариуд дүгнэлт хийсэн. 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавтаст хэргийн бусад нотлох баримтад үндэслэсэн. Хохирогч өөрийнхөө биед учирсан гэмтэл, эх сурвалжаа зааж өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дүгнэлтүүдээс хэргийн нөхцөл байдалтай хэр тохирч байгааг хэр шинжлэх ухааны бодитой дүгнэлт гарсныг шүүх нотлох баримтаар үнэлнэ. 164 дугаартай дүгнэлт нь илүү бодитой шинжлэх ухаанд үндэслэсэн. Томографын  уншаад, үзлэг хийж  гавал тархины томографын зургийг шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч О.О-гаар давтан уншуулахад Б.Б ы тархи доргилт гэмтэл нь батлагдахгүй байна. 28, 331 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслээд А.Г  нь бусдын эрх чөлөөнд халдсан гэж үзэх боломжгүй, хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Б.Б ы мэдүүлэг өөрөө нь тогтворгүй байгаа учраас үнэлэх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь А.Г г гэм буруутайд нотолсон хангалттай нотлох баримт байхгүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.                                                

Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна. Хэргийн хүрээнд авагдсан 3 шинжээчийн дүгнэлтээс 28, 331 дугаартай шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны бодит үр дүнд тусгасан шинжээчийн дүгнэлт болж чадаагүй. Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

             Хохирогчийн өмгөөлөгч өмгөөлөгч  Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдол, эсэргүүцлийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Б.Б ы биед А.Г  ямар нэгэн байдлаар халдаж уу гэдгийг дүрс бичлэгийг тодорхой хэмжээнд үнэлэхээр үндэслэлтэй гэж үзсэн. Гэрч нарын мэдүүлэгт энэ хүн А.Г д алдагдуулжээ гэдэг мэдүүлгийг өгсөн. Би алгадуулчихлаа гээд хэлж байгаа нь А.Г  нь бусдын эрх чөлөөнд халдсан гэдгийг нотолсон. Б.Б ы биед тархи доргилт, хөнгөн гэмтэл учирсан учраас биеийн эрүүл мэнд нь сарнисан, өвдсөн зовуурь илэрсэн учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй байдал үүсэж эмчилгээ хийлгэсэн гэв.

                                      

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б ы бичсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн давж заалдах гомдол, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь А.Г г 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б тай маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Г г цагаатгаж  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн нэгтгэн дүгнэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж тогтоосон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  Хохирогч Б.Б ы “шүүгдэгч миний эрх чөлөөнд халдсан нь нотлогдсон учир  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” давж заалдах гомдол, хяналтын прокурор Ц.Ариунжаргалын “шүүгдэгч А.Г  бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх дээрх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд дахин хэлэлцүүлэх тухай” эсэргүүцэлд заасан асуудлаар хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд гэрч Г.У гийн ...А.Г  Б.Б ыг цохиж байхыг нь би хараагүй /хх-34/, гэрч М.Ш гийн ...би тухайн үед зураг дараад яваад байсан болохоор намайг тэндээс явсны дараа яг юу болсныг мэдэхгүй байна. Миний хажууд бол тэр хоёр хоорондоо хэрэлдсэн зүйл байгаагүй /хх-37/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтэд ...34 настай, эмэгтэй, Б.Б ы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гавал тархины КТГ 1 ширхэг зургаар тархинд эзлэхүүнт өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, дунд бүрдэл хазайлтгүй, хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал хэлбэр хэмжээ хэвийн, тунгалаг таславчийн уйланхай тодорхойлогдоно. Субарахнойдал зайнууд хэвийн. Гавал ясанд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын нүдний алим, түүний арын мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн гээд дээрх зургийг Шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч О.О-гаар давтан уншуулахад Б.Б ы биед тархи доргилт гэмтэл батлагдахгүй байна /хх-72-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтэд...ирүүлсэн КТГ-н зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад Б.Б , нас 34, эм, толгойн томограммуудад гавал ясанд гэмтэлгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины эдийн ялгарал жигд, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан, тунгалаг таславчийн уйланхайтай, голын бүрдэл хазайлтгүй, ухархайн ханануудад гэмтэлгүй, хамар ясанд гэмтэлгүй, таславч мурийлтгүй, дайвар хөндийнүүдэд агууламжгүй дүгнэлт бичсэн эмч С.Ч /хх-108-109/ гэсэн дүгнэлтүүдээр тус тус няцаагдан үгүйсгэгдэж байна.

           Хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүх, шинжээч эмчийн үзлэгт хохирогч Б.Б ы биед тархи доргилт гэсэн онош тавьсан гэх боловч дээрх онош нь хохирогчийн компьютер томографын зургийг удаа дараа уншсан эмч О.О /хх-72-74/, эмч С.Ч /хх-108-109/ нарын дүгнэлтүүдээр батлагдахгүй байна.

            Б.Б ы өвчний түүхэнд бичсэн, шинжээч эмчийн үзлэгт тархи доргилт гэж тавьсан онош нь түүний тархины зургийг нарийн мэргэжлийн эмч нар удаа дараа уншиж гэмтэл тогтоогдоогүй гэж дүгнэсэнтэй нийцээгүй учир шинжээчийн 164 дугаартай дүгнэлтийг  үнэлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

        Хохирогч Б.Б  нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдолдоо ...намайг олон нийтийн өмнө гутаан доромжилж, гудамж талбайд миний эрүүл мэндэд халдаж тархи толгой руугаа цохиж зодуулсанд туйлын гомдолтой байна /хх-10-12/, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...А.Г  гараараа миний толгой руу цохисон. Ойроос далайж байгаад цохисон. Тэгэхдээ гараа зангидаж байгаад цохисон эсэхийг нь хараагүй /хх-17/, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ...Говь сэндс зочид буудлын өмнөх талбайд зогсоолд байсан машинуудын дундуур сүлжиж гарч ирээд баруун тийш эргээд явахад А.Г  дарга миний зүүн гар талд явж байгаад миний толгойны зүүн чих талд чихний дээд талд гараараа нэг удаа цохисон /хх-29/, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор ...тендерийн 10 хувь ярихад л миний толгой руу шууд цохисон. Тархины зүүн талд чихний дээр нэг удаа цохисон. Маш хүчтэй цохисон. Би гараа зангидаж байгаад цохисон гэж бодож байгаа /хх-182/ гэж тус мэдүүлснийг харьцуулан үзэхэд ...хохирогчийн мэдүүлэг, тайлбар нь эргэлзээ төрүүлсэн учир үнэн зөвд тооцох боломжгүй гэж анхан шатны шүүхийн /хх-193/ дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

         Хохирогч Б.Б  нь Говь сэндс зочид буудлын камерын бичлэгийг өөрийнхөө гар утсанд хуулбарлан авч улмаар СД-д хуулбарлаж мөрдөгчид гаргаж өгсөн гэж хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа хэлсэн тул дээрх арга замаар удаа дараа хуулбарласан гэх нотлох баримтыг анхдагч нотлох баримт мөн гэж үзэх үндэслэлгүй болно.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичлэгт байгаа хүмүүсийн нүүрний хэлбэр дүрс нь тодорхой харагдахгүй, хэн, хаана ямар үйлдэл хийгээд байгаа нь тодорхойгүй, дээрх бичлэгийг мөрдөгч нь хэрэгт тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.  

          Иймд хохирогч Б.Б ы давж заалдах гомдол, хяналтын прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүхийн цагаатгах тогтоолд /хх-192/ ...хохирогч гэмт хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 12-р сарын 24-ний өдөр энэхүү зургийг авхуулж гэж техникийн шинжтэй оныг буруу бичсэн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хохирогч Б.Б , хяналтын прокурор Ц.Ариунжаргал нарын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай” давж заалдах гомдол, эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ