Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0526

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Г.Б-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах Удирдлагын ‘’Соёмбо’’ дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах’’ шаардлагад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт ‘’Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан’’ гэж шийдвэрлэсэн байна.

Миний бие өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ Дархан-Уул аймгийн Засаг даргад удаа дараа бичгээр гаргаж, улмаар хүсэлтийнхээ хариуны талаар биечлэн уулзаж асууж мөн утсаар лавлаж байсан.

Тухай бүрд ‘’Таны хүсэлтийг судлан шийдвэрлэж байгаа’’ гэсэн хариу өгдөг байсан тул ‘’заавал шүүхдэж муудалцаад яахав, асуудлыг эв зүйгээр шийдэж болох юм байна’’ гэсэн итгэл үнэмшил, хүлээлттэй байсан. Газар эзэмших эрх сунгуулах хүсэлт өгснөөс хойш мэргэжилтнээс эхлээд аймгийн Засаг дарга хүртэл бүх хүнтэй уулзаж, утсаар ярьж лавлаж асууж байсан боловч ‘’санаа зовох зүйлгүй, таны асуудлыг шийдэж байгаа’’ гэсэн хариу аваад хүлээцтэй хандсан.

Гэтэл 2018 оны 06 дугаар сараас манай газар дээр сэндвичэн барилга баригдаж эхэлсэн тул арга буюу энэ талаар асууж лавлаж явсны эцэст 2018 10 дугаар сарын 23-ны өдөр газар сунгуулах хүсэлтээ дахин бичгээр гаргасан. Энэ бичгийн дараа ч мөн надад газар сунгуулах хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн утгатай хүлээлт үүсгэсэн байсан бөгөөд манай газрын 2 жилийн өмнө цуцалсан талаар огт мэдэгдээгүй тул сүүлд шүүхэд маргаж байхад энэ тухай олж мэдсэн.

Гэтэл анхан шатны шүүх иргэн намайг захиргааны байгууллагын албан тушаалтнуудад итгэн хүлээлт үүссэн байсныг огт харгалзан үзэхгүйгээр шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн аваагүйд туйлын гомдолтой байна. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар сунгуулах хүсэлтийнхээ хариуг хэрхэн хөөцөлдөж байсан талаар хангалттай тайлбар гаргасан хариуцагч тал ч үүнтэй маргаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэхэмжлэгч Г.Б-ын шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: “… Нэхэмжлэгч Г.Б-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунгах боломжгүй тухай хариуг нэхэмжлэгчийн нөхөр Р.Батжаргалд өгч, явуулсан бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч газар эзэмшигч Г.Б-д мэдэгдсэн эсэх нь баримтуудаар нотлогдохгүй байна. /7дахь талд/...” гэж дүгнэхдээ хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны тус байгууллагын явуулсан баримт бичгийг бүртгэлд нэхэмжлэгч Г.Б-тай холбоотой өргөдлийн хариуны талаарх мэдэгдлийг түүний хууль ёсны нөхөр болох Р.Батжаргал нь 02 дугаар сарын 04-ний өдөр түүнийг төлөөлөн ирж, мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурж авсан болох нь нотлогдож байгаад шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

“....Гэрч Б-ийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 9907..... дугаар утас руу залгаж, Г.Б-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, захирамжаа ирж авах талаар мэдэгдсэн” гэж мэдүүлж байгаа боловч газрын нэгж талбарын хуулийн хэрэгт авагдсан 2016 оны 714 дүгээр албан бичиг, А/497 дугаар захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр маргаан бүхий захиргааны актын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Г.Б-д захиргааны актыг ирж авах талаар утсаар мэдэгдэж, харин захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид дээрх маргаан бүхий захиргааны актыг гардуулах арга хэмжээ аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцээгүй гэж үзээд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдэг нь нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 714 дүгээр албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Б-д мэдэгдэх хуудсаа ирж авах талаар ярилцсан 57 секундын утасны төлбөрийн баримт нь Цахилгаан холбооны компаниас ирүүлснээр баримтаар нотлогдож байна. Иргэн Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 02 дугаар сараас эхлэн тухайн байгууллагын албан тоотоор мэдэгдэх хуудсыг түүний нөхөр болох хууль ёсны төлөөлөгч Р.Батжаргал хүлээн авч байсан талаарх бүртгэл хийж, баталгаажуулсан нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн ч үнэлэхүй байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн мэдэгдлийг хүлээн авч түүнд гомдол, саналаа гаргах хуулийн хугацаа байсан ч тэрхүү эрхээ Г.Б нь хэрэгжүүлээгүй байгаа нь мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Гардан авсан этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан, Р.Батжаргал нь эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн гэж үзэхээр байна. Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасны дагуу шүүхэд хүргүүлсэн нь нотлогдож байхад шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэх нь буруу байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ Тогтоох хэсэг: /9дэх тал/ “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 ...тус тус заасны баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэжээ.

Тус заалт нь ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн агуулга байхад хуулийн заалтыг илт буруугаар ашиглаж байгаа нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн энэхүү заалтыг судлаагүй оруулж гэж дүгнэхээр байна. Уг заалтаар бид Г.Б-д холбогдуулж мэдэгдэх хуудсаар тухайн газрын сунгах боломжгүй гэж хүргүүлж байсан. Энэ хуулийн заалтын хугацааг Засаг даргын захирамж гаргасан өдрөөс эхлэн тооцдог....Тухайн хугацаанаас эхлэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эхлэх хугацааг тооцохыг гэрээний гол нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.1-д тодорхой заасан байдаг.

Анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийн ямар нэгэн нөлөөнд автаж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан байх үндэслэлтэй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Б-аас “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м.кв талбай, 000451933 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б-д холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар ... гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй ... хүсэлт өгснөөс хойш 30 хоног өнгөрсөн бол энэ хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор ... шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна” гэсэн дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал эрхээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, захиргааны байгууллагаас иргэнд хүлээлт үүсгэж, итгэл үнэмшил төрүүлсэн гэх үйл баримт нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул “... иргэн намайг захиргааны байгууллагын албан тушаалтнуудад итгэн хүлээлт үүссэн байсныг огт харгалзан үзээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр “хүсэлт гаргасан тус газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй” талаар мэдэгдсэн албан бичгийг нэхэмжлэгч Г.Б-ын гэр бүлийн хүн болох Р.Б 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж хүлээн авсан, уг баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс “... актыг ирж авах талаар утсаар мэдэгдэж, харин захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид дээрх маргаан бүхий актыг гардуулах арга хэмжээ аваагүй нь ... хуульд нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаагийн тайлбар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй жагсаалтын 247 дугаарт нэхэмжлэгч Г.Б-ын 9907.... дугаарт холбогдож ярьсан ярианы 56 секундын бичлэг зэргээс үзэхэд Г.Б нь өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан, уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнийг тухайн үед буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор” дээд шатны захиргааны байгууллагад эсхүл шүүхэд гаргахаар тусгайлан журамласан мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “...уг заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь “...мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” шүүхэд хандах дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж, “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сард шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргахаар заасан нь иргэн захиргааны актыг “албан ёсоор хүлээн авсан”-аар эсхүл өөр бусад байдлаар “мэдсэн”-ээр гомдол гаргах эрх нээгдэх зохицуулалт гэж үзнэ.

Учир нь хариуцагчаас хүсэлт гаргасан тус газрын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй талаар мэдэгдсэн албан бичгийг Г.Б-ын гэр бүлийн хүн Р.Б гарын үсэг зурж хүлээн авсан, мөн маргаан бүхий актыг ирж авах талаар Г.Б-д утсаар мэдэгдсэн зэрэг үйл баримтаас дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны зорилго биелсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг огт мэдээгүй байхад түүнд ямар ч боломж олголгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэнэтийн шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт баригдах удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн цогцолборын барилга барих зориулалт бүхий 5000 м.кв талбай, 000451933 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт байгаа Г.Б-д холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай” гэж 2 дахь заалт болгож, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 дэх заалт болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                 ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ