Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/05015/И |
Дугаар | 1528 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 1528
Ц.Гантунгалагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.Гантунгалагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдох
5 287 924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын гаргасан гомдлыг үндэслэн, Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Гантунгалаг нь 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч “МДТОФ” ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолбор хороолол, 119А байрны 89 тоот, 1 өрөө, 27 м.кв талбайтай орон сууцыг тухайн үеийн ханш 1 м.кв-ыг 1 259 259 төгрөгөөр тооцож нийт 34 000 000 төгрөг төлсөн. “МДТОФ” ХХК-ийн ашиглалтад оруулсан 89 тоот орон сууцны м.кв-ыг тусгай зөвшөөрөл бүхий ”Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд гэрээнд заасан, үнийг нь төлсөн талбайн хэмжээ 27 м.кв байх ёстой байтал 22.85 м.кв буюу 4.15 м.кв дутуу байгаа нь тогтоогдсон. Гэрээний дагуу 1 м.кв талбайн үнэ 1 259 259 төгрөг бөгөөд дутуу 4.15 м.кв-ын үнэ 5 225 924 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны урьдчилгаа 50 000 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн 6 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрээний хуулбар авсны төлбөр 6 000 төгрөг, нийт 5 287 924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “МДТОФ” ХХК-ийн төлөөлөгч С.Мөнхцогт шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гантунгалагтай байгуулсан гэрээ орон сууц захиалан бариулах тухай гэрээ гэж нэрлэгдсэн боловч энэ нь худалдах, худалдан авах тухай гэрээ юм. Тэр үед орон сууц бараг баригдаад дуусаж байсан. Ц.Гантунгалагтай байгуулсан гэрээгээр орон сууцны талбайг тэнхлэгээс хэмжинэ гэж заасан байдаг. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, нэхэмжлэгч нь тэнхлэгээс хэмжиж байгаа гэдгийг мэдэж байсан учир “МДТОФ” ХХК хариуцлага хүлээхгүй. Түүнээс хойш 4 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь багцын үнийг нийт м.кв-д хувааж зохиомлоор гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэмжилт хийсэн “Тоонто гранд” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд 1-10 давхар барилга байгууламжийн зураг төсөл гэж бичсэн байна. Харин “МДТОФ” ХХК нь 16 давхар барилга барьсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “МДТОФ” ХХК-иас 5 231 924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гантунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МДТОФ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 98 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гантунгалагт буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “МДТОФ” ХХК-ийн төлөөлөгч С.Мөнхцогт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас иргэний хэргийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах харилцаа үүссэн байна. Үүний нотолгоо нь худалдан авагч тал төлбөрийг бүрэн гүйцэт төлсөн байдаг. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд урдаас хөдөлбөргүй үнэн хэмээн тогтоогдсон баримт байж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. Хэргийг бүхэлд нь хянах боломж давж заалдах шатны шүүхэд байдаг тул гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдврлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан ши йдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хуульд нийцүүлэн хангаж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий тодорхойлсон байна. Мөн маргааны үйл баримт, хэргийн нотлох баримтын талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч Ц.Гантунгалаг нь орон сууцны талбайн зөрүү болон хууль зүйн туслалцаа авсны хөлс, талбайн хэмжилт хийлгэсний болон лавлагаа авсны төлбөр, нотариатын зардал гаргуулахаар шаардсныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Дархан цогцолбор” хороололд 119/А байрны 89 тоот 1 өрөө, 27 м.кв талбайтай орон сууцыг 34 000 000 төгрөгөөр авч, өмчлөлдөө шилжүүлсэн талаар маргаагүй /хх 8-12/.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг. Талууд эд хөрөнгө худалдах, худалдан авах талаар тохиролцсон үйл баримт нотлогдоогүй тул энэ тухай хариуцагчийн гомдол үндэсгүй юм. Иймд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэг талаас “МДТОФ” ХХК-ийг төлөөлөн С.Мөнхцогт, нөгөө талаас Ц.Гантулгыг төлөөлөн н.Баянбулагаа нар “Орон сууц захиалан барилах гэрээ”-г 2012 оны 01 дүгээр сарын 14-нд байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1, 3.1.3-т заасан агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууц захиалж мөнгө төлөх үүрэг хүлээж, хариуцагч орон сууцыг заасан хугацаанд барьж дуусгахаар тохиролцсоноос гадна нэхэмжлэгч нь барилгыг засан сайжруулах, өөрчлөн байгуулах, засварын ажил нэмж гүйцэтгүүлэх захиалга өгөх боломжтой байдлаар гэрээ хийгджээ. Өөрөөр хэлбэл, нэг тал нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцсон буюу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэн, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг харилцан шаардах, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх нэмэлт үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч “МДТОФ” ХХК-иас нэхэмжлэгч Ц.Гантунгалагт хүлээлгэн өгсөн 1 өрөө орон сууц гэрээнд заасан 27 м.кв талбайтай бус 22.85 м.кв талбайтай болох нь хэргийн баримт болох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэрээний зүйл болох орон сууцыг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд орон сууцны төлбөрт илүү төлсөн 5 228 924 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн заалтуудыг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцсэн үндэслэл бүхий байна.
Шүүх хуульд зааснаас өөр стандартаар хэмжилт хийлгэх тухай хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзэн, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн шүүх хариуцагчаас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаагүйг буруутгах боломжгүй. Учир нь: 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтод 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд хариуцагч дээрх хугацаанд хууль ёсны эрх ашиг сонирхлоо өмгөөлөгч авч хамгаалуулах хангалттай хугацаа байсныг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МДТОФ” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.БАЙГАЛМАА