Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/0029

 

Х х” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

улсын ахлах байцаагч С.Гхолбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                                               Г.Банзрагч

                                                                П.Соёл-Эрдэнэ

                                                                Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                  Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0035 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0129 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Т, өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1. “Х х” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-т холбогдуулан “... улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/** дүгээр хяналт шалгалтын удирдамж баталж, улсын ахлах байцаагч С.Г-ээс тус удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийсэн.

2.1. ... Улсын ахлах байцаагч С.Г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002*** дугаартай шийтгэлийн хуудсаар ““Х х” ХХК нь С******** дүүрэгт байрлах барилгын материалын “****” захад цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Гомдол гаргагч “Х х” ХХК-иас “... хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байдлыг тогтоогоогүй, цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн зохицуулалтад хамааралгүй, цемент үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч, манай компани нь цемент хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн дээр цементийг борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дор үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй, хавтаст хэрэгт авагдсан “М б м” ХХК, “М ц” ХХК, Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн албан бичгүүдээр дизель түлшний ханш өссөн, төмөр замын ачилт удааширсан талаарх бүх баримтууд тодорхой учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ хариуцагчаас биелүүлээгүй  ... ” гэж;

3.1. Хариуцагчаас “... Агентлагийн даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсан, хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Г****”, “***”, Б* дүүрэгт байрлах “Ц***”, “1*** айл” зэрэг зах, худалдааны төвүүдэд “М ц” ХХК, “М б м” ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн, дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цементийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “М б м” ХХК, “М ц” ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уут (шуудай)-ны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, “М б м” ХХК-ийн хувьд “У” ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан “44” зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан, зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “М ц” ХХК-ийн гэрээт борлуулагч “Х х” ХХК нь “У” ХНН-ийн А****-***-д *** тн цемент хүлээн авсан, тус компани нь “М ц” ХХК-иас 1 тн цементийг 260,600 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон, дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал (вагон) болон бусад зардал өсөөгүй байхад тус компани нь С***** дүүрэгт байрлах барилгын материалын “****” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд 1 тн тутамд 330,000-340,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 18, 23-ны өдрүүдэд 1 тн тутамд 400,000-450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь “Х х” ХХК-ийн “Х****” банкны 50************, гүйцэтгэх захирал Д.Л-ийн “Х***” банкны 50********* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 0002*** дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ...” гэж тус тус маргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Х х” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Хариуцагчаас “анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. ... Хяналт шалгалт болон зөрчил шалгах ажиллагаагаар хариуцагчийн зүгээс шаардлагатай, боломжит бүхий л нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг дан ганц үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоосон мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлохуйц бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдол гаргагч “Х х” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон.

7.2. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 06 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу “У” ХНН-ийн А****** ****-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

7.3. Цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Уг онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000-450,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг.

7.4. Өөрөөр хэлбэл, “Х х” ХХК нь “У” ХНН-ийн А***-***-т цементийн хомсдол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

7.5. Анхан болон давж заалдах шатны шүүхээс цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

7.6. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Т нараас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасанбайна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж тус тус заажээ. 

11. Дотоодын цемент үйлдвэрлэгч болох “М ц” ХХК, “М б м” ХХК-иуд цементийг шууд хэрэглэгчид жижиглэн худалдаалдаггүй, гэрээт борлуулагч нараар дамжуулан жижиглэнгийн зах зээл дээр борлуулдаг, энэ тохиолдолд “Х х” ХХК нь М ц” ХХК-тай байгуулсан “М евроцемент худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу (үйлдвэрийн нөхцөлөөр) задгай цементийг 1 тн-ийг 243,500, савласан 1 тн-ийг 260,600 төгрөгөөр тус тус худалдан авч, хэрэглэгчид (жижиглэн) 1 тн-ийг нь 320,000-340,000 төгрөгөөр худалддаг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдвэрлэгчээс цементийн үнийг нэмээгүй, ачаа тээврийн болон бусад зардал өсөөгүй үйл баримт тогтоогджээ.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын хил хаагдсан үед тус улсаас импортолдог цементийн уут (шуудай) тасалдсан, төмөр замын вагон тээврийн хангамж муудсан зэргээс шалтгаалан 2022 оны хавар Улаанбаатар хотод үйлдвэрлэгчээс нийлүүлэх цемент багасаж, Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт багасан энэ үеэс цементийн хомсдол бий болжээ.

13. Ийнхүү үйлдвэрлэгчээс үнэ нэмээгүй, бусад зардал өсөөгүй байхад цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах гэрээний дагуу үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цементийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “**” нэртэй зах дээр хэрэглэгчид борлуулахдаа ** тонныг нь 450,000 төгрөг болгон нэмэгдүүлэн зарсан, уг үйлдлийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоож, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

14. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17[1], 03 дугаар сарын 20-ны өдрийн 19[2] дүгээр тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10  дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалтын хууль зүйн агуулгыг ижил төрлийн маргааны үйл баримтад холбогдуулан дараах байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарахаар байна.

14.1. Зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ.

14.2. Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу  харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ.

14.3. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсэж, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагдах боломжгүй болсон үед үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн (цемент)-ий үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ  тогтоогдсон гэж үзэхгүй.

15. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийн   “хэрэглэгчийн эрхийг хамгаалах”-тай холбоотой зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан гэдгийг нотолж чадаагүй, хуулиар тодорхойлсон цаг үед үнийн хөөргөдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгосон гэх нөхцөл тогтоогдоогүй, шийтгэл оногдуулах үндэслэлийг бүрэн тогтоолгүйгээр хуулийн хязгаарлалтаас давуулан үүрэг хүлээлгэх замаар шийтгэсэн нь зөв биш ...” гэх зэргээр буруу дүгнэлт хийсэн,  түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан аж ахуй эрхлэгчийг “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон зохицуулалтын агуулгыг “... Бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй, ашгийн төлөө байгууллага өөрийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн нь хууль бус үйлдлүүдийн алинд хамаарах нь тодорхойгүй ... ” гэх зэргээр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, “... яг ямар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн эсэхийг тогтоох ёстой атал тогтоогоогүй нь буруу” гэж явцууруулан дүгнэсэн нь буруу болжээ.

16. Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0129 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х х” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Д.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Ц.ЦОГТ

                                                                                                          Х.БАТСҮРЭН

 

[1] “Т-О” ХХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г,  128/2022/0828/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0017

[2] “М а” ХХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г128/2022/0849/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0019