Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00095/И |
Дугаар | 479 |
Огноо | 2016-09-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 479
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг 055 тоотод оршин суух хаягтай, Жөрөөн овогт Лувсаннямын Төмөрбаатар /РД:МП67020270/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг Өнөр хороолол 1-147 тоотод оршин суух, Улсын их хурлын гишүүний орон тооны туслах ажилтай гэх, Өндөр овогт Лхагвасүрэнгийн Дэлгэр /РД:УС79030623/-т холбогдох
“Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Нэхэмжлэгч миний бие нь өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1317002254 дугаарт бүртгэлтэй 2 дугаар багт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 50 м га газрын хамт 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө харилцан тохирч Л.Дэлгэрийн гуйлтаар 8.000.000 төгрөгөөр худалдсан юм.
2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр бэлнээр 5.000.000 төгрөгийг хүлээн авч үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон юм.
Эхний төлөлт 2009 оны 06 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг, дараагийн төлөлтийг 2009 оны 08 дугаар сарын 10-нд төлж дуусахаар гэрээнд заагдсан боловч худалдан авагч тал гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа юм. Улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд бэлэглэлийн гэрээ хийж бүртгүүлсэн. Нэг ёсондоо эд хөрөнгөө худалдахдаа Л.Дэлгэр бид хоёрын хооронд 2 төрлийн гэрээ хийгдсэн болно. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Дэлгэр нь үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхгүй надад маш их чирэгдэл учруулж хохироож байна. Л.Дэлгэрийн араас олон жил хөөцөлдөж байж 800.000 төгрөгийг өнгөрсөн онд авсан. Одоо үлдэгдэл 2.200.000 төгрөгийг өгөхгүй олон жил намайг хохироож байна.
Тиймээс миний бие нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар эд хөрөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Л.Дэлгэр бид хоёрт төрөл садан ах дүүгийн харьцаа байхгүй, тэрэнд би эд хөрөнгөө бэлэглэх асуудал байхгүй, анх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг Л.Дэлгэр өөрөө хийж надаар гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Дэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Л.Төмөрбаатарын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үлдэгдэл мөнгө өгөхгүй” гэх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Миний бие Л.Төмөрбаатарын эзэмшлийн 50мкв талбай бүхий 40мкв үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцож худалдаж авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг анх надад худалдахдаа байшингийн барилгыг палкаар барьсан гэж хэлж худалдсан боловч байшингийн шавар унан цаад барьсан барилгын материал зах банзаар барьсан чанар муутай барилга байсан. Ингэж надад тус барилгаа палк буюу чанартай барилгаар барьсан хэмээн худал хэлж би нэхэмжлэгч гомдолтой байдаг. Тус барилгын чанар муу, өвөл ашиглахад маш хэцүү маш хүйтэн байснаас мөн тус барилгыг янзалж ашиглах хөрөнгө мөнгөний боломжгүйгээсээ болоод одоог хүртэл ашиглаагүй хэвээр байгаа.
Би гэхдээ хэд хэдэн удаа мөнгөний боломж гарвал үлдэгдэл мөнгийг нь төлөн хохиролгүй болгох санал тавьсан боловч хүлээж аваагүй...гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Л.Төмөрбаатар Л.Дэлгэр нарын хооронд байгуулагдсан анхны гэрээ нь Худалдах- худалдан авах гэрээ байсан.
Уг гэрээ нь 2009 онд байгуулсан, гэрээ байгуулагдсанаас хойш 7 жилийн хугацаа өнгөрснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. 7 жил өнгөрнө гэдэг нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг харуулж байна. Ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй.
Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзах боломжгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулинд тодорхойлсноор заавал бичгээр байгуулж төлбөл зохих мөнгөн дүнг тусгаж өгөх ёстой байдаг.
Худалдах-худалдан авах гэрээний хугацаа дууссан. Иргэний хуулинд эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан байгаа.
Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй тийм учраас шаардах эрхгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно. Яагаад гэвэл тухайн үед уг гэрээг худалдах-худалдан авах гэрээгээр хийх ёстой байтал нэхэмжлэгч татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн.
Бэлэглэлийн гэрээгээр тухайн эд хөрөнгө шилжсэн. Энэ дээр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн тухай асуудал яригдахгүй.
Худалдах худалдан авах гэрээний 75 орчим хувийг төлсөн. Ямар нэгэн байдлаар урьдчилж хэлэхгүйгээр гэрээнээс татгалзана гэж байгаа нь Л.Дэлгэрийн нэр дээр байгаа өмчлөх эрхэд халдаж байна гэж үзэж байна.
Иргэний хуулинд талууд санал нэгдэн дэмжиж хүчин төгөлдөр байх бүх нөхцөл бүрдсэн тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан. Бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгчийн хүсэл сонирхлоор хийсэн. Эд хөрөнгө худалдан борлуулснаас төлөх татвар төлөх үүргийг худалдагч тал хүлээнэ. Гэрээнээс татгалзсан талаар хариуцагчид албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзах байсан бол анхнаасаа манай талд хэлж хугацаа тогтоох ёстой байтал мөнгөө л нэхэмжилж байсан.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа эрх зүйн чадамжтай аливаа этгээд нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж байх ёстой.
Л.Төмөрбаатар эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд гэрээгээр тохирсон мөнгөө төлнө гэж хэлээд байхад гэрээнээсээ татгалзана гэж байгаа нь боломжгүй зүйл юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Дахин хэлэхэд худалдах-худалдан авах болон бэлэглэлийн гэрээ нь хуулинд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм.
Тийм учраас худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй Л.Дэлгэрт холбогдох “Худалдах-Худалдан авах гэрээнээс татгалзаж, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь: Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зохигчдын “Хүсэл зоригийн илэрхийлэл” нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны урьд байрлах 40м2 бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 50 мкв талбай бүхий газрын хамт Л.Төмөрбаатар нь Л.Дэлгэрт худалдах, хариуцагч Л.Дэлгэр худалдаж авах л байсан болох нь нэхэмжлэгч Л.Төмөрбаатарын шүүхэд гаргасан ... миний бие өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317002254 дугаарт бүртгэлтэй 2 дугаар багт байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 40мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 50 мкв талбай газрын хамт 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр /10 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөө/ харилцан тохирч Л.Дэлгэрийн гуйлтаар 8 сая төгрөгөөр худалдсан юм. 2009 оны 4 сарын 29-ний байгуулсан гэрээгээр бэлнээр 5 сая төгрөг хүлээн авч үлдэгдэл 3 сая төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон юм. Эхний төлөлт 2009 оны 6 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг, дараагийн төлөлтийг 2009 оны 8 дугаар сарын 10-нд төлж дуусгахаар гэрээнд заагдсан боловч худалдан авагч тал гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байгаа юм. Өнгөрсөн онд 800.000 төгрөг авсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу Дэлгэр нь 2.200.000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож гомдоож байна.
Тиймээс миний бие улсын бүртгэлд бүртгэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар эд хөрөнгөө буцаан авахаар, мөн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “гэрээ” буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс албан ёсоор татгалзаж байгаагаа бичгийн хэлбэрээр баталгаажуулж илэрхийлээд гэрээгээр шилжүүлэн өгсөн Ү-1317002254 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө буцааж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэх нэхэмжлэл болон тайлбар, хариуцагч Л.Дэлгэрийн шүүхэд гаргасан ... миний бие Л.Төмөрбаатарын эзэмшлийн 50м2 талбай бүхий 40 мкв үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцож худалдаж авсан. Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 2.200.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг төлөн хохиролгүй болгох санал тавьсан боловч хүлээж аваагүй... гэх тайлбар, 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч зохигч талууд нэг өдөр нэг зорилгоор худалдах-худалдан авах болон бэлэглэлийн гэрээ байгуулсан мөн Л.Дэлгэрийн өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргадаггүй.
Харин гэрээний талууд хүсэл зорилгоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр 10.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 8.000.000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг мөн өдрөө бичгээр байгуулан, худалдан авагч тал 5.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрийг 2009 оны 6 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг, 2009 оны 8 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөгийг төлж дуусгахаар талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Ингэхдээ дээрх үл хөдлөх хөрөнгийг анх худалдах-худалдан авахаар талууд тохиролцсон атлаа үл хөдлөх хөрөнгийг борлуулсан орлогоос улсад төлөх татвараас зайлсхийж 10 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг үнэ төлбөргүй бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээ давхар хийж Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул өмчлөх эрх Л.Дэлгэрт үүсэж, өмнөх өмчлөгч Л.Төмөрбаатарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Дээрх байдлаас харахад нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь үл хөдлөх хөрөнгөө хариуцагч Л.Дэлгэрийн өмчлөлдөө шилжүүлэн авах боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд худалдан авагч дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн 73 хувийг төлсөн, 27 хувийг төлөөгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргээ ялимгүй зөрчсөн үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч энэ зөрчлийн улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж болохгүй юм.
Мөн худалдан авагч Л.Дэлгэр нь 2.200.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй зөрчил гаргасан байх боловч худалдагч талаас үүргийг биелүүлэх хугацаа тогтоож, зөрчлийг арилгахгүй бол гэрээг цуцлах талаар урьдчилан сануулаагүй байна.
Харин бэлэглэлийн гэрээний хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 23 дугаар бүлэгт заасанчлан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн нэг нь бэлэглэл юм.
Бэлэглэгч өөрийн тодорхой хөрөнгийг бэлэг хүлээн авагчид хариу төлбөргүйгээр шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь Л.Дэлгэрийг Худалдах-Худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй намайг гомдоож байгаа гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэл буюу бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрхийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Л.Төмөрбаатарын “Худалдах-Худалдан авах гэрээнээс татгалзаж, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь улын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.Төмөрбаатар нь “шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 225.1, 280.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Төмөрбаатарын хариуцагч Л.Дэлгэрт холбогдох “Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ