Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

От холбогдох  эрүүгийн 1905015070423 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.О 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 12-160 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Г.Бийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

      

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би Б Отгонтөгстэй хардаад зодчихоод гараад явсан. Өөрийн бурууг зөвшөөрч байгаа. Бтой сайн дураараа эвлэрсэн. Прокурорын ялын санал 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд: “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед манай хамтран амьдрагч О гараад өөрийн найз Отгонтөгсийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 12-160 тоот түрээслэдэг нийтийн байранд ирсэн. Тэгээд О гарч 1 шил 0.75 литрийн архи 1 шил 0.5 литрийн архи авчирч бид гурав хувааж уусан. Тухайн үед манай хамтран амьдрагч О нэлээд муудаад түрүүлээд унтаад өгсөн. Тэгээд би найз Отгонтөгсийн хамт юм яриад сууж байхад О гэнэт босож ирээд та хоёр юу гэж ярьдаг гэнээ гээд миний хувцсыг тайлаад одоо та хоёр унт гээд намайг үсдээд хана мөргүүлээд хөл гараараа толгой нуруу, бөгсөн бие рүү өшиглөөд байсан. Тэгээд Оыг найз Отгонтөгс болиулах гээд хориглох гэхэд найз руугаа дайраад цохиод байсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд доод дэлгүүр рүү ороод цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгэхэд О араас ирээд цамц авчирч өгөөд яваад өгсөн. Би гэртээ буцаад ороход О гараад яваад өгсөн байсан. Тухайн үед О хардаад намайг үсдэж байгаад хана мөргүүлээд толгой, бөгс, хөл, цээж, гар руу хөл гараараа нэлээд хэдэн удаа цохьсон. О өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. О бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гомдол санал байхгүй. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Отгонтөгс мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед найз Отай уулзаж гадуур явж байгаад 3, 4 дүгээр хорооллын эцэст буудалд орж 2 шил архи пиво ууж байгаад би тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө ганцаараа сэрээд Оогий буудлаас ирж намайг авсан. Бид хоёр түрээсийн нийтийн байранд нь очсон. Тэднийд очиход хамтран амьдрагч нь байсан. Тэгээд бид гаднаас 2 шил 0.75 архи авч хувааж уусан. Тэгээд би нэлээд муудаад унтах гээд хэвтэж байснаа санаж байна. Тэгээд нэг сэрсэн чинь О байхгүй хамтран амьдрагчийнх нь баруун нүд хавдаад хөхөрсөн байсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4000 дугаартай дүгнэлтэнд: Г.Бийн биед духанд шарх, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаа, сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, уруул, зүүн чихний дэлбэнд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22/

 

Сэжигтнээр Б.О мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 26-нд найз Отгонтөгсийн хамт хороололд байдаг зочид буудалд ууж байгаад тэндээ унтуулаад би нийтийн байр руугаа очоод амарсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед босоод зочид буудлаас Отгонтөгсийг аваад манай нийтийн байранд ирээд Б бид гурав гаднаас 2 шил 0.75 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд би нэлээд муудаад тасраад унтсан байсан.  Тэгээд нэг сэргээд хартал Б, Отгонтөгс хоёр миний хөлд тэврэлдээд үнсэлцээд хоёулаа унтъя гээд ярьж байсан. Тэгэхээр нь би босож ирээд та хоёр одоо ийм юм ярьж байгаа юмуу гээд Б, Отгонтөгс хоёртой хэрүүл маргаан болсон. Тэгээд Б намайг хөөгөөд байхаар нь би уурлаад үлдсэн архиа уугаад бас дахиад муудсан. Тухайн үед би зарим юмаа санахгүй байгаа. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Оын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/,  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/, цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52/, ял шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                                                                            

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Б.О 2019 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 12-160 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Г.Бийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бийн“...О гэнэт босож ирээд та хоёр юу гэж ярьдаг гэнээ гээд миний хувцасыг тайлаад одоо та хоёр унт гээд намайг үсдээд хана мөргүүлээд хөл гараараа толгой нуруу, бөгсөн бие рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 10/, гэрч С.Отгонтөгсийн“...нэг сэрсэн чинь О байхгүй хамтран амьдрагчийнх нь баруун нүд хавдаад хөхөрсөн байсан...” /хх-ийн 13/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4000 дугаартай дүгнэлтээр  /хх-ийн 22/ нотлогдож тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Б.О хохирогч Г.Б нар хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

Хяналтын прокуророос Б.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Оыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.От танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.От мэдэгдсүгэй.

 

4. Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ