Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0166/З |
Дугаар | 221/МА2019/0530 |
Огноо | 2019-10-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0530
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э, гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “А-2” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бл, түүний өмгөөлөгч Ө.Э-О, гуравдагч этгээд “Ш 2019” СӨХ-ны өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “А-2” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар 38.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлага бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн 160 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрыг нэхэмжлэгчид нэмж олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамж гарснаас хойш 4 жилийн дараа Нийслэлийн газрын албанд хандаж, 2012 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “…эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ олгон, төлбөрийн тооцоог нийлэх’’ хүсэлт гаргасан.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухай шатны Засаг даргад бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт 37.1.3-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж түүнийг хангасан тохиолдол газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг аймаг, нийслэл, дүүргийнГазрын алба бүртгэнэ”.
Гэтэл нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй зэрэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.
Гуравдагч этгээдийн “А-2” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “…хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”, 34.2-т заасанчлан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх’’ гэснийг зөрчиж шийдвэрээ гаргасан.
Шүүх “Ө” ХХК-д газар эзэмших хүсэлт гаргах үеийн баримт бичиг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдсэн байсан эсэх, хэсэгчлэн тасалж шилжүүлсэн “160 дугаар цэцэрлэг” анх энэ газрын ямар зорилгоор буюу эзэмших, ашиглахын алинд байсан, шилжүүлж өгөх эрхтэй байсан эсэх, үүнээс хуулийн ямар зохицуулалтаар цаашдын үйл баримт өрнөсөн эсэх, тэдгээр нь хуулийн шаардлагад нийцэж байсан эсэхэд дүгнэлт хийлгүй маргааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн аман тайлбарт үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” бол Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор эрх олгож хуульчилсан байна. Гэтэл “Ө” ХХК эрхийн 5 жилийн хугацаандаа 2 жилийн газрын төлбөрийг төлөөгүй байдалд нь нэхэмжлэгчийн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болгосон Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөлгүй, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг Засаг даргад олгож хуульчилсан байна. Гэтэл “Ө” ХХК эрхийн 5 жилийн хугацааныхаа эхний жилд 2008 онд барилга архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсныг шүүх дээрх шаардлагыг хангаж биелүүлсэн байна гэж дүгнээд, эрхийг дуусгавар болгосон Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаар нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх эрх эзэмшигч буюу нэхэмжлэгчийг газрын эрхээ бусдын зээлийн баталгаанд 2011 онд барьцаалуулсныг зориулалтын дагуу ашигласан гэж дүгнээгүй байх гэж найдаж байна.
Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар барьцаалсан этгээдэд буюу “Улаанбаатар хотын” банканд мэдэгдээгүй байхдаа “Ө” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг “160 дугаар цэцэрлэгт” эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хариуцагч Засаг даргыг барьцаалагчид мэдэгдэл явуулсан эсэх талаар эсвэл барьцаалагчаас Засаг дарга тийм мэдэгдэл ирүүлж байсан эсэх талаар баримт гаргуулахаар ажиллагаа явуулаагүй, тэр талын баримт бий эсэх талаар зохигчдоос тодруулаагүй атлаа тааж дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох бүхий баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ’’ гэсэн ажиллагааг явуулалгүйгээр, олж тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 160 дугаар цэцэрлэгт газрыг “...олгохооргүй байжээ” гэж дүгнээд Засаг даргын 2017 оны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ болгосон.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барилга барихтай холбоотойгоор эрхийг хугацааны эхний жилд нь газрын хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтийг эрхийн хугацааг сунгуулах хүсэлт ‘’мөн’’ гэж дүгнээд хугацаа нь 2012 онд дуссанаас хойш бүтэн 3 жилийн дараа Засаг дарга газрын эрхийг цуцалж байхад “...хэрхэн дуусгавар болсонд тооцсон нь тодорхойгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж өрөөсгөлөөр дүгнээд цааш нь нэхэмжлэгчийн газрын эрх, гэрчилгээ нь барьцаанд байсан нь эрхийн хугацааг сунгуулах боломж түүнд байгаагүй, эрх хязгаарлагдсан байсан мэтээр дүгнээд Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Маргаан бүхий захиргааны акт нь “Ө” ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд анхан шатны шүүхээс газрын төлбөрөө 2007, 2010, 2012, 2013, 2014, 2015 онуудад тус тус төлөөгүй болохыг дүгнэсэн боловч төлөөгүй нь ямар үр дагавар үүсэх тухай дүгнээгүй. Түүнээс гадна газар эзэмших гэрээний хугацаа дуусахад хүсэлт гаргаагүйг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Тэрээр анхан шатны шүүхээс “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн холбогдох хэсгийн хүчингүй болгож, шийдвэрлэсэн тул 160 дугаар цэцэрлэгийн эзэмшилд 4484 м.кв талбай бүхий газрыг нэмж олгосон нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн 160 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ.
“Ө” ХХК нь анхнаасаа 4484 м.кв эзэмших эрхтэй байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь нэгэнт үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн 160 дугаар цэцэрлэгийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгээс гаргасан бие даасан шаардлагын хүрээнд:
Гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгээс нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаартай захирамжаас 160 дугаар цэцэрлэгийн газраас “Ө” ХХК-д 4484 м.кв газрын шилжүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох даасан шаардлагыг гаргасан.
Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг газар эзэмшигчид олгосон байдаг боловч хэрэв эзэмшигч нь төрийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан байдаг.
Тодруулбал төрийн байгууллага нь өөрийн эзэмшиж байгаа газраа бусад этгээдэд шилжүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү шилжүүлэхийг хуулиар хязгаарласан байна.
Газрын тухай хуулиар төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхийг хуулиар олгоогүй буюу ийнхүү захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу анхнаасаа 160 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан газраас “Ө’’ ХХК-д олгох үндэслэлгүй байсан буюу захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзээд нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаартай захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэгт илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгохоор гаргасан болно.
“Хуульд нийцсэн байна” гэж тодорхойгүй дүгнэлтийг хийсэн байх бөгөөд ямар учраас хуульд нийцсэн гэж үзээд байгаа талаарх үндэслэлээ тодорхой дурдаагүй байна.
Мөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаартай захирамжийг анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хангахгүй орхихдоо 2007 оны 577 дугаартай захирамж нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж гарснаар эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж тайлбарласан атлаа “Ө” ХХК эзэмших байсан газрыг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлтийг хийсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээд нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
1. “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газар олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжийн 160 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий газартай холбоотой гарсан шийдвэрүүдийн талаар:
Анх нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 9796 м.кв газрыг тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулагджээ. Гэтэл 2007 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч “Ө” ХХК нь гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зориулж хөнгөлөлттэй байр олгох, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж, цэцэрлэгийн байр засварлахад зохих хөрөнгө гаргах болсон гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгийн эзэмшил газраас орон сууцны зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д 4484 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар мөн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газарт барилга барих зөвшөөрөл олгогдсон байна.
Дараа нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн дээрх 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д эзэмшүүлсэн 4484 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгоод мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 4484 м.кв газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар нь дахин эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгосныг барьцаалагч болон газар эзэмшигч нарын хэнд нь ч мэдэгдээгүй, хугацаанд нь мэдэгдсэн бол бид тухайн үед гомдлоо гаргах байсан, газрыг барьцаанд байх хугацаанд удаа дараа албан бичиг, хүсэлт өгч байсан боловч төлбөрийн нэхэмжлэх өгч байгаагүй, газрыг 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэж үзэхгүй, газраа зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр шүүхээр явж газрыг барьцаанаас чөлөөлөх бичгээ гаргуулж авах гэсээр байтал өнөөдрийг хүрсэн. Манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэсэн агуулгаар маргасан байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс үүсэх үр дагавар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус зохицуулсан байна.
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь дээр дурдсан нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжаар 4484 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, уг захирамжийг үндэслэн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээний 2.2 дахь заалтаар газрын төлбөрийн нэгжийн үнийг 352 төгрөгөөр тогтоож, нийт 1.578.368 төгрөгийг 4 улиралд хувааж, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор 394.592 төгрөгийг газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлж байхаар заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ө” ХХК нь газрын төлбөрөө 2007-2012 оны хугацаанд буюу 2008, 2009, 2011 онд төлсөн, харин 2007, 2010, 2012 онд төлөөгүй болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул гэрээгээр тогтоосон хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй гэж үзнэ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөх нь газар эзэмшигчийн хүлээх үүрэг бөгөөд газар эзэмших эрх барьцаалагдсан болон 2008 оны нийслэлийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын тодорхой хэсэгт барилга барих зөвшөөрөл олгогдсон нь эзэмшиж буй газрын төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1009 дүгээр захирамжийн өөр нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгогдож, газар эзэмшүүлэх гэрээг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулснаас үзэхэд дуусах хугацаа нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэж үзвэл газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтийг газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй шалтгаанаа эрхийн гэрчилгээг барьцаанд өгсөн байсан гэж тайлбарлах боловч Газрын тухай хуульд барьцаалагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй талаарх зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг зөвтгөх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамж гарсны дараа мөн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 4484 м.кв газрыг цэцэрлэг, боловсролын зориулалтаар нь дахин эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгч “Ө” ХХК-д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй, цэцэрлэгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зориулж хөнгөлөлттэй байр олгох үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг бүрмөсөн эзэмшиж, барилга барин үйл ажиллагаа явуулах боломжгүй байхад захиргааны байгууллага, албан тушаалтан бүрэн эрхээ хэтрүүлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглэлгүй хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, гуравдагч этгээдийн зүгээс өөрийн эзэмшиж байсан газрыг эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч 2017 оны А/58 дугаар захирамжаар цэцэрлэгийн газрыг нь буцааж эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөгдөөгүй болох нь баримтаар тогтоогдсон, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөр төлөх нь газар эзэмшигчид хуулиар ногдуулсан үүрэг бөгөөд гэрээнд төлөх хугацааг тодорхой заасан байхад “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацааг хэрхэн дуусгавар болсонд тооцсон нь тодорхойгүй, урьдчилж шаардлага тавиагүй, мэдэгдээгүй...” гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1-д заасантай нийцэхгүй байна. Энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
2. “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаас “Ө” ХХК-д 4484 м.кв гарыг эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гуравдагч этгээд 160 дугаар цэцэрлэгийн бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгч “Ө” ХХК-д цэцэрлэгийн газраас 4484 м.кв газрыг эзэмшүүлсэн 2007 оны 577 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх энэ бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгатай дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нийслэлийн Засаг даргын 2007 оны оны 577 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2015 оны А/1009 дүгээр захирамж гарснаар хүчингүй болсон бөгөөд гуравдагч этгээдийн уг маргаж буй захирамжийг илт хууль бус болох үндэслэл нь тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2015 оны А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4484 м.кв газрыг олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн “нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 577 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “А-2” СӨХ-ны давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг болон хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ