Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1497

 

 

Г.Цогнэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/04571 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Цогнэмэхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д холбогдох

 

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 24 466 000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогнэмэх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Бишрэлт холдинг” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийнхөө дарга А.Ариунболд захирлын зөвлөснөөр А.Ариунболдын найз Л.Алтанхуягийн компанитай гэрээ байгуулж орон сууц худалдаж авсан. Би орон сууцыг худалдаж авах үед “Бишрэлт холдинг” ХХК-иас авлагатай байсан учраас байрныхаа төлбөрийг авлагаасаа барагдуулъя гэж хэлэхэд А.Ариунболд одоогоор “Бишрэлт холдинг” ХХК-д ямар ч мөнгө байхгүй байна. Чи Капитал банкнаас зээл аваад байрны төлбөрийг төлчих гэж хэлээд надад зээл гаргаж өгсөн. Би орон сууцыг худалдаж авахдаа “Шинэ дэлхий” ХХК-тай иргэн Г.Цогнэмэхийн хувиар барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. Би “Шинэ дэлхий” ХХК-иас 97.31 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр, 15 000 000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолын хамт худалдаж авсан. Тус орон сууцыг худалдаж авахын тулд “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин компани Капитал банкнаас 140 000 000 төгрөгийн зээл авч, “Шинэ дэлхий” ХХК-д байрны төлбөр болгож өгсөн. Би байрандаа ороод хагас жил болсны дараа байрны гэрчилгээ гарсан эсэх талаар асуухад Л.Алтанхуяг байрны гэрчилгээ гарах болоогүй байгаа. Манай барилгыг улсын комисс хүлээж аваагүй байна... гэх зэрэг шалтаг хэлээд цаараглаад байсан. Би гэрчилгэээгээ авахын тулд албан бичиг бичиж, Л.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзаж, гэрчилгээгээ гаргуулах талаар хэлэхэд надад яг тодорхой юм хэлэхгүй, танай гэрчилгээг гаргаж болохгүй байна гэдэг байсан. Гэтэл байрандаа ороод 3 жилийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажилтан орж ирээд танай байрыг битүүмжилнэ гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан энэ байр “Бишрэлт холдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байр байна гээд надад гэрчилгээний хуулбарыг үзүүлсэн. Гэрчилгээ нь гараад 1 жил болж байсан. “Бишрэлт холдинг” ХХК ажил гүйцэтгэсэн компанидаа мөнгөө төлөөгүй учраас энэ байрыг битүүмжилнэ гэж хэлсэн. Би Капитал банкнаас зээл аваад иргэний хувиар “Шинэ дэлхий” ХХК-тай барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, орон сууц худалдаж авсан. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар “Бишрэлт холдинг” ХХК байрны гэрчилгээг луйвардаад авчихсан байна. Би “Бишрэлт холдинг” ХХК-д 2011 оноос 2013 оны 01 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ажиллаж байсан цалингаа ч авч чадаагүй. Цалингаа авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч янз бүрийн шалтаг гаргаж хурал хойшлуулаад байсан учраас сүүлдээ залхаад нэхэмжлэлээ буцаасан. Мөн “Бишрэлт холдинг” ХХК-иас 8 000 000 төгрөгийн авлагатай байсан учраас шүүхийн журмаар нэхэмжлэхэд бүтэн 3 жил болж, бүүр хяналтын шатны шүүх хүртэл явж байж, арай гэж мөнгөө гаргуулж авахаар болсон. Би одоо шүүхээс орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Шинэ дэлхий” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 81 дүгээр байрны 29 тоот, 97.31 м.кв 3 өрөө орон сууц, 6 дугаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг үл хөдлөх хөрөнгө нь өнөөдөр ямар этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, яагаад бүртгэгдсэн талаар шалтгаан нөхцлийг тодруулах, өнөөдөр өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажилалгаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах зэрэг байдлыг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай компани үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргадаг байгууллага биш, хуулиар ийм эрх олгогдоогүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх улсын бүртгэлд өөр этгээдэд байгаа нөхцөлд бүртгэл хүчин төгөлдөр байгаа үед өмчлөх эрх болоод улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах эсэх асуудлыг ердийн шүүх шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК шүүхэд гаргасан шаардлагыг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цогнэмэх нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд нь “Бишрэлт холдинг” ХХК нь “Шинэ дэлхий” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулахаар болсон. Энэ гэрээний дагуу буюу 11 байрыг ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр өгсөн. Тус гэрээнд “Шинэ дэлхий” ХХК-ийн байрны үнэ 1 м.кв нь 1 800 000 төгрөг байсан ба орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажилчиддаа 1 м.кв байрыг 1 350 000 төгрөгөөр тооцож өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар баталгаажиж байгаа. 2012 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий гэрээ хийгдсэний дараа байр тус бүр дээр “Шинэ дэлхий” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК тай гэрээ хийсэн байдаг. Маргаж буй орон сууцны гэрчилгээ байр ашиглалтанд орсноос хойш 1 жилийн дараа гарсан бөгөөд гэрчилгээ гарсны дараа “Бишрэлт холдинг” ХХК нь захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу нэг м.кв байрыг 1 350 000 төгрөгөөр олгосон нийт 11 айлын тооцоог нийлээд зөрүү мөнгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК руу шилжүүлсэн байгаа. “Бишрэлт холдинг” ХХК-ийн зүгээс Г.Цогнэмэхийн нэхэмжлээд байгаа гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Г.Цогнэмэхээс манай компанийн ажилтан байхдаа эдэлж байсан 1 м.кв нь 1 800 000 төгрөгийн үнэ байрыг 1 350 000 төгрөгөөр авсан хөнгөлөлт буюу, түүний зөрүү болох 24 466 000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь Г.Цогнэмэх нь ажлаасаа гарч “Бишрэлт холдинг” ХХК-ийн ажилтан биш болсон учраас манай байгууллагаас олгож байсан хөнгөлөлтөөсөө татгалзах ёстой. Тиймээс Г.Цогнэмэхээс 24 466 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Би тухайн үед “Бишрэлт холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарыг дуустал “Бишрэлт холдинг” ХХК нь “Шинэ дэлхий” ХХК-тай орон сууц захилгаар бариулах гэрээ байгуулж, ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр байр худалдах талаар яриа огт яригдаагүй. Учир нь би тухайн үед “Бишрэлт холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг 1 м.кв нь 1 800 000 төгрөгийн үнэтэй байрыг хөнгөлөлттэй үнээр 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж байна. Миний “Шинэ дэлхий” ХХК-тай байгуулсан барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн байгууллага хоорондын гэрээгээр, эсхүл хэн нэгний зуучлалаар... гэх зэрэг угтвар нөхцлүүд огт тусгагдаагүй бөгөөд би “Шинэ дэлхий” ХХК-тай иргэн Г.Цогнэмэхийн хувиар гэрээ байгуулж, орон сууц худалдаж авсан. Хэрвээ ийм нөхцөлтэй байсан бол би 10 дугаар хороололд тийм өндөр хүүтэй зээл авч байж, орон сууцыг худалдаж авах шаардлага байгаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь нэг тал болоод явж байгаагийн хувьд өнөөдөр ч гэсэн 2012 оны гэрээ байгуулаад аваад ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь “Шинэ дэлхий” ХХК нь Капитал банкнаас зээл авч А.Ариунболд гэх хүний зааварчилгаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр “Шинэ дэлхий” ХХК болон “Бишрэлт холдинг” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг сонирхол нэгтэй этгээдүүдийн хоорондоо үгсэн тохиролцож байгуулагдсан гэрээ учраас хэрэгт ямар ч ач холбогдолгүй бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цогнэмэх нь “Шинэ дэлхий” ХХК-тай барилгын ажил захиалгаар бариулах гэрээ болон авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ зэрэг 2 гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Шинэ дэлхий” ХХК нь 108 айлын орон сууцнаас 97.31 м.кв 3 өрөө байрыг авто зогсоолын хамт худалдаж авахаар “Шинэ дэлхий” ХХК-тай тохиролцоод 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би болон барилгын ажлыг барьж гүйцэтгэх “Шинэ дэлхий” ХХК, Капитал банк нар гурвалсан орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулсан. Энэ санхүүжилтийн гэрээг үндэслээд мөн өдөр Капитал банкнаас 140 000 000 төгрөгийг 1 жилийн 12.8 хувийн хүүтэй, 1 сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Санхүүжилтын гэрээний дагуу Капитал банк нь “Шинэ дэлхий” ХХК руу байрны төлбөр болох 140 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас Г.Цогнэмэх нь тус байрандаа одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд Г.Цогнэмэх нь тус орон сууцны өмчлөгч мөн гэж үзэж байна. Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу Капитал банкнаас орон сууцны үнэ болон авто зогсоолын тал төлбөр болох 8 000 000 төгрөгийг “Шинэ дэлхий” ХХК руу шилжүүлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8 631 500 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл 6 035 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна... гэж заасан байна....8.631.500 төгрөгийг дансаар төлж гэж байгаа нь Г.Цогнэмэх нь зээл аваад тус “Шинэ дэлхий” ХХК-д төлсөн гэдэг нь нотлогдож байна. Гэтэл “Шинэ дэлхий” ХХК нь захиалагч Г.Цогнэмэхтэй барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ хийсэн мөртлөө тус гэрээний 7.8 дугаар зүйлд заасан ... Захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх, бүртгүүлэх үүргийг гүйцэтгэгч хүлээнэ... гэж заасныг зөрчиж байна. Г.Цогнэмэхийн худалдаж авсан орон сууцынхаа гэрчилгээг авах гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй. Бие даасан шаардлагаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өөрөө нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Г.Цогнэмэх нь “Шинэ дэлхий” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сард барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн “Бишрэлт холдинг” ХХК нь Г.Цогнэмэхийн худалдаж авсан орон сууцны зөрүүд 24 466 000 төгрөгийг “Шинэ дэлхий” ХХК-д өгсөн гэдгээ юугаар нотлоогүй. Иргэний хэрэг маргааныг нотлох баримтад үндэслэж шийдвэрлэдэг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна. Бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Цогнэмэхийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 81 дүгээр байр, 29 тоот, 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 1 ширхэг автомашины зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс 24 466 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Маргаан энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн хувьд захиалгын гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг тодорхойлох боломжгүй гэж үзэж 70 200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Иймд шүүгч Улсын тэмдэгтийн хураамжийг харгалзан үзээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр уг хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэвч шүүгч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлзэх зарчмыг хангалгүй орхисон. Маргаан бүхий орон сууцны хувьд нэхэмжлэгч нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр "Шинэ дэлхий" ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Харин "Бишрэлт холдинг" ХХК нь Орон сууц захиалгын гэрээг 2012 оны 3 дугааар сарын 06-ны өдөр буюу нэхэмжлэгчээс даруй 3 сарын өмнө байгуулсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд заасанчлан "Бишрэлт холдинг" ХХК нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд эзэмшигч юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хоёр гэрээний аль аль нь хүчин төгөлдөр байгааг анхаарч үзээгүй, аль гэрээгээр хэргийг шийдвэрлэх нь тодорхойгүй байхад эргэлзээтэй баримтад үндэслэж гарсан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн шүүгчийн захирамжаар "Шинэ дэлхий" ХХК-ийн дансны хуулгыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ шүүх  биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд шүүхийн албан ёсны тамга тэмдэг бүхий шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг, хүсэлтийн хамт шүүгчийн туслахад өгсөн ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд мөнгө шилжүүлсэн баримт болон орон сууц захиалгын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар удаа дараа шаардаж байсан боловч хуулийн хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг бичгээр гаргаж танилцуулаагүй. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалтай танилцахад дээрх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлттэй хамт өгсөн хурлын тов мэдэгдэх хуудас хэргийн материалаас алга болсон, гуравдагч этгээдийн шүүх хуралдаан эхлэхэд шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй мэтээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. Шүүгч Ч.Мөнхцэцэг нь хэргийн материалаас нотлох баримтыг алга болгосон, шүүх хуралдааны тэмдэглэлийг санаатайгаар худал бичиж, шүүгчийн ёс зүйл байх ёсгүй увиагүй үйлдэл гаргаж, хэргийн оролцогчдийн нэг талд санаатайгаар давуу байдал бий болгосон энэхүү үйлдэлд гомдолтой байна. Шүүгчийн гаргасан уг үйлдэлд холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Бишрэлт холдинг" ХХК нь "Шинэ дэлхий" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсаны үндсэн дээр ажилчиддаа хөнгөлттэй үнээр орон сууцанд хамруулах болсон бөгөөд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Цогнэмэх нь маргаан бүхий орон сууцыг хөнгөлттэй үнээр буюу 1м.кв-ийг 1 350 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г.Цогнэмэх нь тухайн орон сууцыг хөнгөлттэй үнээр аваагүй гэж маргаж байгаа боловч "Бишрэлт холдинг" ХХК нь "Шинэ дэлхий" ХХК-тай байгуулсан гэрээнд орон сууцпы 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцсон, тухайн үеийн орон сууцны зах зээлийн дундаж ханш 1 350 000 төгрөгөөс хамаагүй үнэтэй байсан зэргээр хөнгөлттэй үнээр орон сууц захиалсан болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх "Бишрэлт холдинг" ХХК нь ажилчиддаа орон сууцны м.кв-ын хөнгөлөлт үзүүлсэн талаар нотлогдохгүй байна гэсэн нь илт үндэслэл муутай байна. Хэрэгт "Бишрэлт холдинг" ХХК-иас шилжүүлсэн 108 349 000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд хариуцагч "Шинэ дэлхий" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол энэ талаар батлах боломжтой байсан. Мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагч талд танилцуулахгүйгээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Цогнэмэх хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 81 дүгээр байр, 29 тоот, 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч манайх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргадаг байгуулага биш хуулиар эрх олгогдоогүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд өөр этгээдэд байгаа, бүртгэл хүчин төгөлдөр байгаа үед өмчлөх эрх болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах эсэх асуудлыг ердийн шүүх шийдвэрлэх боломжгүй гэж маргажээ.

 

Гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК нь нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс 24 466 000 төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

 

Талууд 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот гэрээгээр 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 78 тоот гэрээгээр уг барилгын зоорийн давхрын автомашины зогсоолыг тус тус захиалгаар бариулах гэрээг байгуулжээ.

 

Дээрх 2 гэрээний дагуу төлөх 3 өрөө орон сууцны үнэ 131 368 500 төгрөг, автомашины зогсоолын үнэ 15 000 000 төгрөг нийт 146 368 500 төгрөг төлөхөөс 140 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банкнаас зээлж төлөхөөр тохирч 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Капитал банк, Г.Цогнэмэх, “Шинэ дэлхий” ХХК-ийн хооронд орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээ, мөн өдөр Капитал банк Г.Цогнэмэх нарын хооронд 189 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г.Цогнэмэх 3 өрөө орон сууц болон автомашины зогсоолын үнэ нийт 146 368 500 төгрөгийг “Шинэ дэлхий” ХХК-д төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц болон автомашины зогсоолыг бариулах барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу 146 368 500 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Дээрх гэрээний талаар зохигчдоос шаардлага гаргаагүй, маргаж буй 3 өрөө орон сууцны өмчлөгч “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.Цогнэмэхийн нэр дээр шилжүүлэхэд татгалзахгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан зэргээс үзвэл шүүх “Бишрэлт холдинг” ХХК нь “Шинэ дэлхий” ХХК-тай байгуулсан гэрээний талаар дүгнэх шаардлагагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар давж заалдах гомдол  үндэслэлгүй болно.

 

Хэргийн үйл баримтаар Г.Цогнэмэх 2012 оноос эхлэн дээрх орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Шүүх Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 81 дүгээр байр, 29 тоот, 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК нь нэхэмжлэгчээс тус компанид ажиллаж байхдаа эдэлсэн хөнгөлөлтийг буцаан шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК нь нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс 24 466 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишигт бие даасан шаардлага гаргах эрхийг “Бишрэлт холдинг” ХХК-иас олгоогүй байна.                                                 /хх-95 дугаар тал/

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-иас Г.Цогнэмэхэд орон сууц худалдаж авахад нь хөнгөлөлт эдлүүлэхтэй холбоотойгоор тохиролцсон талаар баримт байхгүй тул 24 466 000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг тодорхойлох боломжгүй гэж 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны товыг лавлах, шүүх хуралдаанд бэлтгэх, оролцох нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй тул түүний гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байхад уг маргаанд хамааралгүй мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу бөгөөд “Бишрэлт холдинг” ХХК нь Г.Цогнэмэхээс хөнгөлөлт эдэлсэн 24 466 000 төгрөгийг шаардсан нь хохирол гаргуулах тухай агуулгагүй байхад шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримталсныг зөвтгөх боломжтой байна.

 

Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах байдлаар залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1” гэснийг хасч, 2 дахь заалтад “229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 819 592 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 889 792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж тус тус өөрчлөн нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/04571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 819 592 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-иас 889 792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цогнэмэхэд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Бишрэлт холдинг” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 280 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                         Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ