Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/04571

 

2016 оны 07 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04571

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 153 тоот хаягт оршин суух, Цагаантуг овогт Галнэмэхийн Цогнэмэх /РД:ЧС77030876/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 58 дугаар байр, 89 тоот хаягт байрлах Шинэ дэлхий ХХК /РД: 2102684/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 48, өөрийн байранд байрлах Бишрэлт холдинг ХХК /РД: 2595982/,

 

Бие даасан шаардлага: Нэхэмжлэгчээс 24.466.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогнэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Бишрэлт Холдинг ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийнхөө дарга н.Ариунболд захирлын зөвлөснөөр н.Ариунболдын найз Л.Алтанхуягийн компанитай гэрээ байгуулж орон сууц худалдаж авсан.  Би орон сууцыг худалдаж авах үед Бишрэлт Холдинг ХХК-иас авлагатай байсан учраас байрныхаа төлбөрийг авлагаасаа барагдуулъя гэж хэлэхэд н.Ариунболд одоогоор Бишрэлт холдинг ХХК-д ямар ч мөнгө байхгүй байна. Чи Капитал банкнаас зээл аваад байрны төлбөрийг төлчих гэж хэлээд надад зээл гаргаж өгсөн. Би орон сууцыг худалдаж авахдаа Шинэ дэлхий ХХК-тай иргэн Г.Цогнэмэхийн хувиар барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. Би Шинэ дэлхий ХХК-иас 97.31 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр, 15 сая төгрөгийн үнэтэй авто машины зогсоолын хамт худалдаж авсан. Тус орон сууцыг худалдаж авахын тулд Бишрэлт холдинг ХХК-ийн охин компани Капитал банк-наас 140 сая төгрөгийн зээл авч, Шинэ дэлхий ХХК-д байрны төлбөр болгож өгсөн. Би байрандаа ороод хагас жил болсны дараа байрны гэрчилгээ гарч байна уу, юу болж байна гэж асуухад Л.Алтанхуяг байрны гэрчилгээ гарах болоогүй байгаа. Манай барилгыг улсын комисс хүлээж аваагүй байна... гэх зэрэг шалтаг хэлээд цаараглаад байсан. Би гэрчилгэээгээ авахын тулд албан бичиг бичиж, Л.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзаж, гэрчилгээгээ гаргуулмаар байна гэж хэлэхээр надад яг тодорхой юм хэлэхгүй, танай гэрчилгээг гаргаж болохгүй байна л гээд байдаг байсан. Гэтэл байрандаа ороод 3 жилийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажилтан орж ирээд танай байрыг битүүмжилнэ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ. Яагаад манай байрыг битүүмжилдэг юм бэ. Байрны гэрчилгээ ч гараагүй байгаа шүү дээ гэж хэлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан энэ байр Бишрэлт холдинг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байр байна гээд надад гэрчилгээний хуулбарыг үзүүлсэн. Гэрчилгээ нь гараад 1 жил болж байсан. Бишрэлт холдинг ХХК ажил гүйцэтгэсэн компанидаа мөнгөө төлөөгүй учраас энэ байрыг битүүмжилнэ гэж хэлсэн. Ингэж би луйварт өртсөн байна гэдгээ ойлгож, Р.Оюунцэцэг  өмгөөлөгчтэй ярилцаж байгаад шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Би Капитал банк-наас зээл аваад иргэний хувиар Шинэ дэлхий ХХК-тай барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, орон сууц худалдаж авсан. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар Бишрэлт холдинг ХХК байрны гэрчилгээг луйвардаад авчихсан байна. Би Бишрэлт холдинг ХХК-д 2011 оноос 2013 оны 01 дүгээр сарыг дуустал ажиллаж байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ажиллаж байсан цалингаа ч авч чадаагүй. Цалингаа авах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч янз бүрийн шалтаг гаргаж хурал хойшлуулаад байсан учраас сүүлдээ залхаад нэхэмжлэлээ буцаасан байгаа. Мөн Бишрэлт холдинг ХХК-иас 8 сая төгрөгийн авлагатай байсан учраас түүнийгээс шүүхийн журмаар нэхэмжлэхэд бүтэн 3 жил болж, бүүр хяналтын шатны шүүх хүртэл явж байж, арай гэж мөнгөө гаргуулж авахаар болсон. Бишрэлт холдинг ХХК надад нэг л өс санасан хүмүүс байдаг. Би одоо шүүхээс орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Шинэ дэлхий ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 81 дүгээр байрны 29 тоот, 97.31 м.кв 3 өрөө орон сууц, 6 дугаар авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг үл хөдлөх хөрөнгө нь өнөөдөр ямар этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, яагаад бүртгэгдсэн талаар шалтгаан нөхцлийг тодруулах, өнөөдөр өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажилалгаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах зэрэг байдлыг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай компани үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргадаг байгууллага биш, хуулиар ийм эрх олгогдоогүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх улсын бүртгэлд өөр этгээдэд байгаа нөхцөлд бүртгэл хүчин төгөлдөр байгаа үед өмчлөх эрх болоод улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах эсэх асуудлыг ердийн шүүх шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч Бишрэлт холдинг ХХК-ийн шүүхэд гаргасан шаардлагыг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Цогнэмэх нь Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд нь Бишрэлт холдинг ХХК нь Шинэ дэлхий ХХК-тай  орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулахаар болсон. Энэ гэрээний дагуу буюу 11 байрыг ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр өгсөн. Тус гэрээнд Шинэ дэлхий ХХК-ийн байрны үнэ 1 м.кв нь 1.800.000 төгрөг байсан ба орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ажилчиддаа 1 м.кв байрыг 1.350.000 төгрөгөөр тооцож өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар баталгаажиж байгаа. 2012 оны 3 дугаар сарын 04-ны өдөр ерөнхий гэрээ хийгдсэний дараа байр тус бүр дээр Шинэ дэлхий ХХК нь Бишрэлт холдинг ХХК тай гэрээ хийсэн байдаг. Маргаж буй орон сууцны гэрчилгээ байр ашиглалтанд орсноос хойш 1 жилийн дараа гарсан бөгөөд гэрчилгээ гарсны дараа Бишрэлт холдинг ХХК нь захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу нэг м.кв байрыг 1.350.000 төгрөгөөр олгосон нийт 11 айлын тооцоог нийлээд зөрүү мөнгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шинэ дэлхий ХХК руу шилжүүлсэн байгаа. Бишрэлт холдинг ХХК-ийн зүгээс Г.Цогнэмэхийн  нэхэмжлээд байгаа гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Г.Цогнэмэхээс манай компанийн ажилтан байхдаа эдэлж байсан 1 м.кв нь 1.800.000 төгрөгийн үнэ байрыг 1.350.000 төгрөгөөр авсан хөнгөлөлт буюу, түүний зөрүү болох 24.466.000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь Г.Цогнэмэх нь ажлаасаа гарч Бишрэлт холдинг ХХК-ийн ажилтан биш болсон учраас манай байгууллагаас олгож байсан хөнгөлөлтөөсөө татгалзах ёстой. Тиймээс Г.Цогнэмэхээс 24.466.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Би тухайн үед Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарыг дуустал Бишрэлт холдинг ХХК нь Шинэ дэлхий ХХК-тай орон сууц захилгаар бариулах гэрээ байгуулж, ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр байр худалдах талаар яриа огт яригдаагүй. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Учир нь би тухайн үед Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Хоёрдугаарт: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг 1 м.кв нь 1.800.000 төгрөгийг үнэтэй байрыг хөнгөлөлттэй үнээр 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр авсан гэж тайлбарлаж байна. Миний Шинэ дэлхий ХХК-тай байгуулсан барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн байгууллага хоорондын гэрээгээр, эсхүл хэн нэгний зуучлалаар... гэх зэрэг угтвар нөхцөлүүд огт тусгагдаагүй бөгөөд би Шинэ дэлхий ХХК-тай иргэн Г.Цогнэмэхийн  хувиар гэрээ байгуулж, орон сууц худалдаж авсан. Гэтэл гэнэт дундуур бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэх байгууллага орж ирээд би чамд 1 м.кв нь 1.800.000 төгрөгийн үнэтэй байрыг 1.350.000 төгрөгөөр олгосон гээд надаас мөнгө нэхээд байгаад үнэхээр гайхаж байна. Үүнийг би гэнэт хажуугаар нэг этгээд орж ирээд мөнгө луйвардах гээд байна гэж харж байна. Хэрвээ ийм нөхцөлтэй байсан бол би 10 дугаар хороололд тийм өндөр хүүтэй зээл аван байж, орон сууцыг худалдаж авах шаардлага байгаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь нэг тал болоод явж байгаагийн хувьд өнөөдөр ч гэсэн 2012 оны гэрээ байгуулаад аваад ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь Шинэ дэлхий ХХК нь Капитал банк-наас зээл авч н.Ариунболд гэх хүний зааварчилгаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр Шинэ дэлхий ХХК болон Бишрэлт холдинг ХХК нарын хооронд байгуулсан гэрээг сонирхол нэгтэй этгээдүүдийн хоорондоо үгсэн тохиролцож байгуулагдсан  гэрээ учраас хэрэгт ямар ч ач холбогдолгүй, бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Баянгол дүүрэгт байрлах 97.31 м.кв 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, мөн өөрийн хөрөнгөөр худалдаж авсан авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Г.Цогнэмэх нь Шинэ дэлхий ХХК-тай барилгын ажил захиалгаар бариулах гэрээ болон авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ зэрэг 2 гэрээ байгуулсан. Тус гэрээнүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ гэрээний дагуу Шинэ дэлхий ХХК нь 108 айлын орон сууцнаас 97.31 м.кв 3 өрөө байрыг авто зогсоолын хамт худалдаж авахаар Шинэ дэлхий ХХК-тай тохиролцоод 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би болон барилгын ажлыг барьж гүйцэтгэх Шинэ дэлхий ХХК, Капитал банк нар гурвалсан орон сууцны  санхүүжилтийн гэрээ байгуулсан. Энэ санхүүжилтийн гэрээг үндэслээд мөн өдөр Капитал банк-ниас 140 сая төгрөгийг 1 жилийн 12.8 хувийн хүүтэй, 1 сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Санхүүжилтын гэрээний дагуу Капитал банк нь Шинэ дэлхий ХХК руу байрны төлбөр болох 140 сая төгрөгийг шилжүүлсэн. Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас Г.Цогнэмэх нь тус байрандаа одоог хүртэл амьдарч байгаа. Тиймээс л Г.Цогнэмэх нь тус орон сууцны өмчлөгч мөн гэж үзэж байгаа юм. 2012 дугаар сарын 12 дугаар сард байр ашиглалтад орсон. Өнөөдөр бол 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр болж байна. Хэрвээ Г.Цогнэмэх байрны үнийг төлөөгүй байсан бол Шинэ дэлхий ХХК байр ашиглалтад ороод 3 жил гариу болж байхад аль хэдийнээ байрнаас хөөгөөд гаргачих боломжтой байсан. Орон сууцны санхүүжилтийн гэрээний дагуу Капитал банк-наас орон сууцны үнэ болон авто зогсоолын тал төлбөр болох 8 сая төгрөгийг Шинэ дэлхий ХХК руу шилжүүлсэн. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхлээр 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээнд нэг талаас Шинэ дэлхий ХХК /гүйцэтгэгч/, түүнийг төлөөлж, Л.Алтанхуяг, нөгөө талаас иргэн Г.Цогнэмэх нар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 108 айлын орон сууцны барилгын зоорийн давхар авто зогсоолыг худалдаж авахаар харилцан тохиролцов. Тус гэрээний гэрээний үнийг төлөх нөхцөл гэсэн хэсэгт ... Энэхүү гэрээний 1.4-д заасан төлбөрийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: 2012 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 8.631.500 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл 6.035.000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна... гэж заасан байна. ...8.631.500 төгрөгийг дансаар төлж гэж байгаа нь Г.Цогнэмэх нь зээл аваад тус Шинэ дэлхий ХХК-д төлсөн гэдэг нь нотлогдож байна. Үлдэгдэл 6.035.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтуудыг шүүгч нотлох баримт шинжлэн судлах үед дурдсан. Ингээд одоог болтол Г.Цогнэмэх Капитал банк-тай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу сар бүрийн 05-ний зээлээ төлөөд явж байгаа. Энэ талаар баримтыг хамгийн сүүлийн байдлаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүгээр Г.Цогнэмэх нь одоог хүртэл Капитал банкниас авсан 140 сая төгрөгөө төлж байгаа гэдэг нь харагдаж байна. Ингээд Г.Цогнэмэх нь байрны үнийг 100 хувь төлсөн гэдэг нь батлагдаж байна. Гэтэл Шинэ дэлхий ХХК нь захиалагч Г.Цогнэмэхтэй барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ хийсэн мөртлөө тус гэрээний 7.8 дугаар зүйлд заасан ... Захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх, бүртгүүлэх үүргийг гүйцэтгэгч хүлээнэ... гэж заасныг зөрчиж байна. Г.Цогнэмэхийн худалдаж авсан орон сууцынхаа гэрчилгээг авах гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй. Түүгээр ч барахгүй тус байр нь шүүхийн шийдвэрээр хураагдах дэрээ тулаад байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд ...өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй... гэж заасан байгаа. Энэ эрхийнхээ дагуу өөрийгөө орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгч гэдгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах үндэслэлтэй. Нөгөө талаас энэ хэрэг маргаанд Бишрэлт холдинг ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцож нэхэмжлэгчээс 24.466.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Тус нэхэмжлэлийн шаардлагаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өөрөө нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Г.Цогнэмэх нь Шинэ дэлхий ХХК-тай 2012 оны 11 дүгээр сард барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ  байгуулсан байна. Эдгээр гэрээ нь цаг хугацааны хувьд ч зөрүү байхаас гадна Бишрэлт холдинг ХХК нь хаанаас ийм орон сууц захиалгаар бариулах гэрээг гаргаж ирснийг мэдэхгүй байна. Мөн Бишрэлт холдинг ХХК нь Г.Цогнэмэхийн худалдаж авсан орон сууцны зөрүүд 24.466.000 төгрөгийг Шинэ дэлхий ХХК-д өгсөн гэдгээ юугаар нотлоод байгаа юм бэ. Үүнийг нотлох баримт огт байхгүй байна. Иргэний хэрэг маргааныг нотлох баримтад үндэслэж шийдвэрлэдэг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна. Харин бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх нь хариуцагч Шинэ дэлхий ХХК-д холбогдуулан орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Бишрэлт холдинг ХХК нь нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс орон сууцны төлбөрт шилжүүлсэн 24.466.000 төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 44 дугаартай Итгэл хотхон орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ээр захиалагч Г.Цогнэмэх нь гүйцэтгэгч Шинэ дэлхий ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа 108 айлын орон сууцны барилгын 1 дүгээр орцны 9 дүгээр давхрын 29 тоотын 97.31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 131.368.500 төгрөгөөр урьдчилгаа төлөхгүйгээр, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 78 дугаартай Итгэл хотхон орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ээр захиалагч Г.Цогнэмэх нь гүйцэтгэгч Шинэ дэлхий ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа 108 айлын орон сууцны барилгын зоорийн давхар дахь авто зогсоолыг 15.000.000 төгрөг төлөхөөс 8.631.500 төгрөгийг дансаар төлж, үлдэх 6.035.000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувиар тооцож алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 1.2-д Гэрээний нөхцлийн дагуу Гүйцэтгэгч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригрлдаж буй 108 айлын орон сууцны барилгын 1 дүгээр орцны 9 давхрын 29 тоот орон сууцыг ашиглалтанд оруулахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж гэрээний агуулгыг тодорхойлжээ. Гэрээний 7.5-д Гүйцэтгэгч нь орон сууцыг 2012 оны 7 дугаар сарын 15-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан ба 2012 оны 12 дугаар сард захиалагчид түлхүүр гардуулсанаар гэрээний энэ заалт биелэгдсэн байна. Түүнчлэн, гэрээнд заасан хугацаанаас хойш орон сууц ашиглалтад орсон нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхээр маргаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үнэ 146.368.500 төгрөгөөс 140.000.000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл 6.035.000 төгрөгийг 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 4 удаагийн төлөлтөөр хариуцагч Шинэ дэлхий ХХК-д төлсөн нь Орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээлийн гэрээ, кассын орлогын баримт-аар тогтоогдож, 146.368.500 төгрөг төлсөн уг үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж... гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзлээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...үүргийг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчийг өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний үнийг бүрэн төлсөн явдал нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д заасан эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжсэн байх тул нэхэмжлэгчийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 81 дүгээр байр, 29 тоот, 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 1 ширхэг автомашины зогсоолын өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Хариуцагчтай байгуулсан гэрээний 5.1.-д нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 30 буюу түүнээс дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд хариуцагч нь уг гэрээг цуцлахаар заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл 158 076 800 төгрөгөөс 38 076 800 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 42 172 500 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 100 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж гэрээний үүргийн хугацааг 11 сараар хэтрүүлсэн боловч хариуцагч нь энэ хугацаанд төлбөрийг хүлээн авч байсан, түүнчлэн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагч нь бодит үйлдлээрээ үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байсан байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээг тасалбар болгон цуцалсан гэх боловч үүнээс өмнө нь гэрээг цуцлах талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хариуцагч нь гэрээнээс татгалзах санал гаргаагүй нь гэрээний хугацаа үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 16-ний өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үнийг бүрэн төлсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагч нь гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 59 дүгээр байр, 8 давхар, С хэсгийн 31 тоот, 147.68 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх бүгдийг нэгтэн, нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэнээр түүнд тухай орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрх үүсэж, өмчлөгч болсон, харин гуравдагч этгээд хариуцагчид м.кв-ын үнийн хөнгөлөлтийн зөрүүнд 24.466.000 төгрөг төлсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 , 112 дугаар зүйлийн 112.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Цогнэмэхийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 81 дүгээр байр, 29 тоот, 97.31 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 1 ширхэг автомашины зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч Шинэ Дэлхий ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн нэхэмжлэгч Г.Цогнэмэхээс 24.466.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Бишрэлт холдинг ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ