Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0159/З |
Дугаар | 221/МА2019/0537 |
Огноо | 2019-10-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0537
О.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, О.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгч О.Гд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Иргэн Г.О нь 2015 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн О.Г /нэхэмжлэгч/-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад О.Г нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэн Г.О-ийн хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/ Хасбаатрын гудамж, 18/1 дүгээр байрны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр тус банк шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч хууль зөрчиж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар: Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилгоор буюу Баянгол дүүрэг, З дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн О.Г-г бүртгүүлэхээр холбогдох албан бичийг шийдвэр гүйцэтгэх байгууллага Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн боловч тус хэлтэс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаар албан бичгээр “…үл хөдлөх хөрөнгийг танай хүсэлтийн дагуу иргэн О.Г /МТ69042802/-ийн өмчлөлд шилжүүлж бүртгэх боломжгүй” гэсэн хариу хүргүүлсэн.
Иргэн О.Г нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дээрх албан бичигтэй танилцаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Иргэн О.Г нь Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 276 тоот албан бичигт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/487 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт зөрчигдөхөд хүрсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, тус хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж өгөөгүй болно.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн эс зөвшөөрч байгаа үндэслэлүүдийн талаар:
Анхан шатны шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг зөрчсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу итгэмжлэлийн хугацаа дууссан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулсан.
Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тус хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байхад шүүх хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д заасныг зөрчсөн.
“К б” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/ Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй байтал тус орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөнгө байхгүй байхад шүүх байгаа мэтээр бүртгэж авахыг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Г нь “Г.О болон “К б” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Ү-2205051561 дугаартай гэрчилгээ байгаа гэх үндэслэлээр миний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Г намайг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн байршилд давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөгч миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас уг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр О.Гг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үндэслэлээ “...Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр “К б” ХХК-руу шилжүүлэн бүртгэгдсэн ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглосон байх тул О.Ггийн өмчлөлд бүртгэх боломжгүй...” гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлээ “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 357 дугаар шийдвэрээр Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон. Гуравдагч этгээдийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороолол, 4 дүгээр хороо, Хасбаатарын 18/1 дүгээр байрны 18 тоот орон сууцыг өмчлөх эрхийг хязгаарласан, хүчингүй болгосон шийдвэр байхгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “...өмчлөгч болох нь нэгэнт тогтоогдсон байхад ... захиргааны байгууллага эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.Г нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42.6 м.кв бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00357 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр захирамжаар уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас “шүүхийн шийдвэрийг биелүүлж, О.Ггийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3285 дугаар албан бичгүүд хэрэгт авагджээ.
Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 32.3-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 32.4-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр нь хуулийн нэгэн адил заавал биелэгдэх учиртай.
Хэдийгээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсч буй 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “К б” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Ү-2205051561 дугаар бүхий гэрчилгээн дээр “Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороо, 4-р хороолол, Хасбаатар гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байршилтай” гэж бичигдсэн боловч хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүхээс маргаан бүхий газар, эд зүйл, баримт материалд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр маргаан бүхий уг орон сууц нь бодит байдалд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байршилтай болох нь тогтоогдсон байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн “...Улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглосон байх тул О.Г-ийн өмчлөлд бүртгэх боломжгүй...Баянгол дүүргийн 3 дугаар хороололд 18/1 гэж байр улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэх хариуцагчийн тайлбар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.
Гуравдагч этгээдийн “... иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн ... итгэмжлэлийн хугацаа дууссан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан, нэхэмжлэл шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн, тус хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн” гэх давж заалдах гомдлын тухайд:
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах холбоотой санал асуухад “Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл эх хувиараа ирээгүй, уг үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэх санал асуухад “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй”” гэсэн тайлбар тусгагдсан, хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл канондсон болон эх хувь байдлаар авагдсан байгаагаас үзэхэд анхан шатны шүүхийг итгэмжлэлийн хугацаа дууссан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулсан, хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй байхад иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд нь давж заалдах гомдлын шаардлагаа “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэж тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнтэй холбон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, уг гомдлын хариуд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7/487 дугаар албан бичгээр “...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ