Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1598

 

 

М.Хулангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04643 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Хулангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Өлзий-Оршихт холбогдох

 

Хүүхдийн сургалтын зардалд 5 340 510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Өлзий-Оршихийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Хулан, хариуцагч Б.Өлзий-Орших нарын дундаас 1999 онд төрсөн охин Ө.Марал, 2006 онд төрсөн хүү Ө.Төгөлдөр нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 928 дугаартай шийдвэрт заасны дагуу хариуцагч Б.Өлзий-Орших хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлж байгаагүй бөгөөд охин Ө.Марал нь 2008-2014 онд Монгол-Оросын хамтарсан сургууль, 2014 оноос одоог хүртэл Лаборатори 23 дугаар сургууль, англи хэлний сургалтын төвүүдэд төлбөртэйгээр суралцаж нэхэмжлэгч С.Хулан төлбөрийг төлж байсан. Одоо Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш хүлээх үүргийн дагуу охин Ө.Маралын Монгол-Оросын хамтарсан сургуульд 2008-2009 онд төлсөн 1390 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1 америк доллар 1.150 төгрөгөөр тооцоход 1 595 500 төгрөг, мөн сургуульд 2009-2014 онд төлсөн 7 383 520 төгрөг, Лаборатори 23 дугаар сургуульд 2014-2016 онд төлсөн 372 000 төгрөг, Фаро сургалтын төвд 2015 онд суралцсан 780 000 төгрөг, Топ бариста сургалтын төвд суралцсан 550 000 төгрөг, нийт 10 681 020 төгрөгийн 50 хувь буюу 5 340 510 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Хулантай 1999 онд гэр бүл болж, 1999 онд охин Ө.Марал, 2006 онд хүү Ө.Төгөлдөр нар төрсөн. Бид зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2007 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдарч 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 928 шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Тус шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ө.Марал хүү Ө.Төгөлдөр нарт хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Би Г.Алимаатай хамтын амьдрал бүхий харьцаатай бөгөөд бидний дундаас 2 настай охинтой ба миний цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдардаг. Миний сарын цалин 1 700 000 төгрөг бөгөөд дараах зарлага, зээлүүдийг сар бүр тогтмол төлдөг юм. Үүнд байрны мөнгөнд дунджаар 120 000 төгрөг, утасны төлбөр 50 000 төгрөг, бензин, шатахуунд ойролцоогоор 100 000 төгрөг, нийгмийн даатгалд 170 000 төгрөг, цалингийн зээлд 410 000, орон сууцны зээлийн төлбөрт 466 400 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 275 550 төгрөг буюу нийт 1 591 950 төгрөг болж байна. Нэхэмжлэгч М.Хулан нь охин Ө.Маралын сургалтын төлбөрт надаас 5 340 510 төгрөг нэхэмжилснийг дээрх шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс гадна охин Ө.Марал нь Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд зааснаар Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олж авах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч М.Хулан охин Ө.Маралыг хувийн өндөр төлбөртэй сургуульд сургаж олон сая төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай. Охин Ө.Маралыг өндөр төлбөртэй сургуульд сургах эсэх дээр надтай зөвлөлдөөгүй ба хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон эх М.Хулан нь охиныг төлбөртэй сургуульд сургах эсэх нь түүний сонголт, эрх байсан юм. Иймээс М.Хулангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Өлзий-Оршихоос 851 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хуланд олгож, үлдэх 4 489 510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзий-Оршихоос улсын тэмдэгтийн хураамжид 24 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хуланд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Өлзий-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Өлзий-Орших би охин Ө.Марал болон хүү Ө.Төгөлдөр нарт 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 928 тоот шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг cap бүр төлж байгаа. Нэхэмжлэгч буюу охин Ө.Маралын хууль ёсны асран хамгаалагч М.Хулан нь түүнийг төлбөртэй сургуульд суралцуулж байгаа нь түүний хүсэл зориг, өөрийнх нь эрхийн асуудал гэж үзэж байна. Миний охин Ө.Марал нь М.Хулангийн хүсэл зоригийн дагуу Ерөнхий боловсролыг төлбөртэй эзэмшиж байгаа нь хуульд зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсонтой адилтган үзэх боломжгүй. Дээд шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 26 дугаар хэсэгт "Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан "тэжээн тэтгүүлэгчид" гэдэгт энэ хуулийн 40, 44 дүгээр зүйлүүдийн хүрээнд багтсан тэтгэлэг авагч этгээдүүдийг хамааруулна. Харин энэ зүйлийн "онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт заасан хунд нөхцөл байдалд байгаа болон Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, түүнчлэн нэн ядуу эсхүл өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргаааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа байдлыг ойлговол зохино" гэж тайлбарлажээ. Ийнхүү Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Онцгой нөхцөл байдал" гэдгийг хэрхэн ойлгох талаар тайлбарласаар байтал анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг буруу хэрэглэж охин Ө.Маралын байдлыг үндэслэлгүйгээр онцгой нөхцөл байдалд байгаа хүүхдэд хамруулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул 851 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Хулан нь хариуцагч Б.Өлзий-Оршихт холбогдуулан хүүхдийн сургалтын зардалд 5 340 510 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч М.Хулан хариуцагч Б.Өлзий-Орших нар нь 1999 онд гэр бүл болж, тэдний дундаас 1999 онд охин Ө.Марал, 2006 онд хүү Ө.Төгөлдөр нар төрсөн бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 928 дугаар шийдвэрээр М.Хулан, Б.Өлзий-Орших нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн дундаас төрсөн охин Ө.Марал, хүү Ө.Төгөлдөр нарыг эх М.Хулангийн асрамжид үлдээж, эцэг Б.Өлзий-Оршихоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ охин Ө.Маралын Монгол-Оросын хамтарсан сургуульд 2008-2014 онд суралцсан, Лаборатори 23 дугаар сургуульд 2014-2016 онд суралцсан, 2015 онд Фаро сургалтын төвд суралцсан, Топ бариста сургалтын төвд суралцсан сургалтын төлбөрт нийт 10 681 020 төгрөгийг төлсөн тул 50 хувь буюу 5 340 510 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан байна. Хуулийн уг заалтад “онцгой нөхцөл байдал” гэдгийг “сургуульд орсон” гэж хамааруулсан байна. Иймд нэхэмжлэгч нь хүүхдийн сургууль болон англи хэлний сургалтад суралцсан төлбөрт төлсөн зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хүүхдийн сургууль болон сургалтын төлбөр нь нэмэлт зардалд хамаарах ба эцэг, эхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул хариуцагчийн “миний охин Ө.Марал нь М.Хулангийн хүсэл зоригийн дагуу ерөнхий боловсролыг төлбөртэй эзэмшиж байгаа нь хуульд зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсонтой адилтган үзэх боломжгүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, тэжээн тэтгэх адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 хэсэгт зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч тэдгээрийн энэ үүрэг хэвээр хадгалагдах бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дах хэсэгт дээрх үүргийг хэрэгжүүлэх боломжийн талаар талууд тохиролцохгүй байгаа нөхцөлд шүүх хэрэгжүүлэх журмыг тодорхойлохоор хуульд зохицуулагдсан байна.

Хариуцагчийг “сарын цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдардаг” гэх үндэслэлээр охин Ө.Маралын сургуулийн төлбөр, англи сургалтанд суралцсан хугацааны сургалтын төлбөрт төлсөн зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь охин Ө.Маралын сургалтын төлбөрт 1 702 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 6-8 дугаар тал дах тодорхойлолт, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон тул баримтаар нотлогдсон хэмжээгээр гарсан зардлын 50 хувь болох 851 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 974 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ