Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 4643

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух, Энх овогтой Мөнх-Эрдэнийн Хулан /РД:ЧЛ78031063/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34-45 тоотод оршин суух, Бар овогтой Базаррагчаагийн Өлзий-Орших /РД:ЧЖ78062416/-д холбогдох,

            Хүүхдийн сургалтын зардалд 5,340,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Хулан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Хулан, хариуцагч Б.Өлзий-Орших нарын дундаас 1999 онд төрсөн охин Ө.Марал, 2006 онд төрсөн хүү Ө.Төгөлдөр нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 928 дугаартай шийдвэрт заасны дагуу хариуцагч Б.Өлзий-Орших хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлж байгаагүй бөгөөд охин Ө.Марал нь 2008-2014 онд Монгол-Оросын хамтарсан сургууль, 2014 оноос одоог хүртэл Лаборатори 23 дугаар сургууль, англи хэлний сургалтын төвүүдэд төлбөртэйгээр суралцаж нэхэмжлэгч С.Хулан төлбөрийг төлж байсан байна. Одоо Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш хүлээх үүргийн дагуу охин Ө.Маралын Монгол-Оросын хамтарсан сургуульд 2008-2009 онд төлсөн 1390 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 1 америк доллар 1.150 төгрөгөөр тооцоход 1.595.500 төгрөг, мөн сургуульд 2009-2014 төлсөн 7.383.520 төгрөг, Лаборатори 23 дугаар сургуульд 2014-2016 онд төлсөн 372.000 төгрөг, Фаро сургалтын төвд 2015 онд суралцсан 780.000 төгрөг, Топ бариста сургалтын төвд суралцсан 550.000 төгрөг, нийт 10.681.020 төгрөгийн 50% буюу 5.340.510 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хариуцагч Б.Өлзий-Орших нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие М.Хулантай 1999 онд гэр бүл болж, 1999 онд охин Ө.Марал, 2006 онд хүү Ө.Төгөлдөр нар төрсөн. Бид зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас 2007 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдарч 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 928 шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Тус шийдвэрт Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ө.Марал хүү Ө.Төгөлдөр нарт хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Би Г.Алимаатай хамтын амьдрал бүхий харьцаатай бөгөөд бидний дундаас 2 настай охинтой ба миний цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдардаг. Миний сарын цалин 1.700.000 төгрөг бөгөөд дараах зарлага, зээлүүдийг сар бүр тогтмол төлдөг юм. Үүнд байрны мөнгөнд дунджаар 120.000 төгрөг, утасны төлбөр 50.000 төгрөг, бензин, шатахуунд ойролцоогоор 100.000 төгрөг, нийгмийн даатгалд 170.000 төгрөг, цалингийн зээлд 410.000, орон сууцны зээлийн төлбөрт 466.400 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 275.550 төгрөг буюу нийт 1.591.950 төгрөг болж байна. Нэхэмжлэгч М.Хулан нь охин Ө.Маралын сургалтын төлбөрт надаас 5.340.510 төгрөг нэхэмжилснийг дээрх шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс гадна охин Ө.Марал нь Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд зааснаар Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олж авах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч М.Хулан охин Ө.Маралыг хувийн өндөр төлбөртэй сургуульд сургаж олон сая төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай. Охин Ө.Маралыг өндөр төлбөртэй сургуульд сургах эсэх дээр надтай зөвлөлдөөгүй ба хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон эх М.Хулан нь охиныг төлбөртэй сургуульд сургах эсэх нь түүний сонголт, эрх байсан юм. Иймээс М.Хулангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч  М.Хулан нь хариуцагч Б.Өлзий-Оршихт холбогдуулан хүүхдийн сургалтын зардалд 5,340,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

М.Хулан, Б.Өлзий-Орших нар нь 1999 онд гэр бүл болж, хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 1999 онд  охин Ө.Марал, 2006 онд хүү Төгөлдөр нар төрсөн байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 928 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Хулан, Б.Өлзий-Орших нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн дундаас төрсөн охин Ө.Марал, хүү Төгөлдөр нарыг эх М.Хулангийн асрамжид үлдээж, эцэг Б.Өлзий-Оршихоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь охин Ө.Маралыг өөрийнх нь төрсөн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь “... Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш үүрэг хүлээх үүднээс Ө.Маралын сургалтын зардлын 50 хувь болох 5,340,510 төгрөг нэхэмжилж...” байгаа бол, хариуцагч нь “ ...сарынх нь  цалин амьдралд хангалттай хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдардаг, ...охин Ө.Маралыг төлбөртэй сургуульд сургах талаар зөвлөөгүй, суурь боловсролыг үнэгүй эзэмших эрхтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн /хүндээр өвдсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.  

Хариуцагчийн “...зээлээс зээлийн хооронд амьдардаг, төлбөртэй сургуульд суралцуулах талаар зөвлөөгүй...” гэх тайлбар нь түүнийг хүүхэддээ нэмэлт тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь охин Ө.Маралыг Монгол-Оросын хамтарсан сургуульд 2008-2009 онд  сурсан сургалтын төлбөрт 1390 ам доллар буюу 1.595.500 төгрөг, мөн сургуульд 2009-2014 онд сурч, сургалтын төлбөрт төлсөн 7.383.520 төгрөг, Лаборатори 23 дугаар сургуульд 2014-2016 онд сурч, сургалтын төлбөрт төлсөн 372.000 төгрөг, Фаро сургалтын төвд 2015 онд сурч, сургалтын төлбөрт төлсөн 780.000 төгрөг, Топ бариста сургалтын төвд сурч, төлбөрт төлсөн  550.000 төгрөг, нийт сургалтын төлбөрт  10.681.020 төгрөгийг төлсөн тул түүний 50% буюу 5.340.510 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулахаар нэхэмжилж байх ба уг сургуулиудад сурсан эсэх асуудал дээр зохигч маргахгүй байна.

Охин Ө.Марал нь 1999 онд төрсөн одоо 17 настай бөгөөд тэрээр төлбөртэй сургуульд сурч, сургалтын төлбөр төлснийг нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний сургалтын төлбөрийг эх М.Хулан нь эцгээс нь шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Монгол-Оросын хамтарсан сургуульд суралцсаны төлбөрт төлсөн гэх 8,979,020 төгрөгийг төлсөн санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба зөвхөн тус сургуулийн тодорхойлолтоор сургалтын төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн ...... хуудас/

Харин  Ерөнхий боловсролын Лаборатори-23 дугаар сургуульд төлсөн 372,000 төгрөг, Фаро сургалтын төвд төлсөн 780,000 төгрөг, “Топ бариста” сургалтын төвд төлсөн 550,000 төгрөг, нийт 1,702,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт  авагдсан тодорхойлолт болон санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоодож байх тул түүний 50 хувь болох 851,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн ......... хуудас/

Иймд хариуцагч Б.Өлзий-Оршихоос охин Б.Маралын сургалтын төлбөрт 851,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,489,510 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч Б.Өлзий-Оршихоос 851,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хуланд олгож, үлдэх 4,489,510 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзий-Оршихоос улсын тэмдэгтийн хураамжид 24,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хуланд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА