Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01526

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Э-д холбогдох,

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.Б нь Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө 28 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч бөгөөд 000740830 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болно. Д.Б уг орон сууцанд ээж Н.Д, төрсөн ах Т.Б нарын хамт амьдарч байгаад 1996 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явсан. Ээж Д.Н 2007 онд, ах Т.Б 2010 онд нас барсан. Гэтэл Р.Э нь орон сууцаа барьцаанд тавьж алдчихаад гэр оронгүй болоод 2000 онд ах бид хоёрын эзгүйд ээжийг элэг барьж өмчлөгч Д.Б-ын зөвшөөрөлгүй, түүний гэрт орж амьдрах болсон. Р.Э нь нэхэмжлэгч Д.Б-ын орон сууцанд амьдарсаар байгаа ба Д.Б эх орондоо ирж гэртээ амьдрах хүсэлтэй байхад суллаж өгөхгүй эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчсөөр байна. н.Т, н.Д нар Р.Э-ыг 5-6 настай байхад нь бусдад үрчлүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхээ алдсан. Иймд Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн ээж Н.Д-тэй ойр дотно байж бага дүү Д.Б ыг АНУ руу явсан цагаас хойш орон сууцанд нь хамт амьдарч, ээжийгээ харж асарч байгаад 2007 онд өөд болоход нь энэ байранд нь үлдэж одоог хүртэл амьдарч ирсэн. Уг орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлөн авсан. Д.Б нь миний хамгийн бага төрсөн дүү бөгөөд 1996 онд АНУ-д цагаачлан АНУ-ын иргэншил авсан ч би орон сууцны бүртгэлд байнга оршин суугчаар бүртгүүлж нэр усыг нь хасуулалгүй хадгалсаар ирсэн. Манай дүү 1996 оноос хойш 25 жилийн туршид 2 удаа Монголд ирээд удалгүй буцсан учир түүнийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авсан талаар би мэдээгүй. Д.Б 2011 онд ирэхдээ Р.Э-ыг удаа дараа цагдаад өгч байсан. 2001 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авах үед Д.Б Монголд байгаагүй. Р.Э нь н.Р-гийн гэр бүлд өссөн, 2 эцэг эх нь зөвшөөрч үрчлэлт хийгдээгүй, үрчлэгдсэн гэж гадуурхаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй. Орон сууц нь Н.Д, Т.Б, Т.Б нарын өмч бөгөөд Т.Б-ын хувийг Р.Э хүлээн авсан гэж үзнэ. Б.Д нарын өвийг шийдсэний дараа уг орон сууц хэний өмч гэдэг нь яригдах ёстой байтал ганцаараа өмчилж авсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Р.Э удаан хугацаа буюу 12 жилийн хугацаанд эзэмшиж байгаа тул өмчлөгч болно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Намайг үрчилж авсан аав Т.Р МАХН-ын улс төрийн товчоонд ажиллаж байхдаа миний төрсөн ээж Н.Д-д энэ орон сууцыг анх авч өгсөн. Миний бие Р.Э нь энэ байранд 2000 оноос хойш 20 жил амьдарч байна. Ээж Н.Д-ийг 2007 оны 09 сарын 07-ны өдөр нас барах хүртэл нь асарч, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Миний ээжийн өмч байсан орон сууцыг өв нээгдсэн цаг мөчөөс хууль ёсны охин Р.Э би Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж ирсэн билээ. Дүү Д.Б нь АНУ-д байнгын оршин сууж ажил, амьдралтай болсон бөгөөд 1996 оноос хойш энэ байранд огт амьдарч байгаагүй, ээжийг болон ахыг нас барахад ч ирээгүй, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ хуульд заасан хугацаанд авч байгаагүй учир түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл 2019 онд хууль бусаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай, орон сууцыг ганцаар өмчилж авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр энэ байрны ганц өмчлөгч нь биш юм. Энэ байранд миний ах Т.Б бас бүртгэлтэй байсан боловч эхнэр 2 хүүгийн хамт Төмөр замд өөрсдийн орон гэр, байр сууцтай байсан учир биднээс тусдаа амьдарч байгаад нас барсан. Ээж, ах хоёрыг нас барснаас хойш энэ байрыг өвлөх, өмчлөх талаар хэн ч маргаан гаргаж байгаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө 28 м.кв талбайтай орон сууцыг Р.Э би өвлөх эрхийн дагуу эзэмшиж байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Д.Б-ын эгч н.Р-ын хотын захиргаанд гаргасан өргөдлийн дагуу эцэг н.Т-ны гэр бүлд 1981 онд олгогдсон орон сууц юм. н.Т нь 1982 онд нас барсан, ах Т.Б өрх тусгаарласан. Д.Б эх Н.Д-ийн хамт амьдрах болсон. Орон сууцны хувьчлалаар хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б, түүний эх Н.Д, төрсөн ах Т.Б нар бичигдсэн. Эх Н.Д, ах Т.Б нар нас барсан ба үл хөдлөх эд хөрөнгийн тэдгээрт ногдох хэсгийг Д.Б өвлөн авснаар одоо цорын ганц өмчлөгч нь болсон юм. Р.Э уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хэн нэгнээс өвлөн аваагүй ба орон сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн эрх эдэлж байгаагүй түр оршин сууж байгаа атлаа худал тайлбар гаргаж байна. Р.Э нь орон сууцанд удаан хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй амьдарч, хаягийн бүртгэл хийлгэсэн нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үндэслэл болохгүй. Тухайн орон сууцны өмчлөгч Д.Б гадаад улсад оршин сууж байгаа болон орон сууцандаа амьдарч байгаагүй нь орон сууцаа өмчлөх эрх, хөрөнгө өвлөх эрхийг нь хязгаарлах, хасах үндэслэл болохгүй. Д.Б Монгол Улсын иргэншлээс гараагүй. Р.Э нь хэдийгээр Н.Д-ийн төрсөн охин мөн боловч бусдад үрчлэгдсэн. Тэрээр үрчилж авсан эцэг н.Р, эх н.Д нарын хамт нэг өрх, ам бүл, төрүүлсэн эхийнхээсээ тусдаа ам бүл байсан, нэг гэр бүлийн гишүүд байгаагүй. Р.Э үрчилж авсан эцэг, эхийнхээ 4 өрөө орон сууцыг өвлөж авах эрхтэй. Өөрийн орон сууцаа өрөндөө алдсан. Нэг хүү төрүүлсэн ба үрчилж авсан эцэг эхээс аль алинаас хөрөнгө өвлөж авах нь шударга бус бөгөөд тухайн тохиолдолд Д.Б-ын эрх, ашиг сонирхолд харшилна. Р.Э өөрийгөө хуульд зааснаар өвлөгч гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны аль алинд Р.Э хамаарахгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу өвлөх, өмчлөх эрхгүй. Иймд Р.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Р.Э-ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р.Э-ыг Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Д.Б-аас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Р.Э-д олгож шийдвэрлэжээ.

6.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлалаар Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч С.С-аас Д.Б-т олгосон 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой маргахгүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийн 1/6 хэсгийг өвлөн авсан хариуцагч Р.Э-ыг хамтран өмчлөгчөөр тогтоосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б нь 5/6 хэсгийг өмчилж байхад 1/6 хэсгийг өвлөн авсан Р.Э-тай адил тэнцүү хэмжээтэй буюу хамтран өмчлөгч байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.2. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй, түүнийг хүчингүй болгосон, эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 1/6 хэсгийг өвлөн авсан болох нь тогтоогдсон, уг хэмжээнд тохирсон хэсгийг мөнгөөр үнэлэн нэхэмжлэх эрхтэй.

6.3. Хариуцагч Р.Э бусдад үрчлэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Р.Э нь 2007 онд нас барсан Н.Д, 2010 онд нас барсан Т.Б нарын эд хөрөнгөнөөс өвлөх эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2020 оны 11 сарын 09-ний өдрийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг Р.Э гаргасан. Үүнтэй холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн шийдвэр 2024 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар шийдвэрлэгдэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Р.Э-д холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.  Нэхэмжлэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 12 сарын 12-ны өдөр бүртгэгдсэн болох нь ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

4.   Хариуцагч Р.Э нь нэхэмжлэгч Д.Б-ын эгч бөгөөд 2020 оны 09 сарын 16-ны өдөр Д гэсэн эцгийн нэрийг Р болгон өөрчилсөн болох нь холбогдох ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна.

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ний өдрийн 210/МА2023/00920 дугаар магадлалаар ...хариуцагч Р.Э-ыг Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1/6 хэсгийг өвлөсөн... гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6. Иймд, хариуцагч Р.Э-ыг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

7. Өмнө дурдсанчлан, хариуцагч Р.Э-ыг маргаан бүхий орон сууцны 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэсэн шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр атал анхан шатны шүүх түүнийг мөн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцэхгүй болжээ.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...-ийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр, ... байгаа гэж заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Р.Эын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Өөрөөр хэлбэл, ...орон сууцны 1/6 хэсгийг өвлөн авсан хариуцагч Р.Э-ыг хамтран өмчлөгчөөр тогтоосонд гомдолтой... гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

8. Түүнчлэн, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй буюу өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тухай хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон тул хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/02082 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Р.Э-д холбогдох, Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-т холбогдох, Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** мянгат, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Р.Э-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, тус заалтад ...тус тус улсын болгож, нэхэмжлэгч Д.Б-аас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж хариуцагч Р.Э-д олгосугай гэснийг ...тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР