Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1472

 

 

"Эхмонгол групп" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00143 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Эхмонгол групп" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Ууганбаатарт холбогдох

 

Эд хөрөнгийн хохирол 860 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Жадамбаагийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан,

Хариуцагч П.Ууганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ууганбаатар тус компанид 2015 оны 01 дүгээр сараас эхлэн угсрагч жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Д.Ууганбаатар нь агуулахад ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдан ширээний чулуун тавцанг зөөж байхдаа хагалж дахин борлуулах боломжгүй эвдрэл учруулан компанид 860 860 төгрөгийн хохирол учруулсан энэхүү хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед агуулахад байгаа ширээний тавцанг зайчилж өргөж тээвэрлэх үйл ажиллагаа хийж байсан. Энэ үед хамт ажиллаж байсан Б.Амарбаясгалан гэдэг ажилтантай ширээний тавцанг зөөж тээвэрлэж зохих журмаар хураагаагүйгээс хохирол учруулсан. Үүнийгээ нуун дарагдуулаад агуулахын няравт мэдэгдээгүй бөгөөд тооллого хийдэг үеэр мэдсэн. Ажлаас халагдахдаа 1 сарын хугацаанд тойрох хуудсыг зуруулах ёстой байсан бөгөөд П.Ууганбаатарыг ажлаас гарахдаа тойрох хуудаст гүйцэд гарын үсэг зуруулаагүй. Иймд П.Ууганбаатараас 860 860 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 25 220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус компианд угсрагч жолооч хийж байх хугацаандаа компианид ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Тус компани нь нэг сарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 2016 оны 1 сарын 18-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлсөн болно. Дотоод журмынхаа дагуу ажлаа бүрэн хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулж ямар нэгэн өр төлбөргүй ажлаас гарч барьцаа мөнгө болох 1 000 000 төгрөгийг буцааж олгож эхэлсэн. Эхний 2 cap 250 000 төгрөг хуваан авсан дараагийн сараас мөнгийг тус компани олгоогүй. Иймд тус компанид ямар нэгэн өр төлбөргүй, чулуун тавцантай ширээ хагалаагүй, айлд хүргэж өгөөгүй болох нь батлагдаж байгаа юм. Хэрэв хагалж гэмтээсэн тохиолдолд өр төлбөрийг сардаа багтаан цалингаас суутгаж барагдуулдаг. Бүх ажилчид энэ дотоод журмыг мэднэ гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2-т зааснаар П.Ууганбаатараас 860 860 төгрөг гаргуулахыг хүссэн "Эхмонгол групп" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Жадамбаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хуралдаанд манай байгууллагаас П.Ууганбаатарын холбогдох хөдөлмөрийн гэрээ, бусад материалыг гарган өгч хэрэгт нотлох баримтаар хавсаргахыг хүссэн боловч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Эвдэрсэн бараа материал болох Jimie брэндийн гал тогооны ширээг иж бүрдлээр нь агуулахад хүлээн авч байгууллагын санхүүгийн балансад тусгасан, ажил үүрэг, зохион байгуулалтын хуваарийн дагуу П.Ууганбаатар, Б.Амарбаясгалан нар нь барааны агуулахад 2015 оны 10 сард томилогдон ажиллаж байсан. Агуулахад хуваарийн дагуу томилогдсон Угсрагч-Жолооч, үндсэн ажил үүргийн дагуу бараа материалыг хүлээн авах, олгох үүрэг бүхий нярав, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хяналт тавих үүрэг бүхий импорт-ХАБ-н ажилтан нараас өөр хүн нэвтрэх боломжгүй байдлыг харгалзан үзээгүй, түүнчлэн агуулахын нярав Ж.Нарантуяа зай гаргах зорилгоор тухайн барааг зөөж байхдаа алдаж хагалсан талаар гэрч тайлбар өгсөн байхад шүүхээс хайхарч үзээгүй, шүүхийн шийдвэрт гэрчийн өгсөн тайлбарыг буруугаар сийрүүлэн тусгасан.

Хариуцагчийг илт буруугүй мэт "...хариуцагчийн ямар буруутайг тогтоогоогүй байна" хэмээн нэг талыг баримтлан үйл явдлыг дүгнэсэн, баримт нотолгоогүйгээр уг бараа материалыг гэмтээхэд өөр этгээдийн оролцоо байгаа гэж дүгнэсэн. Тухайн үед дээрх 2 ажилтан хоёулаа агуулахад ажиллаж, тухайн барааг зөөж байхдаа алдаж, эвдэлсэн талаар нүдээр харсан гэрч тайлбар өгснийг харгалзаж үзээгүй. Хохирол учруулсан 2 ажилтанд гэм буруугийн хэр хэмжээг 50:50 хувь гэж үзэх үндэслэлтэй тул ажил олгогчоос хувь тэнцүүлэн хохирлын тал хувийг нэхэмжилсэн мөн ширээний тавцанг гэмтээсэн үйлдэлд байгууллагаас ганцхан П.Ууганбаатарыг буруутгаагүй бөгөөд Б.Амарбаясгалангаас хуулийн дагуу хохирлын төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандсан байгааг харгалзаж үзээгүй. П.Ууганбаатартай байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний дагуу хариуцагч нь "Ажлын байрны аливаа өмч хөрөнгө, ажил үүргийн хуваарийн дагуу эзэмшиж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хянаж, хайрлан хамгаалж, тэдгээрийг үр ашигтай ашиглах "Сонор сэрэмжтэй байж, ажлын байрны аюулгүй ажиллагаанд анхааран, хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангаж ажиллах, эзэмшиж буй тоног төхөөрөмж, машин техникийн ашиглалтын дүрэм зааврыг чанд мөрдөх, болзошгүй аюулаас сэргийлэх" үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар "Ажилтан үнэнчээр ... сахин биелүүлэх" үндсэн үүрэгтэй. Түүнчлэн П.Ууганбаатарын эрхэлж байсан ажил үүрэг нь Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажлын жагсаалт"-д "Ачаа тээш, шуудангийн илгээмж, мөнгөн болон материалын үнэт зүйлсийг хүлээн авах, тэдгээрийг ялгах, хүргэж өгөх, солилцох, тээвэрлэх, тушаах ажил" нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр шууд заагдсан ажил болохыг шүүхээс үндэслэл болгож авч үзэлгүйгээр шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч "Эхмонгол групп" ХХК нь хариуцагч П.Ууганбаатарт холбогдуулан эд хөрөнгийн хохирол 860 860 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тус компанид ямар нэгэн өр төлбөргүй, чулуун тавцантай ширээг хагалаагүй, айлд хүргэж өгөөгүй, хохирол учруулаагүй гэж маргажээ.

 

            Хариуцагч П.Ууганбаатарыг угсрагч-жолоочийн албан тушаалд томилж, сарын 700 000 төгрөгийн цалинтайгаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл туршилтын 1 сарын хугацаагаар ажиллуулахаар “Эхмонгол групп” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16/18 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, П.Ууганбаатарыг ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                               /хх-4-9 дүгээр тал/

 

Хариуцагч П.Ууганбаатар нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ширээний тавцан хагалсан тухай үйл баримтыг шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна.

 

Учир нь гэрч Д.Болдбаатар тухайн үед хамт байгаагүй, гэрч Ж.Нарантуяа ширээг зөөж байхдаа хагалсан гэж мэдүүлсэн боловч нүдээр хараагүй гэрч байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээнд П.Ууганбаатар гарын үсэг зураагүй, эд хариуцагч гэж үзэх үндэслэлгүй энэ талаар шүүх зөв дүгнэсэн байв.

 

Шүүх нэхэмжлэгч нь хариуцагч П.Ууганбаатарыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсаныг нотолж чадаагүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гэх боловч энэ талаар баримтгүй бөгөөд гэрчийн мэдүүлгийг буруугаар шийдвэрт тусгасан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/000143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 211 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ