Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-85, “Эх Монгол групп” ХХК-ийн  байранд байрлах “Эх Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, S-23 дугаар байрны 4 давхарын 1 тоотод оршин суух, Мянган овогт Пүрэвсүрэнгийн Ууганбаатар /РД:РЮ83012631/-т холбогдох,

эд хөрөнгийн хохирол 860 860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Эх Монгол групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Ууганбаатар нь угсрагч-жолоочоор ажиллаж байх хугацаандаа шинэ ширээний чулуун тавцанг ажлын хариуцлага алдан хагалан борлуулах боломжгүй болгож компанид 860 860 төгрөгийн хохирол учруулсан. Иймд П.Ууганбаатараас 860 860 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 25 220 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Ууганбаатар тус компанид 2015 оны 01 дүгээр сараас эхлэн угсрагч жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Д.Ууганбаатар нь агуулахад ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдан ширээний чулуун тавцанг зөөж байхдаа хагалж дахин борлуулах боломжгүй эвдрэл учруулан компанид 860.860 төгрөгний хохирол учруулсан энэхүү хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. П.Ууганбаатар нь 2015 оны 10 дугаар сард агуулахад томилогдон ажиллаж байсан. Тухайн үед агуулахад байгаа ширээний тавцанг зайчилж өргөж тээвэрлэх үйл ажиллагаа хийж байсан. Энэ үед хамт ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг ажилтантай ширээний тавцанг зөөж тээвэрлэж зохих журмаар хураагаагүйгээс хохирол учруулсан байсан. Үүнийгээ нуун дарагдуулаад агуулахын няравт мэдэгдээгүй байсан. Сард тооллого хийдэг үеэр мэдсэн. Ажлаас халагдахдаа 1 сарын хугацаанд тойрох хуудсыг зуруулах ёстой байсан бөгөөд П.Ууганбаатарыг ажлаас гарахдаа зуруулсан гээд байгаа тойрох хуудас эцэслэгдсэн гүйцэд гарын үсэгнүүдийг зуруулаагүй байсан. Тойрох хуудсан дээр хамгийн эцсийн байдлаар удирдах албан тушаалтан гарын үсэг зурдаг гэв.

 

          Хариуцагч П.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие тус компанид угсрагч жолооч хийж байх хугауаандаа компанид ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Тус компани нь нэг сарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 2016 оны 1 сарын 18-нд дуулгаж гэнэт ажлаас чөлөөлсөн болно. Дотоод журмынхаа дагуу ажлаа бүрэн хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулж ямар нэгэн өр төлбөргүй ажлаас гарч барьцаа мөнгө болох нэг сая төгрөгийг буцаан олгож эхэлсэн. Эхний 2 сар 250 000 төгрөг хуваан авсан дараагийн сараас мөнгийг тус компани олгоогүй. Иймд тус компанид ямар нэгэн өр төлбөргүй, чулуун тавцантай ширээ хагалаагүй, айлд хүргэж өгөөгүй болох нь батлагдаж байгаа юм. Хэрэв хагалж гэмтээсэн тохиолдолд өр төлбөрийг сардаа багтаан цалингаас суутгаж барагдуулдаг. Бүх ажилчид энэ дотоод журмыг мэднэ” гэжээ.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч “Эх Монгол групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хэргээс үзэхэд хариуцагч П.Ууганбаатарыг угсрагч-жолоочийн албан тушаалд, сарын 700 000 төгрөгний цалинтайгаар 2015.12.18-ны өдрөөс 2016.01.18-ны өдрийг хүртэл туршилтын 1 сарын хугацаагаар ажиллуулахаар “Эх Монгол групп” ХХК нь 2015.12.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан, тус компанийн бодлоготой танилцсан баримтад ажилтан 2015.12.12-нд гарын үсэг зурсан, 2015.12.12-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт авагдсан  байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн угсрагч-жолооч ажилтай П.Ууганбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр “Эх Монгол групп” ХХК-ийн ерөнхий захирлын 2016.01.18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тушаалаар хариуцагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.

            Хариуцагч П.Ууганбаатарыг 2015 оны 1 сард тус компанид анх жолоочоор ажилд орсон, дараа нь угсрагч жолооч болсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтгүй, анх ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээ байхгүй байна.

          Комиссын гишүүн гэх нэр бүхий 4 хүний гарын үсэг бүхий 2016.02.15-ны өдрийн агуулахын бараа материалын актыг үндэслэн ширээний зах зээлийн үнэ 1 721 720 төгрөгний 50 хувь болох 860 860 төгрөгийг хариуцагч П.Ууганбаатараар төлүүлэхээр “Эх Монгол групп” ХХК  нь шаарджээ.

            Дээрх актад “...угсрагч-жолооч П.Ууганбаатар нь агуулахад Jimie брендийн  шинэ гал тогооны чулуун ширээний тавцанг ажлын хариуцлага алдан хагалан цаашид борлуулах боломжгүй болгосон нь тогтоогдов” гэж дурдсанаас үзэхэд тухайн үйл баримт буюу ширээний тавцан хагарсан өдөр, цаг хугацаа тодорхойгүйгээс гадна харуцагчийн ямар буруутай үйлдэл нөлөөлсөнийг тогтоогоогүй байна.

            Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Болдбаатарын “...Ууганбаатар, Амарбаясгалан нарыг агуулах зайчилж байхдаа ширээний тавцан хагалсан талаар надад Нарантуяа хэлсэн, би бараандаа явсан байсан тул 2015 оны 11 сарын сүүлээр мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Нарантуяагийн “...10 сарын үед санагдаж байна, тэр үед Ууганбаатар, Амарбаясгалан хоёр хуваарийн  дагуу агуулахад ажиллаж байсан, би дараа нь бараа материалаа тоолж явахдаа мэдсэн” гэх мэдүүлэг, мөн агуулахад гарах хуваарь зэргээс үзэхэд өөр этгээдийн оролцоо байгаа нь тогтоогдсон байна.

            Гэтэл  тус компанийн агуулахын нярав, импорт ашиглалтын менежер нар нь  “тавцан хагарсан”-ыг хожим мэдсэн, мөн н.Амарбаясгалан гэх хүн агуулахад хамт ажиллаж байсныг мэдэж байгаа атлаа зөвхөн П.Ууганбаатарыг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үйл баримтын бодит байдалд нийцсэн эсэхэд эргэлзээтэй төлбөрийн акт тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ. 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр байна.

             Гэвч хариуцагч П.Ууганбаатарыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсаныг нотолсон баримтгүй, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбараа бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж чадсангүй гэж үзэв.      

            Тус шүүхийн 2016.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаас хариуцагч П.Ууганбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж, шүүх хуралдааны товыг хариуцагчид  мэдэгдсэн боловч өмгөөлөгч авсан эсэх нь тодорхойгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргасан болно.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.2-т зааснаар П.Ууганбаатараас 860 860 төгрөг гаргуулахыг хүссэн “Эх Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                            Д. ЭНХЦЭЦЭГ