Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваахүүгийн Мөнхтуул |
Хэргийн индекс | 106/2016/0136/Э |
Дугаар | 209 |
Огноо | 2017-03-28 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 209
Т.Хуланд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Т.Оюунжаргал,
хохирогч Д.Сувд, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ,
шүүгдэгч Т.Хулан, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдлоор Т.Хуланд холбогдох эрүүгийн 201626021744 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Тэрбишийн Хулан, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголын Үндэсний Их сургууль”-ийн барилгын менежментийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхор, 2 дугаар гудамжны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЙ96061309/,
Т.Хулан нь 2016 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөрт шилжих шөнийн 04.00 цагийн үед, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн, бусад руу шидсэнээс, иргэн Д.Сувдын толгойг цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Хулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Т.Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Т.Хуланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Сувдын эмчилгээнд Т.Хулан 765.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Ногоон хөдрөг” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Т.Хуланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Сувд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Хулан нь бусадтай маргалдан, түүн рүүгээ чиглэсэн гэм буруугийн санаатай үйлдэл хийхэд нь миний бие өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Үүнээс хойш би ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, их хохирол амссан. Т.Хулан нь “Би Сувдыг цохиогүй, шилтэй пиво санаандгүй гараас мултарсан” гэж огт буруугүй мэт мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байхад, шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Т.Хулан болон түүний ар гэр, өмгөөлөгч, мөн шүүгч Ц.Дайрийжав нар намайг тохуурхан даажигнаж “Чи өвчтэй болж яах гээд байгаа юм, чи эрүүл байна, хөнгөн гэмтэлтэй гэж дүгнэлт гарсан байна” гэж хэлсэн. Иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар нь 2 удаагийн шүүх хуралдаанд оролцохдоо “Т.Хулан Д.Сувдыг цохиж гэмтээсэн болох нь нотлогдохгүй байна” гэж илт үндэслэлгүй дүгнээд, шүүх хуралдаан дууссаны дараа Т.Хулангийн эцэг, эхтэй инээлдэж гарч ирээд нэг нутгийн хамаатан садан болох тухай ярьж байсныг би сонссон. Мөн Т.Хулан түүний өмгөөлөгч нар намайг байнга доромжилж “Хэрэг хэрэгсэхгүй болно, чамд төлбөр төлөхгүй” гэдэг байсан. Эдгээр хүмүүс анхнаасаа шүүх нэг талыг барьж шийдвэр гаргана гэдгийг мэдэж надтай харьцаж байсанд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан нь үнэн эсэхийг тогтоолгохоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү. Т.Хуланд маш их гомдолтой байна, түүнээс хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна...” гэв.
Хохирогч Д.Сувдын өмгөөлөгч Б.Бүрнээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмнө нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн ба ингэхдээ хохирол төлбөрийг барагдуулах асуудлыг магадлалд тодорхой заасан байдаг. Гэтэл үүнээс хойш шүүгдэгч Т.Хулангийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулаагүй, хохирогчийн эрүүл мэндийн байдалд огт анхаарал хандуулаагүйн гадна, анхан шатны шүүх хуралдаанд “би цохиогүй, гараас пивоны шил мултарчихсан” гэж мэдүүлснээс үзэхэд Т.Хулан нь өөрийн гэм буруугаа ойлгоогүй, хариуцлагаа ухамсарлахгүй байна. Хохирогч Д.Сувд нь толгойндоо гэмтэл авсанаас хойш эмнэлгийн үзлэгт байнга хамрагдаж, эмчилгээ хийлгэж байгаа ба цаашид унаж, татдаг болох эрсдэлтэй талаар эмч нараас зөвлөсөн. Гэвч хохирогч Д.Сувд нь мөнгөгүй учраас эмчилгээгээ хурдацтай хийлгэж чадахгүй байгаа. Шүүгдэгч Т.Хулан болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж хэлдэг...” гэв.
Шүүгдэгч Т.Хулангийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Д.Сувд нь эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Ногоон хөдрөг” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Үүний дагуу иргэний хариуцагчаас хохирогчид эмчилгээний зардалд нь тодорхой хэмжээний мөнгийг төлсөн байдаг. Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Т.Хулангийн үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хохирогч Д.Сувдын биед учирсан гэмтэл эдгэрсэн эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй. Шүүгдэгч Т.Хулан нь хохирогч талаас эмчилгээтэй холбогдуулан гаргасан баримтын хэмжээнд хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сувдаас уучлалт гуйсан. Хохирол төлбөрийг өөрийн чадах хэмжээгээрээ төлж барагдуулсан. Түүнийг доромжилсон ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргасан асуудал байхгүй...” гэв.
Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Сувдын биед субарахнойдаль зайнуудад цус харвалт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон. Харин үүнээс өөр гэмтэл учирсан талаар тус дүгнэлтэд дурдаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд хийгдсэн. Тухайлбал, хохирогч Д.Сувдын ажиллаж байсан үйлчилгээний газрыг иргэний хариуцагчаар татсан байдаг. Хохирогч нь эмчилгээтэй холбогдох зардлын нотлох баримтуудаа бүрэн гүйцэд гаргаж өгдөггүй. Иймээс анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч нь эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Ногоон хөдрөг” ХХК-иас жич нэхэмжлэх эрхтэйг заасан. Үүний дагуу иргэний хариуцагчаас хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Анхан шатны шүүх Т.Хулангийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.
Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь судлахад, Т.Хулан нь 2016 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөрт шилжих шөнийн 04.00 цагийн орчимд, ... гурван найз эмэгтэйн хамтаар “+25” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, нэг ширээнд хамт суусан үл таних залуусын нэгэнтэй маргалдан, улмаар түүний эсрэг шилтэй пиво шидсэнээс тус баарны зөөгч эмэгтэй Д.Сувдын толгойн ар хэсэгт цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Д.Сувдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би “+25” бааранд зөөгчөөр ажилладаг байсан... шөнийн 04 цаг 30 минутын үед захиалга авах гээд баарны текэн дээрээ зогсож байтал миний толгойны ар хэсэгт нэг зүйл чанга оноод текэн дотор уначихсан... зөөгч Баясгалангаас “Сая намайг юу цохьчихвоо” гэж асуухад ... хар цагаан өнгө хосолсон алаг хормойтой, богино плать өмссөн эмэгтэйг заагаад “Тэр эмэгтэй хажуудах эрэгтэй хүмүүстэйгээ маргалдаад тэр хүмүүс рүүгээ шилтэй пиво шидэхдээ чамайг оночихсон” гэж хэлсэн... намайг шилтэй пивоор цохисон Хулан гэх эмэгтэйтэй би хэрэлдэж маргалдсан зүйлгүй, бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй... тухайн үед над руу шидсэн шилтэй пиво хагараагүй, бас задлаагүй шинээрээ байсан учраас цааш нь худалдчихсан... Хулан намайг эмнэлэгт үзүүлж өгнө гэж хэлчихээд алга болчихсон... би өөрөө эмнэлэгт очиж үзүүлэхэд “Тархинд чинь цус харвалт явагдсан байна” гэж эмч хэлсэн. Би удаа дараа эмнэлэгт хэвтсэн. Одоо толгой маш их өвдөж байна. Эмч нар намайг группэд ор гэж хэлсэн... би “+25” баарнаас байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолтоо авъя гэхээр надад өгөхгүй байгаа. Хулангаас 765.000 төгрөгийг хохиролд авсан... Одоо баар болон Хулан нараас ажилгүй байсан хугацааны цалинд 4.290.000 төгрөг, эмчилгээний зардалд 480.351 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-12, 242/,
- гэрч Г.Ариунаагийн “... “+25” бааранд ороход зөөгч нь бид нарыг үл таних залуустай нэг ширээнд шахаж суулгасан... ширээн дээр сууж байхад Хулан босохдоо нэг үл таних эрэгтэйн ууж байсан пивыг санаандгүй асгачихсан. Гэтэл тэр эрэгтэй уурлаад Авирмэдийн зургийг гар утсаараа дарчихаад “Фэйсбүүкт тавина” гээд цаад талын заал руу орохоор нь Хулан, Авирмэд хоёр зургаа устгуулахаар араас нь явсан. Би 2-3 минутын дараа араас нь очиход Хулан нөгөө эрэгтэйтэй маргалдаад байх шиг байсан... нөгөө эрэгтэй манай ширээний хажуугаар явахаар нь Хулан ширээн дээр байсан шилтэй пивийг аваад тэр эрэгтэй хүний зүг шидсэн боловч оноогүй. Харин шидсэн пиво нь баарны зөөгч эмэгтэйг оносон...” /1хх-14/,
- гэрч Д.Должингийн “...Хулан надад “Энэ залуу бид нарын зургийг дарчихаад фэйсбүүкт тавина гээд сүрдүүлээд байна, устга гэж хэлэхэд устгахгүй байна, найзыг нь хойд талын зааланд бараг зодох шахлаа” гэж хэлээд бид хоёр ширээн дээрээ суух гээд байж байтал тэр залуу араас бид нарыг нэг муухай үгээр хараах шиг болсон. Тэгээд Хулан хаанаас ч юм нэг пивоны шил аваад тэр залуугийн явж байгаа зүг рүү шидсэн боловч тэр залууг оноогүй. Харин тэр шил нь зөөгч охины толгойг оносон юм...” /1хх-16/,
- гэрч А.Нямбаясгалангийн “...би Сувдтай цуг баарны текэн дээр захиалга авах гээд зогсож байтал хаанаас ч юм гэнэт пивоны шил Сувдын толгойг оноод тэр шил текний араар уначихсан. Энэ үед Сувд толгойгоо бариад текний урд суучихсан ба “Миний толгой эргээд байна” гэж хэлэхээр нь түшээд ажилчдын өрөө рүү оруулсан... Сувд “Хэн нь пивоны шил шидсэн бэ” гэж асуухад Хулан гэх охин “Би санаандгүй андуураад шидчихлээ, уучлаарай” гэж хэлж байсан...” /1хх-20/,
- гэрч Г.Авирмэдийн “...өмдөн дээрээ пиво асгуулсан гэх өндөр залуу нь миний зургийг дараад “Фэйсбүүкт тавина” гэснээс болоод Хулан бид хоёр дээрх залуустай маргалдсан. Маргалдаж байхдаа өндөр залуу нь Хулан руу дайраад нэг удаа чанга түлхсэн. Тэгээд Хулан ширээн дээрээ ирээд сууж байхдаа уурандаа тэр залуу руу пивоны шил шидсэн байх. Тэрнээс биш баарны зөөгч эмэгтэй рүү шил шидсэн зүйл байхгүй...” /1хх-22/,
- гэрч Б.Жаргалсайханы “...хэрэг гарсны маргааш манай баарны зохион байгуулагч Өсөхбаяр надад “Өчигдөр үйлчлүүлж байсан хүн Сувдын толгой руу шил шидэж оносон” гэж хэлэхээр нь 2-3 хоногийн дараа би Сувдыг эгчийнх нь хамт дагуулаад гэмтлийн эмнэлэгт рентген зураг авахуулж байсныг санаж байна... зохион байгуулагч Нямдашаар дамжуулж “Сувд манай үндсэн ажилтан биш, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй учраас цалин тодорхойлолт өгөх боломжгүй” гэж хэлүүлсэн...” /1хх-160-161/,
- шүүгдэгч Т.Хулангийн “...тус бааранд ороход зөөгч нь үл таних хоёр эрэгтэйгийн сууж байсан ширээнд биднийг шахаж суулгасан... би босохдоо нэг эрэгтэйгийнх нь пивыг санаандгүй юбканыхаа хормойгоор шүргээд асгачихсан. Тэгтэл тэр эрэгтэй “Өмд норгочихлоо, хатааж өг” гэхээр нь би “Санаандгүй асгачихлаа, уучлаарай, би яаж хатаахав дээ” гэж хэлсэн. Тэгтэл гар утсаараа манай найз Авирмэдийн зургийг дараад, “Та нарын зургийг Фэйсбүүкт тавина” гээд байхаар нь би авсан зургаа устгачих гэж их гуйсан. Тэгэхэд тэр эрэгтэй намайг түлхсэн. Тухайн үед гараас шилтэй пиво хальтирч унаад Сувдыг оносон. Миний зүгээс Сувдын эмчилгээнд 765.000 төгрөгийг төлсөн...” /2хх-241/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 257 тоот “...Д.Сувдын биед субарахнойдаль зайнуудад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх-28/, хохирогч Д.Сувдын Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1хх-61-69, 175-176/, тархины MRI шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт /1хх-45-47, 48-51/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Д.Сувдаас “...намайг эрүүл мэндээрээ хохирсон эсэх, хөдөлмөрийн чадвараа алдсан нь үнэн эсэхийг тогтоолгохоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү...” гэсэн үндэслэл зааж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Д.Сувдын биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 257 тоот дүгнэлт нь түүний Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, тархины MRI шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гарсан байх ба уг дүгнэлтэд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарах болохыг заажээ. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд цаашид хохирогч Д.Сувд нь хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоолгох асуудлаа эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор шийдвэрлүүлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.
Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилго, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн хор уршигт шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт хийж, танхайрах гэмт үйлдэл хэлбэрийн төдий байгаа зэргийг харгалзан үзэж, прокурорын газраас Т.Хуланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй болсоны гадна, Т.Хулангийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны болсон гэж үзлээ.
Хохирогч Д.Сувд нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон болох нь тогтоогдсон тул иргэний хариуцагчаар ажил олгогч “Ногоон хөдрөг” ХХК /“+25” баар/-ийг татан оролцуулсан, мөн тус компаниас төлбөрт тооцон хохирогчид 1.000.000 төгрөг төлсөнийг хуульд нийцсэн гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс хохирогч Д.Сувдын эрүүл мэндэд учирсан хохирлын баримтуудыг зөв дүгнэн нотлогдсон хэмжээнд нь хохирлыг тооцож, нотлогдоогүй, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт заасан заалтуудад нийцжээ.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Сувдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.МӨНХТУУЛ