Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч “Итайкар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа,

Хохирогч “МЦУУ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Б.Л, Х.С, Э.Б, Ц.Б, А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л, Х.С, Э.Б, Ц.Б, А.Б нарт холбогдох эрүүгийн 201716010018 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

  Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, А.Б нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Итайкар” ХХК-ийн эзэмшлийн 60-42 АЧ дугаартай чиргүүлтэй, 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслээр “нүүрс тээвэрт явна” гэж бусдыг хуурч залилан авч, бусдад 45 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах ”Таван толгой” уурхайн оочирт зогсож байсан “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 86-20 БЧ дугаартай чиргүүлтэй 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 29 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа: Шүүгдэгч Э.Б 7 875 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд бусад шүүгдэгч нараас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авах саналтай байна. 2019.06 сар хүртэлх хугацаанд төлж барагдуулах саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа: 2017 оны 1 дүгээр сарын 14-ны Орой 20 цагийн үед тухай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэцэцэг нь надруу залгаад хоол идээд ирсэн чинь машин байхгүй байна гэж хэлсэн. Маргааш нь цагдаа дээр очиж гомдол гаргасан. Одоо гомдол саналгүй гэв

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл  хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 121-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Даваагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нямжанцангийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 33-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэцогтын мэдүүлэг /2-р хх-ийн 34-35-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Төмөрбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 36-37-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гантулгын мэдүүлэг /2-р хх-ийн 166-х хуудас/

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 167-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 106-109-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 148-154-р хуудас/,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /2-р хх-ийн 135-136-р хуудас/,

- “Вендо” ХХК-ийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Ц01/017, Ц02/017 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 201, 202-р хуудас/,

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 24, 112-р хуудас/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гадаадын иргэн. Харьяатын газрын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 16/23 дугаартай Гашуун сухайт боомтоор улсын хил нэвтэрсэн дэлгэрэнгүй мэдээлэл /1-р хх-ийн 66-68-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 2984 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 204-205-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 1741 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 206-209-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 2840 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 210-211-р хуудас/,

-Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн түүх, болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримт /3-р хх-ийн 13-19-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн түүх, болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримт /3-р хх-ийн 20-25-р хуудас/,

-Шүүгдэгч Х.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн түүх, болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримт /3-р хх-ийн 26-30-р хуудас/,

-Шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн түүх, болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, бусад баримт /3-р хх-ийн 31-34-р хуудас/,

- “Юнител” ХХК-ны албан бичиг, дугааруудын лавлагаа /3-р хх-ийн 61-80, 149-170-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 172, 175, 177-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, А.Б нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Итайкар” ХХК-ийн эзэмшлийн 60-42 АЧ дугаартай чиргүүлтэй, 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслээр “нүүрс тээвэрт явна” гэж хуурч залилан авч, бусдад 45 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах ”Таван толгой” уурхайн оочирт зогсож байсан “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 86-20 БЧ дугаартай чиргүүлтэй 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж, бусдад 29 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- гэрч С.Даваагийн: “...Би 2016 оны 12 сарын 26-ны өдөр Хятад руу хүний машин оруулж өгчихөөд буцаад гарах гэтэл 16 цаг 30 минутад зорчигч гарах болчихсон байсан. Тэгээд манай танил С гэдэг залуу надруу утсаар яриад энд зөвшөөрөлгүй жолооч нар Монгол руу нүүрсний машин оруулах гээд байна чи машиныг нь гаргачихгүй юу гэсэн. Тэгээд над руу танихгүй дугаараас нэг залуу залгаад машин гаргаад өгөөч 100 юань өгье гэхээр нь би тэгье гэсэн. Намхан цагаан залуу өөрийгөө Хятад гуанзанд ажилладаг би найз нартаа машин гаргаж өгч байгаа юм гэсэн. Тэгээд тэр залуугаас 100 юань аваад Монголын хил гараад гэрчилгээ дардагын хажууд зогсож байхад дахиж над руу залгаад та хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлэхэд над дээр 3 танихгүй залуу ирээд наад машиныг чинь бид нар авч байгаа юм гэхээр нь Хятадад байгаа надад машин өгсөн залуутай яриулж лавлаж байгаад машиныг нь өгчихөөд явсан. Би тухайн үед Ганцмодонд байсан залуугийн нэрийг мэдэхгүй байж байгаад дараа нь Б гэдэг залуу байсныг нь мэдсэн. ...С, Л, Б гэдэг залуучууд надаас машин авсан залуучууд мөн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22-р хуудас/,

- гэрч Д.Нямжанцангийн: “...Би 2016 оны 12 сарын 20-ны үеэр өөрийнхөө 11-96 ХӨВ улсын дугаартай Нордбенз маркийн машинтай Дарханаас шохой ачаад Оюутолгой  ХХК-д буулгачхаад 2016 оны 12 сарын 27-нд Энержи ресурс ХХК-аас 57 тонн нүүрс ачуулаад нүүрс тээвэрлэлтийн засмал замаар явж байгаад Цогтцэций сумын 6 дахь км-ийн гуанз дээр зогсоод хоол идээд машинаа шалгаад байж байхад тэнд байсан хүмүүс энд нэг шалаанз зарна гэж байна гэхээр нь утасных нь дугаарыг хүнээс аваад 80272848 дугаарын утас руу нь залгахад Б гэх залуу ирж уулзсан. Би тэр машиных нь чиргүүлийг нь авая гэхэд толгойтой нь хамт 8 000 000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би машиныг асааж үзэх гэтэл түлшгүй байхаар нь түлш хийж асаасан. ...Тэгээд тэр залуутай тохиролцоод тэр залуучууд цагаан өнгийн давхар кабинтай портертой, би өөрийнхөө ачаатай машинаа жолоодоод, 79-72 ӨМА улсын дугаартай  Нордбензийг надтай хамт явсан туслах жолооч Баттулга жолоодоод бид нар хамт хөдөлсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18-р хуудас/,

- гэрч С.Эрдэнэцэцэгийн: “...Би 5661 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн авто машиныг хүлээн авсан. ...01 сарын 13-ны өдөр хилээр орж ирэн уурхай руу явах замдаа сүлжээний тэнд байдаг машины зогсоол дээр машиндаа унтаж өглөө болгоод босож машинаа жолоодон явсаар өдөр таван толгой уурхай дээр ирж оочерын зүүн талын машин зогсдоггүй зайд машинаа зогсоож уурхайгаас ачилтад оруулахаар дуудахыг хүлээсэн юм. Энэ хугацаанд буюу оройн 19 цагийн үед хажуу оочерт зогсож байсан Батжаргал ахын машины кабинд нь хоол хийж идчихээд буцаад машин дээрээ иртэл машин анх зогсоосон байсан газарт байхгүй байхаар нь гайхаад ойр хавиар нь эрж хайсан боловч байгаагүй. ...би машины түлхүүрийг кундакторт нь хийсэн чигтээ үлдээгээд кабиныг гаднаас нь цоожлоод орхиод явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-р хуудас/,

- гэрч Б.Эрдэнэцогтын: “...2017 оны 01 дүгээр сард гэртээ гуанз ажиллуулж байх үед гаднаас 3 танихгүй залуу орж ирээд манай гэрт хоол идсэн. Тухайн үед манай гэрт гаднаас Говьсүмбэрийн 5-6 жолооч  бас бус хүмүүс  хоол идэж байх үед гаднаас ирсэн 3 залуугийн нэг нь Нордбенз маркийн авто машин зарах талаар яриа гаргасан. Маргааш орой нь 21 цагийн үед над руу танихгүй дугаараас Чойрын Цогоо мөн үү гээд нэг хүн залгаад Дорноговь аймгаас ярьж байна, танай наана чинь нэг машин зарна гэж байна, ямар машин байна үзээд өгөөч гэж хэлэхээр нь би тэр машиныг нь үзээд гайгүй боломжийн машин байна гэж эргэж залгаад хэлсэн. Тэгээд маргааш нь өглөө 09 цагийн үед над руу дахиж залгаад наад жолооч нар чинь байна уу би одоо Дорноговь аймгаас гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гурван залуутай уулзаад хэлсэн чинь хүлээгээд байж байя гэсэн. Орой гэртээ байж байх үед жижиг хар машинтай Баагий гэх залуу утсаа өгөөч гэхээр нь би гар утсаа өгтөл миний утсаар хүнтэй ярьсан. Тэгээд удалгүй Ланд 80 маркийн машинтай хүмүүс ирсэн. Тэгээд нөгөө машинтай хүмүүс нь хаана байгаа юм гэхээр нь би тэр хэдийг хооронд нь уулзуулж өгсөн. ...Тэгээд  машин зарсан залуучууд надад 1 000 000 төгрөг, худалдаж авсан хүн нь 1 000 000 төгрөг өгсөн. Нийтдээ 2 000 000 төгрөг авсан нь үнэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35-р хуудас/,

- гэрч У.Төмөрбаатарын: “...Би тэр машиныг үзээд бичиг баримт нь хаана байгаа юм гэхэд бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг баримтгүй машин авахгүй гэж хэлэхэд наад машин чинь Хятад хүний машин байгаа юм. Хятадаас ирээд удсан машин болохоор та хямдруулаад 10 000 000 төгрөгөөр ав гэсэн. Би авахаар болоод та нар наад машинаа Дорноговь аймаг руу хүргэж өгөөд мөнгөө ав гэхэд за тэгье гээд Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу дөхөж ирээд нөгөө хүмүүс хот явах яаралтай ажил гарлаа, та мөнгөө өгчих гэж нэг залуу хэлсэн. Тэгээд Сайхандулаан сум руу дөхөж ирээд сүлжээнд ороод эхнэрлүүгээ утсаар яриад тухайн хүний дансанд 2 500 000 төгрөгөөр, 500 000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийлгээд өөрт бэлэн байсан 7 000 000 төгрөгөө өгсөн. ...Би машиныг грашнаас гаргалгүй байж байгаад өнгийг нь сэргээж будсан. Өнгө нь муудсан байсан ба бичиг баримтгүй болохоор нь зар тавьж байгаад 3 000 000 төгрөгөөр Нордбенз маркийн авто машины бичиг баримт худалдаж аваад арлын дугаарыг нь өөрчилж янзлаад чиргүүлд нь өөрийн танил Батбаяр гэх хүний эвдэрхий чиргүүлийн бичиг баримтыг аваад арлын дугаарыг нь тааруулж цохиод би өөрөө эзэмшиж Хангимандалын хилийн боомтруу нүүрс тээвэрт явуулж байгаа. ...Тухайн үед намайг авахад бичиг баримт байхгүй акталсан машин гэж хэлсэн болохоор нь итгэж уг машиныг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37-р хуудас/

- гэрч А.Гантулгын: “...Улмаар хамгийн сүүлд буюу Эрдэнэцэцэг нь 56-61 ӨМӨ улсын дугаартай, би 45-07 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг тус тус унаад 2017 оны 01 сарын 13-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн. ...орой 20 цагийн үед унтах гэж байтал Эрдэнэцэцэг миний утасруу залгаад “машин алга болчихлоо” гэхээр нь би тоглож байна гэж бодож байтал “нээрээ алга болчихлоо” гэхээр нь Болормааг дагуулаад тухайн аман дээр очиход Эрдэнэцэцэг цагдаа дуудсан гээд зогсож байсан. Тэндээ бид нар компанийн машинаар аман дээр байдаг бүх кемпүүдээр орж үзээд байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-х хуудас/ болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иймд шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, А.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

 Шүүгдэгч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байх бөгөөд тэдний 2017 оны 7 сарын 1-нээс өмнөх үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, Ц.Б нар нь МЦУУ ХХК-д учруулсан хохирлоо барагдуулсан нь хохирогч МЦУУ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн “...Тус компанийн эзэмшлийн 5661 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авсан бөгөөд цаашид аливаа гомдол, саналгүй болно” гэх тайлбар /3-р хх-ийн 246-р хуудас/-аар нотлогдож байх тул тэднийг “МЦУУ” ХХК-д хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч “Итайкар” ХХК-д учирсан 31 000 000 төгрөгийг шүүгдэгч Э.Б, Б.Л, Х.С, А.Б нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шүүгдэгч тус бүрээс 7 875 000 төгрөгийг гаргуулан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Итайкар ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б нь “Итайкар” ХХК-д 7 875 000 төгрөгийн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул түүнийг “Итайкар” ХХК-д хохирол төлбөргүй,  харин шүүгдэгч А.Б, Б.Л, Х.С нь өөрт оногдуулж шийдвэрлэсэн 8 875 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул хохирол төлбөртэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ц.Б, Б.Л, Х.С, Э.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.

Хэдийгээр 2019 оны 1 сарын 9-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон ч тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан өөрөөр хэлбэл хохирол төлбөрийг 2018 оны 3 сарын 1-ний дотор төлөх үүргийг хүлээлгэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор хүлээсэн үүргийг Б.Л, Х.С нар биелүүлээгүй болох нь тэдний тайлбар, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 4-т “ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байхаар” заасныг анхаарах шаардлагатай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт хамаарахгүй” гэж заасан тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналын Б.Л, Х.С нарт холбогдох хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Лг бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг санаачлагч, гардан оролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, харин Х.Ст гэмт хэрэгт үйлдсэн оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэх нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Харин Э.Б шүүхээс тогтоосон хугацаанд үүргийг биелүүлж хохирлоо төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Бгийн хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Ц.Б хохирол төлбөргүй байх тул тэдний хувийн байдал гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Л, Х.С нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоовол зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй юм.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б, А.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Л, Х.С нарт өөрчлөн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баянжаргалын Л, Боржигон овогт Хүрэлхуягын С, Ариунсан овогт Эрдэнэбаатарын Б, Тарвагачин овогт Алтансэлэмийн Б нар нь бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

      Шүүгдэгч Боржигон овогт Баянжаргалын Л, Боржигон овогт Хүрэлхуягын С, Ариунсан овогт Эрдэнэбаатарын Б, Галзууд овогт Цэгмэдийн Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

       Шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

       Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

       Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар

      Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Лд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилээр, Х.С нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хорих ял, Э.Бд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Х.Ст оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч А.Бд тэнссэн хугацаанд “2019 оны 6 сарын 30-ны өдрийн дотор хохирлыг төлөх” үүрэг болгох, Ц.Бид “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгээс 7 875 000 төгрөг, Х.Саас 7 875 000 төгрөг, А.Бгаас 7 875 000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Итайкар ХХК-д олгосугай.

8. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Б.Л, Х.С нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Х.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Б, Э.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА