Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

          Шүүгдэгч Б.Л , Х.С

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Л , Х.С , Э.Б , Ц.Б , А.Б нарт холбогдох 201716010018 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч Б.Л гийн давж заалдах гомдлоор 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Л /РД:......................./,

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Ворк шоп” ХХК-д үйлдвэрийн мастер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Х.С  /РД:....................../,

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Вертек Майнинг Партнер ХХК-д операторчиноор ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймаг, Сайнцагаан сум, ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ариунсан овогт Э.Б  /РД:.................../,

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймаг, ............... гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Галзууд овогт Ц.Б /РД:.........../,

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эфирийн найруулагч мэргэжилтэй, “Айл баян" ХХК-д түлшний нярав ажилтай, ам бүл 4, эхнэр. 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ......................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тарвагачин овогт А.Б /РД:....................../.

Шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С , А.Б нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Итайкар” ХХК-ийн эзэмшлийн 60-42 АЧ дугаартай чиргүүлтэй, 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслээр “нүүрс тээвэрт явна” гэж бусдыг хуурч залилан авч, бусдад 45 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Таван толгой” уурхайн аманд дараалалд зогсож байсан “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 86-20 БЧ дугаартай чиргүүлтэй, 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бусдад нийт 29 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор нь А.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг,

Ц.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Э.Б , Б.Л , Х.С  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолоор  Шүүгдэгч Б.Л , Х.С , Э.Б , А.Б нарыг бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Л , Х.С , Э.Б , Ц.Б  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Х.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

шүүгдэгч Э.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Л д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилээр, Х.С  нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хорих ял, Э.Б д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Л д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Х.С т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч А.Б д тэнссэн хугацаанд “2019 оны 6 сарын 30-ны өдрийн дотор хохирлыг төлөх” үүрэг болгох,

 Ц.Б ид “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж, дээрх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л гээс 7875000төгрөг, Х.С аас 7875000 төгрөг, А.Б гаас 7875 000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Итайкар ХХК-д олгож,

шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 шүүгдэгч Б.Л , Х.С  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л , Х.С  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Б , Э.Б , Ц.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л  давж заалдах гомдолдоо:  “2 жилийн хорих ялаар шийтгэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор 2018 оны 3 дугаар сарын 18-ны дотор хохирол төлөхөөр хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж хүндрүүлсэн.  Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон. Энэ тогтоол хүчингүй болсноор тогтоолд заагдсан үр дагаврууд мөн адил хүчингүй болсон байхад шүүх хүчингүй болсон тогтоолын заалтыг үндэслэн миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх тогтоолд заагдсан хохирлыг Итайкар компанид төлөх талаар санаачилга гаргаагүй биш гаргасан. Би Улаанбаатар хотод амьдардаг, уг компани хаана байдгийг мэдэхгүй, тогтоолд тодорхой хаяг заагаагүй учир гүйцэтгэх хуудас ирэхийг хүлээж байсан юм. Ер нь гүйцэтгэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээгүй юм билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хоёр болон түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ба хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх заалт хамаарахгүй гэсэн үндэслэлээр надад оногдуулсан ял тэнсэх заалтад хамаарахгүй гэж үзсэн.

Гэтэл энэ заалт нь зөвхөн хорих ял оногдуулахгүй тэнсэх тохиолдолд хамаарах заалт бусуу.

Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байхгүй байхад 2 гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна. Ер нь уг гэмт хэргийг намайг санаачилсан болон бусад хүндрүүлэх шалтгаануудыг дурдсан нь хэн нэгний нөлөө орсон гэх хандлага төрүүлж байгаа юм.

Мөн “Итайкар” ХХК-д учруулсан хохирлоо нөхөн төлнө. Ингэхдээ давж заалдах шатны шүүх хурлаас өмнө 50 хувийг, үлдэх 50 хувийг шүүхээс хугацаа тогтоолгож төлөх хүсэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж шийдвэрлэж  өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нар 2016 онд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байсан. Энэ шийтгэх тогтоол гарсны дараа 2016 оны 12 сард үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь илэрсэн. Өмнөх шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж дахин шалгаад яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үйлдсэн хэрэг нь нотлогдсон. Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт нь ял шийтгэхдээ Б.Л , Х.С  нар өмнөх шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлж хохирлоо төлөөгүй байсан тул энэ 2 хүнийг хорих ялаар шийтгэж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Л  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би их гэмшиж байна. Хохирлоо давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж баримтаа ирүүлсэн байгаа. Бид хэд ярилцаж байгаад ийм хэрэг хийсэн. Өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байхад намайг тэр шийтгэх тогтоолыг биелүүлээгүй гэж хорих ялыг биечлэн эдлүүлэх болсон. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хувийн байдлыг харж үзэж хорих ялаас чөлөөлж өгнө үү. Гомдолдоо тодорхой бичсэн байгаа гэв.

Шүүгдэгч Х.С  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. 2017 онд шийтгүүлэхдээ айгаад өмнөх хэргээ хэлээгүй байсан юм. Түүнээс хойш буруу хэрэг хийснээ мэдэж, ойлгосон. Дахиж хэрэг зөрчилд холбогдоогүй байгаа. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлогдсон. “МЦУУ” ХХК-иас хулгайлсан машинаа буцааж өгсөн тул 29000000 төгрөгний хохирол төлөгдсөн. Ц.Б , А.Б  нар бусдад төлөх хохиролгүй. Х.С  “Итайкар” ХХК-д хохирол төлөхөө илэрхийлж байгааг харгалзан шийтгэх тогтоолд Х.С ын ялыг хөнгөрүүлж, Ц.Б , А.Б  нарын ялыг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шинээр  илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон шийтгэх тогтоолын заалтыг биелүүлээгүй гэж үзэж Б.Л д хорих ял шийтгэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоол хүчингүй болж, нэг тогтоолоор ял шийтгүүлсэн. Б.Л  хохирлоо төлсөн. Ар гэрт нь ээж өвчтэй харж хандах хүнгүй хэцүү байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж ямар нэг хэрэг үйлдээгүй байгаагаас харагдаж байна.  Хорих ялыг өөрчлөн өөр төрлийн ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Л  нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон шийтгэх тогтоолыг биелүүлээгүй гэж хүндрүүлэн үзэж 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С , А.Б нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Итайкар” ХХК-ийн эзэмшлийн 60-42 АЧ дугаартай чиргүүлтэй, 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслээр “нүүрс тээвэрт явна” гэж бусдыг хуурч залилан авч, бусдад 45 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С , Ц.Б  нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Таван толгой” уурхайн аманд дараалалд зогсож байсан “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 86-20 БЧ дугаартай чиргүүлтэй, 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бусдад нийт 29 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А , Б.Б , гэрч С.Д , Д.Н , С.Э  , Б.Э , У.Т   нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С , Ц.Б , А.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь  хуульд нийцсэн байх тул Э.Б , Б.Л , Х.С , Ц.Б  нарыг бүлэглэн хулгайн, Э.Б , Б.Л , Х.С , А.Б нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шийдвэрийг үзвэл, 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч нарын 2016 онд бүлэглэн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэгт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсгээр 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5/05, 5/06, 5/07, 5/08 тогтоолоор сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байна. /1 дүгээр хавтас, 131, 133, 136, 138, 198-201 дугаар тал/

 Харин прокурор нь өөр яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 5/21, 5/19, 5/18, 5/20 тогтоол гаргаж  яллагдагчаар татсан өмнөх 5/05, 5/06, 5/07, 5/08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахдаа шүүгдэгч нарын үйлдэлд бүлэглэх буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй ч тогтоох хэсэгтээ тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг бичиж энэ тогтоолыг танилцуулсан байх тул яллагдагчийн ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчөөгүй гэж үзэв. /4 дүгээр хавтас, 09, 11, 13, 17/

Мөн 2017 онд автомашин хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарч эрүүгийн хэргийн 201716010018 гэсэн дугаар авсан байна. /2 дугаар хавтасны 97 дугаар хуудас/ Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоосны дараа 201716010018 гэсэн өмнөх хэргийн дугаараар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан ба энэ тогтоолд өмнөх эрүүгийн хэрэг үүсгэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг өөрчлөх эсэх, шинээр мөрдөгдсөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байжээ. /2 дугаар хавтас, 83, 86, 88, 90 дүгээр тал/

Шүүх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, мөрдөгч, прокуророос гаргасан дээрх шийдвэр, үйл ажиллагааны талаар хэргийг шийдвэрлэсэн тогтоолдоо заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шийтгэх тогтоолд тавигдах шаардлагатай нийцээгүй боловч анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож,  шүүгдэгч нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэжээ.

Мөрдөн байцаалт, шүүхээр хэргийг шийдвэрлэх ажиллагаанд гарсан дээрх нөхцөл байдал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх шийдвэрийг заавал хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, анхан шатны шүүхээс мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн шийдвэрийг өөрчилж хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б , А.Б , Ц.Б  Б.Л , Х.С  нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял нь Эрүүгийн хуульд  заасан төрөл, хэмжээнд нийцсэн байна гэж үзсэн. 

Харин анхан шатны шүүх Б.Л д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг гэж үзсэн боловч тэдний оролцоог яллагдагч тус бүрээр гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3,3, 3.4, 3.5 дугаар зүйлийн зохих зүйлийг журамлан тогтоогоогүй байхад шүүх Б.Л г гэмт хэргийг санаачлагч, гардан оролцсон гэж нотлох баримтуудад үндэслээгүй дүгнэлт хийсэн байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 15 дахь хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.  Гэтэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар тогтоолын гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй гэх үндэслэл болж байгааг хэргийг дахин шийдвэрлэсэн тогтоолын тодорхойлох хэсэгт  анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт хийжээ. Өмнөх шийтгэх тогтоол хүчингүй болсноор шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй гэж үзнэ.

Иймээс шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан  шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй гэснийг зөрчсөн гэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Б.Л , Х.С  нарт оногдуулсан хорих ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд Б.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын хэмжээг 6 сар болгон багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л д оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Х.С т оногдуулсан 6 сарын жилийн хорих ялыг тус тус 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсноос хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болтол хугацаанд шүүгдэгч Б.Л , Х.С  нарын цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус  эдэлж дууссанд тооцож, хорих ял эдлэх хугацааг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Л , Х.С  нар цагдан хоригдоогүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр гэж шийдвэрлэснийг, гэм хор учруулснаас үүссэн үр дагавар, хариуцлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг буюу гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг зохицуулалтыг хэрэглэж, харин гэм хор учруулсан үндэслэл, гэм хорыг  арилгах аргыг зохицуулсан Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүйг тус тус зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Итайкар” ХХК-иас Б.Л  нь манай компанид учруулсан хохирлоо барагдуулсан тул Б.Л гийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж ямар нэгэн гомдол, санал, хүсэлтгүй болно гэсэн албан бичгийг ирүүлсэн тул Б.Л г бусдад төлөх хохирлоо төлснийг магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/34 дүгээр шийтгэлийн тогтоолын:

1 дэх заалтын “Шүүгдэгч Б.Л д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч Х.С т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,...” гэснийг “Шүүгдэгч Б.Л , Х.С  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын /зургаа/ хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, ” гэж,

 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Л д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилээр, Х.С  нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хорих ял, Э.Б д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Л ,  Х.С , Э.Б  нарт оногдуулсан хорих  ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

 6 дахь заалтын “...шүүгдэгч Э.Б д...” гэснийг “шүүгдэгч Э.Б , Б.Л , Х.С  нарт ...” гэж тус тус өөрчилж,   

7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх” гэсний дараа “...,510 дугаар зүйлийн 510. 1 дэх... ” гэж нэмж,

10 дахь заалтаас “...шүүгдэгч Б.Л , Х.С  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг.. ” гэснийг хасч  шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Л , Х.С  нарын цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус  эдэлж дууссанд тооцсугай.

3. Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Л  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Итайкар” ХХК-д хохирол 7857000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Л , Х.С  нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын /зургаа/ хорих ялыг магадлал гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Гомдол, эсэргүүцэл  гаргах  эрх  бүхий  этгээд нь  давж  заалдах  шатны  шүүх хэргийг хянан   шийдвэрлэхдээ  Эрүүгийн  хуулийг  буруу  хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ