Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/0031

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Д.Батбаатар  

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                             Г.Банзрагч 

                                               Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0167 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 129 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э (цахимаар), гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “... тус сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/191 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, цайны газар, хүнсний дэлгүүр, худалдааны зуучлал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *** уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг ашиглах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргажээ.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/191 дүгээр тушаалаар *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1271 тоот албан бичгээр ирсэн саналын дагуу “Ю а” ХХК-д *** дүүрэг, *** уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд байрлах 15318.0 м.кв газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.

2.2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор анх шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хүсэлт гаргасан газрын ашиглах эрхийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Ю а” ХХК-д олгосон болохыг мэдэж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/191 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хүсэлт гаргах үед компанийн ашиглах эрх хүссэн газрыг өөр этгээдэд олгоогүй, ямар нэгэн байдлаар давхцалгүй болохыг дурдаж, тус компанид газар ашиглах эрх олгох саналыг уламжилсан *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 1323 дугаар албан бичиг болон аялал жуулчлалын баазын төсөл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудын хүрээнд “Х” ХХК нь газар ашиглах эрх авах бүрэн боломжтой байсан, ... хариуцагч нь газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харьцуулан үзэхгүйгээр шууд “Ю а” ХХК-д газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ...” гэж тодорхойлон маргасан.

2.4. Хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/191 дүгээр захирамжийн үндэслэлдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх хэсгийг тус тус баримталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... “Ю а” ХХК нь тухайн газар ашиглах эрхийг авахаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасны дагуу сайдын 2022 оны А/191 дүгээр тушаалаар тус компанид газар ашиглах эрхийг олгосон, ... хүсэлт гаргасан даруйд нь шийдвэрлээд явж байсан, ... хэрэв цаг хугацааны хувьд энэ хоёр компани зэрэг гаргасан байсан бол магадгүй харьцуулж үзэх шаардлагатай байна гэдгийг хуулиар заасан гэж ойлгож байна ...” гэж;

2.5. Гуравдагч этгээд “Ю а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... *** уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд байрлах 15318,0 м.кв талбай бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаагаа тухайн газрын хамгаалалтын захиргаанд  2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/44 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Тус захиргаанаас хүсэлтийг хүлээн авч шалгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1271 тоот албан бичгээр яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагад санал хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий газрыг шинээр ашиглах хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан бол манай компани 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байдаг, ... А/191 дүгээр тушаал нь хуульд нийцэж гарсан, эрх зүйн зөрчилгүй ...” гэж шүүхэд тус тус тайлбар гаргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/191 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “... Ийнхүү тухайн газрыг ашиглах хүсэлтийг нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан байхад хариуцагчаас түрүүлж хүсэлт гаргасан гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон гэж хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчжээ, ... нэгэнт тухайн газрыг ашиглах хүсэлтийг хоёр этгээд гаргасан, хариуцагчаас төслүүдийг харьцуулан үзээгүй энэ тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх төслүүдийг өөр хооронд нь харьцуулан аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийх нь зүйтэй ...” гэж дүгнэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхдээ “... маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгохдоо гуравдагч этгээдийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна” гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болсон. Учир нь маргаан бүхий акт болон түүний захирамжийн төсөлд хүсэлтийн огноо дугаар байхгүй байхад хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна, ... А/191 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ” гэж дүгнэн, улмаар шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул  “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 129 дүгээр тогтоолтой хэргийг шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1. “... а/ Анхан болон давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс “анх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаар албан бичгээр бүрэн шийдвэрлэж дууссан” гэж дүгнэсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны нотлох баримт шинжлэх судлах явцад нэр заан судлуулсан боловч уг баримтыг хэрхэн үнэлсэн эсэх талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй ...

6.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаар албан бичгээр бүрэн шийдвэрлээгүй гэж зөв дүгнэсэн буюу маргаан бүхий акт нь гуравдагч этгээдийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтэд үндэслэсэн байна гэж үзсэн.

6.3. Маргаан бүхий акт гарах үед 2 хуулийн этгээд 1 газрыг ашиглах хүсэлт гаргасан байх тул тухайн ирүүлсэн төслүүдийг харьцуулан үзсэний улмаас аль нэгийг нь сонгох нөхцөл үүссэн байсан гэж хуулийн уг заалтыг анхан шатны шүүхээс өөрөөр хэрэглэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т хоног хугацаа заагаагүй боловч цаг хугацааны хэмжүүрийг жишиж ойлгох шаардлагатай. Гуравдагч этгээдийн зүгээс цаг хугацааны хувьд зэрэг хүсэлт гаргавал уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. “ЗЭРЭГ” гэх үгийг Монгол хэлний тайлбар толь “хамт цуг; цаг үе нь адил, сацуу”-д гэж ойлгохоор тайлбарлажээ.

6.4. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх 30 хоногийг ЗЭРЭГ гэх ойлголтод хамаатуулж үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглахаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны хүсэлт гаргасан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг хэрэглэгдэх нөхцөл үүсэж болохоор байсан. Энэ үед хүсэлт гаргаагүй атлаа даруй 208 хоногийн дараа хүсэлт гаргачхаад эрх зөрчигдсөн гэж гомдол гаргаж байгаа нь шударга ёс болоод хуульд нийцэхгүй ойлголт юм.

​​​​​​​6.5. *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Х” ХХК-ийн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1323 дугаар албан бичгийг хариуцагч анх 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж авсан буюу өмнө нь хүлээж авсан баримт тогтоогдоогүй. Ийм байхад 6 сарын өмнө өгсөн гуравдагч этгээдийн хүсэлттэй харьцуулан үзэх үүрэгтэй гэж хариуцагчийг буруутгасан шүүхийн шийдвэр, магадлал учир дутагдалтай, ... шүүхүүд хэргийг эцэслэн, шударгаар шийдвэрлэхээс зайлсхийж, түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

​​​​​​​6.6. б/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Гуравдагч этгээдээс хариуцагчид нийт 4 хүсэлт өгсөн. Гэвч яам нүүх гэж байгаатай холбоотой бичиг баримт ундуй сундуй, задгай, эмх цэгцгүй байсан. Тэр задгай замбараагүй цаасан дундаас манай өгсөн 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтүүд олдоогүй. Бид шүүхэд уг албан бичгийн өөрт хадгалагдах хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Улмаар шүүх хуралдааны нотлох баримт шинжлэх судлах явцад нэр заан судлуулсан боловч уг баримтыг хэрхэн үнэлсэн эсэх талаар шүүхийн шийдвэрт *** дүүргийн Засаг даргатай байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлэн, тухайн газраа зориулалтын дагуу ашиглан ажиллаж байгаа,  одоогоор 200 гаруй сая төгрөгийг зарцуулаад талаар тайлбарлан маргасан боловч шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

6.7. ​​​​​​​​​​​​​​Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу дээр дурдагдаж буй нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байсан бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр магадлал нь мөн хуулийн 106.2-т заасныг зөрчсөн. Магадлалд анхан шатны шүүхийг “... хариуцагч болон гуравлагч этгээдийн тайлбарыг үгүйсгэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.” гэж буруутгасан нь үндэслэлтэй. Шүүх хэт нэг талыг барьж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

​​​​​​​6.8. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

8. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/191 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд уг тушаалаар *** уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг гуравдагч этгээд “Ю а” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн; нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр шууд "Ю а" ХХК-д газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэж; хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... газар ашиглах хүсэлт ирэх юм бол тэр дор нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргах эрхтэй байдаг, үүний дагуу “Ю а” ХХК-д газар олгосон ... ” гэж; гуравдагч этгээд талаас “... хугацааны хувьд гуравдагч этгээд болох “Ю а” ХХК нь түрүүлж хүсэлт гаргаж, газар ашиглах гэрчилгээний үндсэн дээр ашиглаж байгаа ...” гэж тус тус тайлбарласан бөгөөд хэргийн үйл баримтад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) аль хэсгийг зөв тайлбарлан хэрэглэх нь маргааны гол зүйл болжээ.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, гуравдагч этгээд “Ю а” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21/28 дугаар албан бичгээр *** уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд байрлах 1.5 га газрыг “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа тул тус газрыг манай компанийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг  *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан; *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1271 дугаар албан бичгээр “... тус байршилд төсөл сонгон шалгаруулахад татгалзах зүйлгүй ...” гэх албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан; “Ю а” ХХК-иас мөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21/44 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт газар ашиглах хүсэлтээ гаргасан; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасныг зөрчих тул шүүхийн шийдвэр эцэслэн гаргах хүртэл газар ашиглах эрх олгох боломжгүй ...” гэсэн хариуг өгсөн байна.

10. Үүний дараа “Ю а” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/01, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22/14 дүгээр албан бичгүүдээр хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар ашиглах хүсэлтээ тус тус гаргаснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон; үүний дагуу гуравдагч этгээд “Ю а” ХХК болон *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, *** дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2022/271 дүгээр гурвалсан гэрээг байгуулсан байна.

11. Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр маргаан бүхий *** уулын дархан цаазат газрын А аманд байрлах 15,330 м.кв газрыг ашиглаж, аялал жуулчлалын цогцолбор байгуулах хүсэлтээ *** уулын дархан цаазат газрын захиргаанд гаргасан; *** уулын дархан цаазат газрын захиргаанаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1323 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уг саналыг уламжилсан (хүргүүлсэн эсэх нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй); үүний дараа нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргасан зэрэг үйл баримт тогтоогджээ.

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ”, 3-т “аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ” гэж тус тус заажээ.

13. Хуулийн энэхүү зохицуулалтыг хууль тогтоогчоос эрэмбэлсэн дараалал, логикоор авч үзвэл, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах талаар нэг этгээд хүсэлт гаргавал хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн ашиглуулах шийдвэр гаргахаар, харин тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглахаар хүсэлт гаргавал дээр дурдсан хэд хэдэн нөхцөлийг хэрхэн хангаж байгааг харгалзан сонголт хийх эрх нь захиргааны байгууллагад үүсэх агуулгатай байна.

14. Харин дээрх зүйлийн эхний болон хоёр дахь хэсэгт заасан (гипотез) нөхцөлийг хэрхэн ялгаж хэрэгжүүлэх буюу нэг этгээд, эсхүл хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан гэсэн хууль зүйн нөхцөлийг цаг хугацааны хувьд хэрхэн ойлгох талаар энэхүү зохицуулалтад тодорхой тусгаагүй байна.

15. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхээс хууль хэрэглэх ерөнхий зарчмыг хууль тогтоогч тогтоосон бөгөөд уг зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

16. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь дангаараа энэхүү харилцааг зохицуулсан хууль биш, харин өөрийн үйлчлэх харилцаанд хамаарах хууль тогтоомжийн бусад акттай цогц байдлаар үйлчлэх бөгөөд хэрэв уг хуулийн зүйл хэсэгт тухайлсан эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулаагүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийн зохицуулалт, агуулга, зарчмыг хэрэглэх, өөрөөр хэлбэл, энэхүү маргааны хувьд газар ашиглах хүсэлтийг цаг хугацааны хамааралтай хэрхэн шийдвэрлэх тусгайлсан зохицуулалтыг тус хуульд хууль тогтоогч журамлаагүй тул уг харилцаанд хэрэглэх ерөнхий хуулийг тодорхойлж, эсхүл бусад хуулийн харилцан уялдааг харгалзан (системчлэн) тайлбарлан  хэрэглэх учиртай.

17. Захиргааны ерөнхий хуульд иргэдийн гаргасан өргөдлийн дагуу шийдвэр гаргах хугацааг тодорхой зохицуулаагүй байх тул энэ тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль үйлчилнэ. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна” гэж, 4 дүгээр зүйлийн 1/-д ““өргөдөл” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг;”, 5/-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”, 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд энэхүү хууль нь төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл (хүсэлт)-ийг шийдвэрлэх ерөнхий харилцааг зохицуулсан бөгөөд уг хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуульд зааснаар 30 хоногийн дотор, удирдах албан тушаалтан сунгасан бол нийт 60 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгөх журамтай байна.

18. Нийтлэг зохицуулалт бүхий хуулийг маргааны үйл баримтад авч үзвэл, нэг этгээдээс газар ашиглах хүсэлт гаргасныг 30 хоногийн дотор, эсхүл удирдах албан тушаалтны шийдвэрээр сунгаснаар 60 хоногийн дотор шийдвэрлэх явцад өөр этгээдээс давхцуулан газар ашиглах хүсэлт гаргаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл үүссэн гэж үзэж, хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах эсэх шийдвэр гаргах бөгөөд харин дурдсан хугацаанд өөр этгээдээс уг газарт давхцуулан газар ашиглах хүсэлт гаргавал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж, хуульд заасан нөхцөлүүдийг харгалзан сонголт хийх эрх үүснэ гэж үзнэ.

19. Тиймээс маргаан бүхий газрыг ашиглах талаар гуравдагч этгээд “Ю а” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээс хойш (78 хоногийн дараа) 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн *** уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлт; улмаар гуравдагч этгээдээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргасан хүсэлтээс хойш (208 хоногийн дараа) 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг цаг хугацааны хувьд нэг дор (нэгэн зэрэг), хоёр буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан гэх хуулийн нөхцөлд тооцох боломжгүй.

20. Гэтэл анхан шатны шүүх “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гаргах үед тухайн газрыг ашиглах хүсэлтийг хоёр этгээд гаргасан байсан гэж үзэхээр байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасныг хэрэглэх нөхцөл үүссэн байжээ ...” хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

21. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхдээ “... маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгохдоо гуравдагч этгээдийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байна” гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болсон. Учир нь маргаан бүхий акт болон түүний захирамжийн төсөлд хүсэлтийн огноо дугаар байхгүй ... өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий актыг гуравдагч этгээдийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу дээрх А/191 дүгээр тушаалыг гаргасан гэж үзсэн ...” гэж гуравдагч этгээд нь цаг хугацааны хувьд газар ашиглах ашиг сонирхлоо нэхэмжлэгчээс түрүүлж илэрхийлсэн талаар зөв дүгнэсэн атлаа цааш нь “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг бус, 36 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсгийг үндэслэл болгох байжээ ...” хэмээн хуулийг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн; энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэдий хуулийн уг хэсэгт цаг хугацаатай холбоотой жишээлбэл хоног хугацаа заагаагүй боловч уг заалтыг хэрэглэхэд цаг хугацааны хэмжүүрийг жишиж ойлгох шаардлагатай. Хэрэв цаг хугацааны тодорхой хэмжүүр байхгүй бол эхний хүсэлтийг судлаад, шинжлээд, шийдвэрлэх үед 2, 3 дахь этгээд гарч ирэн давхцуулсан хүсэлт өгөх, улмаар хэдэн ч иргэн, хуулийн этгээд хүсэлт өгөх боломжтой ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

22. Түүнчлэн, гуравдагч этгээдээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргасан хүсэлтэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн боловч уг бичигт “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчих тул шүүхийн шийдвэр эцэслэн гаргах хүртэл газар ашиглах эрх олгох боломжгүй ...” гэж газар ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй байсан шалтгаанаа тусгайлан дурдсан; үүний дараа гуравдагч этгээдээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/01 дүгээр албан бичгээр дахин хүсэлт гаргасан (энэ нь мөн нэхэмжлэгчийн хүсэлтээс мөн 100 гаруй хоногийн өмнө) байхад энэ талаар дүгнээгүй атлаа “... гуравдагч этгээдийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газар ашиглах хүсэлтийг хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/4675 дугаар албан бичгээр газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн атлаа шүүхэд ... тус хүсэлтийг үндэслэн газар ашиглах шийдвэр гаргасан ... гэж тайлбарласан нь үндэслэлгүй ..., 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй ...” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй юм.

23. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т болон Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд өргөдөл гомдлыг шийдвэрлэх жишиг хугацааг зааж өгсөн байна. Дээрх хуульд заасны дагуу 30 хоногийг “ЗЭРЭГ” гэх ойлголтод хамаатуулж үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ашиглахаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны хүсэлт гаргасан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг хэрэглэгдэх нөхцөл үүсэж болохоор байсан. Энэ үед хүсэлт гаргаагүй атлаа даруй 208 хоногийн дараа хүсэлт гаргачхаад эрх зөрчигдсөн гэж гомдол гаргаж байгаа нь шударга ёс болоод хуульд нийцэхгүй ойлголт юм ...” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0167 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  5/, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/191 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Ю а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                                М.БАТСУУРЬ