Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0374/З |
Дугаар | 221/МА2019/0658 |
Огноо | 2019-12-11 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0658
SH C LLC Америкийн Нэгдсэн
Улсын хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Н.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, SH C LLC Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэрээр: “... Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Иргэний хуулийн 27 дугаар 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, Хуул зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ш к” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” шаардлага бүхий SH C LLC Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шударга бус байдалд дүгнэлт хийгээгүй, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдол гаргаж байна.
Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэсэн байх үед “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах чиг үүрэг нь хэвээр хадаглагдаж, энэ үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байх үед гуравдагч этгээд А.Х-ын “Ш к” ХХК-ийн нэрийг баталгаажуулсан.
Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийг бүрдэлд орсон эсэхээс үл хамаарч түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэсэн заалтын агуулгыг харахад улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй байгаа бөгөөд Оюуны өмчийн байгууллага хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг тул уг байгууллагад хамааралтай байна гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-оор Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг тухайн үеийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт хэвээр адгалагдаж, аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсныг шүүх харгалзаж үзсэнгүй.
Монгол Улс албан ёсоор нэгдэж орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-д /2/-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана, мөн конвенцын /8/ дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамаарч түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлээгүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг тус тус зөрчиж, хүчин төгөлдөр бус мэтээр хэрэглэхээс зайлсхийж, хэрэглэхдээ зориуд гуйвуулан барааны тэмдгийн Мадридийн хэлэлцээр рүү оруулан дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасанд гомдолтой.
Шүүх гуравдагч этгээдийн энэхүү шударга бус байдалд дүгнэлт хийхгүй байгаа төдийгүй энэхүү шударга бус үйлдлийг хөхүүлэн дэмжиж шийдвэрээ гаргасанд гомдолтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан байдаг.
Гэтэл шүүх энэхүү гэрээ конвенцийг хэрэглэхдээ бүхэлд нь хэрэглэнэ, салгаж хэрэглэхгүй гэсэн заалт хаана ч байхгүй байхад шүүх энэхүү конвенцын заалтыг салгаж хэрэглэх боломжгүй гэж дүгнэлт хийснээрээ Монгол Улсын албан ёсоор нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэглэхээс зайлхийсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.
Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шударга бус байдалд дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээдээс Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдуулан ““Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...А.Х нь санаатайгаар SH C LLC-ийн үйлчлүүлэгчийг булааж, төөрөгдөлд оруулах зорилгоор Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийг зөрчиж манай компанийн нэрийг монгол хэл дээр хөрвүүлэн “Ш к” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг баталгаажуулан бидний хууль ёсны эрхийг зөрчсөн ... манай компанитай хамааралтай охин компани мэт ийм адил төстэй нэр авч ашиглаж байгаа нь бусдыг төөрөгдүүлж байна” гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч SH C LLC нь Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс мужид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.
Харин “Ш к” гэсэн хуулийн этгээдийн оноосон нэрийг иргэн А.Х-ын хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газар баталгаажуулан олгож, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ачаа бараа, хүргэлтийн үйлчилгээний үндсэн чиглэл бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Хариуцагчаас Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй” гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэрийн санд “Ш к” гэсэн нэртэй ижил төсөөтэй нэр бүртгэлгүй гэж, харин нэхэмжлэгчээс “Ш к” гэсэн хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг зөрчсөн хэмээн хэргийн оролцогчид маргасан байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хууль, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенц эрх зүйн эх сурвалж болохоор байна.
Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг Монгол Улс 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталж, 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу хуулийн нэгэн адил хүчинтэй болсон байх бөгөөд уг конвенцийн 1 дүгээр зүйл “Аж үйлдвэрийн өмчийн хүрээ”, 1.2-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана” гэж зааснаар хуулийн этгээдийн нэр аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод хамаарч байна.
Гэтэл анхан шатны шүүх “...Монгол Улсын Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах байгууллага нь хууль ёсны хамгаалалтын эрхтэй нэрийг хамгаалах, энэхүү нэр нь барааг худалдахад хэрэглэсэн нэр буюу худалдааны нэршилтэй холбоотой зохицуулалтыг агуулсан, барааны тэмдэгийн хувьд олон улсын болон дотоодын бүртгэл нь ялгаатай талаар зохицуулсан...” хэмээн барааны тэмдэгт уг нэрийг бүртгүүлснээр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн дагуу хуулийн этгээдийн нэр хамгаалагдах мэтээр буруу дүгнэлт хийжээ.
Учир нь дээрх конвенцийн 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг барааны тэмдэгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран хамгаалахаар байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийн бүртгэл гуравдагч этгээдийн нэрийн бүртгэлээс өмнө хийгдсэн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн нэрийг бүртгэсэн бүртгэлийг хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл “...“SH C” гэдэг нэр болон барааны тэмдэг АНУ-д хамгаалагдахаас өмнө буюу гуравдагч этгээд “Ш к” ХХК 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ш к” хэмээн барааны тэмдгээ бүртгүүлэхийг илэрхийлсэн ... аль аль дотоодын барааны тэмдгийн бүртгэл байгаа...” гэсэн нь үндэслэлтэй биш, энэ талаарх нэхэмжлэгчийн “АНУ дахь “SH C” LLC нь Монгол дахь “Ш к” ХХК-аас өмнө үүсгэн байгуулагдаж, барааны тэмдгээ мөн өмнө бүртгүүлсэн байдлыг буруу үнэлсэн” гэсэн гомдол үндэслэлтэй.
Хариуцагчийн “...оюуны өмч барааны тэмдэгтэй хамааралтай бөгөөд тус газрын мөрдөж буй хууль, журамд огт тусгагдаагүй болно” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, олон улсын гэрээнд нэгдсэн орсноор тухайн олон улсын гэрээг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг өөрийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах боломжтой бөгөөд мөрдөж буй хууль, журамд огт тусгагдаагүй гэх үндэслэл нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.
Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Ш к” гэх нэр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй боловч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд уг хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй байгааг анхаарч үзэлгүй нэрийн баталгаажуулалтын хуудас олгож, тухайн нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Хэдийгээр гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х нь “би 2013 оноос хойш “shuurkhai” гэдэг нэрээр олонд танигдсан, “shuurkhai cargo” гэдэг нэрээр бүгд намайг мэддэг болсон ... н.Отгонбаяртай итгэлцлийн хүрээнд ажиллаж байхад миний бизнесийн үйл ажиллагааг шууд булааж авсан” гэж тайлбарлан маргах боловч энэ нь уг бүртгэлтэй холбоотой маргаанд хамааралгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “SH C” LLC Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ