Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2023/0036

 

“И Э в” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том

татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн

шүүгчид:                Г.Банзрагч

                                  П.Соёл-Эрдэнэ

                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:       Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0842 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2023/81 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 154 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, О.М, Л.С, Ч.Ц, хариуцагч Л.Б, Э.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3, 6 дахь хэсгүүдийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч нар “И Э в” ХХК-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй, бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс торгуульд төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараа хасаж тооцсон, Зорчигч тээврийн агаарын хөлөг болон бусад үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил, үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй” гэх үндэслэлээр нөхөн татварын акт үйлдсэн.

3.Нэхэмжлэгчээс “... “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, татварын нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан” гэж, хариуцагчаас “... “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил, үйлчилгээний үнийн дүн буюу зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэгчид шилжүүлсэн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй байсан тул нөхөн ногдуулалтын акт үйлдсэн” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг баримтлан “И Э в” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох дээрх актын Тэмдэглэх нь хэсгийн 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг тус тус баримтлан “И Э в” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарт холбогдуулан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, хариуцагч Татварын улсын байцаагч Л.Б, Э.Ц нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, О.М, Ч.Ц нар гомдолдоо:

6.1.Анхан шатны шүүх татвар төлөгчийн хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа биш гэж, давж заалдах шатны шүүх нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийх харилцаа нь татварыг буцаан олгох харилцаанд хамаарна гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

6.2.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн гол үндэслэлд холбогдох нотлох баримт хэрэгт авагдсан ч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

6.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалт болон татвар төлөгчийн илүү төлсөн албан татварын буцаан олгох харилцаа нь ялгаатай.

6.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.7 дахь заалтууд нь манай нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулах маргаантай огт холбоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан.

6.5.Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.”И Э в” ХХК 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ““Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ”-аар 2019 оны жилийн эцсийн байдлаар 295,733,089.68 төгрөгийн илүү төлөлттэй байгааг баталгаажуулан 2020 оны 3 дугаар улирлын байдлаарх “Оршин суугч бус НӨАТ”-ын 57,191,781.09 төгрөгийн дутуу төлөлтөд суутган тооцуулах хүсэлтэй байгаа тул “Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ”-ын илүү төлөлтийг баталгаажуул”-х[1] хүсэлт гаргаснаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагчид тус компанийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр № НА-21210000047 дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

11.Нэхэмжлэгчээс актын 3-т Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй, бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс /торгуульд/ төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасч тооцсон 2014 оны 182,093,011.3 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 4.1.1-д ”үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”,

6-д Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэх болон бусад үйлчилгээнд зориулж 2019 онд 1,445,587.81 ам.доллар буюу 3,874,664,292.02 төгрөг, 2020 онд 200,000.00 ам.доллар буюу 549,722,000.00 төгрөг нийт 1,645,587.81 ам.доллар буюу 4,424,386,292.02 төгрөгийг А У-ын “S II (C) A U L” компанид шилжүүлэхдээ оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь болуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэсэн хэсгүүдийг эс зөвшөөрч тэдгээртэй холбогдуулан актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

12.Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсэгт холбогдох зөрчлийн талаар гомдол гаргасан тул тухайн хэсэгт дүгнэлт өгөв.

13.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг”,

45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ.”, 45.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэх”,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ”,

15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

14.Хуулийн дээрх заалтуудын дагуу Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар И Э в” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлтийг үндэслэн томилолт олгосноор хариуцагч татварын улсын байцаагч нар тухайн компанийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах” хэсэгчилсэн шалгалтыг явуулаад мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг бус, 42 дугаар зүйлд заасан  “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэж, нэхэмжлэгч компанийн 2014 оны 182,093,011.3 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.

15.Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 /“нөхөн ногдуулалтын акт” гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг/, 42 дугаар зүйлийн 42.1 /Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтыг акт... үйлдэх.../-д зааснаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг татвараас зайлсхийсэн, эсхүл татварын ногдлыг тодорхойлох, татварын суурийг нэмэгдүүлэх, болоод татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгаад үйлддэг баримт бичиг бөгөөд ийнхүү үйлдэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /“Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.”/-д заасан татварын хөөн хэлэлцэх хугацааг харгалзах ёстой.

16.Хариуцагч нар тухайн хугацааг тооцолгүй “И Э в” ХХК-д 2021 онд гүйцэтгэсэн хяналт шалгалтаар 2014 оны зөрчлийг илрүүлж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй.

17.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.” гэж заажээ.

18.Хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хандсан “И Э в” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Оршин суугч бус НӨАТ”-ын ...дутуу төлөлтөд суутган тооцуулах”-аар “Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ”-ын илүү төлөлтийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтээс харвал тухайн компани Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд “илүү төлсөн татвараа бусад татварт суутган тооцуулах” зорилгоор мөн хуулийн 45.1-д заасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах” хүсэлтийг гаргажээ.   

19.Хүсэлтийн дагуу хариуцагч Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1.2-д заасан журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгасан боловч, мөн хуулийн 45.2, 6.1.15-д заасан “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай акт”-ыг үйлдээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн “дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт”-ийг баталгаажуулаагүй байна.

20.Энэ тохиолдолд хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох” харилцаа үүсээгүй гэж үзнэ.

21.Татварын улсын байцаагчийн “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах тухай акт” нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зөвшөөрснөөс гадна татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байж болно.

22.Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 15.2-т заасан харилцаанд хамаарах болон 15.1-д заасан татварын нөхөн ногдуулалт, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай авч үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2023/81 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч И Э в” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                              Ц.ЦОГТ

                                                                                              Д.БАТБААТАР

 

[1] ХХ-1-26 дахь тал.