Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 372

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Х.П, М.Т нарын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох

 Нэхэмжлэгч Х.П “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”, 

Нэхэмжлэгч М.Т “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.С  нэхэмжлэгч Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.П Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалаар хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Энэ албан тушаалд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр томилогдон,  2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд тус хэлтэс нь үйл ажиллагааны үр дүнгээр “хангалттай сайн” үнэлэгдэж байсан ба Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитороос “Аудитын итгэл үзүүлсэн байгууллага” батламж гардан авч, төсөв, санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй байгууллагаар шалгарч байсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн алба тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгаа учраас үргэлжлүүлэн ажиллах ёстой тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгээс татгалзаж байна.

Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоод “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн Газрын 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу шинэчлэн байгуулагдсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллуулах боломжгүй гэсэн байна. Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор тус байгууллага нь Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-т заасны дагуу “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...”, ‘‘...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ...” заасан. Иймд энэ байгууллагын нэр нь өөрчлөгдсөнөөс төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж байгааг харуулж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “,..аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшөлцөж, аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө, 17.4-т “...аймаг, нийслэлийн хүүхдийн байгууллагын даргыг нийгмийн салбарын болон хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно...” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан...”, 47.2-т “...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...” гэж заасан. Энэ заалт нь Захиргааны акт гаргаж намайг ажлаас чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй учраас илт хууль бус захиргааны акт гэж ойлгож байна.

Тус захиргааны акт нь хаягласан этгээдгүй, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлд захиргааны санаачилгаар төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай үндэслэлийг тодорхой тусгасан. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх тушаалд заасан үндэслэл нь Сайдын бүрэн эрх, байгууллагын өөрчлөн байгуулагдсан талаар, ажлаас чөлөөлөгдөхөд төрийн албан хаагчид олгох тэтгэлгийн талаар мөн илт хууль бус захиргааны акт байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т тухайн төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбоотой мөн ажилтны хүсэл зоригоос үл хамаарах байдлаар орон тоо нь хасагдсан, байхгүй болсон бол түүнийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгох талаар заасан. Гэтэл Баян-Өлгий аймгийн хуучин нэрээр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаал байхгүй болсон, орон тоо нь хасагдсан зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасныг баримталсан үндэслэлээ Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон буюу залуучуудын гэсэн үг нэмэгдсэнтэй холбоотойгоор өөрчлөн байгуулагдсан гэж тайлбарласан. 

Хуучин ажлын байрны тодорхойлолтоос харвал маргаан бүхий албан тушаалтны ажлын байрны үндсэн зорилтод хүүхэд, гэр бүл, залуучууд гэсэн гурван асуудлаар төвлөрч ажиллахаар баталсан. Хэдийгээр залуучууд гэсэн үг байхгүй ч Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь залуучуудтай холбоотой асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг Улсын Дээд шүүхээс өөрчлөн байгуулагдсан гэдгийг тухайн албан тушаалтны нэр нь өөрчлөгдсөнөөс үл хамааран гол чиг үүрэг нь хэвээрээ байгаа эсэхийг үндэслэл болгоно гэж тайлбарласан. Байгууллагын даргын үндсэн чиг үүрэг нь тухайн байгууллагыг удирдах асуудал байдаг.

Хариуцагч байгууллага ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан боловч дараа нь энэ ажиллагаа нь хуульд нийцсэн мэт харагдуулах үүднээс тайлбараа ирүүл гэдэг байдлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар зохицуулалтын гол утга санаа нь шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдээс саналыг авах ёстой. Иймд сонсох ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хүн томилсон бөгөөд улс төрийн албан хаагч нар төрийн албыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлдэгтэй холбоотойгоор маргаан бүхий захиргааны акт гарсан гэж үзэж байна. Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтыг 11 сард гаргасан боловч сарын дараа таны чиг үүрэг өөрчлөгдсөн гэдэг байдлаар тушаал гаргасан зэрэг нөхцөл байдлууд нь Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан үндэслэл бүрдээгүй гэдгийг харуулж байна. 

Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гаргасан гомдолд хуулийн хугацаанд хариу өгөөгүй ба Төрийн албан зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 39 тоотоор “Ажлаас чөлөөлөх тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 тоот тушаалын холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах болон бусад асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх талаар зөвлөсөн. Энэ бичгийг миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авсан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмын дагуу гомдол гарган уг гомдлыг шийдвэрлэснээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан. Маргааныг урьдчилан шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Төрийн албаны зөвлөлөөс энэ маргааныг харьяалан шийдвэрлэхгүй, шүүхэд хандана уу гэсэн хариу ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдана гэж заасан. Иймд төрийн албанаас халагдахгүй байх нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа учир Төрийн албаны зөвлөл нь уг маргааныг шийдвэрлэх бөгөөд маргааныг шийдвэрлэхгүй талаар ирүүлсэн хариу нь үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаас хойш хугацаа тоолж шүүхэд нэхэмжлэл гаргасан маань Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хугацааг баримталсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон, Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргаж өгсөн баримтын дагуу нэг сарын цалинг 999,979 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч М.Т болон түүний өмгөөлөгч Б.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Т миний бие нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Сүхбаатар аймгийн “Хүүхдийн төлөө хэлтэс”-ийн даргаар томилогдон 4 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан.

2012 оны Засгийн газрын 32 дугаар тогтоолын дагуу “Хүүхдийн төлөө хэлтэс”-ийг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс” болгон өөрчилж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн даргаар томилогдон ажилласан болно.

Энэ байгууллага нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн хувьд аймгийн Засаг даргатай 5 жилийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтээ тогтмол “А” үнэлгээтэй дүгнүүлж, манай хэлтэс 4 жил дараалан үйл ажиллагааныхаа үр дүнгээр аймагтаа эхний байруудад шалгарч, “Аймгийн тэргүүний байгууллага”-аар шалгарч байсан.

Миний бие 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч билээ. Ахлах түшмэлийн дэд зэрэгтэй. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дугаар зүйлийг илт зөрчсөн, Б/284 тоот тушаалыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гаргасан. Уг Б/284 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийг /хуучин нэрээр/ өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан М.Т намайг тус хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг миний бие эс зөвшөөрч уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

Сүхбаатар аймгийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон зөвхөн нэршлийг өөрчилсөн нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2-т төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой гэдэгтэй зөрчилдөж байна.

Төрийн албаны тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл дээрх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэдгийг илэрхийлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн. 27.1.6-д зааснаар миний бие 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд ээлжийн амралт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусах ёстой боловч энэ хугацаанд эмчийн магадлагаа 2 удаа авсан учир ээлжийн амралт 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Уг хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар М.Туул намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.2.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заагдсан үйл явц огт болоогүй гэж үзэж байна. Нэр өөрчилснийг өөрчлөн байгуулагдсан гэж ойлгож болохгүй бөгөөд орон тоо ч хасагдаагүй байгаа болно. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т  улс төрийн албан тушаалд томилогдсон буюу чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болохоор заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т тухайн байгууллага татан буугдсан буюу бүтцийн өөрчлөлт орсон тохиолдолд мөн орон тоо байхгүй болсон тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр заасан. Гэтэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гаргасан захиргааны акт нь энэхүү заалтыг зөрчсөн, энэ заалтад заасан процесс болоогүй гэж үзэж байна. Миний хувьд төрийн албанд 22 жил ажиллахдаа алдаа дутагдал, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийж байгаагүй, төрийн албан хаагчийн хувьд хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах ёстой. 

Маргаан бүхий захиргааны актад Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 гэсэн заалтуудыг үндэслэжээ. Эдгээр заалтуудад тухайн сайд тушаал гаргах эрхтэй талаар заасан бөгөөд энэ талаар бидний зүгээс маргах зүйл байхгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-т хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалыг санал болгох талаар заасан ба ажлаас шууд чөлөөлөх талаар заагаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны тайлбарт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдэгт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон нэрийг нь өөрчилсөн нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу жинхэнэ утгаараа өөрчлөн байгуулагдсан эсэх нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн төрийн алба тасралтгүй, тууштай явах, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах зэрэг үндсэн зарчимд уг захиргааны акт нь харшилсан гэж үзэж байна. Түүнчлэн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р Х.П, М.Т нарын нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг /хуучин нэрээр/ өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Х.П-ийг Баян-өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн дарга, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын  албан тушаалаас тус тус чөлөөлсөн.

Х.П, М.Т нарын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Х.П мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутад хүлээн авсан тухайгаа тус яамны 262621 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй болно. Ажлаас чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлснээс хойш Х.П, чөлөө авах, ээлжийн амралтаа эдлэх талаар өргөдөл хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчаас ээлжийн амралт эдлүүлэх шийдвэр гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Х.П, М.Т нарыг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан.

Мөн нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/791 дүгээр албан бичгийн тайлбарт: “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх зохицуулалттай байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх зохицуулалттай юм.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргыг агентлагийн даргатай зөвшилцөж, тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлдөг байсан.

Харин 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлөх тусгайлсан хуулийн зохицуулалт хүчингүй болсон юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4/-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх" нь Монгол Улсын Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.8-т “хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал” гэж хуульчилсан болно. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Иймд аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй”  гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.П “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”, 

 

Нэхэмжлэгч М.Т “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9 цагт Төрийн ордонд болох “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулах уулзалт хэлэлцүүлэгт оролцох тул шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т ”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд оролцохоор орон нутгаас олон удаа ирж, очиж чирэгдэл үүсч байгаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн төслийн уулзалт, хэлэлцүүлэгт өөрөө илтгэл тавихаар оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй, уг хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусч байгаа” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

 

Тодруулбал, нэхэмжлэгч М.Т Сүхбаатар аймгаас 3 удаа ирж очсон нь хот хоорондын зорчих тасалбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-д шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн, товыг дахин 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэхэд “за ойлголоо, хурлын товыг мэдэж байгаа гэсэн хариуг өгсөн”, хуулийн төслийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөрөөс үзвэл өөрөө уг хэлэлцүүлэгт илтгэл тавьж оролцоогүй, хэлэлцүүлэг үдээс өмнө болохоор байхад шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулахаар хүсэлт гаргасаныг  “хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан” бий болсон гэж үзэж хүлээн авах үндэслэлгүй байна. 

Шүүх нэхэмжлэлд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан хугацаа дуусчээ. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, шүүх хуралдааныг нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдаааныг үргэлжлүүлэн явуулсан болно. 

Нэхэмжлэгч Х.П нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/399 дүгээр захирамжаар  тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар, М.Т нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2012 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн Б-01 дүгээр захирамжаар  тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаалаар  Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.П-ийг, мөн өдрийн Б/284 дүгээр тушаалаар  Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх тушаалуудыг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймаг болон Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг даргын албан тушаалаас нь чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ. 

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 15-д  “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд 31.1.Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж заажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт “Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгуудын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан гэжээ.

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг  болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг  болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг ажиллуулахаар тогтоосноос үзвэл өмнө байсан байгууллагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэй болгосноос биш хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх зэргээр өөрчлөн байгуулаагүй байна. 

Мөн уг байгууллагуудын өмнө болон одоогийн бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын захирамж болон ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл орон тоо нь хэвээр, гэр бүл, залуучуудын боловсрол, хөгжил төлөвшил, эрүүл мэнд, бие даан амьдрах ур чадварын өнөөгийн нөхцөл байдлыг судлан дүгнэж, дэмжих үйлчилгээг хөгжүүлэх цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсруулан батлуулж, талуудтай хамтран хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь хэвээр байх бөгөөд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа өмнө нь хэрэгжиж байсан байх тул байгууллагын нэрэнд “залуучууд” гэсэн нэр нэмж орсноор тухайн байгууллагыг өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч Х.П нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ сайд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэжээ.  

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн /1993 оны/  17 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэл, Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.” гэж заасны дагуу Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/399 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б-01 дүгээр захирамжаар тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар тус тус томилжээ. 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болж, шинээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг хэн томилж, чөлөөлөх талаар асуудал тусгагдаагүй байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.10-т аймгийн Засаг дарга  хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлнө гэж заасан байх бөгөөд шинээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрхийг Засаг даргад олгоогүй байна. 

Иймд Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллагын даргыг сайд чөлөөлснийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Харин Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 9 дүгээр тогтоолд уг байгууллагыг өөрчлөн байгуулсан талаар тусгаагүй байхад тушаалд уг тогтоолыг баримталсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь заалтыг тусгасан, байгууллагыг өөрчлөн зохион байгуулсан гэсэн үндэслэлээр даргыг нь чөлөөлсөн /даргагүй байгууллага байх агуулгаар гарсан/  нь ойлгомжгүй бөгөөд “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Х.П уг тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан , мөн Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 39 тоот албан бичгээр  хариу өгсөнийг хүлээн аваад 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр  нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч М.Т 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар албан бичгээр хариу өгсөн, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмлэгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Харин Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгч нарт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, түүнчлэн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргаанд хамаардаггүй тул шүүхийн байгууллагад ханд” гэсэн хариу өгчээ. 

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтаас үзвэл Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх эрх /чиг үүрэг/-тэй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах бөгөөд уг баталгаагаар хангагдаагүй талаар нэхэмжлэгч нараас гомдлоо Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гаргасан байхад “уг гомдлыг хянан шийдвэрлээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй ажээ. 

Хэрэгт авагдсан сонсох ажиллагааны талаарх мэдэгдлүүдэд  нэхэмжлэгч нарыг уг албан тушаалд ажиллуулах боломжгүй тул албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авсан ажиллагаа биш, харин захиргааны байгууллагаас нэгэнт гаргасан шийдвэрээ мэдэгдсэн мэдэгдэл байна. 

Иймд сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дугаар тушаалууд нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах гэсэн суурь зарчмыг алдагдуулсан захиргааны акт байна. 

Иймд нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, байгууллага нь өөрчлөн байгуулагдаагүй байх тул тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Х.П нь нэхэмжлэлийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ тохиолдолд” томилохгүй байгаа эс үйлдэхүй”-н талаар бус албан тушаалаас чөлөөлсөн хууль бус захиргааны актын талаар маргаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.П-н ажилгүй байсан хугацааны цалин 999,979*4 сар+999,979:22*15+999,979:23*12=5,203,447.0 /таван сая хоёр зуун гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, нэхэмжлэгч М.Туулын ажилгүй байсан хугацааны цалин 1,114,453*4 сар+1,114,453:22*15+1,114,453:23*12=5,799,119.0 /таван сая долоон зуун ерэн есэн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.П-ийн ажилгүй байсан хугацааны цалин 5,203,447.0 /таван сая хоёр зуун гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг, М.Т-ын ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119.0 /таван сая долоон зуун ерэн есэн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэввээр үлдээж, улсын төсвөөс 70200 төгрөгийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт  олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ