Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 307

 

Х.П, М.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.С, нэхэмжлэгч Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан хийж, Х.П, М.Т нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280, Б/284 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.П-ийн ажилгүй байсан хугацааны цалин 5,203,447.0 /таван сая хоёр зуун гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг, М.Т-ын ажилгүй байсан хугацааны цалин 5,799,119.0 /таван сая долоон зуун ерэн есэн мянга нэг зуун арван ес/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: ...Нэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

М.Т, Х.П нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас зарлагдсан. Мөн тус өдрийн 9.00 цагаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.Гүлстаны нэхэмжлэлтэй иргэний шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би оролцохоор байсан. Эдгээр шүүх хуралдаанууд давхцаж байсны зэрэгцээ тус өдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцох ажилтай байсан.

Би, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтний хувьд тус яамнаас боловсруулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр 4 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын Их Хурлын байнгын хорооноос хамтран зохион байгуулсан, нийгмийн зөвшлийн байгууллагууд, төр хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид, иргэд оролцсон уг хуулийн төслийн хувьд хамгийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлэгт би оролцох, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг хуулийн төсөлд тусгах, асуултад тодруулга, мэдээлэл өгөх, удирдлагад яамны хуульчийн хувьд техникийн зөвлөгөө, мэдээллээр хангах, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг судалж, санал боловсруулах чиг үүрэгтэй оролцсон. Энэ чиг үүрэг маань төрийн жинхэнэ албан хаагч миний ажлын байрны тодорхойлолтын үндсэн чиг үүрэгт хамаарч байдаг юм.

Би хэлэлцүүлэгт биечлэн оролцох ёстой байгаа тухай, холбогдох нотлох баримтын хамт хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгсөн билээ. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хуралдааныг хойшлуулж, шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг баримтлан явуулах хуулийн заалтыг ноцтой зөрчлөө.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан. Гэтэл би хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой нотлох баримтын хамт урьдчилан хүргүүлсэн. Захиргааны хэргийн шүүхийн хувьд уг асуудлыг нарийвчлан шалгаж, хүндэтгэн үзэх шалтгаантай байгааг минь тогтоох боломжтой байсан. Хариуцагч талыг оролцуулаагүйгээс болж, зөвхөн нэг талын тайлбар нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах, хэргийн оролцогчийн хувьд эдлэх ёстой эрхүүдийг маань эдлүүлээгүй ноцтой зөрчил боллоо. Миний хүсэлтийг шүүх хуралдааны өмнө шийдвэрлэж, мэдэгдэх бүрэн боломжтой байтал хариуцагч талыг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг зөвхөн байгалийн гамшиг, хорио цээрийн нөхцөл байдалд байгааг л хамруулж үзэж тайлбарлажээ. Гэтэл миний бие сүүлийн жилүүдэд ажлын хэсгийн хуульчийн хувьд ажиллаж байгаа хуулийн төсөл боловсруулах, мөн л албаны ажил давхцаж байгааг тайлбарлаж хүсэлт гаргасан. Уг үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн уг алдааг засаагүй, үндэслэл бүхий няцаалт өгөөгүй, хуулийг ойролцоо нөхцөл байдалд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Хоёр: Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй. Тус хэрэгт Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалыг гүйцэтгэж байгаа Т.Н гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Х.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б урьдчилан шүүхэд гуравдагч этгээд оролцуулах агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх хэргийн бусад оролцогчид мэдэгдэлгүйгээр хүлээн авахаас татгалзах захирамж гаргасныг хэргийн оролцогч миний бие хожим шүүх хуралдаан дээр мэдсэн. Үүнийг Т.Н-д мэдэгдэж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, холбогдох гомдлоо гаргаж шийдвэрлүүлээрэй гэсний дагуу Т.Н хүсэлт, гомдлоо шүүхэд гаргасан байдаг.

Анхан шатны шүүх Т.Н-ийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг бичгээр гаргуулж аваагүй хэрнээ гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан захирамжийг түүнд танилцуулж, уг захирамжид гомдол гаргах боломжтой гэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Энэхүү гомдлыг давж заалдах шатны шүүхээс гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан байна гэж буцаажээ. Үндэслэлээ Т.Н гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өгөөгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх Т.Н-д хэргийн материал танилцуулж, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тавихад татгалзсан захирамжаа үзүүлж, гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн хэрнээ гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг нь бичгээр авч хэрэгт хавсаргаагүйгээс болж, тухайн иргэний давж заалдах эрх нь хязгаарлагдаад байна. Зүй нь шүүх Т.Н-ийн хүсэлтийг бичгээр хүлээн авч шийдвэрлэсний дараа давах гомдлыг авах ёстой байтал гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь процессын хуулийг зөрчсөн ноцтой зөрчил болно.

Үүний дараа Захиргааны давж заалдах шатны шүүхээс гаргасан гомдлыг буцаах тухай захирамжийг гомдол гаргагч Т.Н-д танилцуулаагүй, мэдэгдэлгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан, уг захирамжийг мэдэгдсэн талаар ямар ч баримт хэрэгт байхгүй байна. Давж заалдах шатны шүүх гомдлыг буцаахдаа гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсний дараа дахин гомдлыг хянах боломжтой гэдэг агуулгаар буцаасан, энэ тухай түүнд мэдэгдэх ёстой байтал аль ч шатны шүүх уг ажиллагааг хийгээгүй, захирамжийг гомдол гаргагчид хүргэсэнгүй. Гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон захирамж нь угаас илт хууль бус захирамж байна. Учир нь, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзвэл А.Б гуравдагч этгээдээр Т.Н-г татан оролцуулъя гэдэг хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад уг асуудлаар шүүх захирамж гаргажээ. Энэ нь хожим талууд хүсэлт гаргаагүй байхад хүсэлт шийдвэрлэсэн гэх агуулгаар захирамж хууль бус болж, тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан Т.Н оролцох боломжгүй болсон. Т.Н нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдагч этгээдээр оролцуулах боломжгүй, захирамж гарсан байна гэсний дагуу уг захирамжид гомдол гаргаж, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоод байсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн хууль бус ажиллагаанаас болж, гомдол гаргах боломжтой захирамжид эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн тал гомдол гаргах боломжгүй болж, эрх нь ноцтой зөрчигдлөө.

Гурав: Ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг /хуучин нэрээр/ өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан М.Т, Х.П нарыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Харин шинэ байгууллагын даргаас томилохоос хууль зүйн үндэслэлтэйгээр татгалзсан. Өөрөөр хэлбэл, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэрээр/ гэдэг байгууллага байхгүй болсон тул тус байхгүй болсон байгууллагын даргын албанаас нэхэмжлэгч нарыг чөлөөлж, шинээр байгуулагдсан газрын даргаар томилоогүй юм. Учир нь, уг шинээр байгуулагдсан газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох хууль зүйн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нарт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Нэхэмжлэгч мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15.32 цагт хүлээн авсан тухайгаа тус яамны 262621 дугаарын утсаар мэдэгдэж тайлбарыг ...боловч хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй. Ажлаас чөлөөлөх асуудлаар нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш нэхэмжлэгч чөлөө авах, ээлжийн амралтаа эдлэх талаар өргөдөл хүсэлт ирүүлээгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид ээлжийн амралт эдлүүлэх шийдвэр гаргаагүй. Гэтэл үүнийг шүүх гаргасан шийдвэрээ танилцуулсан байна гэжээ. Тэгвэл уг хугацаанаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч нар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах ёстой байтал энэ хугацааг хэтрүүлсэн болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн шийдвэр нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан байтал шүүх уг мэдэгдлийг сонсох ажиллагааны мэдэгдэл биш гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нарыг өмнөх ажлын байр буюу Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаас чөлөөлснөөс бус шинээр байгуулагдсан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөөгүй. Гэтэл нэхэмжлэгч нар нь сайдын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэлийн хүрээнд асуудал шийдвэрлэх хэрэг байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Шүүгчийг уг маргаанаас татгалзан гарах үндэслэлтэй байсан байна. Учир нь, уг хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад А.Б нь шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх бөгөөд уг асуудалтай холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, ёс зүйн гомдолтой холбоотой асуудлаар сахилгын хэрэг үүсгэхээс өмнө уг асуудалд холбогдсон шүүгчээс тайлбар авах, сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг талуудыг байлцуулан шийдвэрлэдэг журамтай тул ёс зүйн хороо дээр шүүхийн маргааныг урьдчилан хэлэлцэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Би шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд уг асуудлыг бүрэн тодруулах, хөндөх, хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эрхүүдээ эдлэх боломжтой байсан.

Иймд,  хэргийг  бүхэлд  нь  хянаж,  шийдвэр,  магадлалыг  хүчингүй  болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280,  Б/284 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан, “аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.П, Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Т нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.П, М.Т нар нь “...аймгийн хуучин нэрээр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаал хасагдаагүй, ...хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон буюу “залуучуудын” гэсэн үг нэмэгдсэнээс өөр өөрчлөлт ороогүй, ...эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж, хариуцагчаас “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг өөрчлөн зохион байгуулсан, уг байгууллага байхгүй болсон, ...нэхэмжлэгч нарыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснөөс бус шинээр байгуулагдсан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөөгүй” гэсэн тайлбар гарган маргажээ.

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг харъяалуулсан байна.

Мөн Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг ажиллуулахаар тогтоосноор урьд нь ажиллаж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь “газар” болж, нэршлийн хувьд өөрчлөгджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өмнөх аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даргын орон тоо 1 байсан, энэ нь шинээр зохион байгуулагдсан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцэд хэвээр батлагдсанаар тухайн ажлын байрны орон тоо хасагдаагүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын ангилал, зэрэглэл /ТЗ-9/, чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага хэвээр буюу орон нутгийн түвшинд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтын түвшинд хангаж, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Иймээс хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Баян-Өлгий болон Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэхэмжлэгч Х.П, М.Т нарыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Иймд Х.П, М.Т нарыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, тэднийг Баян-Өлгий болон Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн “шүүх хуралдаанд хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-д шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 09, 15-ны өдрүүдэд мэдэгдэхэд хуралдааны товыг мэдэж байгаагаа илэрхийлсэн байтлаа шүүх хуралдаан болох өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, уулзалт, хэлэлцүүлэгт оролцох шалтгаанаар шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх түүний гаргасан хүсэлтэд заасан шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй, хэргийн бусад оролцогчид хөдөө орон нутгаас удаа дараа ирсэн нөхцөл байдлуудыг харгалзан дүгнэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хариуцагч талыг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулахаар хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2468 дугаар захирамжид Т.Н гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэжээ.

Үүний дараа Т.Н нь хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргах эрхтэй, боломжтой байтал хүсэлтээ гаргаагүй учир түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй, энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

4. Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд энэхүү эрхээ эдлэх байсан гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА