Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0672

 

 

 “Р” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Р” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын улсын байцаагч Д.Наранбаатарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Р” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын улсын байцаагч Д.Наранбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэл хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Р” ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу “Базалит” үгийг дангаар барааны сав баглаа боодол дээр ашигласан, худалдаан гаргасан, хилээр нэвтрүүлсэн зэрэг үйлдлийг хийснээ үгүйсгээгүй. Тус хэсэгт заасны дагуу ямар үйлдлийг барааны тэмдэг ашигласанд тооцохыг тодорхойлсон болохоос эдгээр үйлдлийг хийсэн нь шууд зөрчилд тооцогдохгүй нь мэдээж хэрэг.

Харин тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх үүссэн, түүнчлэн уг онцгой эрх үйлчлэх шаардлага хангагдсан тохиолдолд хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан бусдын бус үйлдлийг таслан зогсоох онцгой эрхийг эдлэх боломж гарч ирнэ.

Гэтэл шүүгч нь “Р” ХХК барааны тэмдэг ашигласан бол шууд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа. үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэж заасны дагуу “Р” ХХК-ийн борлуулж буй барааны сав баглаа, боодол дээр “Базалит” үгийг дангаараа барааны тэмдгээр ашиглаж болохыг хориглоогүй бөгөөд ашиглаж болох хэмжээ хязгаар нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэг. газар зүйн заалт гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг” гэж зааснаар зааглагдсан.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийг 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн гэж шууд дүгнэж болохгүй, заавал бүртгэгдсэн барааны тэмдгийг ашигласан байх шаардлага тавигдах ёстой.

Гэтэл шүүгч нь “Р” ХХК-аас “Базалит” гэх үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийг ашиглаагүй байхад уг барааны тэмдгийг бүртгүүлснийг гэрчлэх 6808 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг үндэслэл болгож байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж байна.

Хэдий анхан шатны шүүхээс байцаагчийн зөрчлийн хэрэгт хамааралгүй этгээдийг хохирогчоор тогтоосон шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдлийг нэг талаасаа хүлээн зөвшөөрч, нөгөө талаасаа “тухайн үед гомдол гаргаагүй атлаа энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн ч шүүгч өөрөө дахин энэхүү процессын алдааг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн.

Учир нь иргэн Л.А нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-т заасан журмын дагуу “Базалит” хосолмол барааны тэмдэг эзэмшигч болсон бөгөөд хэрэв бусад этгээд энэхүү барааны тэмдгийг ашигласан бол иргэн Л.А-ын эрх, хууль ёсны ашиг хөндөгдөхөөр байхаар байна. Иймд тэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд ‘‘зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцох эрхтэй байна. Үүнээс гадна иргэн Л.А нь өөрийн онцгой эрхийг “М б” ХХК-д шилжүүлсэн, ашиглуулахаар тохиролцсон талаар нотлох баримт гуравдагч этгээд шүүхэд гаргаагүй юм.

Гэтэл шүүгч “тухайн үед гомдол гаргаагүй” гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан үйлдлийг зөвтгөж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барааны тэмдэг эзэмшигч бус, оюуны өмчийн онцгой эрхийг эдлэх эрхгүй хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулж хууль зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зөрчсөн, нотлох баримт тал бүрээс бодитойгоор, үнэн зөв талаас нь үнэлээгүй тул шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1802000395 дугаар шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-ийг “Базалит” барааны тэмдгийг ашиглан чулуун хөвөнг худалдан борлуулсан зөрчил гаргасан гэж үзэж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Үүнийг эс зөвшөөрч “Р” ХХК-аас “... зөрчлийн хэрэгт хамааралгүй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хуулийг зөрчсөн, барааны тэмдгийн онцгой эрх үүссэн байж болох боловч онцгой эрх үйлчлэхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаагүй орхигдуулсан, гомдол гаргагч болон холбогдох компаниуд ижил төрлийн чулуун хөвөн борлуулдаг боловч уг бараанд хэрэглэж буй “Базалит” ба “Basaltwool” нэрсүүд төсөөтэй биш” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Р” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 120 дугаар тушаалаар “Базалит” гэх үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийн эзэмшигчээр Л.А-ыг бүртгэж, барааны тэмдгийн 6806 дугаар гэрчилгээг олгосноор 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг”, 13 дугаар зүйлийн 13.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн, барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно” гэж,

мөн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.14-д “оюуны өмчийн улсын байцаагч ... 8.5 дугаар зүйлд заасан зөрчил” гэж тус тус зааснаас үзвэл оюуны өмчийн улсын байцаагч нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор  хуульчилсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдэж, хамгаалагдсан “Базалит” гэсэн барааны тэмдгийг өөрийн бараа, түүний сав, баглаа боодолд бичиж хэрэглэсэн, уг барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлэн худалдаанд гаргаж ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон улсын байцаагчийн хяналт, шалгалтаар тогтоогдсон байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... “Р” ХХК нь “Базалит” гэх үг, дугуй дүрсний хосолмол барааны тэмдгийг ашиглаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь маргааны тохиолдолд “Р” ХХК, “М б” ХХК нь ижил үйл ажиллагаа эрхлэдэг “Базалит” барааны тэмдгийг ашигласнаар бусдыг төөрөгдөлд оруулж болзошгүй байх тул “Базалит” үгийг дангаар ашиглаж болох мэтээр дүгнэх үндэслэлгүй.

Нэгэнт гомдол гаргагч нь дээр дурдсан хууль, тогтоомжийг зөрчсөн, “Базалит” барааны тэмдгийг ашиглан чулуун хөвөнг худалдсан борлуулсан нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль оногдуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...Г.А нь өөрийн онцгой эрхийг “М б” ХХК-д шилжүүлсэн, ашиглуулахаар тохиролцсон талаарх нотлох баримтыг гуравдагч этгээд шүүхэд гаргаж өгөөгүй” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, гомдол гаргагч нь хамгаалагдсан барааны тэмдгийг өөрийн бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлснээр зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд Г.А нь онцгой эрхээ өөрийн эзэмшлийн “М б” ХХК-д шилжүүлсэн эсэх нь гомдол гаргагч хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд шийтгэл ногдуулахад хамааралгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                             Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ