Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 35-389 тоотод оршин суух, Ренчин овогт Ёндонгийн Аюурсүрэн/РД: УХ89011736/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бүгд найрамдах Болгар улсын элчин сайдын яамны байранд байрлах “Эко-Алт” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Аюурсүрэн би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Эко Алт ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийж Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллах болсон. Гэтэл 2016 оны 01 сарын 26-ны өдөр Алтайн Хүдэр ХХК-д ажиллаж байсан Ц.Мөнхлхагвад ажлаа хүлээлгэн өг гэж ажлаас чөлөөлсөн. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй.

Нэг. Намайг Эко Алт ХХК дахь ажлаас үндэслэлгүй халсан тул тус компанийн “Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн” ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02-р сарын 26 хүртэлх хугацааны цалин 2 500 000(Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хоёр. Эко Алт ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27 хүртэл ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, алданги 7 344 418 (Долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм) төгрөг нийт 9 844 418 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч “Эко Алт” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэн Ёндонгийн Аюурсүрэнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан, хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ё.Аюурсүрэн нэхэмжлэлдээ “ажлаас үндэслэлгүй халсан тул компанийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26 хүртэл хугацааны цалин 2 500 000 төгрөгийг гаргуулж өгөх”-ийг хүссэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь манай компани Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж, иргэн Ё.Аюурсүрэнгийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн дотоод журамд зааснаар ажилтныг ажлаас халсан тушаалын төслийг гүйцэтгэх захирал хянаж гарын үсэг зурсны дараа тушаалыг гаргадаг /бичдэг/ бөгөөд энэхүү журмын дагуу Ё.Аюурсүрэнг ажлаас чөлөөлөх тушаалын төслийг тэрээр өөрөө боловсруулж, гүйцэтгэх захирлаар хянуулсан болохыг нотлох баримт, гэрчүүд байгаа болно.

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ё.Аюурсүрэн нь “Эко Алт” ХХК-ийн оффисын байранд ирсэн бөгөөд үүний дараа бичиг баримтаа шалгахад Ё.Аюурсүрэнгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажлаас чөлөөлөх тушаалын төслүүдийг хамтад нь нэгтгэн хавтасласан бичиг баримт алга болсон ба энэхүү баримтууд нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үндсэн баримтууд байсан болно.

Манай компани уг хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шалгах ажиллагаа хийгдэж байна.

Иймд уг хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх хүртлэх хугацаанд хэргийг түдгэлзүүлэх эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн хариуцагч “Эко Алт” ХХК-д холбогдуулан хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 500 000/Хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, алданги 7 344 418/Долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг нийт 9 844 418/есөн сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Эко Алт” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 32 тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь № Б-56/16 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 37.1.1-т “талууд харилцан тохирсон;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагчид хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн болох нь хөдөлмөрийн гэрээний хуулбар, № 32 тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр эсхүл ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдож байна. 

  

Хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж байх боловч уг тайлбар, татгалзал баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийг хариуцагч “Эко Алт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” Гэж заасан.

 

Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ажлын 104 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 11 941 280/арван нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная/ /нэг өдрийн цалин 114820х104=11941280/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, алданги 7 344 418/долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэгчид олгосон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул хариуцагчаас 7 344 418/долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргилд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.                                                                                                                                       

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнг хариуцагч “Эко Алт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Эко Алт” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 941 280/арван нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 344 418/долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнг хариуцагч “Эко Алт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Эко Алт” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 941 280/арван нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 344 418/долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172500 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Эко Алт” ХХК-иас 206010 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ