Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1721

 

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2016/01721

Улаанбаатар хот

 

Ё.Аюурсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эко-Алт” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 500 000 төгрөг, 2015 оны оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ыг хүртэл ажилласан хугацааны цалин, амралтын олговор олгогдоогүй тул алданги тооцон нийт 7 344 418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ё.Аюурсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс “Эко-Алт” ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажилласан.  Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Мөнхлхагвад ажлаа хүлээлгэж өг гэж ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Иймд “Эко Алт” ХХК-ийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 2 500 000 төгрөг, “Эко Алт” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, алданги 7 344 418 төгрөг нийт 9 844 418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Эко Алт” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:  Ё.Аюурсүрэнгийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн дотоод журамд зааснаар ажилтныг ажлаас халсан тушаалын төслийг гүйцэтгэх захирал хянаж гарын үсэг зурсны дараа тушаалыг гаргадаг бөгөөд энэхүү журмын дагуу Ё.Аюурсүрэнг ажлаас чөлөөлөх тушаалын төслийг тэрээр өөрөө боловсруулж, гүйцэтгэх захирлаар хянуулсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ё.Аюурсүрэн нь манай оффист ирсэн ба дараа нь бичиг баримтаа шалгахад түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажлаас чөлөөлөх тушаалын төслүүдийг хамтад нь нэгтгэн хавтасласан бичиг баримт алга болсон. Маргааныг  шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд байсан. Хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, ажиллагаа хийгдэж байна. Иймд хэргийг түдгэлзүүлэх эсвэл  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнг хариуцагч "Эко Алт" ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч "Эко Алт" ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 941 280 /арван нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 344 418 /долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 500 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч "Эко Алт" ХХК-иас 206 010 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхээр заасан. Гэтэл Ё.Аюурсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны олговорт 2 500 000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүгч өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 11 941 280 төгрөгийг "Эко Алт" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, ашгийг ноцтой зөрчлөө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр 11 941 280 төгрөгийг "Эко Алт" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийн 9 441 280 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Аюурсүрэн нь Эко-Алт ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26 хүртэл  хугацааны урьд  авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 500 000 төгрөг гаргуулах, 2015 оны 10 дугаар  сарын 16-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин, амралтын олговор олгогдоогүй тул алданги тооцон нийт 7 344 418 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Түүнтэй цалин, амралтын олговрын тооцоо байхгүй“ гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Эко-Алт ХХК-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/56/16 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Хэрэгт талуудын тохиролцооны талаархи баримт авагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож түүний хүсэл зориг, санаачилгыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт зөв болжээ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах журамтай.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний буюу 2 сар орчмын дараа шүүхэд гомдлоо гаргасан байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүлээн авсан хугацааны талаарх шүүгчийн асуултад нэхэмжлэгч нь тушаал гарсан тухайн өдөр авсан гэж хариулсан. /х.х-ийн 37 дугаар хуудас. Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь буруу боловч тушаал гардан авсантай холбоотой бичмэл нотлох баримт хэрэгт байхгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаанд гаргаж буй нэхэмжлэгчийн дээрх тайлбар нотлох баримт болох тул нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Гэвч талууд гомдол гаргах хугацааны талаар маргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах, мөн хуулийн 118 дугаар зүйлд зааснаар шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай юм.

 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62-д заасан журмын дагуу гаргасан нэхэмжлэлдээ зөвхөн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 27 хүртэлхи хугацааны цалин олговорт  2 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж 11 941 280 төгрөг гаргуулсан нь буруу байна. Хэдийгээр нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр “.., 12 500 000 төгрөгийн цалин гаргуулахыг хүсэж байна” гэж тайлбарласан  ч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан бүрдүүлбэр  хангасан байдлаар гаргаагүй байх бөгөөд нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэж хариуцагчид гардуулах, тайлбар нотлох баримт гаргах ажиллагаа хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2 500 000 төгрөгийн цалин олговрыг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Талууд харилцан тохиролцож ажилтан ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон асуудлаар хариуцагч гомдол гаргаагүй тул энэ нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ.

 

Харин олгогдоогүй цалин, амралтын олговор, түүнд тооцсон алданги гэх 7 344 418 төгрөгийн хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бүрэн олгогдсоноор бичилт хийгдсэн, нэхэмжлэгч дээрх хэмжээний цалин олговроо бодитой аваагүй гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...11 941 280“ гэснийг “2 500 000” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эко-Алт ХХК-иас 54 950 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ё.Аюурсүрэнд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                     Ш.ОЮУНХАНД