Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, “Арвай Илч” ХХК/РД: 3550133/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ESP англи хэлний сургалтын төвийн 2 давхар, 201, 204 тоотод байрлах, “Биг Монголиа Билдинг” ХХК/РД: 5675677/-д холбогдох

 

3 180 741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Энхманлай, хариуцагчийн төлөөлөгч Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

                               Тодорхойлох нь:    

 

Нэхэмжлэгч “Арвай Илч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биг Монголиа Билдинг” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТөвийн халдвартын барилгыг барьж ашиглалтанд өгсөн бөгөөд уг барилгыг барих хугацаандаа 2015 оны 10-дугаар сарын 20-ны өдөр “Арвай Илч” ХХК-тай тухайн барилгыг дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулсан юм.

Уг гэрээгээр нийт 2960206(хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа) төгрөг болсон ба уг гэрээнд төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулхаар тохиролцсон болно. Гэрээнд заагдсан төлбөрийг барагдуулах зорилгоор удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч “Биг Монголиа Билдинг” ХХК нь одоогоор ДЭХ-ний үнийн төлбөрииг төлөх боломжгүй ондоо багтааж төлье гэхэд нь бид зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа болно. Иймд Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 %-иар бодож хангагчид нэмж төлнө гэсэн заалтыг үндэслэн алданги 220535(хоёр зуун хорин мянга таван зуун гучин тав) төгрөг, үндсэн ДЭХ-ний төлбөр 2960206(хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа) төгрөг бүгд 3180741(гурван сая нэг зуун наян мянга долоон зуун дөчин нэгэн ) төгрөгийг “Биг Монголиа Билдинг” ХХК-иар гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд халдвартын эмнэлэгийн барилга угсралтын ажлыг 2014 оны 09 сарын 25-наас 2015 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ба нэхэмжлэл гаргасан дулаан хангамжын “Арвай Илч” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 08-аас 2015 оны 03 сарын 08 хүртэл хугацаатай гурван сая гурван зуун мянган төгрөгийн (3’300’000) үнийн дүнтэй 00 тоот гэрээ байгуулсан ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.

Мөн 2015 оны 02 дугаар сарын 10-аас 02 сарын 11 шилжих шөнө буюу дулаанаар хангах гэрээний хугацаанд дулаан хангамжыг тасалдуулсаны улмаас тус байгууламжын 1 дүгээр давхарын 32 сэкц радиатор хөлдөж, ус алдан 84м2 хана 60м2 шалны угсралтанд суулт өгч их хэмжээний хохирол учруулсан тул манай байгууллага уг нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Арвай илч” ХХК хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК-д холбогдуулан 3 180 741/гурван сая нэг зуун наян мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 05 дугаар “Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ”/хх-5-6/ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж заасан.

05 дугаар гэрээ Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг болон Иргэний хуульд нийцсэн байх тул 05 дугаар гэрээг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч 1589.9 метр квадрат талбайг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 05 дугаар 01-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дулаанаар хангах, хариуцагч эрчим хүчний буюу дулааны 1 метр кубын үнийг 931 төгрөгөөр/нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдсон/ тооцож нийт 2 960 206/хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа/ төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, 05 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 05 дугаар гэрээнд заасан хугацаанд хариуцагчийг эрчим хүчээр хангасан талаар маргахгүй байна.

 

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 11-рүү шилжих шөнө дулаан хангамжыг тасалдуулсаны улмаас хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэлээр хариуцагч 05 дугаар гэрээнд заасан дулааны эрчим хүчний төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хэрэглэгч нь ..... зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө.” гэж заасан.

 

Хариуцагч өөрийн татгалзал, үгүйсгэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 11-рүү шилжих шөнө нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хариуцагчид хохирол гэх тайлбараар хариуцагчийг эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 220535(хоёр зуун хорин мянга таван зуун гучин тав) төгрөгийг алдангид гаргуулахаар нэхэмжилжээ.

 

05 дугаар гэрээний 4-ийн 4.1-т дулааны эрчим хүчний үнийг тухайн сарын 30-ны дотор төлөх тухай, мөн гэрээний 4-ийн 4.2-т хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги авах тухай заасан болох нь 05 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөрт 2 960 206/хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг, алдангид 220535/хоёр зуун хорин мянга таван зуун гучин тав/ /2 960 206х0.5%=14801 төгрөг, 14801х15хоног=222015/ төгрөгийг, нийт 3 180 741/гурван сая нэг зуун наян мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК-иас дулааны эрчим хүчний төлбөрт 2 960 206/хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг, алдангид 220 535/хоёр зуун хорин мянга таван зуун гучин тав/ төгрөгийг, нийт 3 180 741/гурван сая нэг зуун наян мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвай илч” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Тогтоох нь:

 

   1. Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК-иас дулааны эрчим хүчний төлбөрт 2 960 206/хоёр сая есөн зуун жаран мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг, алдангид 220 535/хоёр зуун хорин мянга таван зуун гучин тав/ төгрөгийг, нийт 3 180 741/гурван сая нэг зуун наян мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвай илч” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвай илч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК-иас 65850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвай илч” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ