Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1584

 

 

“Арвай-Илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арвай-Илч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бигмонголиа билдинг” ХХК-д холбогдох

 

3 180 741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхманлай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бигмонголиа билдинг” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТөвийн халдвартын барилгыг барьж ашиглалтанд өгсөн бөгөөд уг барилгыг барих хугацаандаа 2015 оны 10-дугаар сарын 20-ны өдөр “Арвай-Илч” ХХК-тай тухайн барилгыг дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийт 2 960 206 төгрөг болсон ба уг гэрээнд төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулхаар тохиролцсон болно. Гэрээнд заагдсан төлбөрийг барагдуулах зорилгоор удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч “Бигмонголиа билдинг” ХХК нь одоогоор ДЭХ-ийн үнийн төлбөрийг төлөх боломжгүй ондоо багтааж төлье гэхэд нь бид зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байгаа болно. Иймд Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар бодож хангагчид нэмж төлнө гэсэн заалтыг үндэслэн алданги 220 535 төгрөг, үндсэн ДЭХ-ийн төлбөр 2 960 206 төгрөг нийт 3 180 741 төгрөгийг “Бигмонголиа билдинг” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд халдвартын эмнэлэгийн барилга угсралтын ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ба нэхэмжлэл гаргасан дулаан хангамжийн “Арвай-Илч” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай 3 300 000 төгрөгийн үнийн дүнтэй 00 тоот гэрээ байгуулсан ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Мөн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шилжих шөнө буюу дулаанаар хангах гэрээний хугацаанд дулаан хангамжийг тасалдуулсаны улмаас тус байгууламжийн 1 дүгээр давхрын 32 сэкц радиатор хөлдөж, ус алдан 84 м.кв хана 60 м.кв шалны угсралтанд суулт өгч их хэмжээний хохирол учруулсан тул манай байгууллага уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бигмонголиа билдинг” ХХК-иас дулааны эрчим хүчний төлбөрт 2 960 206 төгрөгийг, алдангид 220 535 төгрөгийг, нийт 3 180 741 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвай-Илч” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвай-Илч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бигмонголиа билдинг” ХХК-иас 65 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвай-Илч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Анхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг асуухад нь өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргахад шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд нь энэхүү хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч нь нэхэмжлэгч 5 дугаар гэрээнд заасан хугацаанд хариуцагчийг эрчим хүчээр хангасан талаар маргахгүй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь "Арвай-Илч" ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Дулааны эрчим хүчээр хангах тухай байгуулсан гэрээ"-г манай компанитай байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хүртэлх хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани нийт 3 300 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд үүнийг зохих ёсоор биелүүлсэн. Үүний дараагаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 тоот "Дулааны эрчим хүчээр хангах гэрээ" байгуулсан хэдий ч уг гэрээний дагуу манайх халаалт аваагүй, манай компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ шүүхэд гаргасан тайлбараараа илэрхийлсэн байхад шүүхээс дулаан авсан талаар маргахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй. "Арвай-Илч" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5 тоот "Дулаан, эрчим хүчээр хангах тухай гэрээ"-ны дагуу “Бигмонголиа билдинг” ХХК-ийн барилгыг дулаан, эрчим хүчээр хангасныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Арвай илч” ХХК нь хариуцагч “Биг Монголиа Билдинг” ХХК-д холбогдуулан дулаан, эрчим хүчээр хангуулсан төлбөрт 3 180 741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож хэргийн 5-6 дугаар талд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байна.

 

Дээрх гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч уг гэрээгээр талууд ямар хугацаанд дулаан, эрчим хүч авахаар тохиролцсон нь тодорхой бус, энэ талаарх бичвэрийн огноо нийт үнийн дүн уншигдахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Анхан шатны шүүх уг гэрээг шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн бөгөөд уг гэрээ уншигдахгүй, зарим үг үсэг харагдахгүй байх тул энэ баримтыг үнэлж давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ