Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2024/00069

 

Н.Р-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************ багт оршин суух Ж овогт Н-ийн Р-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********** багийн оршин суугчид С овогт Х-ын Д-, М овогт Ш-ны А- нарт холбогдох,

 

“2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөг болон 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 3,360,000 төгрөг, алданги 1,640,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг, бүгд 56,600,000 төгрөг  гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Н.Р-, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Д-, Ш.А-, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:  

1.1 Нэхэмжлэгч Н.Р- би төрөл садны холбоотой, нэг гэр бүлийн Х.Д-, Ш.А- нарын удаа дараагийн хүсэлт, хувийн бизнесийг дэмжих талаар тавьж байсан санал, санаачлалыг харгалзан үзэж, өөрийн хуримтлалд байсан мөнгөнөөс 2021-2023 онуудад удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бусаар /дансаар/ мөнгө төгрөг зээлдүүлж, өгч авалцаж байсан.

1.2 Хариуцагч Ш.А-тэй хоёр удаа, Ш.А-, Х.Д- хоёртой нэг удаа хууль ёсны дагуу 3 удаа гэрээ байгуулсан. Ш.А- нь 6-7 удаа бичгээр гарын баримт өгч байсан. Ш.А- надаас урьд өмнө нь мөнгө авалцаад, өгөлцөөд байсан.

1.3 Анхны гэрээг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2062 тоот 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр зээлийн хүү 3 хувь, сар бүр хүүгийн 420,000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон. Уг 14,000,000 төгрөгийн эх үүсвэр нь ХААН банкны миний ************тоот данснаас хариуцагч Ш.А-гийн ХААН банкны ************ тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, мөн бэлнээр 700,000 төгрөг өгч нийт 14,000,000 төгрөг болгож гэрээ хийсэн. Тухайн гэрээг нотариатаар баталгаажуулахдаа 16,000 төгрөг гарсан ба түүний 50 хувь болох 8,000 төгрөгийг би дансаар төлсөн. Гэрээний дагуу сар бүрийн 27-ны өдөр хүүд 420,000 төгрөгийг хариуцагч Ш.А- төлж байсан. Гэрээний дагуу үндсэн зээлийн мөнгө болох 14,000,000 төгрөгийг хариуцагч Ш.А- нь 2022 оны12 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгах ёстой боловч төлөөгүй ба 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүүд 420,000 төгрөгийг төлсөн.

1.4 Миний бие хариуцагч Ш.А-д хүүхдүүд маань сургуульд сурахаар явах гэж байгаа тул зээлсэн 14,000,000 төгрөгийг маань өгөөрэй гэж асуухад хариуцагч Ш.А- нь 2,000,000 төгрөгийг нөхөр болох Х.Д-ийн банкны дансаар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч надад таны өгсөн мөнгийг сар бүрийн 10 хувийн хүүтэй бусдад зээлдүүлж сар бүр 1,000,000 төгрөгийн ашиг хүртэж байгаа тул үлдсэн 12,000,000 төгрөгт дахин зээлийн гэрээ байгуулъя гэсэн.

1.5 Түүний дагуу нотариатч Б.Гүлжаукарт очиж, хариуцагч Ш.А-тэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 47 минутад, 0093 тоот зээлийн гэрээг 12,000,000 төгрөг байгуулсан. Уг гэрээгээр зээлийн хүү 4 хувь, сар бүр зээлийн хүү болох 480,000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Үндсэн мөнгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 13 сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний дагуу миний ХААН банкны дансанд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 480,000 төгрөг, 3 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөг, 4 дүгээр сарын 03-ны өдөр 480,000 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 480,000 төгрөгийн хүүг төлж байсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сараас хойш зээлийн гэрээний дагуу хүүгийн мөнгийг төлөөгүй тул би шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл 12,000,000 төгрөг, 2023 оны 06-12 дугаар сарын нийт 7 сарын хүүд 3,360,000 төгрөг, гэрээний дагуу алдангид 1,640,000 төгрөг бүгд 17,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өмгөөлөгч бид хоёр гэрээний дагуу тооцож үзэхэд их мөнгө гарч байсан бөгөөд анх гарсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, алдангид нийт 17,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлттэй байна.

1.6 Харин дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 35,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 39,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3.4 дэх заалтад хариуцагч нарт урьд шилжүүлсэн гэх хэсэг нь буруу бичигдсэн байх ба тухайн үед хариуцагч нар хөдөө явна гэж яруу сандруу очиж гэрээ байгуулахдаа урьд өмнө шилжүүлж, бэлэн өгсөн мөнгө буруу бичигдсэн байна. Уг гэрээндээ бичигдсэн 35,400,000 төгрөг нь миний хариуцагч Ш.А-ийн ХААН банкны ************ тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг, бэлэн өгсөн 1,600,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөг авсан талаарх бичиж өгсөн гарын баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг мөнгөнөөс дансаар 600,000 төгрөг өгч. 17,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар авсан гэж хариуцагчаас баримт бичиж өгсөн. Уг мөнгөний хүү гэж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 370,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 280,000 төгрөгийг тус тус төлж байсан. Мөн миний нөхөр түүхийн эдийн ченж хийдэг бөгөөд нөхрөөс 18,600,000 төгрөгийг бэлэн авч хариуцагч Ш.А-д сарын хүүд 1,860,000 төгрөг авахаар болж зээлдсэн болно. Гэтэл хариуцагч Ш.А- нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн гарын баримтад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан гэж бичээд намайг будилаантуулсан боловч тухайн өдөр хүүгийн 1,860,000 төгрөгийг миний дансанд төлж өгч, дараагийн хүүгийн мөнгийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,250,000 төгрөг, 7 дугаар сарын 17-ны өдөр 610,000 төгрөг төлж хоёр сарын хүүгийн мөнгийг төлж үлдсэн хүүгийн мөнгийг төлөөгүй болно. Энэхүү 18,600,000 төгрөгийг бэлэн зээлдэж авсан талаар гарын баримт хэрэгт байгаа болно. Эдгээр мөнгөний талаар бид тооцоо нийлж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 0683 тоот зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нар тооцоо хийхдээ хүнийг будилаантуулж, миний толгойг эргүүлж, гэрээндээ урьд дансаар өгсөн болон бэлнээр өгсөн мөнгөний талаар яаруу сандруу байгуулахдаа буруу бичигдэж урьд авсан мөнгө бичигдсэн байна.

1.7 Иймд хариуцагч нартай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот болон 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 0683 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 56,600,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

2. Хариуцагч Ш.А-н хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Н.Р- бид хоёр нэг айлын бэр байсан учраас 2021 оноос эхлэн анх нэхэмжлэгчээс мөнгө зээлдэж аваад шууд буцааж өгч байсан.

2.2 Миний бие нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж зээлдэж авсан. Уг мөнгийг миний бие 2022 оны 11 дүгээр сараас эхэлж 19,821,000 төгрөгийг дансаараа, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатад гэрээ батлуулах өдөр 3,600,000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн өмнө нь 11,979,000 төгрөгийг бэлэн өгч төлж дуусгасан.

2.3 Гэрээний хувьд бидний анх байгуулсан хоёр гэрээ болох 14,000,0000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн гэрээнүүд үнэн зөв гэрээ. Уг гэрээнүүдийн дагуу би төлж дуусгасан. Би нэхэмжлэгч Н.Р-д зээлдэж авсан мөнгөнөөс үлдэгдэл 3,600,000 төгрөг байсан. Уг мөнгийг нөхөр бид хоёр нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлдэж авахаар болж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатаар гэрээ байгуулахдаа 3,600,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг гэрчлүүлэхдээ Н.Р-ийн үгэнд итгэж мөнгийг өгч, авалцсан гэж худал хэлж 0683 дугаартай зээлийн гэрээг гэрчлүүлсэн.

2.4 Бид нарын хооронд 30,000,000 төгрөгийн баримт байгаа. Үүнээс болж бид нарын хооронд маргаан үүссэн. Тэрнээс өмнө бид нар хооронд мөнгийг бэлэн өгч, авалцаж байсан. Нэхэмжлэгч Ш.А- миний бие нэхэмжлэгчид итгэсэн. 2022 онд анхны тооцоогоо дуусгаж, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 4 дэх хүүхдээ төрүүлсэн. Анхны тооцоогоо дууссан гэж бодож явж байхад 11 дүгээр сард нэхэмжлэгч, нөхөртэйгөө хамт манайд идшээ бэлдэж авахаар очсон. Тухайн үед нэхэмжлэгч надад чи өмнөх шигээ надаас мөнгө авч, өсгөж авна гэвэл өгсөж аваарай гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс өмнө нь 10,000,000 төгрөг хүртэл мөнгө зээлдэж авч, уг мөнгийг өөр хүнд зээлдүүлж ашиг хүртэж байсан.

2.5 Тухайн үед нэхэмжлэгч надад чамд 30,000,000 төгрөг зээлдүүлж болно гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрөө очиж чадахгүй болохоороо нэхэмжлэгчид баримт бичиж өгсөн. Би баримт бичиж өгсөн болохоос бус нэхэмжлэгч надад 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бодит байдал дээр мөнгө зээлдүүлээгүй байсан. Дараа нь нэхэмжлэгч над руу утасдаж ирж мөнгө авбал аваарай гэж хэлсэн. Гэхдээ хоёулаа гэрээгээ нотариатаар батлуулах болно. Өмнөх тооцооноос үлдсэн 3,600,000 төгрөг үлдэгдэлтэй гэхээр нь тэгвэл хоёулаа буруу тооцоолсон байх, дахин тооцоо хийж үзье гэхэд, нэхэмжлэгч надад их хэмжээний мөнгө зээлдүүлж байгаа нөхцөлд нөхөр болох Х.Д-ийг хамт авч ирж гэрээ байгуулах болно гэж хэлсэн. Нэхэмжлэгч бид хоёрын хоорондох өмнөх мөнгөтэй холбоотой асуудал нөхрийгөө оролцуулдаггүй байсан. Нэхэмжлэгч тэгж хэлсний дараа нөхөртөө хэлсэн. Нэхэмжлэгч надад мөнгөө шилжүүлж өгнө гэж хэлж яваад байсан. Нөхөр бид хоёр нэхэмжлэгчид ирж, гэрээ байгуулж чадахгүй явж байгаад дараа нь нэхэмжлэгчид ирж уулзахад 40,000,000 төгрөг зээлдүүлье. Нэгэнт нотариатаар зээлийн гэрээгээ батлуулж байгаа үед 40,000,000 төгрөг авчих, нярай хүүхэдтэй болохоор ирж чадахгүй байх. Би ажилтай, Улаанбаатар хот руу явчхаж магадаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь 40,000,000 төгрөг зээлдэж авахаар зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн гэрт байхдаа 40,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг хасуулж, 35,600,000 төгрөгөөр нотариатад очиж зээлийн гэрээгээ батлуулъя гэж хэлсэн. Эхлээд нотариатч Зүлайгийн нотариатын газарт очсон. Нотариатч биднээс 40,000,000 төгрөгийг авч, өгөлцсөн үү гэж асуухад 40,000,000 төгрөгийг авч, өгөлцөөгүй гэж хэлсэн. Тэгэхэд та нар хоорондоо мөнгө өгч, авалцаж байгаагүй бол нотариатаар зээлийн гэрээ батлуулах боломжгүй гэж хэлсэн.

2.6 Дараа нь уг нотариатын газраас гарч нотариатч Халибекийн нотариатын газарт очсон. Уг нотариатын газар мөн адил эхний нотариатын газрын хэлсэнтэй адилхан хэлж явуулсан. Хүүхдээ хөдөө орхиж ирсэн. Мөн сумын такси 15 цаг гэж хөдөлдөг, дахин дахин дуудаж байсан. Нэгэнт ирсэн болохоор зээлийн гэрээгээ байгуулаад явъя гэж бодсон. Мөн нэхэмжлэгч бас би та нарыг хуурахгүй. Та нар мөнгө авсан, би өгсөн гэж зээлийн гэрээгээ батлуулъя гэж худлаа хэлж байгаад 35.400.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Бид хоёрыг сум руу явах такси дахин дахин дуудаж, яаруу сандруу байхдаа зээлийн гэрээндээ гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд бидний өмнө төлж дуусгасан мөнгийг нэмж бичүүлснийг мэдээгүй байсан. Зээлийн гэрээтэй танилцаагүй, гарын үсгээ зурж явчихсан. Нэхэмжлэгч дараа нь уг гэрээг шүүхэд нэхэмжлэгч өгөхдөө өгсөн байна лээ. Шүүхэд нэхэмжлэл өгөхдөө өмнөх миний 30,000,000 төгрөгийн талаар бичиж өгч байсан гарын үсэгтэй баримтыг үндэслэж, 48,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүхэд өгсөн байна. Дараа нь уг нэхэмжлэлээ нэхэмжлэгч буруу тооцоолсон байна гээд буцааж авсан. Ийм хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул одоо надад нэхэмжлэгчид өгөх ямар нэгэн тооцоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Х.Д-ийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Нэхэмжлэгчээс манай эхнэр Ш.А- мөнгө зээлдэж авч байсан нь үнэн. Хариуцагч Ш.А-н уг зээлдэж авсан зээлийн төлөх төлбөрийг нь заримдаа банканд очиж, би шилжүүлдэг байсан. Т гэх миний хоч нэр байгаа. Шилжүүлсэн баримтад хоч нэрээ бичиж шилжүүлсэн байна.

3.2 Нэхэмжлэгч болон хариуцагч Ш.А- нар нь хоорондоо байгуулсан өмнөх зээлээ дуусгаж, 2022 оны 11 дүгээр сард 30,000,000 төгрөг зээлдүүлэхээр болж, хариуцагч Ш.А-гээс гарын үсэгтэй баримт бичүүлж авсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч Ш.А- хоёр 3,600,000 төгрөгт таарч тохирохгүй, бид нарыг шүүхэд өгсөн байна. Дараа нь нэхэмжлэгчтэй тохиролцож, нэхэмжлэгч шүүхээс нэхэмжлэлээ буцааж авсан байдаг.

3.3 Нэхэмжлэгч бид нарт зээлдүүлэх мөнгөө нотариатаар батлуулсны дараа зээлдүүлэх болно гэж хэлсэн. Нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээтэй танилцаагүй, зөвхөн гарын үсгээ зураад явсан. Тухайн мөнгийг өгөөгүй болно. Түүнээс биш миний бие нэхэмжлэгч Н.Р-ээс мөнгө зээлдэж авч, өгөлцөж байгаагүй гэв.

 

            4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00480 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Р- болон хариуцагч Ш.А- нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ш-ны А-гээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 44,415,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-ийн Р-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,185,000 төгрөг, Н.Р-, Х.Д-, Ш.А- нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон хариуцагч Х.Д-эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 380,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Энэ хэрэг 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхэд хэлэлцэн хянагдахаар тус шүүхэд очоод байна. Би анхан шатны 2 ч шүүхэд Н.Р-д төлөх өр зээлгүй гэдгээ хэлээд байна. Бас олон ч удаа үгээ хэлж, тайлбар зэргээ бичсэн байгаа. Тухайлбал: Анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 15 нд “Дэлгэрэнгүй тайлбар”-ыг бичсэн. Ш.А- би анхан шатны шүүх хуралд хэлсэн тайлбарыг 2024 оны 1 дүгээр сарын 15 нд бичгээр гаргасан юм. Үүнд ч тодорхой бичигдсэн билээ. Эрхэм Шүүх бүрэлдэхүүн уншиж танилцана уу? Тус давж заалдах шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан байсан. Энэ гомдолдоо ч Н.Р-д өгөх өр зээлгүй, бидний хоорондын тооцоо дууссан гэдгийг тодорхой тайлбарлан бичсэн билээ.

5.2 Нөхөр бид хоёр Н.Р-д өгөх өр зээл байхгүй. Харин Н.Р- нь бид хоёрын итгэлийг ашиглан нотариатад очоод гэрчлүүлээд бидэнд 40,000,00 төгрөгөөс хасаж 35,000,000 төгрөг зээлдэж өгөхөөр болж очихдоо “Урьд өмнө бид зээл авалцаж өгөлцөж байсан. Тэх тухайгаа тэмдэглүүлэн”-гэж бидэнд хэлж зальдаж байгаад нотариатчид бичүүлэхдээ “Тэдгээр өмнөх зээл өгч байсныг аваагүй болгон, тэр зээлийг одоо нотариатаар гэрчлүүлж төлөх”-болгон бичүүлээд биднийг асар их мөнгө төгрөгийг өр зээлд унагааж хохироолоо.

5.3 Анх ч 40,000,000 төгрөг нэхэж шүүхэд нэхэмжлэл өгчхөөд түүнийгээ нотолж чадахгүй буцааж авч байсан бөгөөд Н.Р-ийн ерөөсөө л бичиж, хэлж заргаж, маргаад байгаа 40,000,000 төгрөгийн маргаан нэхэмжлэл нь аль эрт нэхэмжлэлээ буцааж авч шүүхээс захирамж гарснаар дуусгавар болсон гэдгийг анхан шатны шүүгч огт хянан хэлэлцээгүй. Н.Р-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Х.Д-, Ш.А- нарын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч Х.Д-, Ш.А- нарт холбогдуулж (1) 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0683 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 35.400.000 төгрөг, алданги 4.200.000 төгрөг, нийт 39.600.000 төгрөг, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 3.360.000 төгрөг, алданги 1.640.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 56.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор дээрх зээлийн гэрээнүүдээс гадна өөрийнхөө ХААН банк дахь дансны хуулга, бусад бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

8. Харин  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...миний бие нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9,800,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж зээлдэж авсан. Гэрээний хувьд бидний анх байгуулсан хоёр гэрээ болох 14,000,0000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн гэрээнүүд үнэн зөв гэрээ. Уг мөнгийг миний бие 2022 оны 11 дүгээр сараас эхэлж 19,821,000 төгрөгийг дансаараа, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатад гэрээ батлуулах өдөр гэрт нь очиж 3,600,000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 11,979,000 төгрөгийг өмнө нь бэлэн өгч төлж дуусгасан. Би нэхэмжлэгч Н.Р-д зээлдэж авсан мөнгөнөөс үлдэгдэл 3,600,000 төгрөг байсан. Уг мөнгийг нөхөр бид хоёр нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлдэж авахаар болж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нотариатаар гэрээ байгуулахдаа 3,600,000 төгрөгийг хасуулж үлдэгдэл 35,400,000 төгрөг авахаар болж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг гэрчлүүлэхдээ Н.Р-ийн үгэнд итгэж мөнгийг өгч, авалцсан гэж худал хэлж 0683 дугаартай зээлийн гэрээг гэрчлүүлсэн” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 552 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг гаргаж өгчээ.

 

9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзвэл, ХААН банкны депозит дансны хуулгаар нэхэмжлэгч Н.Р- нь өөрийнхөө данснаас хариуцагч Н.А-н ХААН банкны ************ тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9.800.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 11.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 44,308,000 төгрөгийг дансаар шилжүүлж, мөн бэлнээр 18,600,000 төгрөгийг өгч бүгд 62,908,000 төгрөгийг хариуцагч Ш.А-д бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

10. Н.Р-ийн ХААН банк дахь ************ дугаартай дансны хуулгыг хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудтай харьцуулан үзвэл, Н.Р- нь хариуцагч Х.Д-, Ш.А- нарын хооронд зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөх үйл ажиллагаа 2021 оноос хойш үргэлжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон, талуудын хооронд байгуулагдаж нотариатчаар гэрчлүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Н.Р-ийн ХААН банк дахь ************ дугаартай дансны хуулганаас үзвэл:

-нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч Ш.А-д дансаар шилжүүлж зээлдүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг болон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгт тус тус хүү тогтоосон эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр 5,500,000 төгрөг болгож илүү төлсөн 500,000 төгрөг, мөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гурван удаагийн үйлдлээр 11,000,000 төгрөг болгож илүү төлсөн 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Р-д төлөх хариуцагч Ш.А-гийн төлбөрөөс хасаж,

-нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9,800,000 төгрөг, бэлнээр 700,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгт нэхэмжлэгч Н.Р-, хариуцагч Ш.А- нар нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №2062 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч Ш.А-гээс  нийт 4,620,000 (11 сар х 420,000) төгрөгийг хүүд төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон,

- гэрээний дагуу хариуцагч Ш.А- нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээл болох 14,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч бүрэн төлөөгүй ба 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг төлж үлдсэн 12,000,000 төгрөгт талууд үргэлжлүүлэн дахин 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №0093 тоот зээлийн гэрээ байгуулсан,  хүүгийн мөнгийг сар бүрийн 27-ны өдөр нэхэмжлэгчийн ХААН банкны ************тоот дансанд төлж байхаар харилцан тохиролцож, хүүд нийт 1,840,000 төгрөг төлж үлдсэн хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт болон Н.Р-, Ш.А- нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №0093 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 16,680,000 төгрөгийг хариуцагч Ш.А-гээс гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож, уг шаардлагаас 320,000 төгрөг болон нэхэмжлэгч Н.Р- нь тухайн гэрээг хариуцагч Х.Д-тэй байгуулаагүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

12. Хэрэгт авагдсан хариуцагч Ш.А-гийн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бичсэн баримтад нэхэмжлэгч Н.Р-ээс 17,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаагаар зээлдэж авсан тухай бичсэн бөгөөд уг мөнгө нь нэхэмжлэгч Н.Р-ээс хариуцагч Ш.А-гийн ХААН банкны ************ тоот дансанд шилжүүлсэн 2022 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр 11.000.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг зээлдэж авсан талаарх бичсэн баримт болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.

Түүнчлэн хариуцагч Ш.А-гийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус тус үйлдсэн баримтыг нэхэмжлэгчийн ХААН банкны ************тоот дансанд хариуцагч Ш.А-гийн ХААН банкны ************ тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,860,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч Ш.А- нь нэхэмжлэгч Н.Р-ээс 18,600,000 төгрөгийг бэлнээр зээлдэж авсан болох нь тогтоогдсон болно.

 

Хавтас хэрэгт авагдсан хариуцагч Ш.А-гийн 2022 оны 3 дугаар сарын 13, 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус үйлдсэн баримтуудад нэхэмжлэгч Н.Р-ээс зээлдэж авсан мөнгөн дүнд сард хэдэн хувийн хүү тогтоосон эсэх нь тодорхой бус буюу 17,000,000 төгрөгт сар бүр 1,700,000 төгрөг, 18,600,000  төгрөгт сар бүр 1,860,000 төгрөгийг тус тус хүүд төлнө гэж бичигдсэнээр хүүгийн хэмжээг харилцан тохиролцсон байна гэж дүгнэх боломжгүй тул хариуцагчийн уг хугацаанаас хойш дансаар төлсөн мөнгийг тухайн зээлдэж авсан үндсэн мөнгөнөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасанд нийцнэ гэж дүгнэж, нийт зээлж  авсан 35,600,000 (17,000,000+18,600,000) төгрөгөөс хариуцагч Ш.А-н нийт төлсөн 7,865,000 төгрөгийг хасаж тооцоход тухайн зээлдэж авсан мөнгөнөөс 27,735,000 (35,600,000-7,865,000) төгрөгийг хариуцагч Ш.А- төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж тус тус дүгнэж,  дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ш.А-гээс үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 44,415,000 (16,680,000+27,735,000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Р-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12,185,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.  

 

            13. Иймд давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            14. Хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2024/00480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Д-, Ш.А- нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ