Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 388

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дүгээр тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн 8663А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг далгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал С.Б 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Д” ХХК нь 1998-2000 оны хооронд С аймгийн Х сумын нутагт орших Гд өөрийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажлыг хийж, алтны нөөцийг тогтоож, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар оруулж, 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаар тушаалаар алтны нөөцийг тогтоосон хайгуулын ажлын тайлангаа хүлээлгэн өгсөн. Манай компаниас хайгуулын ажилд тухайн үеийн ханшаар 44748.8 мянган төгрөгийн зардал гаргасан. Энэ хайгуулын ажлыг үндэслэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанаас 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс “Д”” ХХК-д С аймгийн Х сумын нутаг Гд 87 гектар талбайд ашигт малтмал ашиглах /8663А/ тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар олгосон юм.  Манай компани ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрөө  тухай бүрт хуулийн хугацаанд нь төлж байсан бөгөөд бидний тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон байсан. Энэ талаар манай компани огт мэдээгүй  бөгөөд  нэгэнт хайгуулын ажлыг өөрийн зардлаар хийсэн манай эрхийг хуульд байхгүй үндэслэлээр цуцалж байгааг зөвшөөрөхгүй байгаа тул  захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, манай тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгаж өгнө үү“ гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...“Д” ХХК нь 8663А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрлийг авсан үндэслэл нь өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тайланг Ашигт малтмал, газрын тосны газарт хүлээлгэн өгч, 1998-2000 оны ханшаар 44.749.800 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэхүү орд газрыг ашигт малтмалын нөөцөд бүртгүүлж, улсын эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгсөн. “Д” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч 2005 оноос манай компанийн захирал н.Бийн бие муудаж улмаар хэвтэрт ухаангүй байж байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Үүнээс хойш 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хүчингүй болгосон. Мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор манай компанид маш их хэмжээний хохирол учирсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан дээрх шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулж, лицензээ сэргээлгэх хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад манай компанид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төл гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэж байгаагүй. Манай компанид мэдэгдсэн бичиг байхгүй, хариуцагчийн хариу тайлбарт ч энэ талаар дурдсан зүйлгүй. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7/3414 тоот мэдэгдэл хүргүүлсэн тэмдэглэлд байхгүй байгаа тухай албан бичиг хавтаст  хэрэгт авагдсан. Тухайн үед манай компанийн захирал нас барсан, өвлөх эрх нээгдэх хугацаа /1 жил/ болоогүй байсан учраас манай компанийн зүгээс ямар нэгэн ажиллагаа хийх эрх зүйн боломжгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос үүдэн тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол манай компанид нөхөн төлбөр өгөх байсан. Тусгай хамгаалалтанд авсан тухай асуудалтай маргаагүй. Тусгай зөвшөөрлийг авахын тулд “Д” ХХК нь 1998-2000 оны ханшаар 44.749.800 төгрөгийн зардал гаргаж, тухайн талбайд эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан нь одоогийн ханшаар хэдэн сая төгрөг болохыг нарийн тодорхойлж хэлэх боломжгүй. Бага бус хэмжээний хохирол манай компанид учирсан. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос үүдэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх мэт дараагийн асуудлууд урган гарч ирж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгодог. Энэ хуулийн этгээд нь ашигт малтмалын тухай хуулийн 31, 32, 33, 34 дүгээр зүйлүүдэд заасан үүргээ биелүүлж ажиллах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байвал ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан. “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр цуцлагдсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх зохицуулалтаар ашигт малтмалын төлбөрийг жил бүр урьдчилан төлнө, урьдчилан төлөөгүй бол цуцална гэж заасны дагуу цуцалсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу голд мөрний урсац бүрэлдэх ойн сан эхтэй тухайн газар нь давхцаж байгаа учраас “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй. “Д” ХХК-ийн захирал н.Б нь 2006 онд нас барсан. Үүнээс хойш 11 жил өнгөрсөн. Тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгосон. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын дээрх шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар татвар төлөгч хуулийн этгээд учраас төлбөрөө төлөх боломжтой байсан гэж үзнэ. Илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэдгийг анхаарч үзнэ үү. Тусгай зөвшөөрлийг сэргээлээ гэж бодоход одоо тухайн газрыг ашиглахад хүндрэлтэй. 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу гол мөрний урсац бүрэлдэх ойн сан эх, хилийн заагтай тухайн газар нь давхцаж байгаа. 2014 онд тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх дээрх зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын  албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дүгээр тушаалын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн 8663А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах” гэж тодорхойлжээ. 

“Д” ХХК нь 1998-2000 оны хооронд С аймгийн Е, Х сумдын нутагт Гн дээд хэсэгт өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг тогтоосон болох нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн зөвлөлийн /хуучин нэрээр/ хуралдааны 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр  тэмдэглэлийн  1 дэх заалтын “ С амйгийн Е, Х сумын нутагт орших Гн дээд хэсэг, Хын алтны ордын 63 км.кв /6300 га/ талбайд ашигт малтмалын ордын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн 315 дугаартай гэрчилгээг хуучин ХААҮ-ийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/88 дугаар тушаалыг үндэслэн 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д аймгийн “Монгол алт” ХК-ийн охин компани “Д” ХХК-д олгосон ба  ордын 23-31 дугаар шугамын хооронд эрэл-үнэлгээ, хайгуулыг 1998-2000 онд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна”, 6 дахь заалтын “Гн дээд хэсгийн татмын алтны  шороон ордын дээд давхаргын алтны боломжтой нөөцийг химийн цэврээр 26.46 кг, доод давхаргын хэмжээнд 37.22 кг... гэж тооцоолсон ба Эрдэс баялгын зөвлөлийн хурлын явцад Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Гн дээд хэсэг болох Хын алтны шороон ордын алтны боломжтой нөөцийг зохиогчийн хувилбараар хүлээн авахыг зүйтэй гэж үзэв” гэснээр, мөн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Гн дээд хэсэг, Хын алтны шороон ордын алтны нөөцийг хүлээн авах тухай” 148 дугаар тушаал, Гн дээд хэсэг, Хын алтны шороон ордын нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгт,  Гн талбайд явуулсан ажлын нийт зардлын хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн албанаас Ашигт малтмалын тухай хуулийн /1997 оны/ 18 дугаар зүйлийг  үндэслэн 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Д” ХХК-д С аймгийн Х сумын Гн гол нэртэй газарт 87 гектар талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар олгожээ. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн /1997 оны/ 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1 дэх заалтад “хайгуулын лиценз эзэмшигч нь уг лицензээр олгогдсон талбайд ашигт малтмал ашиглах лиценз авахаар өргөдөл гаргасан тохиолдолд онцгой эрхийнх нь дагуу уурхайн эдэлбэр олгож, ашигт малтмал ашиглах лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуульд заасан хугацаанд төлүүлэх” гэснийг зөрчөөгүй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч  Ашигт малтмалын тухай хуульд заасан  нөхцөл шаардлагын дагуу ажиллах үүрэгтэй бөгөөд энэ дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Ашигт малтмал ашиглах 8663А тоот лицензийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын  2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөрөө төлсөн гэсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 1164 дүгээр шийдвэрийн 28 дахь хэсэг буюу “Д” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн цуцалжээ.

Нэхэмжлэгч тал манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах болсон шалтгаанаа дараа цуцалсан тухай мэдэгдлээ Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албанаас хуульд заасан журмаар мэдэгдээгүй, хуульд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлах хугацаа олгоогүй гэж, хариуцагч тал 2006 оны асуудлыг өнөөдөр ярих боломжгүй тухайн үед хуулийн хуацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэж маргажээ.

Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн Кадастрын албанаас “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан /2006 оны/ үндэслэлээр цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг заасан бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг 34 дугаар зүйлийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн  үндэслэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.7 дахь заалт нь “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаа хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заажээ.

 Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид ашигт малтмал ашиглах 8663А тусгай зөвшөөрлийг 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч лицензийн 2 дахь жилийн төлбөр буюу 2006 оны төлбөрөө 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байна. Дээрхи хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч 3 дахь жилийн төлбөр буюу 2007 оны төлбөрөө  төлөх  хугацаа 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаандаа төлж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд  жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож  алданги төлөх, энэ хугацаа 30 хоногоор буюу 2006 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохоор заажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох хэдий ч төрийн захиргааны байгууллага хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн лицензээ хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дугаартай шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23-ны өдрийн 7/1437 тоот албан бичиг, Ашигт малтмал ашиглах 8663А дугаартай 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон  гэрчилгээ, түүний 1 дүгээр хавсралт /2 дахь жилийн төлбөрөө 2005 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр төлсөн/, Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 7/3414 дугаартай “тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн эсэх талаар манай байгууллагын архивт байгаа ашигт малтмалын ашиглалтын 8663А дугаартай тусгай зөвшөөрлийн файлд байхгүй байна” гэсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зүй нь төрийн захиргааны байгууллага цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдлийг өгч, үүнийг зөвшөөрөхгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримтыг хянаж үзээд цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэж, цуцлахаар шийдвэрлэсэн бол түүнийгээ мэдэгдэх журамтай хэдий ч нэхэмжлэгч 2007 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө урьдчилан 2006 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлсөн бол тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөгдсөн гэж тооцно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны  шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг  тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтаар баталгаажуулахыг ойлгоно.       

Нэхэмжлэгч талын “...2005 оноос манай компанийн захирал Т.Батмөнхийн бие муудаж улмаар хэвтэрт ухаангүй байж  байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан” гэж хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж  байгаа нь  хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “нас барсны бүртгэлийн лавлагаа”-р нотлогдож байна.

Захиргааны байгууллага дээрх хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлүүлэхгүйгээр  тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж заасан давуу эрхийг эдлэх боломжгүй болгожээ.

Хэдийгээр хариуцагч тал “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд багтсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлаагүй юм.

Мөн хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй мөртлөө нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан актыг захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй болно.

Хариуцагч “Д” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр нөөцийг тогтоосон талбайн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхөх олговор авах, 14.8-д заасан тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах, 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлөх, 56 дугаар зүйлийн 56.2-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг мэдэх, зөвшөөрөөгүй бол нотлох баримтаа ирүүлэх, 56.4-д заасан тусгай зөвшөөрлөө цуцлагдсаныг мэдэх, 56.5-д зааснаар шүүхэд гомдол гаргах зэрэг эрх, хууль ёсны  ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д тус тус заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дүгээр шийдвэрийн 28 дахь хэсэг буюу “Д” ХХК-ийн 8663А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, “Д” ХХК-ийн  С аймгийн Х сумын Гн гол гэдэг газарт байршилтай Ашигт малтмал ашиглах 8663А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ