Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 230

 

                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Х.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Ялтан Х.Баатарсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Баатарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 201625031723 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Хоролбадамын Баатарсүрэн, 1967 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ван ис ван” ХХК-нд менежер ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 4-233А тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ШЖ67041204/,

Х.Баатарсүрэн нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ван ис ван” ХХК-ний байранд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийг “Хаан” банкинд теллерийн ажилд оруулж өгнө гэж 1.015.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Бямбадолгороос Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Зоригтбаатараас Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Батбаяраас Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 400 ам.долларыг тус тус залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Баатарсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Баатарсүрэнг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Баатарсүрэнд оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Баатарсүрэнгээс 2.356.800 төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Батбаярт 400 ам доллар буюу 806.800 төгрөгийг, хохирогч Б.Зоригтбаатарт 1.550.000 төгрөгийг  тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Баатарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, …шүүгдэгч Х.Баатарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Х.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Б.Ариунболд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Баатарсүрэнд бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүх шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхааран үзэлгүй ял оногдууллаа гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь, Х.Баатарсүрэн нь үйлдсэн гэм буруутай үйлдлээ бүрэн ухааран гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь шууд санаатай үйлдэл бус, гэмт хэргээс бусдад учирсан хохирлыг бүрэн нөхөн барагдуулсан зэргийг шүүх харгалзан үзсэнгүй.

Хохирогч Б.Зоригтбаатар, Б.Батбаяр нар нь /шүүх хуралд хоцорч ирсэн ба хохирлыг шүүх хуралд биечлэн ирж авахаар тохирсон байсан/ тохирсон хугацаандаа буюу шүүх хурал эхлэхээс өмнө ирсэн байхаар болсон ч ирээгүй, гэрээнд заагдсан хаягтаа байдаггүй, хохирлыг бүрэн барагдуулахаар төлбөрийг авчирсан байгааг шүүхэд мэдүүлсэн ч шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд шүүгдэгч Х.Баатарсүрэнгийн энэхүү нөхцөл байдлыг нь /үйлдсэн гэм буруутай үйлдлээ бүрэн ухааран гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь шууд санаатай үйлдэл бус, гэмт хэргээс бусдад учирсан хохирлыг бүрэн нөхөн барагдуулсан/ анхааран үзэж хорих ялыг тэнсэн харгалзах тогтоож өгнө үү” гэжээ.

Ялтан Х.Баатарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Х.Баатарсүрэн би 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй доорх гомдлыг гаргаж байна. …Би нөхөр болон ач, зээ нараа одоог хүртэл харж ханддаг. Надаас өөр харж хандах хүнгүй билээ. Баатарсүрэн би 2016 оны 6 дугаар сард юм руу унаж гараа бэртээж, одоо баруун гар маань хагас юм мэдэрдэг болсон ба бөөр, даралт, нойр булчирхайн үрэвсэлтэй боловч харж хандах хүнгүйн улмаас зөвхөн би нөхөр, ач, зээ нараа одоог хүртэл харж асарч ирсэн. …Аялал жуулчлалын чиглэлээр хүмүүсийг Турк улс руу зуучилдаг байсан. Баатарсүрэн би хүнийг залилан мэхлэх битгий хэл, хүнтэй ам муруйж үзээгүй хүн билээ. Намайг шүүх залилан мэхэлсэн гэж ял оноосонд маш их гомдож байна. Мөн энэ хэргээс болж миний хань, үр хүүхэд, ач, зээ нар маань маш их шаналж байгааг хараад сэтгэл минь их өвдөж түүндээ харамсан гэмшиж байна. Намайг энэ хүмүүс залилан мэхэлсэн гээд байгаа боловч энэ 2 хүний хохирлыг бүгдийг нь барагдуулсан нь үнэн болно. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би хүнийг залилан мэхэлсэн гэж хүнд ял оноосонд маш их эмзэглэж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж гомдлыг минь хүлээж авна уу. Надад оноосон 2 жил 1 сарын ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү…” гэв.

Ялтан Х.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баатарсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс түүнд 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Хохирогч Б.Зоригтбаатарт 1.550.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх “Хаан” банкны орлогын мэдүүлэг. Зоригтбаатарын “Хаан” банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн төлбөр барагдуулсан тухай баримт үйлдсэн, Зоригтбаатартай байгуулсан Турк улсад гэрээгээр ажиллуулах тухай гэрээ нь хэрэгжих боломжгүй болсон тул Зоригтбаатараас авсан гэрээний төлбөр 1.550.000 төгрөгийг буцаан олгов. Тус мөнгийг “Хаан” банкны 5005655898 тоот дансаар хүлээлгэн өгсөн болно гээд Зоригтбаатар нь 1.550.000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн болно гэх баримт. Хохирогч Батбаяр нь гадаад улсад байгаа учраас Өсөхбаяр гэх өөрийн төрсөн дүүгээр дамжуулж, Батбаяр гэсэн фэйсбүүк хаягаасаа “эгчийн дүү шүүх хуралдаанд очихдоо хохиролгүй, ямар нэгэн нэхэмлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэдгийг дамжуулж өгнө үү” гэсэн түүний бичсэн мессежийн хамт, мөн тухайн мөнгийг шүүх хуралдааны танхимын үүдэнд бэлнээр хүлээлгэж өгсөн. Хохирогч Батбаяр нэг овогтой, түүний төрсөн дүү гэгдийг батлах төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгч байна. Баатарсүрэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг барагдуулсан учраас түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийг анх удаа хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулгүй байдлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв. 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баатарсүрэн “Ван ис ван” ХХК-д ажиллаж байхдаа бусдыг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Х.Баатарсүрэн 2 хүний хохирол буюу Батбаяр, Зоригтбаатар нарын хохирлыг нөхөн төлөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхээс түүнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан. Баатарсүрэн нь 4 удаагийн давтан үйлдлээр Б.Эрдэнэцэцэгийг “Хаан” банкинд теллерийн ажилд оруулж өгнө”, үлдсэн 3 хохирогчийг “Турк улсад ажилд зуучилж өгнө” гэж залилан мэхэлсэн байдаг. “Ван ис ван” ХХК нь худалдаа, хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа явуулдаг боловч гадаад хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа явуулах эрхгүй компани байсан. Тийм болохоор түүнийг бусдыг хуурч, залилан мэхэлсэн гэдэг үндэслэлээр ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Х.Баатарсүрэн нь давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ван ис ван” ХХК-ний байранд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийг “Хаан” банкинд теллерийн ажилд оруулж өгнө гэж 1.015.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Бямбадолгороос Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Зоригтбаатараас Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 1.550.000 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Батбаяраас Турк улс руу ажилд оруулж өгнө гэж 400 ам.долларыг тус тус залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн “...2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” нэртэй хөдөлмөр зуулчлалын төвийн менежер Х.Баатарсүрэн гэж эмэгтэйд ажилд зуучлуулахаар 1.015.000 төгрөг өгсөн. Хаан банкинд 1-2 сарын дараа теллерээр ажилд оруулж өгнө гэсэн. Ингээд ажилд оруулахгүй яваад л байсан 7 сар гарчихсан учир би “зуучлалын хөлс болох 1.015.000 төгрөгөө буцааж авъя” гэдгээ хэлсэн чинь Баатарсүрэн нь “бэлэн мөнгө байхгүй байна” гээд хэд хэдэн удаа хугацаа тохирсон. Гэтэл тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Хамгийн сүүлд “2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хамгийн сүүлийн хугацаа” гэж хэлээд бичиг бичиж өгсөн боловч энэ хугацаандаа бас л мөнгөө өгөөгүй...” /хх-7-8/,

Хохирогч Б.Бямбадолгорын “...2016 оны 8 дугаар сарын 20-ны үед байсан байх, танил Зоригтбаатар 4 замын “Элба” дэлгүүрийн хажууд “Турк улс руу явуулдаг хүн байна, цуг явж уулзах уу” гэхээр нь би Зоригтбаатартай хамт 8 дугаар сарын 22-ны өдөр очиж уулзсан “One is One” нэртэй газар байсан. Тэр газар Баатарсүрэн гэх эмэгтэй, хүүхэд нь гэж Баярбаатар гэж залуу байсан. Баатарсүрэн, Баярбаатар нар нь “манай компани Турк улс руу ажил зуучилдаг, Турк улсад очихоор түр оршин суух зөвшөөрлийг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг юм” гэж хэлсэн. Ингээд гэрээ хийнэ гэж хэлсэн, нэг юмны хөлс гээд 100 ам.доллар эхлэж авсан. Дараа нь буюу 8 дугаар сарын 24-ний өдөр ажил зуучлалын хөлс гээд 1 сая гаран төгрөгийг бэлэн өгсөн. 100 ам.доллар болон бэлэн өгсөн мөнгө нийт 1.550.000 төгрөг болж байсан, гэрээнд заасан хугацаагаар 7 хоногийн дараа явуулна гэж байсан боловч дахин, дахин долоо, долоо хоногоор ямар нэг шалтгаанаар хойшлуулсан. Хамгийн сүүлд Баатарсүрэн гэх эмэгтэй нь гэрээний ард гараараа “9 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд явуулна, явуулж чадахгүй бол мөнгийг нь бүтнээр нь өгнө” гэж бичсэн. Хугацаа болсон боловч алга болчихсон. Залгахаар утсаа авахгүй, “бие өвдөөд байна, удахгүй явна, би та нартай цуг явна” гэж байснаа сүүлдээ "би явахгүй боллоо, та нар явж байх уу" гээд огт уулзахгүй ажил дээр нь очихоор байхгүй байгаад байсан учраас цагдаад хэлсэн...” /хх-10-11/,

Хохирогч Б.Зоригтбаатарын “...2016 оны 6 бил үү, 7 сард байсан, телевизийн зараар Турк улсад ажилд зуучилна гэсэн зарын дагуу “Элба” төвийн ард байдаг “One is One” нэртэй газарт очиж сонирхож үзэхэд нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн сууж байсан. “Турк улс руу явуулж Турк улсад түр оршин суух үнэмлэх гаргаж, ажлын байраар хангана" гэж хэлсэн. “Шууд нислэгээр яваад 2 сая гаран төгрөг болох байх, газраар явахад 1.550.000 төгрөг болно, очсоны дараа түр оршин суух үнэмлэх гаргаад 500.000 төгрөг болно” гэсэн. Бямбадолгор гэх танил эмэгтэй рүүгээ ярьсан чинь Энэтхэгт байсан бөгөөд Энэтхэгээс ирсний дараа нь Бямбадолгортой яриад “Турк улс руу явуулах газар байна, Турк улсад чинь Энэтхэг улсаас орчин нөхцөл сайтай гэж байна” гэж хэлээд бид 2 цугтаа Турк улс руу явахаар ярилцаж “One is One” нэртэй газарт 8 дугаар сарын 24-ний өдөр очиж уулзсан. Тэгээд газраар явахаар болж Бямбадолгор бид хоёр 1 хүний 1.550.000 төгрөг өгсөн. Баатарсүрэн гэж эмэгтэй өөрийн хүүтэйгээ “One is One” нэртэй газрыг ажиллуулдаг гэж ярьж байсан. Бид хоёртой гэрээ байгуулж, “5 хоногийн дотор Турк улс руу явна, та хоёроос гадна 4 хүн явах байх, би өөрөө цуг явна” гэж Баатарсүрэн гэж эмэгтэй хэлсэн. Гэтэл 5 хоногийн хугацаа өнгөрөхөд “тэнд байгаа хүн жуулчин аваад гадагшаа явчихсан гэнэ, бид нарыг хүлээн авах боломжгүй байна” гэж хэлээд 7 хоног хойшлуулсан, бас “тэнд байгаа хүн эмнэлэгт хэвтчихсэн гэнэ, Турк улсад махны баяр болоод байгаа” гэх мэт шалтаг хэлсээр байгаад 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон чинь Баатарсүрэн нь “хамгийн сүүлийн хугацаа 9 дүгээр сарын 16-ны өдөр” гээд Турк руу явуулна, энэ өдөр явуулж чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж гараараа бичиж өгсөн. 9 дүгээр сарын 16-ны өдөр болоход Баатарсүрэн нь бид нартай уулзахгүй “бие өвдөөд дусал хийлгэж байна, босож чадахгүй байна, дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр гэхэд явуулна” гэж хэлээд ажил дээр нь очихоор огт хүн байхгүй болоод уулзаж чадахгүй болоод цагдаад өргөдөл гаргасан…” /хх-12-13/,

Хохирогч Б.Батбаярын “...Би “Шуурхай зар” сонингоос зар харж байгаад Турк улс руу ажилд зуучлан гэсэн зарын дагуу хэд хэдэн газар луу ярьсан бөгөөд би Турк улсад ажиллаж байгаад ирсэн байсан тул дахин явах гэсэн чинь урилга хэрэгтэй болсон. Тэгээд “One is One” нэртэй газарт ирж уулзахад нэг нүдний шилтэй эрэгтэй байсан. Би “Турк улсад байж байгаад ирсэн чинь цахим үнэмлэхний хугацаа дууссан байна. Тэгээд дахин авах гээд материалаа бүрдүүлж байгаа юм” гэсэн чинь “та санаа зоволтгүй, Турк улсад манай хүмүүс байдаг” гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр цахим үнэмлэх авахаар бүрдүүлж байсан материалуудаа 60.000 төгрөгийн хамтаар өгсөн. Наадмын дараа очиж уулзахад нэг эмэгтэй сууж байсан. Баатарсүрэн гэж өөрийгөө танилцуулсан, эхэлж надтай уулзсан эрэгтэй нь Баатарсүрэнгийн хүү байсан. Баатарсүрэн нь надтай уулзахдаа “цахим үнэмлэхийг чинь хурдан гаргуулахад 40.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь би 7 дугаар сарын 16-ны өдөр 40.000 төгрөг өгсөн. Би шаардлагатай материалуудаа өөрөө бүрдүүлж явсаар 7 хоногийн дотор гадаад паспорт, цахим үнэмлэхээ гаргуулж авсан. 7 дугаар сарын 20-ны үед байсан байх, Баатарсүрэн над руу “одоо урилганы мөнгөө өг, нийт 400 ам.доллар болно” гэхээр нь би ярьсан өдөр нь 150 ам.доллар өгсөн. Уг нь урилга ирсний дараа 250 ам.доллараа өгөх ёстой байсан чинь Баатарсүрэн нь 150 ам.доллар авснаасаа хойш 3-4 хоногийн дараа над руу утсаар яриад “ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь очсон чинь Баатарсүрэн нь “үлдэгдэл 250 ам.доллараа яаралтай өг өө, тамга тэмдэг дарахад мөнгө хэрэг болоод байна, би хүн залилдаг хүн биш” гээд байхаар нь би “үгүй ээ, урилга ирсний дараа би үлдэгдэл мөнгөө өгнө” гээд явсан чинь Баатарсүрэн их уурлаад үлдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Баатарсүрэнтэй очиж уулзсан чинь “чи мөнгөө өгчих юм бол хурдан гарчих гээд байна, чи яасан хүнд итгэдэггүй юм бэ, чиний урилгыг авахад их мөнгө хэрэгтэй болоод байна, хүнээр ажил хөөцөлдүүлэхэд мөнгө хэрэгтэй биз дээ” гээд байхаар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн 250 ам.долларыг Баатарсүрэнд бэлнээр ажил дээр нь өгсөн. Үүнээс хойш Баатарсүрэн нь “гадаад паспорт чинь гараагүй болохоор урилга захиалж болохгүй байна" гээд хүлээгээд байсан бөгөөд 8 дугаар сарын 1-ний өдөр гэхэд миний гадаад паспорт гарсан чинь Баатарсүрэн "урилга авахаар хөөцөлдөж байгаа” гэж хэлсэн. Ингээд цаг хугацаа аваад хойшлуулаад байхаар нь цагдаад өргөдөл өгсөн…” /хх-14-45/,

Гэрч Г.Баярбаатарын “...2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” нэртэй газарт Б.Бямбадолгорт “манай компани Турк улс руу ажил зуулчилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг юм” гэж хэлээд 1.550.000 төгрөгийг 2016 оны Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” нэртэй газарт Б.Зоригтбаатарт “манай компани Турк улс руу ажилд зуулчилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуулчилдаг юм” гээд 1.550.000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One is One” нэртэй газар Б.Батбаярт “манай компани Турк улсад ажил зуулчилдаг, Турк улсад очихоор түр оршин суухыг нь авч өгөөд, ажилд зуучилдаг Турк улсаас урилга ирүүлнэ” гэж хэлээд 400 ам.доллар зэрэг мөнгийг дээрх хүмүүсээс авсан нь үнэн болно…” /хх-59/ гэх мэдүүлгүүд болон Ажилд орохыг хүсэгч иргэдийн анкет, холбогдох баримтууд /хх-26-41/, “Ван ис ван” ХХК-ийн “Турк улсад ажилд зуучлах журам” гэх баримт /хх-43-45/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, түүнд дүгнэлт өгөх боломж бүрдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль зөрчигдөөгүй байх бөгөөд шүүх Х.Баатарсүрэнг давтан үйлдлээр нэр бүхий иргэдийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

Харин Х.Баатарсүрэн нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой, энэ талаар гаргасан ялтан Х.Баатарсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Х.Баатарсүрэн нь 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Х.Баатарсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Х.Баатарсүрэнг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, түүнийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 

 ШҮҮГЧИД                                                   Д.ГАНСҮХ

                                                                                              Д.МЯГМАРЖАВ