Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 41

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Болормаа

улсын яллагч  Н.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Саранчимэг /¹ 0187/

шүүгдэгч Р.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаминий овгийн Рэнцэндоржийн Баярхүүд холбогдох 201625031916 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч, бариач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 13 дугаар байрны 64 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шаминий овгийн Рэнцэндоржийн Баярхүү /РД: ЕЮ90113015/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Р.Баярхүү нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 02 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар-Хуйцаа" нэртэй зочид буудалд бусдын амгалан тайван ажиллаж, амрах нөхцлийг алдагдуулж, ялимгүй зүйлээр /согтуу хүн буудалд оруулахгүй гэснээр/ шалтаглан хэрүүл маргаан гаргаж танхайрах явцдаа уг зочид буудлын ажилтан Я.Атиргүлд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

­­­­­­­­­     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Баярхүү мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Я.Атиргүлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хуйцаа зочид буудалд ресепшнээр ажилладаг бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ажлын байран дээрээ буюу 2 дугаар давхарт байрлах ресепшний текний ард сууж байхад 02 цаг өнгөрч байхад гаднаас 23-24 орчим насны 180 гаруй орчим см өндөртэй биеэрхүү биетэй үл таних залуу согтуу орж ирээд над руу хүрч ирээд ямар нэгэн юм хэлэлгүй шууд миний нүд рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би 203 тоот өрөөний хаалгыг тогшиж согтуу хүн намайг зодоод байна гараад ирээч гэж хэлсэн. Энэ үед намайг цохисон залуу дахин хүрч ирээд миний үснээс зулгаагаад байсан ба удалгүй 203 тоот өрөөний үйлчлүүлэгч хаалгаа онгойлгоход би 203 тоот өрөө рүү ороход тэр залуу мөн миний нүд рүү гараараа 2-3 удаа цохисон бөгөөд 203 тоот өрөөний эрэгтэй намайг цохисон залууг хориглоод бариад байсан...304 тоот өрөөнөөс 40 орчим насны залуу гарч ирээд намайг зодож байсан залууг бариад зогсож байх хооронд би...102 руу залгаж цагдаад дуудлага өгсөн...тэр залуу миний нүүрэн тус газар буюу нүд болон хамар, эрүүний хэсэгт 2-3 цохиж зодож мөн үснээс зулгаагаад байсан...тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, их хэмжээний согтолттой, биеэ хянах чадваргүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

 

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Би 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед найз эмэгтэй Сувдмаагийн хамт ... “Улаанбаатар хуйцаа" зочид буудлын 2 давхрын 203 тоот өрөөнд орж амарсан юм. Тэгтэл 02 цаг 40 минутын үед манай найз эмэгтэй манай өрөөний хаалгыг тогшоод байна гэж хэлээд намайг сэрээсэн. Тэгэхээр нь би сэрээд хувцсаа өмсөж байхад хаалганы гадаа буудлын ресепшин эмэгтэй бас нэг эрэгтэй хүнтэй ярилцаад байх шиг байсан ба манай дүү энэ өрөөнд байгаа чи явж амарсан нь дээрээ гэх мэт зүйл ярилцаад манай өрөөний хаалгыг тогшоод байсан бөгөөд би удалгүй өрөөнийхөө хаалгыг онгойлгоход буудлын ресепшин эмэгтэй 25 орчим насны үл таних залуугийн хамт зогсож байсан... би чи согтуу байна харьж амар, энд хүмүүс амарч байна гэж хэлсэн. Ингээд тэр залуу явахгүй байсан ба үүнээс болоод надтай барьцалдаад байж байхад буудлын ресепшин эгч боль гэж хэлэхэд тэр залуу нүүр рүү нь цохиод орон дээр унахад нүүр амнаас нь цус гарсан бөгөөд буудлын ресепшин эгч орон дээрээс босоод ирэхээр дахин өшиглөж унагаасан. Тэгээд тэр залуу буудлын ресепшин эгчийг дахин зодох гээд дайраад үснээс зулгаагаад байхаар нь манай найз эмэгтэй Сувдмаа 3 дугаар давхарт амарч байсан хүмүүсээс тусламж гуйхаар гарахаар нь би мөн араас нь 3 давхарт гарсан бөгөөд удалгүй буудлын ресепшин эмэгтэй 3 дугаар давхарт гарч ирэхэд үл таних залуу араас нь барих гээд гарч ирж байсан. Энэ үед аль өрөөнөөс гэдгийг нь мэдэхгүй байна 40 орчим насны үл таних ах гарч ирээд буудлын ресепшин эмэгтэйг зодсон залууг барьж авсан...тэр залуу ямар нэгэн эд зүйл эвдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/

Гэрч Д.Сувдмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...02 цаг өнгөрч байхад гадаа коридорт буудлын ресепшин эмэгтэй нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би тэр хоёрын ярилцаж байгаа зүйлийн талаар бүгдийг нь сонсоогүй бөгөөд миний сонссоноор ...залуу ороод унтчихъя л даа гээд байсан...үл таних залуу Мөнхбатыг чи энэ эмэгтэй дүү нь юм уу гэж хэлээд маргалдаж байгаад ресепшин эгчийг цохих шиг болсон бөгөөд тэр эгчийн нүүр нь цус болсон байсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд тусламж дуудах гээд 3 дугаар давхарт гарч өрөөнүүдийн хаалгыг тогшоод доод давхарт ресепшинийг хүн зодоод байна гарч ирж туслаач гэж орилоход ямар ч хүн гарч ирээгүй...нэг эмэгтэй хүн би ганцаараа байгаа болохоор гарч ирж чадахгүй 102 дугаар руу залга гэж хэлсэн...энэ үед аль өрөөнөөс гэдгийг мэдэхгүй байна, 40 орчим насны үл таних ах гарч ирээд буудлын ресепшин эгчийг зодсон залууг барьж авсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/

 

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дуудлагаар очиж шалгахад зочид буудлын ресепшин зодуулсан гэх эмэгтэйгийн яриагаар 25-28 орчим насны, 180 см дээш өндөртэй залуу тухайн зочид буудалд орох гэхэд оруулахгүй гэсний улмаас маргаан болж зодсон гэсэн...тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их хэмжээний согтолттой байсан. Ер нь биеэ хянах чадваргүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

 

    Яллагдагч Р.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай эмнэлэг Япон улсаас Казама эмч ирж ажилласан бөгөөд энэ үед би Япон хэлний орчуулагчаар нь байнга хамт явж байсан юм. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагт ажил тарчихаад би Япон эмч Казамаг зочид буудалд нь хүргэж өгөх гээд Казама эмч би маргааш явах гэж байгаа, их ажил дууссан юм чинь хамт хоол идэж нэг газар сууя гэсэн санал тавьсаны дагуу Казама  эмч бид хоёр модны хоёрт байрлах Солонгос хоолны газарт орж хоол идэнгээ архи болон пиво уусан. Тэгээд Казама эмч бид хоёр хоолны газраас гарч Казама эмчийн байрлаж байгаа Баруун дөрвөн замд байрлах Рамада зочид буудалд орж дахин архи уусан ба би нилээн их согтоод гэр рүүгээ харих гээд буудлаас гарсан. Тэгээд би буудлаас гараад юу болсоноо санахгүй байна. Би Атиргүл гэх эмэгтэйг цохиж зодсоноо үнэхээр санахгүй байна. Учир нь би их хэмжээний согтолттой байсан юм. Миний хувьд ямар нэгэн зүйлээс болж тэр Атиргүл гэх эмэгтэйтэй маргалдаад биед нь гар хүрсэн байх. Түүнээс биш би шалтгаангүйгээр хүн зодсон гэхээр ч гайхаад байна. Даанч би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор хийсэн үйлдлээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/ 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №12997 тоот дүгнэлтэд: "Атиргүлийн биед хоёр нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Шинжээч эмч Т.Чимэд-Очир /хх-ийн 28х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.Баярхүү нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 02 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар-Хуйцаа" нэртэй зочид буудалд бусдын амгалан тайван ажиллаж, амрах нөхцлийг алдагдуулж, үл ялих зүйлээр /согтуу хүн буудалд оруулахгүй гэснээр/ шалтаглан хэрүүл маргаан гаргаж танхайрах явцдаа уг зочид буудлын ажилтан Я.Атиргүлд хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/, Хохирогч Я.Атиргүлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13х/, гэрч Ц.Мөнхбат /хх-ийн 16х/, Д.Сувдмаа /хх-ийн 18х/, Ц.Мөнхбат /хх-ийн 22х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №12997 дугаартай дүгнэлт /хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Р.Баярхүүд холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Я.Атиргүл бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Р.Баярхүүгээс хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, ялгүй болгож өгнө үү” гэж /хх-ийн 96х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Баярхүүд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураарааа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүхээс түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.  

    

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шаминий овгийн Рэнцэндоржийн Баярхүүг олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Р.Баярхүүд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Баярхүүгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Р.Баярхүү цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Р.Баярхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Баярхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ