Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 36-24 тоотод байрлах, “Арвин Алтан бумба” ХХК/РД: 5533147/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, нарны зам-62, Юнескогийн гудамж, Юнион бюлдинг 14-р давхарт байрлах, “Монкон групп” ХХК/РД: 5434882/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 59 446 218 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 143 067 945 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билгүүнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Арвин Алтан Бумба” ХХК нь “Монкон групп” ХХК-тай 2014 оны 09 дугаар сарын 17-ны өдөр 32/14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах “Комфорт апартмент” орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны үзель угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээний нийт үнийг 266 592 070 /хоёр зуун жаран зургаан сая таван зуун ерэн мянга дал/ төгрөг болгож нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс 90 933 000/ерэн сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийг “Комфорт апартмент” барилгын орон сууцнаас 53,49 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартерийн гэрээгээр худалдан авч гэрээний үнийн дүнгээс суутгуулна хэмээн заасан.

Гэрээний 2.2 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг гэрээний хавсралт№3-т заасан графикийн дагуу төлөхөөр болж захиалагч тал болох “Монкон групп” ХХК нь урьдчилгаа 30 хувь буюу 34 500 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 70 хувь болох 80 500 000 төгрөг, НӨАТ болох 8 050 000 төгрөгийг тус тус урьдчилгаа төлбөр хийснээс 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлнэ хэмээн гэрээний хавсралтын 5 дахь хэсэгт заасан уг төлбөрөөс 20 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу хугацаандаа шилжүүлсэн. Үлдэгдэл 60 500 000 төгрөгийг 7 сарын турш хугацаа хожимдуулж хэсэгчлэн төгрөгийг шилжүүлж НӨАТ-ын мөнгөнөөс 3 406 930 төгрөгийг төлж үлдсэн 4 643 070 103 төгрөгийг огт шилжүүлээгүй байна. Гэрээний дагуу ажил гүйцэтгэсний төлбөр нийт 175 659 070 /нэг зуун далан таван сая зургаан зуун тавин есөн мянга дал/ төгрөг төлөхөөс 155 476 230/нэг зуун тавин таван сая дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 20 182 840 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт өгөөгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дахь хэсэгт дулааны узель болон хэрэглээний халуун усны бойлер угсралтын ажлын материалын үнэ 126 500,00/нэг зуун хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөг байхаар заасан уг төлбөрөө захиалагч хугацаанд нь шилжүүлээгүйгээс болж манай “Арвин Алтан Бумба” ХХК нь өөрсдөө санхүүжилт гарган, материалаа авч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж актаар хүлээлгэж өгсөн. Энэ талаар тухай бүрт нь албан тоот явуулж анхааруулж байсан.

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хавсралтын 7, 8 дахь хэсэгт зааснаар 11 113 524 төгрөгийг шилжүүлэх байснаас 10 000 000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 1 113 524 төгрөгийг огт шилжүүлээгүй.

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу бартер хийх орон сууцыг “Монкон групп” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих” гэрээ байгуулж тус гэрээний 5.2 дэх хэсэгт гүйцэтгэгч нь барилгыг зохих журмын дагуу ашиглалтанд оруулж, улсын комисст өгсний дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг гүйцэтгэгчээс актаар хүлээлгэн өгч, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлнэ” гэж заасан. Ажил гүйцэтгэгчийн хувьд манай “Арвин Аптан Бумба” ХХК нь гэрээний дагуу бүх ажлаа хийж гүйцэтгэж хүлээлгэн өгч улмаар уг орон сууцыг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр улсын комисст хүлээн авч ашиглалтад орсон боловч гэрээний дагуу байрны гэрчилгээ, байрны түлхүүрээ бидний өмчлөлд шилжүүлэхгүй өдийг хүрлээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбогдуулан дараах тодруулгыг гаргаж байгааг хүлээн авна уу.

Ажил гүйцэтгэх гэрээний нийт НӨАТ орсон үнийн дүн 268 592 070 төгрөг үүнээс хариуцагч “Монкон групп” ХХК нь нийт 158 589 754 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бартераар 90 933 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 19 069 316 төгрөг байгаа, үүнээс гэрээнд заасан 5 хувийн барьцаа болох 5 955 792 төгрөгийг хасаад, одоогийн байдлаар 13 113 524 төгрөгийг төлөх ёстой байна. Эцсийн үлдэгдэл болох 13 113 524 төгрөгний алданги нь 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр буюу Улсын комисс хүлээж авсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх нийт 72 өдрийн 0.3 хувиар бодохоор 2 832 480 төгрөг болж байна.

Дулааны узелийн эхний урьдчилгаа төлбөр 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 34 500 000 төгрөгийг хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 80 500 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр шилжүүлснээс 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэх байсан боловч үүнээс 20 000 000 төгрөгийг хугацаанд нь шилжүүлсэн. Үлдсэн 60 500 000 төгрөгийг гэрээний хугацаа хожимдуулж шилжүүлсэн үнийн алданги нь

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн мөнгө 20 000 000 төгрөг төлөх ёстой төлбөр нь 60 500 000 төгрөг, хоногийн алданги 181 500 төгрөг, хэтэрсэн хоног 2, алданги 363 000 төгрөг,   

2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 40 500 000 төгрөг, хоногийн алданги 121 500 төгрөг, хэтэрсэн хоног 22, алданги 2 673 000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн мөнгө 9 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 31 500 000 төгрөг, хоногийн алданги 94500 төгрөг, хэтэрсэн хоног 29, алданги 2 740 500 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 26 500 000 төгрөг, хоногийн алданги 79500 төгрөг, хэтэрсэн хоног 51, алданги 4 054 500 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 21 500 000 төгрөг, хоногийн алданги 64 500 төгрөг, хэтэрсэн хоног 66, алданги 4 257 000 төгрөг,

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 16 500 000 төгрөг, хоногийн алданги 49 500 төгрөг, хэтэрсэн хоног 81, алданги 4 009 500 төгрөг,

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 11 500 000 төгрөг, хоногийн алданги 34 500 төгрөг, хэтэрсэн хоног 95, алданги 3 277 500 төгрөг,

2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн мөнгө 9 906 930 төгрөг, төлөх ёстой төлбөр 1 593 070 төгрөг, хоногийн алданги 4 779 төгрөг, хэтэрсэн хоног 103, алданги 492 237 төгрөг, нийт шилжүүлсэн мөнгө 63 906 930 төгрөг, нийт алданги 21 867 237 төгрөг.

Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл төлбөр болох 8 050 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэх байсан. Үүнээс 2015 оны 03 дугаар сарын 10-нд 3 406 930 төгрөгийг шилжүүлсэн. Дутуу үлдээсэн 4 643 070 төгрөгийн алданги нийт 103 хоногт 0.3 хувиар бодож 1 434 687 төгрөгийн алданги төлөх ёстой байна.

Ажил 50 хувьд хүрсний төлбөр болох 11 113 524 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэх байсан, үүнээс 10 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 1 113 524 төгрөгний алданги нь 556 762 төгрөг болж байгаа хариуцагч үүнийг төлөх ёстой.

Бартераар солилцох ёстой 90 933 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хугацаандаа шилжүүлээгүйн алданги 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 72 хоногийн 0.3 хувийн алданги 19 941 528 төгрөг болох төлбөрийг хариуцагч төлөх ёстой.

Иймд хариуцагчаас дээр тусгагдсан нийт төлбөр болох 59 446 218/тавин есөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуу арван найм/ төгрөг, бартераар солилцсон орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Арвин алтан бумба” ХХК-ийн хувьд тухай бүрт нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнээд гэрээ протокол үйлдээд ажлаа хүлээж авна уу хэмээн удаа дараа хариуцагч байгууллагад хүргүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс хүлээлгэх өгөх баримтанд гарын үсэг зураагүй атал барилгыг хүлээн авах Улсын комисс хүрч ирэхэд барилгаа хүлээлгэж өгөе гэсэн байдлаар хандсан байдаг. “Арвин алтан бумба” ХХК-ийн зүгээс захиалагч нар болон бусад байдлыг харгалзан үзэж Улсын комисс хүлээн авах ажилд оролцож, ажлаа дуусгасан байдлаар Улсын комиссын актанд гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарсан байдаг. Энэхүү барилга нь 2015 оны 07 сарын 24-ны өдөр Улсын комиссын акт нь үйлдэгдэж гарсан бөгөөд комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан гэсэн үг юм. Үүнээс нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК нь зохих ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа хийж гүйцэтгэсэн тул Улсын комисс болон техникийн комисс ажиллаж барилгыг хүлээн авсан байгаа юм. Иймд ажлаа хийж гүйцэтгэсэн учраас Улсын комисс хүлээж авсан. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэсэн ба хугацаандаа гүйцэтгэсэн байсан гэдэг нь дээрх байдлаас харагдаж байгаа юм. Нөгөө талаасаа хариуцагч “Монкон групп” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч талыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хожимдуулснаас болоод барилга ашиглалтанд орохгүй хугацаа хожимдуулсан гэсэн тайлбарыг гаргадаг боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичгээр Улсын комисс ямар үндэслэлээр хүлээн авахгүй хойшилж байсан талаар тодорхой дурдагдсан байдаг. Иймд хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Талууд гэрээ байгуулаад гэрээгээр талууд хэрхэн үүрэг хүлээсэн талаар тодорхой заасан байгаа тул үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой маргаан гарахгүй гэж үзэж байгаа юм. Хэрэв хохирол гарсан гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллага томилоод хохирлын үнэлгээ гаргуулах, эсхүл талууд хохирол учирсан талаар акт үйлдээд гар хөлийг үсэг зурах боломжтой байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг төлөхгүй гэсэн үүднээс хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэхээр байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Хариуцагч “Монкон групп” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Арвин Алтан Бумба” ХХК нь “Монкон групп” ХХК-д холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Нэгдүгээрт, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд 32/14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах “Comfort Apartment” орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлыг нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Зүй нь гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөний дараа төлбөрийг төлөхөөр тохирсон байхад гүйцэтгэгч нь орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Иймд тус Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт, Байрны гэрчилгээг гаргуулж, өмчлөгчөер тогтоолгох, орон сууцыг өмчлөл ашиглалтад шилжүүлээгүй алданги 19.641.528 тегрег гаргуулах шаардлагын хувьд: Гэрээний дүн нийт 262 551 550 төгрөг байхаар тохирсон боловч 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 266 592 070 төгрөг гэж тохирсон. Үүнээс 90 933 000 төгрөгийг 53.49 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авч суутгуулахаар 32/14 дугаартай гэрээний 5-р зүйлд заасан. Нэхэмжлэгч нь тус байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагадаа талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 5.2-т заасныг үндэслэжээ. Гэтэл тус хэсэгт гүйцэтгэгч нь захиалагчид байрыг актаар хүлээлгэн өгсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр зохицуулсан. Иймд гүйцэтгэгч нь үүргээ эхлэн биелүүлэхээр гэрээгээр тохирсон байх тул энэ шаардлага нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, Ажил гүйцэтгэсний төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн алданги 21.867.237 төгрөг. 2015.02.06-ны өдөр дутуу шилжүулсэн алданги 801.600 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...80.500.000 төгрөг, НӨАТ болох 8.050.000 төгрөгийг тус тус 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлнэ хэмээн гэрээнд заасан ...” гэж гэрээнд огт тусгагдаагүй нөхцлийг үндэслэл болгожээ. Харин гэрээний 19 дэх хуудасны 5 дахь хэсэгт “80.500.000 төгрөгийг Урьдчилгаа төлбөр хийснээс 1 сарын дараа шилжүүлнэ” гэж заасан.  Энэ нь мөнгө шилжүүлэх хамгийн наад талын хугацааг зааснаас биш сүүлийн хугацааг заагаагүй юм. Иймд захиалагч нь хугацаа хэтрүүлээгүй байна.

Дөрөвдүгээрт, НӨАТ-ын төлбер дутуу шилжүүлсэн алданги 1.434.687 төгрөг гаргүулах шаардлагын хувьд: Талууд гэрээний 19 дэх хуудасны 6 дахь хэсэгт санхүүжилт олгох нөхцлийн талаар тусгасан бөгөөд “НӨАТ-ын төлбөрийг харгалзах НӨАТ-ын баримтыг үндэслэн олгоно” гэж тохирсон байхад гүйцэтгэгч талаас НӨАТ-ын баримт ирүүлээгүй байхад захиалагч НӨАТ-ын төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй.

Тавдугаарт, Төлөгдөөгүй үлдэгдэл хөлс 20.182.840 төгрөг, түүний алданги 4.359.456 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Талууд 32/14 дугаартай гэрээгээр Баталгаат хугацааны барьцааг гүйцэтгэл тус бүрээс суутгахаар болсон бөгөөд захиалагч нь 5.955.792 төгрөгийг тус барилгыг Улсын комисс хүлээн авснаас хойш 1 жилийн дараа суллахаар тохирсон байхад улсын комисс 2015 оны 07 дугаар сард хүлээн авч 1 жил өнгөрөөгүй байхад энэ үнийн дүнгээс алданги тооцож, энэ үнийн дүнг нэхэмжилсэн нь тус гэрээг зөрчиж байна.

Зургаадугаарт, Санхүүжилтийг олгох нөхцлийн талаар гэрээнд 11.113.524 төгрөгийг “Ажил дуусаж актаар хүлээлгэн өгсөний дараа нэхэмжлэл НӨАТ-ын баримтыг үндэслэн шилжүүлнэ” гэж заасан байтал гүйцэтгэгч нь ажлыг огт актаар хүлээлгэж өгөөгүй мөртлөө энэ үнийн дүн болон түүний алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Долдугаарт, Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид нийт 158.589.754 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлсэн. Үүнээс барьцаа мөнгө-5.955.792 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгснөөс 1 жилийн дараа, 2 өрөө байр-90.933.000 төгрөг, үлдэгдэл-11.113.524 төгрөгийг ажлын үр дүн дуусаж, актаар хүлээлгэн авсны дараа шилжүүлнэ гэж гэрээнд заасан. Нэхэмжлэгч нь өөрсдөө удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн, ажлаа дутуу хийсэн бөгөөд хийсэн ажлууд нь дутуу, доголдол ихтэй, гүйцэтгэгчийн хийсэн ажил дутуу хийгдсэнээс захиалагчид их хэмжээний хохирол учирсан. Нэг ч удаа ажлаа хүлээлгэн өгч, гэрээгээ дүгнэх тухай уулзаагүй, мэдэгдэж байгаагүй ажлын хөлсөө ч нэхэж байгаагүй мөртлөө шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Гэрээний Ерөнхий Нөхцөл (ГЕН) -ийн 8.2-т “Талууд хооронд гэрээ болон гэрээтэй холбогдон үүссэн асуудлаар маргаан гарвал асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн хөлс болон түүнээс алданги тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Монкон групп” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Монкон групп” ХХК нь хариуцагч “Арвин алтан бумба” ХХК-тай 2014 оны 9-р сарын 17-ны өдөр дугаар 32/14 тоот “Барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулж, “Арвин алтан бумба” ХХК нь 2014 оны 10-р сарын 20-ны өдөр дулааны узель халаалтын систем угсарч дуусгах үүрэг гэрээгээр хүлээсэн билээ. Түүнчлэн талууд нь 2014 оны 9-р сарын 18-ны өдөр тус дулааны узель угсралтын системээс бусад барилгын халаалт, цэвэр бохир усны систем зэргийг 2015 оны 3-р сарын 10-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөг баталсан. Хариуцагч “Арвин алтан бумба” ХХК нь гэрээнд заагдсан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд өнөөг хүртэл гэрээнд заагдсан ажлаа хүлээлгэн өгөөгүй байна. Иймд 2014 оны 9-р сарын 17-ны өдөр дугаар 32/14 тоот “Барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний Тусгай нөхдөлийн 13-т заасныг үндэслэн дараах алданги, торгууль болон өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Нэгдүгээрт, 2014 оны 9-р сарын 17-ны өдөр дугаар 32/14 тоот “Барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний Тусгай нөхцөлийн 13-т “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно...” гэж заасны дагуу 119 966 432 төгрөг гаргуулах. Учир нь тус гэрээнд заагдсан барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлыг 2015 оны 03-р сарын 10-ны өдөр дуусгах байсан боловч хугацаа хэтрүүлэн 2016 оны 1-р сарын 5-ны өдөр хүртэл буюу нийт 300 хоног хохирсон. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас манай байгууллагын хувьд хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгч чадахгүй болж, эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол хүлээсэн. Улмаар тус гэрээний дагуу 0.3 хувиар алданги тооцож, нийт 266 592 070 төгрөг болж байх бөгөөд Иргэний xyyлийн 232.4-т заасны дагуу “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч олохгүй” гэсний дагуу нийт 119 966 432 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хоёрдугаарт, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дугаар 32/Б тоот барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний Тусгай нөхцөлийн 13-т гүйцэтгэгч тал дараах доголдол, зөрчлийг гаргасан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 5-20 хүртэлх хувийн торгуулийг Захиалагч тал үл маргах журмаар ногдуулж гэрээний ажлын хөлснөөс шууд хасаж тооцох эрхтэй. Үүнд: ...захиалагчийн буруугаас бус шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлээгүй ажил саатуулсан, ажил зогсоосон...” гэж заасны дагуу 5 хувийн торгууль буюу 13 329 603 төгрөг гаргуулж өгнө үү. Учир нь хариуцагч “Арвин алтан бумба” ХХК нь тус гэрээний ГЕН-ийн 3.12-д “Гүйцэтгэгч нь долоо хоног бүр гүйцэтгэсэн ажлын тайланг Захиалагчид өгч байх..”, тус гэрээний Техникийн тусгай шаардлагын 2.5.2-н 11-т зааснаар “бүх яндан хоолой, хөнгөн цагаан хуванцар хоолойнуудыг стандартын дагуу зориулалтын хомут ч бэхэлгээгээр бэхэлнэ”, мөн Техникийн ерөнхий шаардлагын 8.5-д “Гүйцэтгэгч нь эд материал тоног тохөөрөмжид учирч болох гарз хохирол болон ажилчдад гэмтэл бэртэл учирахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүнээс хамгаалах арга хэмжээний заавар, зөвлөгөөг ажилчиддаа байнга дагаж мөрдүүлэх ба түүнд хэрэглэгдэх шаардлагатай эд материалаар хангах үүрэг хүлээн” гэж заасныг тус тус зөрчсөн болно. Иймд тус гэрээний Тусгай нөхцөлийн 13, ГЕН-ийн 6.6-д заасны дагуу 5 хувийн торгууль буюу 13 329 603 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Гуравдугаарт, 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дугаар 32/14 тоот “барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” болон Иргэний хуульд заасны дагуу 9 771 910 төгрөг гаргуулах. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Комфорт хотхоны 9-р давхарын А2, А4, А6 айлын халуун, хүйтэн усны тоолуурын штуцер РРR-ийн үзүүртэй холбогдож байгаа олсон чангалга таараагүйн улмаас штуцер хугарч, ус алдсанаас хана, таазны эмульс норж хууларсан. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дээрх нөхцөл байдал дахин давтагдаж, хана, тааз, коридорын эмульс норж, хууларсан бөгөөд дахин ажил гүйцэтгэж хийлгүүлсэн. Иймд манай байгууллага нь нийт 9 771 910 төгрөгийн хохирол хүлээгээд байгаа юм. Иймд “Арвин Алтан Бумба” ХХК-иас алданги 119 966 432 төгрөг, торгууль 13 329 603 төгрөг, хохирол 9 771 910 төгрөг нийт 143 067 945 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК хариуцагч “Монкон групп” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 59 446 218 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “Монкон групп” ХХК нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-д холбогдуулан 143 067 945 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Монкон групп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны журам зөрчсөн зөрчил дахин гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5 дахь хэсэгт заанаар хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

 

Зохигчид харилцан тохиролцож 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр №32/14 “Барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”/хх-7/ байгуулсан байх ба №32/14 гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт/хх-120/ оруулсан болох нь № 32/14 гэрээний хуулбар болон гэрээний № 13/15 нэмэлт өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Зохигчид 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №32/14 гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлдүүдэд заасныг үндэслэн байгуулсан болох нь №32/14 гэрээний хуулбараар тогтоогдож байх ба тус №32/14 гэрээ Иргэний хуульд нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

№32/14 гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төсвийг зохигчид нийт 268 592 070/хоёр зуун жаран найман сая таван зуун ерэн хоёр мянга дал/ төгрөг, үүнээс 119 115 840/нэг зуун арван есөн сая нэг зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөгийг ажлын хөлс байхаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, № 32/14 гэрээний хуулбар болон № 13/15 нэмэлт өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.

 

№ 32/14 гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № МК-14/75 Орон сууц захиалгаар барих гэрээнд зааснаар зохигчид ажлын хөлс 119 115 840/нэг зуун арван есөн сая нэг зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөгийн төлбөрөөс 90 933 000/ерэн сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент”-ын Б блок, 11-р давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөд тооцохоор харилцан тохиролцсон болох нь № 32/14 гэрээ болон № МК-14/75 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас ажлын хөлсний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 13 113 524/арван гурван сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх алдангид 2 832 480/хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөг, нийт 15 946 004/арван таван сая есөн зуун дөчин зургаан мянга дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

№ 32/14 гэрээний 4-т зааснаар хариуцагч ажлын хөлсийг гэрээнд заасан санхүүжилтийн графикийг баримтлан төлөх үүрэг хүлээсэн болох нь №32/14 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 32/14 гэрээний санхүүжилтийн графикт/хх-11/ хариуцагч ажлыг хүлээн авсны дараа нэхэмжлэлийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай заасан болох нь санхүүжилтийн графикийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч № 32/14 гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн ажлын тайлан/хх-191-206/ болон 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 2015/437 барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч № 32/14 гэрээнд заасан ажлыг хүлээн авч Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” орон сууцны барилгыг улсын комиссын хяналт шалтгалтаар оруулах хүсэлт гаргаж байсан болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 07/1137 албан бичиг болон 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 2015/437 барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбараар тогдоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Комфорт Апартмент” орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авснаас хойшхи буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны алданги нэхэмжилсэн болох нь тогтоогдож байна.

 

№ 32/14 гэрээний тусгай нөхцлийн 2.2-т “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар алданги тооцно.” гэж заасан болох нь № 32/14 гэрээний тусгай нөхцлийн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 13 113 524/арван гурван сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг, алдангид 2 832 480/хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөг, нийт 15 946 004/арван таван сая есөн зуун дөчин зургаан мянга дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагын татгалзал болон үгүйсгэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагчаас № 32/14 гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 13 113 524/арван гурван сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөг, алдангид 2 832 480/хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ная/ /13 113 524х0.3%=39340 төгрөг, 39340x72хоног=2832480/ төгрөг, нийт 15 946 004/арван таван сая есөн зуун дөчин зургаан мянга дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас дулааны узелийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй алдангид 21 867 237/хорин нэгэн сая найман зуун жаран долоон мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг, ажил 50 хувьд хүрсэний төлбөрийн үлдэгдэл 1 113 524/нэг сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийн алдангид 556 762/таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

           

Нэхэмжлэгчийн хариуцагч дулааны узелийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч тус тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч ажил 50 хувьд хүрсэний төлбөрийн үлдэгдлийн алдангид 556 762/таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч зохигчид № 32/14 гэрээнд ажил 50 хувьд хүрснийг хэрхэн яаж тодорхойлохыг заагаагүй байх ба № 32/14 гэрээний заасны дагуу гүйцэтгэсэн ажил хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр 50 хувьд хүрсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

№ 32/14 гэрээнд заасан ажил хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр 50 хувь хүртэл гүйцэтгэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас ажил 50 хувьд хүрсэний үлдэгдэл төлбөрийн алдангид 556 762/таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас дулааны узелийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй алдангид 21 867 237/хорин нэгэн сая найман зуун жаран долоон мянга хоёр зуун гучин долоо/ төгрөг, ажил 50 хувьд хүрсэний төлбөрийн үлдэгдлийн алдангид 556 762/таван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаандаа шилжүүлээгүй алдангид 1 434 687/нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас дулааны узель угсрах материалын үнэд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын алдангид 1 434 687/нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, № 32/14 гэрээний санхүүжилтийн графикийн хуулбараар тогтоогдож байна.

 

№ 32/14 гэрээний 5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэх ажлын материалын үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдсон болох нь № 32/14 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид дулааны узель угсрах материалын үнийг шилжүүлсэн болох нь “Хаан банк”-ны шилүүлгийн баримтаар/хх-63-79/ тогтоогдож байх ба № 32/14 гэрээний 5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн дулааны узель угсрах материалын үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдсон болох нь № 32/14 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татварын алдангид 1 434 687/нэг сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 90 933 000/ерэн сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хугацаандаа шилжүүлээгүйн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдр хүртэлх алданги 19 941 528/арван есөн сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ.

 

Зохигчид ажлын хөлс 119 115 840/нэг зуун арван есөн сая нэг зуун арван таван мянга найман зуун дөч/ төгрөгийн төлбөрөөс 90 933 000/ерэн сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилгын Б блок, 11-р давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг тооцож, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, № 32/14 гэрээ болон № МК-14/75 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч № 32/14 гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байх ба 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн № МК-14/75 Орон сууц захиалгаар барих гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх тухай заасан болох нь № МК-14/75 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилга 2015 оны 07 лугаар сарын 31-ний өдрөөс ашиглалтад орсон болох нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 2015/437 барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, хариуцагчийн тайлбараар тогдоогдож байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилгын Б блок, 11-р давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлээгүй алдангид хариуцагчаас 19 941 528/арван есөн сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин найм/ /90933000x0.3%=272799 төгрөг, 272799x72 хоног=19641528/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч № 32/14 гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн ажлын тайлан/хх-191-206/, дугаар 2015/437 барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилгын Б блок, 11-р давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлөгчөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс барилгын халаалт, цэвэр бохир усны систем халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлыг 2015 оны 03-р сарын 10-ны өдөр дуусгаагүй алдангид 119 966 432 төгрөгийг, гэрээний тусгай нөхцөлийн 13, гэрээний ерөнхий нөхцлийн 6.6-д заасны дагуу 5 хувийн торгууль буюу 13 329 603 төгрөгийг гаргуулах, учирсан хохиролд 9 771 910 төгрөгийг, бүгд 143 067 945 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч 2015 оны 06 дугаар сард Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилгад комисс ажиллуулах хүсэлт гаргаж байсан болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн № 07/1137 албан бичгээр тогтоогдож байна.

 

№ 32/14 гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч 2015 оны хэдэн сарын хэдний өдөр дуусгах тухай № 32/14 гэрээнд заагаагүй байх ба хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр № 32/14 гэрээнд №13/15 нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээр 2 000 000/хоёр сая/ төгрөгийн өртөг бүхий нэмэлт ажлыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хийлгэсэн болох нь № 13/15 нэмэлт өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч барилгын халаалт, цэвэр бохир усны систем халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлыг № 32/14 гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчээс барилгын халаалт, цэвэр бохир усны систем халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлыг 2015 оны 03-р сарын 10-ны өдөр дуусгаагүй гэх алдангид 119 966 432 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч № 32/14 гэрээний ерөнхий нөхцлийн 3.12, техникийн тусгай шаардлагын 2.5.2-ын 11, техникийн ерөнхий шаардлагын 8.5-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 13 329 603/арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун гурав/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч № 32/14 гэрээний ерөнхий нөхцлийн 3.12, техникийн тусгай шаардлагын 2.5.2-ын 11, техникийн ерөнхий шаардлагын 8.5-д заасныг тус тус зөрчсөн болох нь баримтаар нотлогдохгүй байх нэхэмжлэгчээс 13 329 603/арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун гурав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчээс № 32/14 гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой буюу 9 771 910/есөн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент” барилга ашиглалтад орсны дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “Комфорт Апартмент” барилгын 9-р давхарын А2, А4, А6 айлууд ус алдсан нөхцөл байдал үүссэн байх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас айлууд ус алдсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн № 32/14 гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлоос шалтгаалан А2, А4, А6 айлууд ус алдаж хариуцагчид 9 771 910/есөн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчээс 9 771 910/есөн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчээс алдангид 119 966 432 төгрөгийг, торгуульд 13 329 603 төгрөгийг, учирсан хохиролд 9 771 910 төгрөгийг, бүгд 143 067 945 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монкон групп” ХХК-иас ажлын хөлсөд 13 113 524/арван гурван сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг, алдангид 2 832 480/хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг, нийт 15 946 004/арван таван сая есөн зуун дөчин зургаан мянга дөрөв/ төгрөгийг, орон сууцны алдангид 654 717/зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван долоо/ төгрөгийг, бүгд 16 600 721/арван зургаан сая зургаан зуун мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент”-ын Б блок, 11 давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 42 845 497/дөчин хоёр сая найман зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-иас алданги 119 966 432/нэг зуун арван есөн сая есөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг, торгууль 13 329 603/арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун гурав/ төгрөгийг, хохирол 9 771 910/есөн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг, нийт 143 067 945/нэг зуун дөчин гурван сая жаран долоон мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах хариуцагч “Монкон групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монкон групп” ХХК-иас ажлын хөлсөд 13 113 524/арван гурван сая нэг зуун арван гурван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг, алдангид 2 832 480/хоёр сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг, нийт 15 946 004/арван таван сая есөн зуун дөчин зургаан мянга дөрөв/ төгрөгийг, орон сууцны алдангид 654 717/зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван долоо/ төгрөгийг, бүгд 16 600 721/арван зургаан сая зургаан зуун мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Комфорт Апартмент”-ын Б блок, 11 давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 42 845 497/дөчин хоёр сая найман зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-иас алданги 119 966 432/нэг зуун арван есөн сая есөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг, торгууль 13 329 603/арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун гурав/ төгрөгийг, хохирол 9 771 910/есөн сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуун арав/ төгрөгийг, нийт 143 067 945/нэг зуун дөчин гурван сая жаран долоон мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах хариуцагч “Монкон групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монкон Групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 311153 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвин Алтан Бумба” ХХК-д олгож, хариуцагч “Монкон групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 710 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч “Монкон групп” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ