Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1531

 

   “Арвин алтан бумба” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00205 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монкон групп” ХХК-д холбогдох

           

Гэрээний үүрэгт 59 446 218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

 

143 067 945 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн, Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Билгүүнжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-ийн төлөөлөгч М.Билгүүнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арвин алтан бумба” ХХК нь “Монкон групп” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 32/14 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Комфорт апартмент орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны үзель угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээний нийт үнийг 266 592 070 төгрөг болгож нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс 90 933 000 төгрөгийг Комфорт апартмент барилгын орон сууцнаас 53.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартерийн гэрээгээр худалдан авч гэрээний үнийн дүнгээс суутгуулна хэмээн заасан. Гэрээний 2.2-т зааснаар төлбөрийг гэрээний хавсралт №3-т заасан графикийн дагуу төлөхөөр болж захиалагч тал болох “Монкон групп” ХХК нь урьдчилгаа 30 хувь буюу 34 500 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 70 хувь болох 80 500 000 төгрөг, НӨАТ болох 8 050 000 төгрөгийг тус тус урьдчилгаа төлбөр хийснээс 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлнэ хэмээн гэрээний хавсралтын 5-д заасан. Уг төлбөрөөс 20 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу хугацаандаа шилжүүлсэн. Үлдэгдэл 60 500 000 төгрөгийг 7 сарын турш хугацаа хожимдуулж хэсэгчлэн шилжүүлж НӨАТ-ын мөнгөнөөс 3 406 930 төгрөгийг төлж үлдсэн 4 643 070 төгрөгийг шилжүүлээгүй байна.

Гэрээний дагуу ажил гүйцэтгэсний төлбөрт 175 659 070 төгрөг төлөхөөс 155 476 230 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 20 182 840 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д дулааны үзель болон хэрэглээний халуун усны бойлер угсралтын ажлын материалын үнэ 126 500 төгрөг байхаар заасан уг төлбөрөө захиалагч хугацаанд нь шилжүүлээгүйгээс манай компани нь өөрсдөө санхүүжилт гарган, материалаа авч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж актаар хүлээлгэж өгсөн. Энэ талаар тухай бүрт нь албан тоот явуулж анхааруулж байсан. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээний хавсралтын 7, 8-д зааснаар 11 113 524 төгрөгийг шилжүүлэх байснаас 10 000 000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 1 113 524 төгрөгийг шилжүүлээгүй. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний 1.5-д заасны дагуу бартер хийх орон сууцыг “Монкон групп” ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж тус гэрээний 5.2-т гүйцэтгэгч нь барилгыг зохих журмын дагуу ашиглалтанд оруулж, улсын комисст өгсний дараа захиалагчийн өмчлөлд тухайн захиалсан орон сууцыг гүйцэтгэгчээс актаар хүлээлгэн өгч, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасан. Ажил гүйцэтгэгчийн хувьд манай “Арвин алтан бумба” ХХК нь гэрээний дагуу бүх ажлаа хийж гүйцэтгэж уг орон сууцыг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон боловч гэрээний дагуу байрны гэрчилгээ, түлхүүрээ бидний өмчлөлд шилжүүлэхгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбогдуулан дараах тодруулгыг гаргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний нийт НӨАТ орсон үнийн дүн 268 592 070 төгрөг үүнээс хариуцагч “Монкон групп” ХХК нь нийт 158 589 754 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бартераар 90 933 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өгөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр 19 069 316 төгрөг байгаа, үүнээс гэрээнд заасан 5 хувийн барьцаа болох 5 955 792 төгрөгийг хасаад, одоогийн байдлаар 13 113 524 төгрөгийг төлөх ёстой байна. Эцсийн үлдэгдэл 13 113 524 төгрөгийн алданги нь 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу Улсын комисс хүлээж авсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 72 өдрийн 0.3 хувиар бодохоор 2 832 480 төгрөг болж байна. Дулааны үзелийн эхний урьдчилгаа төлбөр 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 34 500 000 төгрөгийг хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 80 500 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр шилжүүлснээс 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэх байсан боловч үүнээс 20 000 000 төгрөгийг хугацаанд нь шилжүүлсэн.

Үлдсэн 60 500 000 төгрөгийг гэрээний хугацаа хожимдуулж шилжүүлсэн үнийн алданги 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн мөнгө 20 000 000 төгрөг төлөх ёстой төлбөр 60 500 000 төгрөг, хоногийн алданги 181 500 төгрөг, хэтэрсэн хоног 2, алданги 363 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 40 500 000 төгрөг, хоногийн алданги 121 500 төгрөг, хэтэрсэн хоног 22, алданги 2 673 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн мөнгө 9 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 31 500 000 төгрөг, хоногийн алданги 94 500 төгрөг, хэтэрсэн хоног 29, алданги 2 740 500 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 26 500 000 төгрөг, хоногийн алданги 79 500 төгрөг, хэтэрсэн хоног 51, алданги 4 054 500 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 21 500 000 төгрөг, хоногийн алданги 64 500 төгрөг, хэтэрсэн хоног 66, алданги 4 257 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн мөнгө 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 16 500 000 төгрөг, хоногийн алданги 49 500 төгрөг, хэтэрсэн хоног 81, алданги 4 009 500 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөг, төлөх ёстой төлбөр 11 500 000 төгрөг, хоногийн алданги  34 500  төгрөг,  хэтэрсэн  хоног  95,  алданги 3 277 500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн мөнгө 9 906 930 төгрөг, төлөх ёстой төлбөр 1 593 070 төгрөг, хоногийн алданги 4 779 төгрөг, хэтэрсэн хоног  103,  алданги  492 237  төгрөг, нийт шилжүүлсэн мөнгө 63 906 930 төгрөг, алданги 21 867 237 төгрөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл төлбөр болох 8 050 000 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэх байсан. Үүнээс 2015 оны 3 дугаар сарын 10-нд 3 406 930 төгрөг шилжүүлсэн. Дутуу үлдээсэн 4 643 070 төгрөгийн нийт 103 хоногт 0.3 хувиар бодож 1 434 687 төгрөгийн алданги төлөх ёстой байна. Ажил 50 хувьд хүрсний төлбөр 11 113 524 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэх байсан, үүнээс 10 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 1 113 524 төгрөгийн алданги нь 556 762 төгрөг болж байгаа хариуцагч үүнийг төлөх ёстой. Бартераар солилцох ёстой 90 933 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хугацаандаа шилжүүлээгүйн алданги 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 72 хоногийн 0.3 хувийн алданги 19 941 528 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Иймд хариуцагчаас дээр тусгагдсан нийт төлбөр болох 59 446 218 төгрөг, бартераар солилцсон орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монкон групп” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд 32/14 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Comfort Apartment орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны үзель угсралтын ажлыг нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Зүй нь гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсний дараа төлбөрийг төлөхөөр тохирсон байхад гүйцэтгэгч нь орон сууцны халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Иймд тус ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

2. Байрны гэрчилгээг гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг өмчлөл ашиглалтад шилжүүлээгүй алданги 19 641 528 төгрөгийн хувьд: Гэрээнд нийт 262 551 550 төгрөг байхаар тохирсон боловч 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 266 592 070 төгрөг гэж тохирсон. Үүнээс 90 933 000 төгрөгийг 53.49 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авч суутгуулахаар 32/14 тоот гэрээний 5-д заасан. Нэхэмжлэгч нь тус байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагадаа талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээний 5.2-т заасныг үндэслэжээ. Гэтэл тус хэсэгт гүйцэтгэгч нь захиалагчид байрыг актаар хүлээлгэн өгсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр зохицуулсан. Иймд гүйцэтгэгч нь үүргээ эхлэн биелүүлэхээр гэрээгээр тохирсон байх тул энэ шаардлага нь үндэслэлгүй байна.

3. Ажил гүйцэтгэсний төлбөр хугацаа хожимдуулж шилжүүлсэн алданги 21 867 237 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дутуу шилжүүлсэн алданги 801 600 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...80 500 000 төгрөг, НӨАТ болох 8 050 000 төгрөгийг тус тус 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлнэ хэмээн гэрээнд заасан ...гэж гэрээнд огт тусгагдаагүй нөхцлийг үндэслэл болгожээ. Харин гэрээний 19 дэх хуудасны 5 дахь хэсэгт 80 500 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр хийснээс 1 сарын дараа шилжүүлнэ гэж заасан. Энэ нь мөнгө шилжүүлэх хамгийн наад талын хугацааг зааснаас биш сүүлийн хугацааг заагаагүй. Иймд захиалагч нь хугацаа хэтрүүлээгүй байна.

4. НӨАТ-ын төлбөр дутуу шилжүүлсэн алданги 1 434 687 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Талууд гэрээний 19 дэх хуудасны 6 дахь хэсэгт санхүүжилт олгох нөхцлийн талаар тусгасан бөгөөд НӨАТ-ын төлбөрийг харгалзах НӨАТ-ын баримтыг үндэслэн олгоно гэж тохирсон байхад гүйцэтгэгч талаас НӨАТ-ын баримт ирүүлээгүй байхад захиалагч НӨАТ-ын төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй.

5. Төлөгдөөгүй үлдэгдэл хөлс 20 182 840 төгрөг, түүний алданги 4 359 456 төгрөг гаргуулах шаардлагын хувьд: Талууд 32/14 тоот гэрээгээр Баталгаат хугацааны барьцааг гүйцэтгэл тус бүрээс суутгахаар болсон бөгөөд захиалагч нь 5 955 792 төгрөгийг тус барилгыг Улсын комисс хүлээн авснаас хойш 1 жилийн дараа суллахаар тохирсон байхад улсын комисс 2015 оны 7 дугаар сард хүлээн авч 1 жил өнгөрөөгүй байхад энэ үнийн дүнгээс алданги тооцож, үнийн дүнг нэхэмжилсэн нь тус гэрээг зөрчиж байна.

6. Санхүүжилтийг олгох нөхцлийн талаар гэрээнд 11 113 524 төгрөгийг ажил дуусаж актаар хүлээлгэн өгсний дараа нэхэмжлэл НӨАТ-ын баримтыг үндэслэн шилжүүлнэ гэж заасан байтал гүйцэтгэгч нь ажлыг огт актаар хүлээлгэж өгөөгүй мөртлөө энэ үнийн дүн болон түүний алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид нийт 158 589 754 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлсэн. Үүнээс барьцаа 5 955 792 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгснөөс 1 жилийн дараа, 2 өрөө байр 90 933 000 төгрөг, үлдэгдэл 11 113 524 төгрөгийг ажлын үр дүн дуусаж, актаар хүлээлгэн авсны дараа шилжүүлнэ гэж гэрээнд заасан. Нэхэмжлэгч нь өөрсдөө удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн, ажлаа дутуу хийсэн бөгөөд хийсэн ажлууд нь дутуу, доголдол ихтэй, гүйцэтгэгчийн хийсэн ажил дутуу хийгдсэнээс захиалагчид их хэмжээний хохирол учирсан. Нэг ч удаа ажлаа хүлээлгэн өгч, гэрээгээ дүгнэх тухай уулзаагүй, мэдэгдэж байгаагүй ажлын хөлсөө ч нэхэж байгаагүй мөртлөө шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Гэрээний ерөнхий нөхцөлийн 8.2-т заасныг зөрчиж байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн хөлс болон түүнээс алданги тооцож шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монкон групп” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Монкон групп” ХХК нь ”Арвин алтан бумба” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дугаар 32/14 тоот Барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, “Арвин алтан бумба” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дулааны үзель халаалтын систем угсарч дуусгах үүрэг хүлээсэн. Талууд нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус дулааны үзель угсралтын системээс бусад барилгын халаалт, цэвэр бохир усны систем зэргийг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөг баталсан. “Арвин алтан бумба” ХХК нь гэрээнд заагдсан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд гэрээнд заагдсан ажлаа хүлээлгэн өгөөгүй. Иймд 32/14 тоот гэрээний Тусгай нөхцөлийн 13-т заасныг үндэслэн дараах алданги, торгууль болон өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:

1. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 32/14 тоот гэрээнд барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны үзель угсралтын ажлыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусгах байсан боловч хугацаа хэтрүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу нийт 300 хоног хохирсон. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас манай байгууллагын хувьд хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгч чадахгүй болж, эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол хүлээсэн. Улмаар тус гэрээний дагуу 0.3 хувиар алданги тооцоход 266 592 070 төгрөг болж байх бөгөөд Иргэний xyyлийн 232 дугаар зүйлийн  232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт 119 966 432 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

2. 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дугаар 32/Б тоот барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны үзель угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Тусгай нөхцөлийн 13-т гүйцэтгэгч тал дараах доголдол, зөрчлийг гаргасан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 5-20 хүртэлх хувийн торгуулийг захиалагч тал үл маргах журмаар ногдуулж гэрээний ажлын хөлснөөс шууд хасаж тооцох эрхтэй. Үүнд: ...захиалагчийн буруугаас бус шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлээгүй ажил саатуулсан, ажил зогсоосон... гэж заасны дагуу 5 хувийн торгууль буюу 13 329 603 төгрөг гаргуулж өгнө үү. Учир нь: “Арвин алтан бумба” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөлийн 3.12-д ...Гүйцэтгэгч нь долоо хоног бүр гүйцэтгэсэн ажлын тайланг Захиалагчид өгч байх.., тус гэрээний Техникийн тусгай шаардлагын 2.5.2-н 11-т зааснаар “бүх яндан хоолой, хөнгөн цагаан хуванцар хоолойнуудыг стандартын дагуу зориулалтын хомут ч бэхэлгээгээр бэхэлнэ,” мөн Техникийн ерөнхий шаардлагын 8.5-д “Гүйцэтгэгч нь эд материал тоног төхөөрөмжид учирч болох гарз хохирол болон ажилчдад гэмтэл бэртэл учирахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүнээс хамгаалах арга хэмжээний заавар, зөвлөгөөг ажилчиддаа байнга дагаж мөрдүүлэх ба түүнд хэрэглэгдэх шаардлагатай эд материалаар хангах үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд тус гэрээний Тусгай нөхцөлийн 13, Гэрээний ерөнхий нөхцөлийн 6.6-д заасны дагуу 5 хувийн торгууль буюу 13 329 603 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

3. 2014 оны 32/14 тоот гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу 9 771 910 төгрөг гаргуулах: Учир нь: 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Комфорт хотхоны 9 дүгээр давхарын А2, А4, А6 айлын халуун, хүйтэн усны тоолуурын штуцер РРR-ийн үзүүртэй холбогдож байгаа олсон чангалга таараагүйн улмаас штуцер хугарч, ус алдсанаас хана, таазны эмульс норж хууларсан. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дээрх нөхцөл байдал дахин давтагдаж, хана, тааз, коридорын эмульс норж, хууларсан бөгөөд дахин ажил гүйцэтгэж хийлгүүлэн байгууллага нийт 9 771 910 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Иймд алданги 119 966 432 төгрөг, торгууль 13 329 603 төгрөг, хохирол 9 771 910 төгрөг, нийт 143 067 945 төгрөгийг “Арвин алтан бумба” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Талууд гэрээ байгуулаад хэрхэн үүрэг хүлээсэн талаар тодорхой заасан байгаа тул үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой маргаан гарахгүй гэж үзэж байгаа юм. Хэрэв хохирол гарсан гэж үзэж байгаа бол мэргэжлийн байгууллага томилоод хохирлын үнэлгээ гаргуулах, эсхүл талууд хохирол учирсан талаар акт үйлдээд гар хөлийн үсэг зурах боломжтой байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг төлөхгүй гэсэн үүднээс хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монкон групп” ХХК-иас ажлын хөлсөнд 13 113 524 төгрөг, алдангид 2 832 480 төгрөг, нийт 15 946 004 төгрөгийг, орон сууцны алдангид 654 717 төгрөг, бүгд 16 600 721 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Комфорт Апартмент-ын Б блок, 11 давхарын Би1 загварын 53.49 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 42 845 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Арвин алтан бумба”ХХК-иас алданги 119 966 432 төгрөг, торгууль 13 329 603 төгрөг, хохирол 9 771 910 төгрөг, нийт 143 067 945 төгрөгийг гаргуулах хариуцагч “Монкон групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монкон групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 311 153 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК-д олгож, хариуцагч “Монкон групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 874 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 710 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч “Монкон групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг"... хууль зүйн туслалцаа авах", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн туслалцаа авах хүсэлт, эсхүл гэрээний үндсэн дээр хууль зүйн туслалцаа авах эрхийг хуульчилан баталгаажуулсан. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг тус тус зөрчин өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтүүдийг тус тус хангаагүй.

2. Хариуцагч шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-д зааснаар "гэрчийн мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, мэйл хаяганд үзлэг хийлгүүлэх ..." тухай хүсэлтүүдийг тус тус бичгээр гаргасан. Гэтэл дээрх хүсэлтүүдийг хангаагүй бөгөөд үндэслэлийг захирамжид тодорхой дурдаагүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч "Арвин алтан бумба" ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй материалаар хийсэн барилгын халаалт, цэвэр бохир усны систем, дулааны узель угсралтын ажил гүйцэтгэхдээ холболтуудыг буруу хийсэн, шаардлагатай усны хаалтуудыг хийгээгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн зэрэг шалтгааны улмаас удаа дараа ус алдаж их хэмжээний хохирол хүлээсэн. Энэ талаар шүүх хуралдаанд 10 хуудас нотлох баримтыг шинээр гаргасан. Улмаар хохирлын хэмжээг тодорхойлох, ус алдсан шалтгааны тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч өмнө гаргасан хүсэлт гэдэг шалтгаанаар хангаагүй. Мөн шүүх хуралдаанд гэрч М.Соронзонгомбыг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт буюу ажил гүйцэтгэл ямар шалтгаанаар удааширсан, ажил гүйцэтгэлийн дараагаас ус алдсан нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч тодорхойгүй шалтгаанаар хангаагүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5 дахь хэсэгт "Зөрчлийн улмаас хэргийн оролцогчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг" хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Тус заалтын дагуу хэргийн оролцогчийг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж үзвэл шүүх хуралдааны даргалагч захирамж гаргах юм. Гэтэл шүүгч нь "тахараар албадан гаргах уу, өөрөө гарах уу" гэсэн шаардлагыг шүүх хуралдааны явцад тавьж, шүүх хуралдаанаас албадан гаргасан бөгөөд энэ талаар шүүгчийн захирамж гаргаагүй, мөн танилцуулаагүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т "энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах" эрхтэй, мөн тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар "...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж татгалзан гаргах эрхтэй" гэж заасан. Шүүгч нь шүүх хуралдааны явцад хэргийн нотлох баримттай танилцаж, бичгээр тайлбар өгөх хүсэлтийг "хүсэлт" гэж хэлээгүй гэдэг шалтгаанаар шийдээгүй, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талд удаа дараа шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй юм биш үү, шүүх хуралдаан хойшлогдох гэж байна гэдэг байдлаар илт нэг талд үйлчилж, хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрсөн. Иймд шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлүүлэх эсэх тухай тодруулахыг хүссэн боловч шүүгч өөрөө дараа долоо хоногт шүүх хуралдааныг зарлаж, Ерөнхий шүүгч татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжийг олгоогүй. Ерөнхий шүүгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдсэн эсэхийг одоогоор мэдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгчийн захирамж илт үндэслэл муутай байх тул өөрт нь энэ талаар бичгээр гомдол гаргасан. Гэтэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхгүй захирамж гэдэг үндэслэлээр гомдлыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Арвин алтан бумба” ХХК нь хариуцагч “Монкон групп” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 59 446 218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэм хорын хохиролд 143 067 945 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. 

 

Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Арвин алтан бумба” ХХК-иас гэрээний үүрэг зөрчсөнөөс болон нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын дутагдлын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 143 067 945 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсэг нь Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4 дэх хэсэгт зааснаар ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой маргаанд хамаарч байхад шүүх хэргийг 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасанд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанаас гаргасан шүүгчийн захирамжийг бичгийн хэлбэрээр бус амаар гаргасан нь “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно” гэж гомдолдоо дурдсан бөгөөд шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны журам зөрчсөн талаар нэг удаа сануулж, шүүх хуралдааны дэг сахихыг анхааруулсан байхад тэрээр дахин даргалагчийн тогтоосон дэгээс өөр байдлаар санал хүсэлтээ үргэлжлүүлэн гаргасан байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүх хуралдааны дэг сахиулах зорилгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сануулж, улмаар хуралдааны тахимаас гарахыг шаардан гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4 дэх хэсгийг зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцлага хүлээлгэхгүй гэх үндэслэлээр шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нотлох баримтаа гаргах, гаргах боломжгүй нотлох баримт гаргуулах хүсэлтээ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргах боломжтой.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар хэргийн үйл баримтаа нотлох, үгүйсгэх замаар шүүх хуралдаанд бэлтгэж, оролцох эрх, үүрэгтэй юм. Талууд мэтгэлцэх энэхүү эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус, талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн зүгээс саад болсон байдал тогтоогдоогүй тул шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүх зохих ёсоор шийдвэрлэсэн байгааг буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулан, хуульд заасан шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлээгүй байх тул маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Монкон групп” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 026 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА